Хурмаст тэнгэр хураа асгаруулах гэж удаан дэлгэнэн чинэрсэн энэ л бороо ангаж цангасан ертөнцийг дэвтээж зөөлөн зөөлөн шивэрлээ. Өчигдрийн энэ л борооноор “Сэтгэл чамайг таньсан ч билүү” дуун цомгийн дурдан чимээ уянгын цэнхэр бороо шиврүүлсээр сонор, зүрх мялаалаа. Зүрх, сонорыг зөөлөн шиврээ бороо, зөөлөн сэвшээ дуугаар цэнгүүлсээр түүний цомог нисэх мэт гар дээр минь ирж буув. Түүний сэтгэлээс урсан ундарч, ургаж нахиалсан үг бүхэн аялгуу шидтэйгээ төрдөг ажгуу. Энэ бол Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Н.МИНЖИНСАЙХАН юм.
“СЭТГЭЛ ЧАМАЙГ ТАНЬСАН Ч БИЛҮҮ" анхны дуун цомог нь түүний 10 гаруй жилийн хугацаанд бүтээсэн дуун бүтээлийн хураангуй билээ. Тус цомогт СТА Э.Чинбаярын дуулсан “Сэтгэл чамайг таньсан ч билүү”, “Voice group”-ын дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний л ганцхан аав”, дуучин П.Баярцэнгэлийн дуулсан “Үүдэнд чинь ирээд буцлаа”, Н.Мөнгөнхонхын дуулсан “Аргадаарай”, СТА Э.Батхуягийн дуулсан “Аав Алтай” хоёр, “Аадар” хамтлагийн дуулсан “Үүр цайна” зэрэг рок поп хөгжмийн урсгалд хит болсон 34 дуу багтжээ. Ид хав жагссан 34 нас шигээ /хий насаараа/ 34 дуун бүтээл багтсан цомгоо өлгийдөн авч ийнхүү та бидний гарт хүргэж байна. Энэхүү цомог 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд сонсохыг хүссэн хүмүүс 88842471 утсаар холбогдон хүргүүлээд аваарай.
Яруу найрагч Н.Минжинсайханы уран бүтээлийн он жилүүдийг нэхэн хөөвөл 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан юм. Түүний шүлгүүд аргадаж илбэсэн торгон сэвшээтэй, ариун хайрын амин цохилготой. Түүний шүлгүүд үнэн зүрхний халуун амьсгалтай, өр зөөлөн гэгээн аниртай. Сэтгэл зүрхнийхээ гүнээс шатаж, шаналж, дурлаж, дуулж, гуньж, гансарч явна гэдэг яруу найрагчийн жаргалтай зовлон, зовлонтой жаргал билээ л.
Угаас дөлгөөн, уул шиг ханагар, учиг чанд үгс нь уран шаглаатай, унаган нөхдөдөө уушги нээлттэй уран бүтээлч найз минь олныг оройлогч, түмнийг түүчээлэгч, бусдыг буухиалагч. Холыг ойртуулж, хоёрыг учруулж анд нөхөр бололцох алтан гүүр нь болж, ажил хэрэг, уран бүтээлийн торгон сэжмийг олон ч нөхдийнхөө гарт атгуулсан. Сайн сайхны замд асах бамбар мэт гэрэлтэж, саар бүхний жимд аврах баатар мэт зогсдогийг нь найз нөхөд нь ч андахгүй. Найрагч нөхдөдөө өмөг түшигтэй, найзаа гэсэн чин сэтгэлтэй энэ л хүмүүний тухай дурсаад байвал дуусашгүй ээ. Өдгөө түүний шинэхэн цомгийг нээн сөхөж, өр сэтгэлээ талбин анирдсу.
О.Эрдэнэбатын /СТА/ аялгуу “ХАЙРЫН ШУВУУД” дууг нь дуучин Э.Батхуяг /СТА/ дуулсан. Хүслийг минь зууж ниссэн хөөрхий шувуу хаана яваа бол хэмээн тэртээх өдрүүдийн шувууд, шувуудын далинаас хэн нэгнийг шивнэн асуумаар гэгэлгэн аяз эгшиглэж, чамайг над руу зөөсөн хайр хайрын шувуудыг чанх дэргэд дэлгэрэх хаврын цэцэгсээс ч эрэн шалгаамаар бодогдох. Хайр өөрөө хүмүүний энэхэн биед даль жигүүр ургуулж, хархан нүдэт бүсгүйг ч хан тэнгэрт дүүлэх хүчийг өгдөг агуу шидтэй еэ. Энэ л шид гэрэлтсэн тэнгэрийн цав цагаахан үүлэн зайцад өд мэт хөвөн нисэх мэт. Нисэн ниссээр хэн нэгний алганы халуун хонхорт буут мэт. Хөөрхөн чамайг зорин одсон тэр л шувууд хаана яваа бол. Яг л энэ өд мэт шувуу хэний тэвэрт үүрээ засаа бол гэж харамнах, баяж ядан эргэцэх, басхүү өнгөрсөн цагийн үүлэн дундаас тэмтчин тэмүүлэх...
“Хүслийг минь зууж ниссэн
Хөөрхий шувууд хаана яваа бол
Хөөрхөн чамайг зорин одсон
Тэр л шувууд хаана яваа бол
Чамайг над руу зөөсөн
Хайр хайрын шувууд минь
Намайг чам руу зөөсөн
Нуур нуурын шувууд минь”
“АРГАДААРАЙ” шүлгээр нь Б.Пүрэвсүрэн /СТА/ аялгуу зохируулж, дуучин Н.Мөнгөнхонх дуулжээ. Туньж гоморхсон бүсгүйн торомгор нүдэн дүрлийх мэт, тун чиг их санана аа гээд гэгэлгэн дуугаар аргадах мэт тогтож ядсан сэтгэл байн байн сэнсэрнэ. Сэнсэрч ганьхарсан сэтгэлийн салхивч дээр амраг гэгэлхэн шанзныхаа аялгуу эгшгээр аргадах амраг хонгор үе үехэн үзэгдэнэ. Алсдаа эргээд уулзана аа гээд аанайхан намайгаа л аргадаарай хэмээн учирлан дуулах энэ л эгшиг эр хүний бяр цээжнээс гарамгүй яасан ч эрх танхи юм бэ дээ. Минжинсайханы минж булгын сор шиг гялтаганах үгс нь нэрнээсээ ч эхтэй юм уу гэлтэй. Уран бүтээлч гэдэг ус шиг урсаж, гал шиг шатаж чаддаг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй адтай, идтэй улс уу даа. Тэрхүү чанар нь уран бүтээлийнхээ уг амьсгалаар дамжин мэдрэмжийн мутар, мэлмийд тэмтрэгддэг ажгуу.
“Амраг гэгэлхэн шанзныхаа
Аялгуу эгшгээр аргадаарай
Алсдаа эргээд уулзана аа гээд
Аанайхан намайгаа л аргадаарай
Шөнө шөнийн зүүдэнд ирдэг
Даан чиг ариухан хайр минь
Нисээд буцахыг нь мэдсээр байж
Шувуудаа эрхлүүлсэн нуур минь”
"Тайхар” нэгдлийн уран бүтээлчид Бердибекийн аялгуу “ТАЙХАРЫН ДУУЛАЛ” дууг чадварлаг дуулсан билээ. Арын сайхан хангайн хүү нутаг усныхаа бахдал болсон домог түүхтэй Тайхар чулуугаа дуундаа мөнхөлсөн нь учиртай. Өөрөө Тайхар чулуу шигээ дүнхийж, өр зүрхэндээ Тайхар чулуугаа үүрч явдаг нь ч учиртай.
Эцэг тэнгэрийн сүлдэлсэн догшин салхины хагалбар
Эх газрын шүншиглэсэн дотоод сэтгэлийн таталбар
хэмээн эр сэтгэлийн мөн чанар, эрмэг оршихуйн далд хүчээ энэ л чулуунаасаа авдаг сан уу гэмээр омогшин бахдаж чаджээ, тэр. Алив юмсын агуулга болоод хэлбэрийг уянга төгөлдөр томж, донж төрхийг нь төгс оноож хэлэхдээ тэр гаргуун. Ийнхүү илэрхийлэхдээ хий хоосон мэдэмхийрэл, бардамнал бус үнэн сэтгэлийн өнгө будгаар хийц урыг нь уран дархан мэт нямбай сийлэн урладаг нь гайхалтай.
“Сахиуст долоон бурхан мутарлан дарсан тамга
Саруул цэнхэр талдаа сэтэрлэж шигтгэсэн гадас
Эцэг тэнгэрийн сүлдэлсэн догшин салхины хагалбар
Эх газрын шүншиглэсэн дотоод сэтгэлийн таталбар
Энэ миний эрдэнийн, эрдэнийн чулуу
Энэ миний эрхэмсэг, эрхэмсэг чулуу
Энэ миний тал тамгалсан чулуу
Энэ миний Тайхар, Тайхар чулуу”
Батбаатарын аялгуу “ҮЗЭМЖ ГОО” дууг нь дуучин Ц.Мэнд-Амар амилуулсан.
Хүслийг минь цэцэг шиг услаач, хонгор минь
Хүссэнээрээ ургахад минь туслаач
Эмзэг дэлбээ бүхнээ ганцхан чамдаа л нээж
Эрхлэнгүй цэнгэж бүжих л гэсэн юм чамтай
Эрх хонгор охидын уруул мэт, эмзэг зөөлөн цэцгийн дэлбээ мэт энэ л үгс эмэгтэй хүний сэтгэлээс л эгшиглэн гармаар. Наргил, боргил, намба төгөлдөр эр хүний дотор ч ийм эмзэгхэн, зүггүйхэн ”цэцэг” нууцхан дэлбээлж байдаг байх нь. Хайр эсвэл ийм болгодогсон уу. Хачин юм шүү. Ганцхан чиний л хайраар урган цогцолсон галбир төгс цэцэгхэн болъю уу гэсэн юм хэмээн орчлонгийн охид бүр хүсдэг. Охид бүрийн нууцыг тэр л мэдэж байх шиг.
“Халуун харцаараа нар мэт төөнөөч
Хамгийн сайхан үгээ зөөлөн шивнээч
Ганцхан чиний л хайраар урган цогцолсон
Галбир төгс цэцэгхэн болъю уу гэсэн юм”
Г.Отгонбаярын аялгуу “ОМОГШИЛ” хэмээх сүр жавхлант дууг нь дуучин Ж.Хишигбат ёстой л сүр жавхлантай дуулжээ. Яг л элин халин, дүүлэн нисэх бүргэд мэт. Хээрийн задгай салхи чи тэнгэрийн сэтэрт хүлэг юм уу хэмээн язгуур хүчээ сэрээж нэг, ялгуусан омогшлоо хадааж нэг газар, тэнгэрийн савсалгад харин ч нэг дүүлэн нисэв. Магадгүй тэр харайлгаж яваа чоныг эвлэж бүтсэн зүүдээ болгон, хан тэнгэрийн бүргэдийг эр ганцхан хийморио болгон энэхүү дуугаа бүтээсэн байх. Эцэг өвгөдийнхөө догшин цус судсанд лугшин буцлахыг чагнан, эрслэн цоролзох зориг хүч нь энэ биед нь багтаж ядахыг мэдрэн омогшсон биз ээ.
“Хан тэнгэрийн бүргэд чи эр ганцхан хийморь минь билээ
Харайлгаж яваа чонон чи эвлэж бүтсэн зүүд минь билээ
Хүчит ширүүн шуурга тэгэхээр хүслийг минь дуурайн ширүүснэ
Хөх мөнх тэнгэртээ би элин халин, дүүлнэ ниснэ
Ай, би мөнх тэнгэрийн хөх тамгатай
Эр ганцхан хийморь билээ
Ай, би мөхөшгүй догшин сүлд хийморьтой
Монгол ганцхан эр хүн билээ”
“СЭТГЭЛ ЧАМАЙГ ТАНЬСАН Ч БИЛҮҮ” шүлэгт нь Б.Пүрэвсүрэн /СТА/ аялгуу хийсэн. Энэ дууг дуучин Э.Чинбаяр /СТА/ тольт зүрхнийхээ торгон салхийг имрэн илбэн, торгомсог сайхан дуулсан даа. Энэ л дуугаар нь түүний мөн чанарыг нь таньж, нөхөрлөсөн он жилүүд тэртээд гэрэлтэн бий. Энэ л дуугаар нь гагнагдан нөхөрлөсөн анд нөхдийнх нь нөхөрлөл өдгөө ч хэвээрээ гагнаатай буй. Өдөр шөнийг өнхрүүлэн бодол ирмүүн явахдаа өр зүрх минь чамайгаа таньсан ч билүү дээ хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан шалтгаан нь өвдөлт байсан байх. Хэн нэгнийг дэндүү их хайрлаж, хэн нэгэнд дэндүү их итгэдэг зүрх бүхэн тийнхүү дуу алдтал хатгуулдан, ховдлынхоо гүнээс базлан шархирдаг даа. Яг л тийм үедээ сэтгэл чамайг таньсан ч билүү хэмээн уулга алдаж дээ. Ингэж л өөрийгөө өвтгөж, өдөлж, сөдөлж, өд сөдөө зумлаж зулгаалгаж, ахиад л өдөлж сөдөлж, өвтгөж яваа найрагч минь, найз минь дээ, дэндүү ихээр өрөвдөөд л байна, дэлбээлж гүйцээд хагдрах тэр цэцгийг, дэндүү ихээр хайрлаад л байна, ургаж мандаад жаргах тэр нарыг.
Уртын урт замыг чамтай хамт тууллаа
Уярч догдлохын алинд нь ч чи надтай байлаа
Жаргал зовлон хоёроор хүсэл задгай хэсэхдээ
Сэтгэл чамайг таньсан ч билүү дээ
Дэндүү ихээр өрөвдөөд л байна
Дэлбээлж гүйцээд хагдрах тэр цэцгийг
Дэндүү ихээр хайрлаад л байна
Ургаж мандаад жаргах тэр нарыг
Сэтгэгдэл ( 3 )
омогшил дуунд чонын зураг л гараад байх юм
омогшил дуунд чонын зураг л гараад байх юм
омогшил дуунд чонын зураг л гараад байх юм