Монголын банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүдээс олон улсын түвшинд бэлтгэгдэн мэргэшсэн цөөн банкируудын нэг нь Данзанбалжирын Энхжаргал билээ. Монголбанкнаас ажлын гараагаа эхэлсэн тэрбээр Дэд Ерөнхийлөгчийн албыг хашсан анхны эмэгтэй. Монгол Улсын банк санхүүгийн салбарт тохиолдсон санхүүгийн хямралыг гэтлэн давахын тулд буцалтгүй тусламж, бага хүүтэй зээл хөөцөлдөхөд олсон мэдлэг боловсрол, туршлага чадвараа дайчлан ажиллаж, олон улсын санхүүгийн зах зээл дээрээс 500 гаруй сая ам.долларын хөрөнгө босгож, 50 сая еврогийн буцалтгүй тусламжийг Монголдоо оруулах ажлыг хийсэн түүхэн гавьяатай. Тэрбээр Дэлхийн Санхүүгийн төв Лондон хотноо Монголбанкны Төлөөлөгчийн газрыг нээхэд гар бие оролцож улмаар Төлөөлөгчийн газрын захирлаар ажиллах хугацаандаа Монгол Улсын банк санхүүгийн салбарыг олон улсын санхүүгийн ертөнцтэй холбоход жинтэй хувь нэмэр оруулсан. Д.Энхжаргал нь АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкны санхүүгийн салбарын газарт банкны бүтцийн өөрчлөлтийн мэргэжилтэн, Хонконг дахь Америкийн банканд гадаад төлбөр тооцоо, аккредитивийн чиглэлээр тус тус ажиллаж туршлага хуримтлуулсан. Мөн түүнчлэн Бээжинд төвтэй Азийн дэд бүцтийн хөрөнгө оруулалтын олон улсын банкийг үүсгэн байгуулах бичиг баримтыг боловсруулах ажлын ахлах зөвлөхөөр ажиллаж, актив пассивын удирдлага, эрсдэлийн менежментийн бодлого боловсруулсан. “Зиндаа” сэтгүүл “Үлэмж төгөлдөр” булангийнхаа зочны хойморт Олон улсын санхүүгийн шинжээч-зөвлөх хатагтай Д.Энхжаргалтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байна.
Эхний хэсгийг ЭНД ДАРЖ уншина уу!
Өмнө минь нэгэн уриалга байна. Бичгийн цаасны хэмжээтэй тэр уриалгад “Улсын банкны ерөнхий хорооны хамт олноос Сүхбаатарын районы Ардын хурлын депутатуудын 1 дүгээр тойрогт депутатаар нэр дэвшсэн Улсын Банкны ерөнхий хорооны эдийн засагч Д.Энхжаргалын төлөө саналаа өгөхийг хүндэт сонгогч та бүхэнд уриалж байна” гэжээ. 1990 онд Улсын банкны ерөнхий хорооны МАХН-ын үүрээс Сүхбаатар дүүргийн айл өрхүүдэд тараасан энэ уриалгаар ярилцлага маань эхэллээ.
-Энд таныг Улсын банкны ерөнхий хорооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллах хугацаанд “Тус зөвлөл хот, районы тэргүүний ажиллагаатай зөвлөлийн нэг болж, байгууллагын эмэгтэйчүүд, эхчүүдийн ажиллах нөхцөл, амьдрал ахуйг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар олон хэлбэрийн ажил зохиож арга хэмжээ авсан” гэж бичжээ. Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн гэдгийг тань мэднэ. Гэхдээ эмэгтэйчүүдийн байгууллагатай ийм эртний холбоотой гэж төсөөлсөнгүй шүү.
-Тэр үед байгууллага, аж ахуйн нэгж бүр Эмэгтэйчүүдийн зөвлөл, дунд сургууль бүр Охидын зөвлөлтэй байлаа. Эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх, хүчирхэг болгох бодлого явуулдаг байсан үе. Би 1986 онд Эрхүүгийн Улс Ардын аж ахуйн дээд сургуулийг төгсөж, Улсын Банкны Ерөнхий хороонд ирэхдээ өөрөө залуу эх, бас банкны шинэ боловсон хүчин гэдэг утгаараа эмэгтэйчүүдийнхээ сайн сайхны төлөө ихийг хийх хүсэл зориг, эрмэлзэл дүүрэн байсан юм. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдоод тухайн мэргэжлийн эмэгтэйчүүдэд юу хэрэгтэй байна, тэр бүхнийг суралцах, туршлага хуваалцах нөхцөлийг бүрдүүлж ажилласан л даа. Жишээлбэл ажлын бус цагаар англи хэлний курс хичээллүүлэх, уран хатгамал хийх, салфетка оёхыг заах, гачигдал зовлон тохиолдвол нэгэндээ туслах, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг уян хатан болгох, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд орон сууц олгуулах, 31-р ясли, 39-р цэцэрлэгтэй шефийн холбоо тогтоох зэргээр олон ажил санаачилсан. Бид “Банкны салбарын шилдэг эмэгтэй”-г шалгаруулдаг байлаа. Гэтэл хууль гарч, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийн байгууллага ажиллуулахыг хориглосон. Гэхдээ би эмэгтэйчүүдийн байгууллагатай холбоотой хэвээр байлаа. 2002-2005 онд Монголбанкны Лондон дахь төлөөлөгч байхдаа Монголоо эергээр харуулж яваа чадварлаг бүсгүйчүүдтэй танилцсан. Тэдэнтэйгээ нэгдэж, 2010 онд “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-г байгуулсан. “Санхүү, банкны эмэгтэйчүүд” ТББ-ыг хамтран байгуулах саналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, мөн Монголбанканд ажиллаж байсан, одоо Банкны академийн сургагч багш Дэлгэрмаа зэрэг банк санхүүгийн ажлын туршлагатай эмэгтэйчүүдэд тавьж хамтран байгуулсан. 2019 оны 3-р сарын 27-нд бид анх удаа Санхүү банкны эмэгтэйчүүдийн чуулганыг Төрийн ордонд зохион байгууллаа. Одоо би Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн, “Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын үүсгэн байгуулагч, Тэргүүнээр ажиллаж байна.
-Та бас Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд Ерөнхийлөгч. Бүсийн хурлыг Монголд хийх санал гаргасан гэж сонслоо. Хэзээ хийхээр төлөвлөж байна?
-Бид 2016 онд Азийн бүсийн хурлыг Монголд зохион байгуулсан. 2020 онд дахин хийх саналыг тавьчихаад хариуг нь хүлээж байна. Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага бол дэлхийн 100-аад орны зүүний болон зүүний төвийг сахисан, нийгмийн төлөө ардчилсан үзэлтэй намуудын эмэгтэйчүүдийн нэгдэл юм. Жилд 2-4 удаа хуралддаг. НҮБ-д зөвлөх эрхтэй. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралдаан дээр өөрийн байр суурийг илэрхийлдэг. Би энэ байгууллагад хоёр дахь удаагаа Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдож, 6 дахь жилдээ ажиллаж байна. Социнтернээс гаргасан тунхаглал, шаардлага, хүсэлтээр НҮБ “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 17 зорилтын 3-т нь ядууралгүй, хүчирхийлэлгүй, тэгш шударга байх, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргалтад оролцох оролцоог 50 хувьд хүргэхээр тусгасан байгаа.
Саяхан Социнтернийн эмэгтэйчүүд хуралдаад “2030 оныг хүлээхгүйгээр эмэгтэйчүүдийн тэгш шударга байдал, ядуурлыг бууруулах, хүчирхийллийг арилгах, тэгш тэнцвэртэй нийгмийг байгуулах, намынхаа дэргэд Жендэрийн хороо, Ёс зүйн хороог байгуулах талаар гишүүн намууд идэвхийлэн ажиллах”-ыг уриалсан.
-Таны байгуулсан “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо” эмэгтэйчүүд, охидод умайн хүзүүний хавдрын эсрэг вакцин тарих санал гаргаж, тэр төслийг Английн ханхүү Чарльз дэмжиж байсныг санаж байна. Төслийн хувь заяа яасан бол?
-“Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо”-г байгуулахдаа бид “Нэгдье, бусад эмэгтэйчүүддээ уриалж хамтаръя, нэгдсэн сүлжээнд хамрагдъя” гэсэн зорилго тавьсан юм. 2010 онд холбоогоо байгуулаад анх Лондонд, дараа нь Бельги, Францад, Германы Франкфуртэд, ноднин Польшид эмэгтэйчүүдийнхээ чуулга уулзалтыг хийсэн. Энэ жилийнх нь Шведийн Стокгольм хотод 6 дугаар сарын 1-нд “Эмэгтэйчүүд: Боловсрол Шинжлэх Ухаан, Инновац” сэдвээр болно. Ойролцоогоор Европын 10 гаруй орны эмэгтэйчүүд цугладаг. Мөн хөдөө орон нутгаас бизнес эмэгтэйчүүдийг урьж оролцуулдаг. Сэлэнгэ, Орхон, Булган, Завхан, Ховд гээд алслагдсан орон нутгаас төлөөлөгчдийг оролцуулан гадаадад байгаа шилдэг монгол эмэгтэйчүүдтэй танилцуулж холбоо тогтоож өгдгөөрөө онцлог юм. Тэдэнд хоорондоо танилцах, сайхан найзууд болох, нэг нэгнийхээ амьдардаг улс орноор аялах, хамтарч ажиллах гарцыг бий болгосноороо ач холбогдолтой гэж боддог. Бид Нэгдүгээрт, Европт ажиллаж амьдарч байгаа эмэгтэйчүүдээ эдийн засгийн хувьд хүчирхэг болгох, нэгнээ харилцан дэмжиж, хамтран ажиллахад нь туслах зорилготой. Хоёрдугаарт, Монголд байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй холбогдох, тэдэнтэй хамтран ажиллах, Гуравдугаарт тухайн амьдарч байгаа орнуудынхаа эмэгтэйчүүдийн байгууллагатай холбогдож, хүчирхэг эмэгтэйчүүдтэй танилцах, тэднээс суралцах гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн төлөө хандсан анхны ажлынхаа хүрээнд бид Монголынхоо эмэгтэйчүүд, охидын эрүүл мэндэд анхааръя гээд 10 мянган паунд, монголоор 30 сая төгрөг босгож байсан. Өнөөдөр барууны өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар хорвоог орхихоо больсон. Яагаад гэвэл охидод 10-12 настайд нь эцэг эхийнх нь зөвшөөрлөөр энэ өвчнөөс сэргийлэх вакциныг хийдэг. Энэ бол ирээдүйн эхчүүдээ хамгаалсан, хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого. Гэтэл манайд энэ талаарх мэдлэг, ойлголт дутмагаас жил бүр олон эмэгтэй энэ өвчнөөр нас нөгчиж байна.
Ийм учраас олон нийтийн анхааралд дуу хоолойгоо хүргэх ёстой гэж үзэн, “Охидынхоо эрүүл мэндэд анхааръя, умайн хүзүүний хавдраас сэргийлэх вакциныг нэвтрүүлье” гэсэн саналыг Ерөнхий сайд асан С.Батболдод хүргүүлсэн юм. Биднийг Английн ханхүү Чарльз дэмжиж, хандив өргөсөн. Харамсалтай нь хэн нэг улстөрчийг харлуулах гэсэн хэсэг бүлэг хүний тоглолтоос болоод энэ ажил бүтээгүй. Цугларсан мөнгийг ЭМЯ- аар дамжуулан хөдөө орон нутгаас ирсэн оюутнуудад эмчийн үзлэгт орох, эмчилгээ хийлгэх, урьдчилан сэргийлэх сургалтанд хамруулах, эрүүл мэндийн даатгалыг төлөх зэрэг чиглэлээр зарцуулсан. Улс төрийн тоглолтын золиосонд бид 10 жилийг алдчихаад байна. Шинжлэх ухаанд нэгэнт шийдлийг нь олоод, анагаах ухаанд эмчилж байгаа өвчнөөр охид эмэгтэйчүүдээ харсаар байж алдана гэдэг бол эх оронч биш үйлдэл. Тийм ч учраас бид анх гаргасан саналаасаа ухрахгүй, гадаадад сурч, амьдарч байгаа охид бүсгүйчүүддээ энэ талаар мэдээлэл өгч, Эрүүл мэндийн сайд бүрт энэ саналаа дэвшүүлсээр байгаа.
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ, УЛСЫН ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ТУЗ-Д 123 ЭМЭГТЭЙ БАЙГАА НЬ ЧАМЛАЛТТАЙ ТОО
-Өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол санхүүгийн боловсрол. Тийм учраас Санхүү банкны эмэгтэйчүүдийн чуулган дээр яригдсан сэдвүүд их сонирхол татаж байна.
-Улсын хэмжээгээр, банкны салбарт 15 мянган хүн ажилладгаас 60-80 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын 1500 гаруй ажилтны дийлэнх нь эмэгтэй. Ер нь Монголд үйл ажиллагаа явуулдаг 80-90 мянган компанийн эдийн засаг, санхүүгийн ажилтны олонх нь бүсгүйчүүд байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийг төлөөлж анхдугаар чуулганд банк, даатгал, үнэт цаас, нягтлан бодох бүртгэл, аудит зэрэг санхүүгийн байгууллагуудаас 800 шилдэг төлөөлөгч эмэгтэй чуулсан. Оюутан сурагчид, багш нарын төлөөлөл ч оролцсон. Энэ чуулган дээр эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах зорилгоор төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, зээл олгодог олон улсын санхүүгийн байгууллагууд ч оролцож илтгэл тавьсан. Чуулган дээр миний зүгээс 4 санал дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, алслагдсан хөдөө орон нутагт амьдарч байгаа, өрх толгойлсон, ажилгүй, мөн жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхэлдэг эмэгтэйчүүддээ хүрч ажиллан, санхүүгийн мэдлэг, боловсрол олгоход нь тусалъя. Иргэний нийгэм, хувийн салбарын эмэгтэйчүүдтэйгээ хамтраад энэхүү зорилтот бүлэгт хүрч ажиллая гэж уриалсан.
-Энэ бол үнэхээр хийх ёстой ажлын нэг байх шүү.
-Өнөөдөр банкны ажилтнууд харилцагчийг “Зээл ав”, “Даатгалын үйлчилгээ ав”, “Үнэт цаас худалдаж ав” гэж шахахаасаа илүү тэдэнд санхүүгийн үйлчилгээний зөвлөгөөг хүртээмжтэй хүргэх хэрэгтэй байна. Наад зах нь л барьцаа хөрөнгөөс илүүтэйгээр зээлийг авснаар ямар ямар эрсдэлүүд гарч болох вэ гэдгийг зөвлөж, чиглүүлж өгөх ёстой юм. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа нь хэт эрсдэлтэй бол зээлдэгч барьцаа хөрөнгөө алдах, зээлийн хугацаа хэтрэх, хугацаа хэтрээд зээл төлөгдөхгүйгээс үүдээд зээлдүүлэгч банк нь санхүүгийн чадваргүй болж дампуурах... Энэ бүх үйл ажиллагаа нийгэмд маш хортой. Тийм учраас банкны ажилтнууд эхний ээлжинд харилцагчдаа хэрэглэгч гэж харахаасаа илүү тэдний санхүүгийн сайн зөвлөгч нь болж, сургалт зөвлөгөө өгдөг байх уриалгыг бид сая болсон чуулганаасаа гаргасан юм. Санхүүгийн мэдлэг түгээх үйлсэд санхүү, банкны салбарын эмэгтэйчүүд хүч бололцоондоо тулгуурлан манлайлан ажиллах юм. Хоёрдугаарт, худалдан авагч, хэрэглэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Судалгаанаас үзэхэд, гэр бүлийн хэрэглээний зориулалтаар худалдан авах шийдвэрийн 80 гаруй хувийг, ялангуяа өрх гэртээ том худалдан авалт хийх шийдвэрийг эмэгтэйчүүд гаргаж байна. Иймээс дэлхий даяар шинэ хандлага чиглэл бий болж, эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг түлхүү гаргаад эхэллээ. Тийм учраас бид энэ чуулган дээрээ эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ, бүтээгдэхүүн санаачлахыг санхүүгийн салбар бүрт уриалсан. Жишээлбэл, Хаан банк Glamour гээд кредит карт гаргасан байна, Хас банк бизнес эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн төслөө нэрлэж байна, Төрийн банк эмэгтэйчүүдэд зориулсан санхүүгийн бүтээгдэхүүн шинээр бий болгож байна гэх мэтчилэн... Энэ бүгдээс харвал өнөөдрийн энэ чуулган үр дүнгээ өгөх байх аа. Дараагийн чуулган хийхэд санхүүгийн байгууллага бүр эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнтэй болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Санхүүгийн салбарын удирдах түвшинд эмэгтэйчүүд хэр олон байдаг бол?
-Хангалтгүй байгаа. Тийм учраас бидний тавьсан гуравдугаар зорилт бол компани бүр сайн засаглалын хүрээнд Төлөөлөн Удирдах Зөвлөлдөө хараат бус эмэгтэй гишүүдтэй болох, ялангуяа улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой компани, банк, санхүүгийн байгууллагуудын ТУЗ-ийн дор хаяж 30 хувийг эмэгтэйчүүдээр бүрдүүлэхийг зорьж байна. Иймд мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай эмэгтэйчүүдийг засаглалын сургалтанд хамруулж, мэргэшлийн гэрчилгээтэй болгон, ТУЗ-д нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийн мэдээллийн санг байгуулна. Тэр санд бүртгэгдсэн эмэгтэйчүүдээс төр, засгийн байгууллагууд, хувийн салбарынхан сонгон шалгаруулж авдаг болох нөхцөлийг бүрдүүлэн ажиллах юм. Дөрөвдүгээрт, социализмын үед байсан “Халамжлан хүмүүжүүлэх” хөтөлбөрийг сэргээе. Өөр дээрээ жишээлэн хэлэхэд, би сургууль төгсөж ирээд Гантулга гэдэг эгчийг дагалдан ажиллаж байлаа. Мэргэжилдээ чадварлаг, ажилдаа дуртай тэр эгчийн арав, хорин жилийн туршлагаас суралцсанаараа би тэр хүний туулсан бэрхшээлийг тойрч, ажилдаа хурдан дадлагажиж, амжилтад хүрсэн. Барууны орнуудад энэ ажиллагааг “менторшип” гэж нэрлэдэг бөгөөд их эрчимтэй хэрэгжиж байгаа хөтөлбөр юм. Тэгэхээр банк, санхүүгийн салбарынхаа эмэгтэйчүүдэд хандаж, залуу боловсон хүчнээ дэмжиж, халамжлан хүмүүжүүлье гэж уриалсан. Бас “Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих сан” байгуулах асуудлыг ч хөндөж ярилаа. Энэ мэт нөлөөллийн маш олон ажлыг хийх болсноороо Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган үр дүнтэй болсон гэж үзэж байна. Чуулганы үйл ажиллагааг дэмжиж, Төрийн ордонд зохион байгуулах бололцоог олгосон УИХ-ын дарга Г.Занданшатарт танай сэтгүүлээр дамжуулан талархлаа илэрхийлье.
-Уриалга гаргах нэг хэрэг. Түүнийг амьдралд хэрэгжүүлж, ТУЗ-дөө эмэгтэй гишүүдтэй болно гэдэг амаргүй л байх. ТУЗ-д эмэгтэй гишүүнтэй байхын давуу талыг тодруулбал?
-Дэлхийд нэртэй том компаниудад хийсэн судалгаагаар удирдах зөвлөлд эмэгтэйчүүдийг оролцуулснаар тухайн компанийн үнэ цэнэ, үнэлгээ сайжирсан нь нотлогдсон байдаг. Намайг ТУЗ-д орлоо гэсэн мэдээлэл гарсан даруйд “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн нөгөө талын эзэмшигч “Turquoise Hill” компанийн хувьцааны үнэ өссөн байсан. Тийм учраас “Эдийн засгийн шийдвэр гаргалтад түлхүү орох замаар нийгмийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулах бололцоотой гэдгийг эмэгтэйчүүд маань ойлгоосой, бусдадаа үлгэрлэж, манлайлаасай. Энэ бол миний хүсэл. Бас дэлхий нийтийн хандлага.
-Компанийн ТУЗ-д эмэгтэй хүн байхын хамгийн гол ач холбогдол нь гэвэл?
-Компанийн ТУЗ-д эмэгтэй хүн байснаар компанийн засаглал илүү тогтвортой, бэхжих хандлагатай байдаг болохоор МҮХАҮТ, бизнесийн нэгжүүдийг ТУЗ-дөө эмэгтэйчүүдийг илүү оруулах уриалгыг гаргаж байна. Яагаад гэвэл манайд 40-өөс дээш насны эмэгтэйчүүд ажил мэргэжилдээ ид туршлагажиж, үр хүүхдээ өсгөөд, хийх бүтээх хүсэл эрмэлзэл оргилж байгаа үедээ бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалж ажилгүйдэлд нэлээд өртөж байна. Энэ их хүч, туршлагыг дайчилж, шийдвэр гаргалтад оруулах нь зүйтэй гэж би үзэж байгаа. Энэ талаар Төрийн Өмчийн Хорооны Бодлого зохицуулалтын газарт саналаа хүргүүлсэн. ТӨХ-оос өгсөн мэдээллээр, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын ТУЗ-д 123 эмэгтэй байгаа нь чамлалттай тоо. Тэднээс 23 нь Санхүү банкны эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд оролцлоо
ЗӨВ ЗАСАГЛАЛЫГ БИЙ БОЛГОХОД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦОО ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ
-“Эмэгтэй сонгогч яагаад ч юм эмэгтэй нэр дэвшигчдээ санал өгөх дургүй” гэсэн яриа байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?
-Үгүй ээ, би тэгж бодохгүй байна.
-Яагаад?
-Би бол санхүү, банкны салбарын хүн. Манай салбарын ажилтнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд. Дэлхийн санхүүгийн хямралын үед намайг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад удирдлагын багийн маань бараг тэн хагас нь эмэгтэйчүүд байсан. Би эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдээ дэмжиж, тэднийхээ ажил үйлсийг нь үнэлж, удирдах албан тушаалд зоригтой дэвшүүлэн тавьдаг байлаа. Тэднийхээ хүчээр л санхүү банкны хямралыг зоригтой давж туулсан гэж үздэг. Монголбанканд ажиллаж байхдаа хийсэн том том ажлуудаа эргээд харахад, хямралын үед эмэгтэйчүүд дандаа чухал ажлуудыг нь хариуцаж байсан юм билээ.
Би эмэгтэй хүнийхээ хувьд эмэгтэйчүүдээ дэмжиж, тэднийхээ ажил үйлсийг нь үнэлж, удирдах албан тушаалд зоригтой дэвшүүлэн тавьдаг байлаа. Тэднийхээ хүчээр л санхүү банкны хямралыг зоригтой давж туулсан гэж үздэг.
-Хувь тавилангийн оноолт байна даа...
-Мэдэхгүй юм даа, эсвэл эрэгтэйчүүд хямрал болохоор л эмэгтэйчүүдэд найр тавихдаа илүү байдаг юм болов уу... (инээв)
-Та ямар үед эмэгтэй хүн гэдгээ мэдэрдэг вэ?
-Би эмэгтэй хүн гэдгээ байнга мэдэрч явдаг. Гэхдээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн ганц эмэгтэй гишүүн байхдаа эрчүүд ямар байдаг вэ, яг тэдэнтэй адилхан байр суурьтай, мэргэжлийн түвшинд ажилласан. Гэхдээ бусад эрэгтэй гишүүдтэйгээ харьцуулахад эмэгтэй ажилтнууд руу илүү чиглэсэн, тэдний ажлын байрны таатай нөхцөл бүрэн хангагдсан эсэх дээр тавьж байсан миний асуултууд онцлог байсан болов уу гэж боддог.
“ОЮУТОЛГОЙ”-Н ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭНИЙ ЗААЛТ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨЖ БАЙСНЫГ ИЛРҮҮЛЖ, МӨРДӨЖ АЖИЛЛАХЫГ ШААРДСАН
-“Оюутолгой” компанийн ТУЗ-өөс таныг өнгөрсөн сард чөлөөлсөн. Та энэ шийдвэрийг мэдэж байсан уу?
-Урьдчилан мэдэгдээгүй. “Оюутолгой” бол 10,9 тэрбум ам.долларын баланстай том айл. Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн дүнг удахгүй гүйцэх нь.... Дэлхийн 3 том гүний уурхайн нэг шүү дээ.
-“Оюутолгой” компанийн ТУЗ-д ороод хийсэн гол ажил тань юу вэ?
-Би 2017 онд “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтад тэнцсэн. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ- ийн хараат бус гишүүний хувьд, хөрөнгө оруулагч талуудын гэрээнд заасан санхүүгийн аудит хяналтаар мэргэшсэн, туршлагатай байх шалгуурыг хангасан тул 2018 оны 10-р сард “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн болсон. Учир нь ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар өөр ажилд шилжих болсон тул оронд нь миний нэрийг дэвшүүлсэн юм. Компанийн тухай хуулиар ТУЗ-ийн гишүүдийг дараагийн хувь нийлүүлэгчдийн хурал болтол буюу доод тал нь 1 жилийн хугацаатай томилдог. Би “Оюутолгой” компанийн ТУЗ-д 5 сар ажиллалаа. Энэ хугацаанд ТУЗ-ийн ээлжит 2, ээлжит бус 1, хугацаа сунгагдсан гээд нийт 6 хуралд суусан. Гол анхаарлаа хандуулж ажилласан чиглэлүүд маань гэвэл, Нэгдүгээрт энэ компанийн засаглалыг сайжруулахад анхаарч, “Засаглалын хувьд олон улсын түвшинд хүргэж ажиллуулах шаардлагатай” гэсэн дүгнэлтийг гаргасан. Энэ компанийн ТУЗ-д надаас өөр хараат бус эмэгтэй гишүүн байдаггүй. ТУЗ-ийн нарийн бичгийн алба ажлыг хараат бус хуулийн компаниар хийлгүүлдэг туршлагыг санал болгосон. Ингэснээр ТУЗ-ийн гишүүдэд ижил тэгш нөхцөлд ажиллах боломж бүрдэх юм. Хоёрдугаарт, энэ компани дээр Хяналтын зөвлөл ажилладаггүй. “Хөрөнгө оруулалтын гэрээгээр бол Хяналтын зөвлөл ажиллахаар тохиролцсон хэдий ч компанийн хуульд Хяналтын зөвлөлтэй байх хуульчилсан шаардлагыг хассан нэрийдлээр Хяналтын зөвлөл ажиллуулахгүй байгаа нь буруу” гэж үзсэн. Учир нь татварын хуулиудад өөрчлөлт оруулахаар “Анхны хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татвараа л төлнө, татварын шинэ хууль хамаагүй” гэж ярьдаг мөртлөө Компанийн тухай хуульд орсон өөрчлөлтийг болохоор татаж аваад, Хяналтын зөвлөл ажиллуулахгүй байгаа нь үндэслэлгүй юм. Нэгэнт энэ том төслийн 34 хувь дээр Монголынхоо ашиг сонирхлыг хамгаалж, шаардлагыг, хяналтыг тавихын тулд хараат бус хяналтыг бий болгох зайлшгүй шаардлагатай, “Зохистой сайн засаглалтай болох хэрэгтэй” гэж удаа дараа шаардсан боловч ямар ч дэмжлэг аваагүй. Дараагийн нэг асуудал бол тайлагнал.
“Оюутолгой” компанийн ТУЗ- ийн хурал, хурлаар хэлэлцсэн асуудлууд, шийдвэрийн эцсийн дүнг олон нийтэд хүргэх ёстой. ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдсөн ч би энэ байр сууриасаа ухрахгүй. Би “Оюутолгой” компанийн засаглалаас гадна санхүү, тайлан, зардал, авч байгаа зээл гэсэн асуудлуудад анхаарлаа төвлөрүүлж ажилласан. Санхүүгийн тайлагналын хувьд зөрүүтэй асуудал гарсныг нэлээд хурцаар шүүмжилсэн, ил гаргаж тавьсан, тайлагналын зөрүүтэй байдлыг арилгах үүрэг өгсөн байгаа.
-Та нэг жил бүтэн ажиллаагүй шалтгаан үүнд байгаа юм биш үү. Ер нь менежмент нь хэрхэн явагддаг болохыг та ярьж болно биз дээ?
-Энэ компанийн үйл ажиллагааг “Рио Тинто” компани менежментийн удирдлагаар хангаж, зардлын 3-6 хувьтай тэнцэх менежментийн төлбөр болох урамшууллыг авдаг. Үүнээс гадна “Рио Тинто” компани бусад үйлчилгээний зардлуудыг “Оюутолгой”-гоос авдаг нь дээрх урамшуулалтай зарим талаар давхцаж байсан тул нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байсан. Үүнд би шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ бол олон улсын жишигтэй харьцуулбал хоцрогдсон тооцооллын хэлбэр. Яагаад гэвэл “Компанийг ашигтай ажиллуулах эцсийн үр дүнтэй холбоогүйгээр, гарсан зардал нь их байх тусам удирдлага нь их мөнгө авах систем байгаа нь шударга бус байна, хариуцлага тооцох механизм үйлчлэх ёстой” гэдэг шаардлагыг тавьсан. Энэ шаардлага маань бас эсэргүүцэлтэй тулгарсан юм. Хөрөнгө оруулалтын гэрээгээр Рио Тинтогийн менежментийн баг компанийг нэгэнт удирдаж байгаа л бол хэрхэн яаж удирдсан тухай, үзүүлсэн үйлчилгээ нь хэр үр өгөөжтэй байсан тухай тайлангаа улирал тутам дараагийн сарын 30ны дотор ТУЗ-д тайлагнаж мэдээлэх ёстой. Намайг тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн болох хүртэл нэг ч удаа энэ талаар тайлагнаагүй байсан. Би түүнийг нь мэдээд, төсвийг нь батлахгүй гэж шахалт үзүүлсний үндсэн дээр тайлангаа тавьж эхэлсэн. Одоо энэ тайланг гэрээний дагуу улирал болгон тавина гэдэгт найдаж байна.
-Тайлагнал үнэхээр чухал шүү. Тэр бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй цацаад байгаа мэдээлэл биш шүү дээ.
-Энэ бол хувь нийлүүлэгчийнхээ хувьд Монголын талын хяналт тавих зайлшгүй шаардлагатай, гэрээний биелэлтийг хянахад чухал асуудал гэдгийг дараа дараагийн ТУЗ-ийн гишүүд анхаараасай гэж бодож байна. Мөн хамаарал бүхий этгээдийн ажил гүйлгээг хянах, тайлагнах асуудлыг шинэ шатанд гаргах шаардлагатай. “Оюутолгой” компанийн эрсдэлийн удирдлагын тайланг ТУЗ-өөр нь нэг ч удаа хэлэлцэж байгаагүй юм билээ. Үүнийг бас анх удаа хэлэлцүүлсэн. Цаашдаа улирал тутам хэлэлцэж байх горимд оруулж чадсанаараа би өөрийгөө тус компанийн хөгжилд мэргэжлийн хүнийхээ хувьд хувь нэмэр оруулж чадсан гэж үзэж байгаа. Цаашилбал зардлыг бууруулах, хэт үрэлгэн зарим зардлуудад тусгайлсан шалгалт оруулах, урьдчилсан хяналт тавих, Монголын талд оногдох зээлийн хүүг бууруулах, валют, алтны арилжааны нөхцөлүүдийг Монголын зах зээлд, валютын ханшид сөргөөр нөлөөлөхгүйгээр зохион байгуулж чадаж байгаа эсэхэд хяналт, шаардлага тавьж эхэлтэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.
-Богино хугацаанд ингэж идэвхтэй ажиллаж байсан гишүүнийг яагаад сольсон талаар Засгийн газар албан ёсны тайлбар өгөх байх аа. Яагаад гэвэл, энэ бол Энхжаргал гэдэг хувь хүний асуудал биш 21-р зууны эхний хагас дахь Монголын хамгийн том төслийн хувь заяа, Монголын ард түмний төлөөлөл болсон хараат бус гишүүний асуудал шүү дээ...
-Албан ёсны тайлбар ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та түрүүн “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн ганц эмэгтэй гишүүний хувьд тавьж байсан асуултууд минь бусад эрэгтэй гишүүдээс арай онцлог байсан болов уу гэж хэлсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
-Миний хувьд энэ компанийн ТУЗ-д байгаа ганц эмэгтэй, Монголын талаас томилогдсон анхны эмэгтэй гишүүнийхээ хувьд, “Оюутолгой” компаниас орон нутагт хийсэн гэж тайлагнаад байгаа ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын үр дүнг нэхэж байгаа. Тайлан бол бий. Гэхдээ энэ тайланд эмэгтэйчүүдийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хөгжүүлэхэд “Оюутолгой” компаниас хийсэн гээд байгаа хөрөнгө оруулалт ямар нөлөөлөл үзүүлсэн бэ, ямар бодитой үр дүн гарсан бэ гэдэг нь харагдахгүй байгаа учраас энэ талаар тодруулахыг шаардсан. Цаашдаа энэ дагуу тайлагнах байх гэж найдаж байна. Оюутолгойн хувьцааны тодорхой хэсгийг Монголын Хөрөнгийн Биржэд гаргах замаар нээлттэй компани болговол санхүүгийн тайлан мэдээ нь олон нийтэд ил болох боломжтой. Оюутолгой Монголын байтугай дэлхийн түүхэнд бичигдэх томоохон бүтээн байгуулалт. Хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг хүртэхийн тулд төслийг тасралтгүй найдвартай ажиллуулахын төлөө бүгд хичээх ёстой.
ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТ БҮХ ТҮВШИНД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
-“Эрдэнэс Монгол” компанид хийж гүйцэтгээд байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?
-Миний хувьд, уул уурхайн салбарт хэд хэдэн зүйлийг зайлшгүй хийх шаардлагатай гэж үздэг. Монгол Улс бол байгалийн асар их баялагтай орон. Бид энэ баялгаа олборлоод, түүнийгээ үр өгөөжтэй баялаг болгож, хойч үедээ үржиж өсдөг хөрөнгө болгож үлдээх үүрэгтэй. Яагаад гэвэл байгалийн баялаг бол ургаж, өсөж, төлждөг баялаг биш. Газрын доорх зэс, алт маань шавхагддаг баялаг. Тийм учраас газрын доорх баялгаа олборлож гаргаж ирснийхээ дараа түүгээрээ өсөж арвиждаг баялаг бүтээх ёстой юм. Ингэхийн тулд байгалийн баялгийг эзэмшиж, ашиглаж, олборлож байгаа байгууллагууд дээр ард түмний хяналт, зохистой зөв засаглал зайлшгүй шаардлагатай. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн болоод хамгийн түрүүнд хийсэн ажил минь, ард түмэндээ байгалийн баялгийг хүртээмжтэй хүртээх ёстой гэдэг бодлогын үүднээс бүртгэлийн асуудлыг нь авч үзсэн. Намайг компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд аудитын хорооны даргаар сонгосон. Тэгэхдээ Монголын болон олон улсын банк санхүүгийн салбарт ажиллаж байсан 30 жилийн туршлага, хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр хийж байсан ажлын минь үр дүнг харгалзан томилсон байх гэж би боддог. Тэгээд хамгийн эхлээд “Эрдэнэс Монгол”, түүний охин болон хараат компаниудын олон нийтэд хуваарилсан хувьцаа санхүүгийн тайлан тэнцэлдээ бүрэн тусгагдаж бүртгэгдсэн эсэхийг шалгаж үзсэн юм. Гэтэл тайлан балансад бүртгэгдээгүй байсан. Түүнийг бүртгэхийн тулд “Эрдэнэс Монгол” нэгдлийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт, бүртгэлийн журмуудыг олон улсын стандарт жишигт нийцүүлэн боловсруулж, мөрдүүлэх ажлыг 2017 онд хийсэн. 2018 оноос Монголын ард түмний эзэмшиж байгаа хувьцаа тайлан тэнцэл дээр албан ёсоор тусгагдсан байгаа. Одоо давуу эрхтэй хувьцааны асуудал Засгийн газрын зарим нэгэн шийдвэрийг үндэслэж гарахаар хүлээгдэж байна. Өнөөдөр зайлшгүй ярих ёстой дараагийн асуудал бол Эрдэс баялгийн салбарын, олборлох салбарын эрсдэлийн удирдлага. Энэ салбар өөрөө асар олон төрлийн эрсдэлийг дагуулдаг. Тийм учраас “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээгээр эрсдэлийн удирдлагын бодлогын бичиг баримтыг 2018 онд боловсруулж батлуулах ажлыг хийсэн. Одоо нэн тэргүүнд олборлох салбарын эрсдэлийн удирдлагын менежментийн чадавхыг сайжруулах шаардлагатай байна.
Эрсдэлийг тодорхойлж, тогтоох, тооцох, үнэлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг хянах, бууруулах зохистой бодлого, арга хэмжээний цогц ажлуудыг хийж чаддаг мэргэжилтнүүд Монголд маш ховор байна. Энэ асуудлыг зүгшрүүлэх тал дээр би гол анхаарлаа тавьж ажиллаж байгаа. Ер нь Монгол Улсад Эрсдэлийн удирдлагын зохистой зөв засаглал бүх түвшинд үгүйлэгдэж байна.
БАНК БОЛ ИТГЭЛЦЭЛД СУУРИЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ОНЦЛОГТОЙ БАЙГУУЛЛАГА
-“Капитал” банкны дампуурал нийгмийн тодорхой хүрээнд дуулиан тарьж байна. Ялангуяа дундаж давхаргынхны дургүйцлийг маш их хүргэлээ. Та мэргэжлийн банкир хүний хувьд энэ дампуурлыг юу гэж харж байна? Олон нийтийн хардаж байгаачлан зүй ёсны дампуурал биш, цаанаа захиалгатай улстөрчдийн тоглолт уу?
-Банк дампуурна гэдэг бол харилцагчдынхаа анхны шаардлагаар төлбөр тооцоог гаргаж өгөх чадваргүй болсноос үүдэлтэй. Банкны үндсэн үйл ажиллагаа зээл. Зээлдэгчид зээлээ төлөхгүйгээс үүдэж, харилцагчдын мөнгийг буцааж өгөх чадваргүй болж банк дампуурдаг. Банк зээлээс гадна өөр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэрнээсээ ч бас алдагдал хүлээж, дампуурах явдал бий. Сүүлийн хэдэн жилд манай улсын макро эдийн засгийн түвшин хүнд байсан нь банк санхүүгийн салбарт сөргөөр нөлөөлж байгаа гэж би бодож байна. “Капитал” банкны зээлийн 80 хувь чанаргүй зээлд ангилагдсанаас өөр нарийн мэдээлэл надад байхгүй, олон нийтийн түвшний л ойлголттой байгаа учраас энэ талаар ямар нэг зүйл нэмж хэлэх боломжгүй байна.
-Та бол Монголын банк, санхүүгийн салбарын хамгийн хүнд үед халуун гал тогоонд нь буцалж байсан эмэгтэй. Эргээд харахад ингэдэг байж, тэгдэг байж гэсэн харамсал байдаг уу?
-1990-ээд онд Монголд хоёр шатлалтай банкны тогтолцоог бий болгох үед би Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирлын үүрэг гүйцэтгэж байлаа. Тэр үед инфляц маш өндөр, 325 хувьд хүрч байсан. Талх 1 төгрөг 40 мөнгөний үнэтэй байснаа 400 төгрөгт хүрсэн гэсэн үг. Энэ үед инфляцийг яаж давах вэ гэдэгт мөнгөний бодлого чиглэж байсан. Засгийн газар гэнэт 20-р тогтоол гаргаж, мөнгөний масштабыг хоёр дахин бууруулахаар шийдвэрлэснээс болоод барааны хомсдол үүсэж, тэр хомсдолоос шалтгаалж, үнийн хэт өсөлт бий болсон. Түүнийг дагаад монголчуудын маань хадгаламжийн мөнгө үнэгүйдсэн. Өөрөөр хэлбэл 100 төгрөгтэй байсан хүн маргааш нь 50 төгрөгийн л бараа худалдаж авах чадавхтай, мөнгөтэй болсон юм. Бид монголчуудынхаа хадгаламжийг, монгол төгрөгийнхөө худалдан авах чадварыг найдвартай болгохын тулд хадгаламжийн хүүгийн доод хэмжээг тогтоож өгсөн. Хэрвээ санаж байгаа бол, энэ үед зээлийн хүү 125 хувьтай байсан. Тэр үед “Арилжааны банкууд хадгаламжийн хүүд 64 хувиас доошгүй хүү өгөх ёстой” гэсэн шийдвэрийг Монголбанкнаас гаргаж, төгрөгийг хамгаалах бодлого явуулж байв. Тухайн үед Засгийн газар улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах бодлого явуулсан. Хувьчилсны дараа улсын үйлдвэрийн газруудын зээл хариуцах эзэнгүй болж арилжааны банкууд дээр үлдсэн. Улсын банкны системээс шилжиж, өвлөж ирсэн эдгээр эзэнгүй, төлөгдөх боломжгүй, найдваргүй өрүүдээс шалтгаалж тухайн үеийн банкууд, Ардын банк, Худалдаа хөгжлийн банк, Хөдөө аж ахуйн банк, ХОТШ, Даатгал банкууд санхүүгийн асар хүнд байдалд орсон юм. Ийм учраас банкны салбарыг эрүүлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх хүнд хэцүү ажлыг надад даатгаж, Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирлаар 1994 онд томилсон. Энэ ажлыг хүлээж авуут хамгийн түрүүнд нягтлан бодох бүртгэлийн журмыг нь олон улсын банкны жишигт хүргэх ажлыг хийж байлаа.
Зээлийн ангиллыг шинэчилж, хугацаатай, хугацаагүйгээс гадна чанаргүй гэдэг ангиллыг мөрдүүлж, зээлийн болзошгүй алдагдлын сан, санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн зөв засаглал, зөв горимд оруулах, санхүү төлбөрийн зохистой үзүүлэлтүүдийг тогтоон ягштал мөрдүүлэх ажлыг хийгээд, банкууд дээр байгаа өмнөх Засгийн газраас шилжиж ирсэн захиргаадалтын үеийн өрийн асуудлыг шийдэхийн тулд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай уулзаж, төслүүдийг хэрэгжүүлсэн.
Япон улсад очиж, донор орнуудын уулзалт хийж, тэндээс 50 сая ам.долларын бага хүүтэй зээл, буцалтгүй тусламжийг олж ирсэн. Банкуудын үйл ажиллагааг сэргээх, ялангуяа тухайн үеийн Улсын банкны ажилтнуудыг зах зээлийн банкир болгож хөгжүүлэх асуудал дээр нэлээд хүч хөдөлмөр гаргаж ажилласны дүнд эхний үр дүн гарсан юм. Харамсалтай нь “Ардчилсан холбоо эвсэл” 1996 онд засгийн эрхийг аваад бидний хэрэгжүүлэх гэж байсан банкны салбарт бүтцийн өөрчлөлтийг үе шаттай хийх асуудлыг хэт нэг тал руу нь гуйвуулж, “Ардын банк”, “Даатгал” банкуудыг татан буулгах, “Сэргээн босголт”, “Хадгаламжийн банк”-ийг байгуулах огцом шийдвэрүүдийг гаргасан. Тухайн үед би энэ шийдвэрийг эсэргүүцэж, хамтран ажиллах боломжгүйгээ илэрхийлээд, АНУ-д Дэлхийн банканд ажиллахаар явсан юм. Тэр үедээ Вандербилтийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
-Яагаад энэ сургуулийг сонгож сураа вэ?
-Вандербилтийн их сургууль бол санхүүгийн сургалтаараа Америктаа нэртэй, хамгийн үнэтэй сургуулиудын нэг. Миний хувьд АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг хүртсэн ч тэр маань сургалтын төлбөрт хангалтгүй байсан учраас Дэлхийн банканд ажиллаж олсон цалин, хөлс, урамшууллаа нэмээд, дээр нь сургуулиасаа тэтгэлэг авч суралцсан юм. Би Вандербилтийн их сургуулийн 99 дэх гадаад оюутан, анхны монгол оюутан. Энд эдийн засгийн хөгжлийн онолоор суралцахдаа банкны салбарыг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг санхүүжүүлэх талаар судалгааны ажил хийсэн. Тухайлбал “Грамин” гээд Бангладеш улс дахь эмэгтэйчүүдийг, жижиг бизнесийг дэмждэг алслагдсан орон нутгийн иргэдэд үйлчилдэг банкны талаар, мөн банк бус санхүүгийн байгууллагуудыг үүсгэн хөгжүүлэх замаар зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх нийлүүлэлтийг бий болгох талаар судалж, магистрын зэргээ хамгаалсан. Төгсөөд, 1999 онд Нью-Йоркод олон улсын банканд ажиллахаар гэрээ хийгээд байтал аав минь хүндээр өвдөж, Монголдоо буцаж ирэхээс аргагүй болсон. Намайг ирэхэд ХОТШ, Хаан банкууд хүнд байдалд орчихсон, “Сэргээн босголтын банк”-ийг “Голомт” банктай нэгтгэснээс болж улс төрийн маш том давлагаа үүсээд байлаа. Энэ үед Монголбанкны Ерөнхийлөгч мэргэшсэн банкир хэрэгтэй гээд надтай уулзаж, Хяналт, шалгалтын газрын захирлаар томилон, банкны салбарыг сэргээх ажил дээр ажиллуулах хүсэлт тавьсан. Ингэж би хоёр дахь удаагаа Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар томилогдоод хяналт шалгалтын тогтолцоог олон улсын түвшинд нийцсэн шинэлэг бүтэц зохион байгуулалттай болгож, хэлтэй, чадалтай залуу мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлж ажилласан. Хяналт шалгалт бол дан ганц эрчүүдийн салбар биш гэдгийг ч харуулж чадсан.
-Энэ том ажлаа юунаас эхлэв?
-Зарим банкин дээр ямар арга хэмжээ авснаа дурдъя. Худалдаа хөгжлийн банк бол тухайн үедээ Монгол Улсын гадаад төлбөр тооцоог хийдэг банк байсан. Энэ банкин дээр “Twinning” буюу монголчилбол “Ихэрлүүлэх” төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн. Тодруулбал, тендерт шалгарсан Голланд гаралтай олон улсын “ING” банк, тухайн үеийн ХХБ- ны удирдлага хоёр хосолж, хамтаараа банкийг удирдаж, зохион байгуулснаар Монголын банкирууд олон улсад нэр хүндтэй банкируудаас сурч, банкаа олон улсын банк шиг удирдах дадлагад суралцсан. Хөдөө аж ахуйн банк улсаас дэмжлэг туслалцаа өгсөөр байтал гурав дахь удаагаа санхүүгийн хүндрэлд ороод, дампуурах магадлалтай болоод байв. Бид АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай ярьж, мэргэжлийн банкирыг урьж ажиллуулах замаар банкийг сэргээх талаар тохиролцсон. Ийм туршлага бусад оронд ч байсан учраас менежментийн баг урьж, мэргэжлийн банкирын олон улсын түвшингийн цалин хөлс, зардал дээр тусламж хүссэн. Энэ багт Питер Морроу, Дебра Боер, банкны сургалтын академийн багш Дэлгэрмаа, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар нар орж, Хөдөө аж ахуйн банкийг ХААН банк болгож бүтцийн өөрчлөлт хийн, өнөөдрийн ХААН банкны суурийг баттай бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн юм. Эдгээр банкуудын үйл ажиллагаа сайжраад жигдрээд ирэнгүүт Засгийн газар хувьчилсан нь тухайн үед хувьчлалаас хамгийн их орлогыг төрд оруулсан төслүүдээр шалгарч байлаа.
-Банкийг сэргээсний үр дүн гэж ойлгож болох нь ээ?
-Банканд бүтцийн өөрчлөлтийг хийж, эрүүлжүүлэх олон арга бий. Дээр ердөө хоёрыг нь л дурдлаа. Ер нь банкуудыг шууд татан буулгах гэхээсээ илүү цаг хугацаа, нөхцөл байдалд нь нийцсэн шуурхай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй гэж би боддог. Ингэхдээ тухайн банкнаас гадна олон улсын байгууллагууд, төр засгийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байдаг. Түрүүн хэлсэн дээ, банк дампуурах нийгэмд маш хохиролтой. Мэдээж банкны ажилтнууд ажилгүй болохоос гадна банкнаас зээл авч, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан жижиг, дунд аж ахуйн нэгжүүд зээл авч чадахаа больдог. Түүнээс шалтгаалж үйл ажиллагаа нь доголдож, тухайн аж ахуйн нэгжүүд дампууралд орох аюултай. Дагаад олон хүн ажилгүй болох, нийтийн өмч үрэгдэх давхар давхар хор уршигтай учраас банк бол тусгай зохицуулалт, хяналт шаарддаг онцгой бодгаль төдийгүй итгэлцэлд суурилсан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байгууллага юм.
САНХҮҮГИЙН, ИННОВАЦЫН ОЛОН УЛСЫН ЧӨЛӨӨТ БҮСИЙГ МОНГОЛДОО БАЙГУУЛНА
-Монголын санхүүгийн салбарын 95 хувийг банкууд эзэлж байна. Өр зээлгүй хүн цөөн боллоо. Бид бүгдээрээ банкуудын дарангуйлал дор амьдарч байна гэж хэлбэл мэргэжлийн банкир хүний хувьд дургүйцэхгүй биз дээ?
-Цөөн тооны том хадгаламж эзэмшигчид Монголын банкны хадгаламжийн дийлэнхийг эзэмшиж хүүгийн орлогоор баяждаг. Харин хадгаламж эзэмшигчдийн 90 гаруй хувь нь жижиг тул нийт хадгаламжийн 10 хүрэхгүй хувийг эзэмшдэг. Энэ тухай судалгаанууд нийтэд ил болсон шүү дээ. Хадгаламжийн өндөр хүү амлах нь зээлийн хүүг өндөр болгож байгаа гол хүчин зүйл бөгөөд өндөр хадгаламжтай цөөн харилцагчдаас банкны санхүүгийн чадавх хэт хамааралтай болоход хүргэж байгаа. Том хадгаламж эзэмшигч харилцагчдаа алдахгүйн тулд өндөр хүүгийн амлалт өгөх зөв биш уралдаан банкуудын дунд байсаар байгааг зохистойгоор, эдийн засгийн хөшүүргээр зохицуулах шаардлагатай. Тухайлбал тэдгээр том хадгаламж эзэмшигчдийг банкны институц хөрөнгө оруулагч болгон дэмжих бодлогыг үе шаттай хийх хэрэгтэй. Зээлийн хүүгийн хэт өндөр хэмжээ нь зээлдэгчдийг өрийн дарамтад оруулж байгааг зогсоох, жижиг зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах талаар “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018- 2023”-д тодорхой тусгаагүй нь харамсалтай. Зээлийн хүүг бууруулах олон арга хэрэгсэл байгаа. Тухайлбал, “Финтех” олон улсад өргөн нэвтэрч байна. Энэ нь зээл, үнэт цаас гээд санхүүгийн бүхий л үйлчилгээг мэдээллийн технологийн дэвшилтэт аргуудыг ашиглан харилцагчид шуурхай хүргэх арга юм. Интернет, гар утас, хиймэл оюун ухаан (AI), блокчэйн (Blockchain), ухаалаг эд зүйлсийн интернет (IoT), Үүл (Cloud), өгөгдөл (Big data), Crowdfunding, P2P, дижитал мөнгө-санхүү-банк гэ мэт мэдээллийн шинэ технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ (Fintech)-г дэмжих зэрэг мэдээллийн технологийн шинэ арга хэрэгслүүд нь үнэтэй үйлчилгээг хямд болгох, ховор бүтээгдэхүүн үйлчилгээг олдоцтой болгох, хийхэд хүндрэлтэй ажил үйлчилгээг хялбар шуурхай болгох ач холбогдолтой. Иймээс энэ талаар хүний нөөцийн чадавхыг бий болгон хөгжүүлэхэд анхаармаар байна.
Монголбанк, СЗХ манлайлж энэ салбарыг хөгжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлбэл зээлийн хүү буурч, санхүүгийн үйлчилгээ шуурхай хүртээмжтэй болно. Инновацын чөлөөт бүсийг ч нэн яаралтай байгуулах хэрэгтэй. Би түрүүн хэлсэн. Банкирууд бол мөнгө хүүлнэ гэхээсээ илүү нэн тэргүүнд харилцагчийнхаа санхүүгийн зөвлөх, чиглүүлэгч нь байх цаг үе ирээд байна. Одоогийн байдлаар банкны салбарыг олон нийтэд муухай харагдуулж, нэр хүндийг нь унагаж байгаа асуудал бол санхүүгийн зөвлөгч гэдэг үүргээ нэн тэргүүнд тавихгүйгээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ ялангуяа зээлийн эрсдэлийг мэргэжлийн түвшинд ойлгуулахгүйгээр шууд өгч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн санхүүгийн мэдлэгийг түгээх, нийгмийн хариуцлагын чиглэлд хийх ажлууд дээр санхүүгийн зөвлөх үйлчилгээгээ тэргүүн ээлжинд тавиагүйн үр дагавар, хор уршиг гэж би боддог. Ийм ч учраас Санхүү банкны эмэгтэйчүүдийн чуулган дээр би энэ уриалгыг гаргаж тавьсан. Бид санхүүгийн боловсрол олгоход төр хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Олон нийтэд зөв ойлголтыг хүргэж, банкны ажилтнуудын ажил үүргийн тэргүүн ээлжинд санхүүгийн зөвлөгч байх үүргийг нь оруулж, зээлийг авснаараа ямар эрсдэлд орж болох вэ, эрсдэлээс гарахын тулд яаж урьдчилан сэргийлэх вэ гэдгийг зээлдэгчдэд ойлгуулахад хамтран ажиллана. Дээр нь банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол банкууд аж ахуйн нэгжүүдийн бизнесийг булааж авч өөрсдөө хийдэг асуудал. Энэ бол үнэхээрийн ёс зүйгүй, буруу үйл ажиллагаа. Иймэрхүү тохиолдлууд урьд нь гарч байсан учраас хувь нийлүүлэгчдэд олгох зээлийг хязгаарлах, хянах асуудлыг хуульчилж өгсөн юм шүү дээ. Нэг арилжааны банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны гол хувьцаа эзэмшигч байхыг хуулиараа хориглож өгсөн. Гэтэл энэ зохицуулалтыг Монголбанк одоог хүртэл мөрдүүлж чадахгүй байгааг юу гэж хэлэлтэй билээ... Уг нь хууль нь бий.
CАНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ИРГЭДИЙГ САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРГЭНЭ
-Банкны салбарт гадаадын банкийг оруулах талаар таны саналыг сонсмоор байна...
-Миний хувьд, Олон улсын Санхүүгийн чөлөөт бүсийг Монголдоо бий болгон хөгжүүлье гэдэг санаачилгыг дэвшүүлж, Засгийн газарт хандаж байсан. Яг л Лондон, Хонконг, Сингапур , Дубайн санхүүгийн төвүүд шиг олон улсын санхүүгийн чөлөөт бүсийг Монголдоо байгуулахын төлөө ажиллаж байна. Чөлөөт бүсэд гадаадын банк санхүүгийн байгууллагуудыг ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлсэн эрх зүйн орчинг бий болгоход УИХ онцгойлон анхаармаар байна. Энд Улаанбаатар хотын удирдлага санаачилгатай ажиллаж эхэлсэн. Чөлөөт бүсэд ажиллах гадаадын банкуудад төгрөгийн хадгаламж авахыг хориглох бөгөөд энэ талаар дотоодын банкуудтай өрсөлдөхгүй. Ер нь Монголын банкууд үйл ажиллагаагаа нээлттэй, хүртээмжтэй, шинэлэг, инновацлаг, үр өгөөжтэй болгох ёстой. Ингэж л өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ. Хүртээмж гэдгийг дийлэнх олонхын ойлгодог шиг олон газарт салбар нэгжтэй болоод, олон хүн ажиллуулаад, хүн болгонд хүрч ажиллаад байгааг хэлэхгүй. Харин санхүүгийн эх үүсвэрийг хүн болгоны хүсч шаардагдаж байгаа хэмжээнд хүргэж, харилцагч авах ёстой үйлчилгээгээ хангалттай авч чадаж байгаа эсэх тухай асуудал юм. Ялангуяа банкууд алслагдсан хөдөө орон нутгийнханд гар утас, интернэт, блокчэйн гээд мэдээллийн шинэ технологиор үйлчилгээгээ хүргэхийг эрмэлзэх хэрэгтэй. Ингэж л хот хөдөөгийн ялгааг арилгах, ядуурлыг үгүй хийхэд туслах юм. Бид Засгийн газарт ямар хүсэлт тавиад байна гэхээр мэдээллийн технологийг хүргэх дэд бүтцийг байгуулаач ээ, тэгвэл бид алс бөглүү нутагт байгаа иргэддээ, эмэгтэйчүүддээ санхүүгийн сургалт үйлчилгээг хүргэе гэж байгаа юм. Иргэд маань санхүүгийн суурь мэдлэгтэй болчих юм бол өнөөдөр банканд хэдэн төгрөгөө хадгалуулах вэ, эргээд ямар зээл үйлчилгээг авч болох вэ, авсан зээл маань хугацаандаа төлөгдөхгүйгээс болоод би өөрийгөө ямар эрсдэлд оруулах вэ, эд хөрөнгөө алдахгүй байх ямар боломжууд байна, зээл олгосон банкаа хүндрэлд оруулахгүйгээр яаж ажиллах вэ... гээд олон талын ойлголттой болох юм.
Бид иргэддээ жигд хүрч ажиллах хэрэгтэй байна. Иргэд маань өөрсдөө боловсролтой, санхүүгийн мэдлэгтэй болоод ирвэл тэд маань зөв шийдвэр гаргаж, ажил орлогыг бий болгож чаддаг болно. Ингэснээр иргэд маань эдийн засгийн хувьд бие даан, санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ. Тэгвэл улс орон маань өөрөө хөгжөөд ирнэ.
-Хүмүүс жендэр гэхээр хүйсээр ялгаварлан гадуурхалт гэж ойлгох гээд байдаг. Гэтэл жендэрт бас тэгш боломж олгох асуудал ч багтдаг...
-Тийм ээ, Монголын иргэд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран санхүүгийн үйлчилгээг жигд, тэгш, хүртээмжтэй олж авах тухай л яриад байгаа хэрэг шүү дээ. Сая Жижиг, дунд үйлдвэрийн сангийн талаар баахан шуугилаа. Зээл авсан хүмүүсийг харахад дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Зөвхөн энэ баримтаас харахад л энэ зээлийн хүртээмж, шударга байдал харагдахгүй байгаа. Эдгээр зээлийг олгож байгаа арга барил, шийдвэр гаргалт нь олон нийтэд ил тод байх ёстой, шийдвэр гаргалтад нь олон нийтийн оролцоог бий болгох ёстой. ЖДҮ-ийн санг компанийн бүтэцтэй болгож, хөрөнгийн зах зээлээс бага хүүтэй хөрөнгө мөнгө босгох боломжтойгоор, сайн засаглалтайгаар байгуулбал илүү хүртээмжтэй болох юм. Олон улсын байгууллагуудыг ч хөрөнгө оруулагчаар татан оролцуулах боломж байгаа.
-Зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоох гэж байгааг нийгэмд янз бүрээр хүлээж авч байна. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Бид нийгэм, эдийн засгийнхаа тухайн онцлогт тохируулаад зоригтой шийдвэрүүдийг гаргаж байсан гэж өмнө нь хэлсэн. Жишээлбэл төгрөгийн үнэ цэнийг алдахгүйн тулд хадгаламжийн хүүгийн доод хэмжээг 64 хувиар тогтоож байсан. Дэлхийн санхүүгийн хямралын үед Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа монголчуудынхаа, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хадгалахын тулд хадгаламжийг нь 100 хувь даатгасан шийдвэрийг тухайн үеийн УИХ-ын гишүүн, одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатараар санаачлуулж, төслийг нь боловсруулж баталгаажуулж байсан. Зээлийн хэт өндөр хүүгээс шалтгаалаад зээлдэгч зээлээ төлж чадахгүй байх нь банкандаа муу. Банкууд өнөөдөр зээлийн хүүг яаж ийж байгаад төлүүлээд авчих нь өөрсдөд нь ашигтай гэж бодоод байгаа боловч тийм хэмжээний зээлийн хүүг дааж чадахгүй байгаа зээлдэгч банкуудыг эргээд хүнд байдалд оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр бид эдийн засгийн тэнцвэртэй зөв систем рүү орохын тулд, хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёул зөв бодитой тогтоогдох хэрэгтэй. Ер нь хадгаламжийн хүү буурах хэмжээгээр зээлийн хүүг бууруулах боломжтой. Банкууд санхүүгийн хүнд байдалд оронгуут том дүнтэй хадгаламжид хэт өндөр хүү амлаад байгааг ч эргэж харах шаардлагатай. Нөгөө талаар хадгаламж эзэмшигчид маань дан ганц өндөр хүүнд дөрөөлөхгүйгээр үнэт цаасны зах зээл дээр өөр хэлбэрээр хөрөнгө оруулах боломж, гарцуудыг хайх хэрэгтэй. Энэ талаар иргэддээ санхүүгийн боловсролын сургалт явуулах зайлшгүй шаардлагатай. Жишээлбэл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг яаж хадгалах вэ, үнийг нь яаж барих, ямар үед нь зарахыг заах ёстой юм. Тэгээгүйгээс 1990-ээд онд иргэд маань өөрт ногдсон хувьцаагаа голдуу архиар, эсвэл эд хөрөнгөөр солиод зарчихсан шүү дээ. Хэрвээ тэгээгүй бол тэд тухайн үеийн хувьчлагдсан үйлдвэрийн газруудын өмчлөгч болох байсан. 1990- ээд оны хувьчлалд юуг орхигдуулсан бэ гэхээр, төр засаг хувьчлагдсан үйлдвэрийн газруудынхаа чадавхыг дээшлүүлэх, олон нийтийнхээ санхүүгийн боловсролд анхаараагүй дутуу дулимаг ажилласан.
-Дээрээс нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тал дээр юу ч хийгээгүй, одоо ч хийхгүй байгаа...
-Тийм ээ, энэ мэт ажлыг орхигдуулсны гор өнөөдөр хүртэл гарсаар байна. Олон нийтийн хувьцаанд итгэх итгэл 100 хувь алдагдсан, маш их эрсдэлтэй ажил гээд болгоомжлоод айгаад байгаа.
-Манай банкны систем өнөөдөр яг ямар байгааг энгийн үгээр тайлбарлаж өгөөч.
-Банкны системийн хямрал хүндрэлийн нэг шалтгаан нь банкууд өөрсдөө хувьчлагдахгүй, нээлттэй болж чадахгүй байгаад оршино. Манай банкууд дандаа хаалттай хувьцаат компанийн хэлбэрээр байгаа. Хэрвээ банкууд олон нийтэд хувьцаагаа гаргадаг нээлттэй хэлбэр рүү орвол олон нийтийн хяналттай болно. Энэ дашрамд хэлэхэд, 1990- ээд оны хувьчлалаар, улсын үйлдвэрүүдийн газрын хувь нийлүүлсэн банкуудыг хувьчилна, банкуудыг хувьчлахаар та нар хувьцаа эзэмшинэ, битгий хөрөнгө оруулалт хийгээрэй, хүлээгээд байж бай гэсээр байгаад тухайн үеийн банкны ажилтнууд бүгд хохирсон шүү дээ. Малчид малаа, үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн хувьцаагаа авсан. Барилгын компаниуд барилгын компанийнхаа хувьцааг авсан. Банк санхүүгийн ажилтнууд гэтэл юу ч үгүй хоцорсон. Дараа нь банкуудыг хувьчлахдаа Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй хувьчлаагүйн алдаа өнөөдрийг хүртэл явсаар л байна. Хэрвээ банкны хувьчлалыг хөрөнгийн биржээр, олон нийтийн санхүүгийн сургалттайгаа хамт хүртээмжтэй байдлаар хийсэн бол өнөөдрийг хүртэл энэ олон банк дампуурахгүй, нийгмийн өмч хөрөнгө үр дүнгүй үрэгдэхгүй байсан.
-Та Монголбанкны Лондон дахь Төлөөлөгчийн газрыг анх байгуулсан. Үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Бас Европын зах зээлд Монголыг таниулах талаар чамгүй ажил хийсэн. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны зах зээлийг тэлж, Монгол руу татсан. Одоо яг юу хийж байна?
-Ажлаасаа халагдсан ч, үүнийг амьдралын өөр нэгэн боломж гарц болгох хэрэгтэй гэж үзээд төрийн ажлын үед хийж болохгүй байсан нийгмийн төлөө ажлууд руугаа орсон. Дээр нь “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ- ийн хараат бус гишүүн. Олон улсын байгууллагуудын захиалгаар эксперт зөвлөхийн ажил хийдэг. Хамгийн сүүлд хийсэн зөвлөх үйлчилгээ бол Европын холбооны “Эдийн засгийн тэгш өсөлтийг хангах сайн засаглал” төсөл байсан. Энэ төслийнхөө хүрээнд Монгол Улсад төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийн дунд хугацааны стратегийг Европын Холбооны санхүүжилтээр боловсруулж өгсөн. Энэ төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжин баталж, хэрэгжүүлж байгаа. Үүний үр дүнд Европын холбооноос Монголын Засгийн газарт 50,6 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор болсон. Үүнийг гурван жилд хувааж өгөх бөгөөд 50 хувийг нь ажлын байр бий болгоход зориулах юм. Эхний шатны мөнгө нь энэ оны эцсээр Монголд орж ирнэ. Энэ бол зээл биш буцалтгүй мөнгөн хөрөнгийн тусламж. Энэ төслийн өмнө Монголын санхүүгийн салбарын дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулсан. Урьд нь анхны хөтөлбөрийг нь боловсруулсан хүний хувьд дахин шинэчилж 2015-2025 оныг хамруулан боловсруулж, банк санхүүгийнхээ салбарыг бүсийн хэмжээний түвшинд хүргэж хөгжүүлэх, санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй болгох, үр ашигтай, өгөөжтэй болгох том зорилтуудыг тусгасан стратегиудыг боловсруулж Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгсөн. Үүнийг Засгийн газраас батлаад одоо хэрэгжиж байгаа. Тэгэхээр миний хувьд Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанканд ажиллахгүй байгаа ч банк санхүүгийн салбартаа хувь нэмрээ оруулаад л явж байна.
БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРТ МЭРГЭШСЭН АЖИЛТНЫГ МЭРГЭЖИЛ НЬ ЁС ЗҮЙТЭЙ, ШУДАРГА БАЙХЫГ ШААРДДАГ
-Таны амьдралын замнал дэндүү бахархмаар сайхан. Дэвшсэн, манлайлсан, өгссөн. Гэхдээ хүн бүхэн амжилтаа ярихдаа түүнд тохиолдсон бэрхшээлээ нэг их ярьдаггүй. Таны хамгийн их сургамж авч байсан алдаа юу вэ? Эсвэл сэтгэл санааг тань хямралд оруулаад давж гарч байсан бэрхшээл юу байв?
-Амжилтад хүрэхэд тийм ч амархан байгаагүй ээ. Мэргэжилдээ үнэнч, ажилдаа дуртай, эцсийн үр дүн сайн гарахад түүндээ урамшиж илүү хичээж ажилладаг байлаа. Нэг хоёр алхам ухрах, бусдыгаа сонсох, хүндлэх, хамтран ажиллах зарчим барьсан удаа олон бий. Гэвч мэргэжлийн байгууллагуудад улс төрийн шийдвэр цохилт болох үе байдаг юм. Хамгийн анхны ийм цохилт гэвэл, банкуудыг эрүүлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх замаар үйл ажиллагааг нь сайжруулах мэргэжлийн зөвлөмж, хөтөлбөрийг нь хөрөнгийн эх үүсвэрийн хамтаар бэлдчихээд байхад 1996 онд улс төрийн шийдвэрээр зарим банкуудыг татан буулгах шийдвэр гаргасан. Тийм ч учраас хамтарч ажиллах бололцоогүй гэж үзээд гадаадад сурахаар явж байлаа. Дараа нь Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, Дэлхийн санхүүгийн хямралын хүнд үеийг даваад байхад улс төрийн шахалтаар Н.Золжаргалыг миний оронд томилж, дараа нь Монголбанкны Ерөнхийлөгч болгосон. Гэвч би албан ажлын ёс зүй, эрх баригч намаас гаргасан улс төрийн шийдвэрийг хүндэтгэж, Дэд Ерөнхийлөгчийн албаа өгөөд Лондон дахь Монголбанкны Төлөөлөгчийн газрын захирлаар явсан. Хүн хэдий чинээ тушаал дэвшиж, дээшээ явах тусам төдий чинээ улс төр нөлөөлдөг гэдгийг тэгэхэд л гүнзгий ойлгосон доо. Мөн Лондон хотод ажиллаж амьдарч байхдаа би гэнэт хүндээр өвдсөн. Энэ байдлаа Монголбанкны удирдлагад мэдэгдсээр байтал намайг улс төрийн шалтгаанаар ажлаас халсан. Халахдаа нэг биш хоёр ч удаа шийдвэр гаргасан байдаг. Мэдээж хайртай ээж, аав, дүүгээ алдахад надад хэцүү байсан. Хүн бүрийн амьдралд бэрхшээл тохиолддог шүү дээ.
-Та тэр хүнд цохилтыг тэсээд даваад гарсан шүү дээ...
-Биднийг ахмад үе маань мятрашгүй, нугаршгүй, ган шиг хатуу чанд шударга хүмүүс болгож хүмүүжүүлсэн шүү дээ. Бэрхшээлийг давахад энэ хүмүүжил маань их хэрэг болсон. Англид байсан танилууд, хамтран ажиллаж байсан англичууд их тусалсан. Хэдийгээр өнөөдөр би төрийн байгууллагад ажиллаагүй байгаа ч хийж байгаа ажил бүр минь нийгэмдээ, улс орныхоо хөгжилд, тэр тусмаа тогтвортой хөгжлийн төлөө чиглэж байна.
-Таныг маш арвич хямгач хүн гэж дуулсан юм байна.
-Би бол Улаанбаатарын уугуул иргэн. Ээж аав маань Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Дэлгэр сумын хүмүүс. Санхүү, банкны улс болохоор тэр юм уу, “Хадгалах, хэмнэх” гэдэг үгийг хар багаас минь жинхэнэ утгаар нь заасан.
-Өнөөдөр манай монголчууд хэт цамаан болсон санагддаг уу?
-Миний багад Их дэлгүүрийн хажууд “Комиссын дэлгүүр” гээд хуучин барааны дэлгүүр байдаг, хэрэгтэй зарим зүйлсийг тэндээс авдаг байлаа. Өнөөдөр монголчуудад хуучин бараагаа зарах, өөрсдийн хэрэглэж байсан эд зүйлсийг хэрэгтэй хүмүүст нь өгдөг тогтолцоо байхгүй байна л даа. Жишээлбэл Англид гудамж бүрт “Thrift shop” байдаг, тэнд хүмүүсээс хуучин, гэхдээ муудаагүй хэрэгтэй эд зүйлүүдийг нь үнэгүй авч зараад, орлогыг нь сайн санааны үйлсэд, буяны ажилд, тусламж шаардлагатай байгаа ядарсан хүмүүст өгдөг. Манайд эхнээсээ нээгдэж байна гэж сонссон. Ийм дэлгүүрүүдийг татвараас хөнгөлдөг. Сүүлийн үед “Social enterprise” буюу нийгмийн үйлдвэр аж ахуйн газрууд гэж нэрлэгддэг, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулах явдал түгээмэл болж байгаа. “Institutional” хөрөнгө оруулагч нар хандлагаа өөрчилж байна. Тэд бол жижиг биш, том хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг мэргэжлийн хөрөнгө оруулагчид. Барууны хөрөнгөтэй, чинээлэг хүмүүс ч бас нийгмийн төлөө үйл ажиллагаа явуулдаг компаниудад хөрөнгө оруулдаг болж байна. Энэ нь ашгийн төлөө загвараар ажилладаг боловч нийгмийн сайн сайхны төлөө, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. Манай томоохон хөрөнгө оруулагчид ч гэсэн тун удахгүй нийгмийн төлөө хөрөнгө оруулдаг болно гэдэгт би итгэдэг.
-“Тээвэр, хөгжлийн банк” танай гэр бүлийн бизнес байсан. Тэнд та хувь эзэмшдэг үү?
-Аав маань хуучнаар Улсын банкны ерөнхий хороо, одоогийн Монгол банканд 50 гаруй жил ажилласан хүн. Зээл, бэлэн бус төлбөр тооцоо, мөнгөн тэмдэгт эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны үндсийг тавьж, олон сайхан банкны мэргэжилтнүүдийг төрүүлсэн шилдэг тэргүүний ахмад сурган хүмүүжүүлэгч банкир хүн байсан. Тэтгэвэртээ гараад 1997 онд намайг Америкт сургуульд явах үед ээжтэй минь цуг “Тээвэр хөгжлийн банк”-ийг үүсгэн байгуулж, олон хүнийг ажилтай хөдөлмөртэй болгож, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл олгодог байсан. Тэгээд бурхан болцгоосон. Аав ээжийнхээ босгосон банкийг миний дүү Д.Энхтөр үргэлжлүүлэн удирдаж, нэлээд хүчирхэг, том банк болгож хөгжүүлж байгаад зээлийн батлан даалт, барьцаа хөрөнгө шалгах гэж хөдөө орон нутагт явж байгаад зам тээврийн ослоор цуг ажиллаж байсан удирдлагынхаа хүмүүстэй хамт нас барсан нь манай гэр бүлд маш том гарз хохирол болсон. Аав, ээж, дүү гурвыг өнгөрсний дараа “Тээвэр хөгжлийн банк” УИХ-ын гишүүн байсан Д.Энхтайван ахад маань өв залгамжлалаар шилжин очсон. Манай эгч тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахдаа банкны үйл ажиллагааг өөр хүмүүст шилжүүлж өгсөн тул манай ах эгчтэй холбоогүй болсон. Аав ээжийн байгуулсан банканд би ажиллаж байгаагүй, хувьцаа хөрөнгө ч эзэмшиж байгаагүй. Энэ талаар ташаа буруу мэдээлэл гарч байсныг мэдээлэл гаргасан хүмүүс нь уучлал гуйж залруулсан. 2000 онд дүүгээ алдах үед би Монголбанканд ажиллаж байгаад Лондонд төлөөлөгчөөр томилогдож очихдоо талийгаач дүүгийнхээ охиныг авч явсан. Дүүг минь нас барснаас 7 хоногийн дараа бага хүү нь төрсөн юм. Миний дүү гадаадад сурч, боловсрох гэсэн их хүсэл тэмүүлэлтэй байсан. Дүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор хоёр хүүхдийг нь Англид авч явж, өсгөж, боловсрол эзэмшүүлсэн. Одоо бол том охин нь Лондонд олон улсын банканд ажилладаг. Бага нь оюутан, физикээр сурдаг.
-Банкир хүний хувьд өөрийгөө хэрхэн бэлтгэгдсэн гэж боддог вэ?
-Миний өсөж төрсөн орчин намайг банкир болгосон гэж боддог. Миний хамгийн их ойлгож авсан зүйл бол банкны ажилтнуудын ёс зүй, шударга байдал, итгэл даах чадвар. Дөнгөж төгсөж ирээд ажиллаж байхад 1-р тооцооны касс дээр мөнгө завшсан хэргийн шүүх хурлыг сонсох даалгавар авсан юм. Банкны ажилтнуудад сургамжтай тийм нэг дуулиантай хэрэг байлаа. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг банкны салбарт нэр хүндээс илүү итгэл маш чухлыг ойлгуулсан явдал байлаа. Социализмын үед хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг маш өндөр нууцлалын дор тусгай комисс гарч устгадаг байсан. Устгах ажиллагаа нь хатуу хяналтан дор итгэл даах хариуцлагатай ажилтнуудын хүчээр хийгддэг байлаа. Төгсөж ирэхдээ МАХН-ын гишүүн болчихсон байсан намайг энэ чухал хариуцлагатай ажиллагаанд итгэл даах чадвартай гэж үзэн оролцуулдаг байсан. Эргээд бодоход гэр бүлээс гадна эргэн тойрны хамт олон маань бүгд намайг “жинхэнэ мэргэшсэн банкир” болоход тусалж дэмжиж байжээ.
-Таныг Америкт сурч байхдаа маш их ном явуулдаг байсан гэж сонссон. Хамгийн сүүлд та ямар ном уншив?
-Өнгөрсөн 30 жилд уншсан номыг минь тоолъё гэвэл их олон, голдуу эдийн засгийн хөгжлийн, банк санхүүгийн мэргэжлийн номууд шүүгээ дүүрэн байна. Би төрд, Монголбанканд 30 жил ажиллахдаа телевиз гэдгийг бараг л мартсан байсан. Тийм л завгүй ажилладаг байлаа. Одоо бол телевиз үзэж байна. Монголд маш олон телевиз байдаг юм байна, олон сайхан уран бүтээлчдийн кинонуудаас үзье гэж боддог байсан. Тэр кинонуудаа амжуулаад үзэж байна. Яг одоо бол “Mega Tech” буюу Мега технологи 2050 онд гэдэг номыг уншиж байна. Мэдээллийн технологийн IV хувьсгал улс орнуудын хөгжил, нийгэмд ямар том өөрчлөлт оруулах вэ гэсэн агуулгатай, энэ салбарын томчуудын бичсэн нийтлэлийн цуглуулга бүхий ном л доо. Нэн ойрын ирээдүйд хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн асар том хувьсгал гарна. Роботууд бүх салбарт нэвтэрнэ. Тэгэхээр хүмүүсийн хийдэг ажлыг роботууд хийх тул бид өөрсдийгөө аль чиглэлээр хөгжүүлэх вэ гэдгээ бодох цаг нь болсон.
-Ярилцлагын төгсгөлд юуг онцолж хэлмээр байна вэ?
-Удахгүй болох Монгол Улсад Банк үүсгэн байгуулагдсаны 95 жил, Санхүүгийн зохицуулах байгууллагын 25 жилийн ойг тохиолдуулан санхүү банкны эмэгтэйчүүддээ болон танай сэтгүүлийн уншигчдад ажлын өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
"Зиндаа" сэтгүүл №14/514 дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг онцлов
Ярилцсан О.Энхжавхлан
Гэрэл зургийг Д.Амаржаргал
Сэтгэгдэл ( 16 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар).\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар).\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
баярхүүгийн нийтлэлтэй яг дүйцэж байна энэ хүн. өөрийгөө ингэж магтан дуулах өвчинд хүн ингэж орно гэдэг сэтгэхүйн дон шүүдээ.
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Би бол Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн Наталиа, би энэ хэрэгслийг ашиглан санхүүгийн хүндрэлээс болж миний нэг бөөрийг худалдаж авсан Энэтхэгийн Венката Бхавин эрхтэний нарийн мэргэжлийн эмнэлэгийг үнэлмээр байна, би тэр үед 3 хүүхдийн ээж, миний найз хатагтай Рита Энэтхэгийн энэ эмнэлэгтэй холбогдож, тэд бөөрний жинхэнэ худалдан авагч гэдгийг DR.LUCIENPYE.CLINIC@GMAIL.COM Whatsap 19083082601 цахим шуудангаар дамжуулан надад өгсөн.\nМиний гэрчлэлийг богиносгохын тулд тэд миний бөөрийг худалдаж аваад 800,000 доллар төлсөн, одоо би чинээлэг бизнес эрхэлдэг эмэгтэй, хүүхдүүд маань аз жаргалтай амь
Миний бөөрийг 800,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрөө зарах гэж оролдсоныхоо дараа маш их баяртай байна. Тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл -ээр холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна. Би Монголоос ирсэн Барьяма бол миний нэр
Эм хүн гэхээр л нийгмийн харыг цагаан болгодог гэж бүү эндүүрээрэй. Шуналд авсан эмс илүү муу муухайг хийж чаддагийг одоо их хуралд сандал эзэлж буй эмэгтэйчүүдээс сайн харсан биз дээ.
Ха ха за зүгээр л гадны банк оруулж ирэхгүй бол таны хэрэг байхгүй яршиг зүгээр