Коронавирусний цар тахлаас үүдэлтэй түлшний эрэлт буурсны улмаас АНУ-ын шатдаг занар олборлогчид маш хүнд байдалд ороод байна. Энэ он гарснаас хойш ийм үйл ажиллагаа явуулдаг 17 компани дампуурлаа зарлаад байна.
Financial Times сонинд мэдээлснээр, эдгээр компанийн нийт өрийн хэмжээ 14 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ оны эцэст гэхэд дампуурсан компанийн тоо 73-т хүрч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Олон улсын “KPMG” компанийн шинжээч Регина Мэйорын хэлснээр, эрчим хүчний түүхий эдийн салбарыг дампуурал, бүтцийн өөрчлөлтийн давлагаа нөмөрч байна. WTI маркийн газрын тосны үнэ өнгөрсөн сард болсон шиг хасах утга хүртэл унахгүй байгаа ч нэг баррель нь 30 ам.долларын түвшинд тогтсон ч өнгөрсөн нэгдүгээр сарын үзүүлэлтээс хоёр дахин бага байна. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл ирэх онд 170 үйлдвэрлэгч дампуурлаа зарлахад хүрч болзошгүй гэнэ.
Үүнээс өмнө “The Wall Street Journal” мэдээлснээр, АНУ-ын шатдаг занар олборлогч томоохон 15 компани шинэ орд хөгжүүлэхэд зориулсан төсвөө 48 хувиар танажээ. Цар тахлаас өмнөх үеийн олборлолтын үзүүлэлтэд хүрэхийн тулд АНУ-ын компаниудад хэдэн жил шаардагдах аж.
Сэтгэгдэл ( 0 )