АНУ-ын “Silicon Valley Bank /SVB/”-ны дампуурал дэлхийн улс орнуудын банкны хувьцааны үнэ унахад хүргээд байна.
Тус улсын эрх баригчид АНУ-ын санхүүгийн систем аюулгүй хэмээн итгүүлж, “Silicon Valley Bank” болон “Signature” банкны үйлчлүүлэгчдийн хадгаламж, банкны системийг хамгаалах зорилгоор шаардлагатай бүхий л арга хэмжээ авна хэмээн мэдэгдэж байна. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид 2008 оноос хойш хамгийн томд тооцогдож буй банкны дампуурлын үр дагавар бусад зээлдэгчдэд сөргөөр нөлөөлж, улмаар дэлхий даяар банкнуудын хувьцааны үнэ огцом унахад хүргэнэ хэмээн болгоомжилж байна. Даваа гарагт Испанийн “Santander”, Германы “Commerzbank” банкны хувьцааны үнэ 10 гаруй хувиар унажээ. Мөн өдөр АНУ-ын хэд хэдэн жижиг банк мөн багагүй хэмжээний алдагдал хүлээжээ.
“Silicon Valley” банкны дампуурал
АНУ-ын Цахиурын хөндийн технологийн компаниудад зээл олгодог “Silicon Valley” банк тус улсын томоохон санхүүгийн байгууллагын тоонд багтдаггүй ч 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш АНУ-ын банкны салбарт үүссэн томоохон дампуурал болж байна. АНУ-ын Засгийн газар тус банкны үйлчлүүлэгчдийн хадгаламжид баталгаа олгож, “HSBC” банк тус “Silicon Valley” банкны Их Британид дахь салбарыг худалдан авч, тогтвортой байдлыг нь хангаад байна. АНУ-ын Санхүүгийн зохицуулах агентлаг тус банкийг баасан гарагт хааж, активыг нь битүүмжлээд байгаа билээ.
Гуравдугаар сарын 9-нд тус банкны хувьцаа 60 гаруй хувиар унасантай зэрэгцэн хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж эхэлсэн. “Silicon Valley” банк нь АНУ болон Их Британийн технологийн салбарын гол банкнуудын нэг байв. ВВС агентлагийн мэдээллээр, тус банк дампуурсан нь Их Британийн стартап компаниудын 30-40 хувьд цохилт өгч магадгүй гэж үзэж байна. АНУ-д “Silicon Valley” банк технологийн болон анагаах ухааны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын тал хувьд нь үйлчилдэг байв.
1983 онд байгуулагдсан тус банк сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж эхэлжээ. “Silicon Valley” банк зээлийн хүү нэмэгдсэний улмаас ийн дампуурахад хүрээд байна. Үүний улмаас технологийн стартапуудад зээл авах болон хувьцаагаа борлуулахад илүү хүндрэлтэй болсон байна.
Гурван банк нэмж дампуурав
Шинжээчдийн үзэж буйгаар, “Silicon Valley” банк дампуурсныг 2008 оны үйл явдалтай харьцуулах боломжгүй. Тухайн үед “Lehman Brothers” зэрэг томоохон банкнууд сүйрч байв. Гэсэн хэдий ч энэ үйл явдал олон банк илүү хүнд байдалд орсныг илтгэж болох талтай. Учир нь банкнууд Засгийн газрын үнэт цаасанд оруулсан хөрөнгө оруулалтаас алдагдал хүлээж байна. Зээлийн хүү нэмэгдсэний улмаас Засгийн газрын үнэт цаасны үнэлгээ унаж, улмаар банкны хувьцааны үнэ унахад хүргээд байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Санхүүгийн зохицуулах агентлаг өнгөрсөн ням гарагт бас нэг банкны хаалгыг барьсан нь Нью Йоркийн “Signature” банк байв. Өнгөрсөн оны сүүл гэхэд тус банкны актив 110 тэрбум гаруй ам.доллар, нийт хадгаламжийн хэмжээ нь 88.6тэрбум ам.доллар байжээ. Ройтерс агентлагийн мэдээлснээр, “Signature” банкны хадгаламжийн бараг 25 хувийг крипто валют бүрдүүлж байсан ба 2022 оны арванхоёрдугаар сард тус банк ийм төрлийн активын хэмжээг бууруулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдэж байсан билээ. “Silicon Valley” банк дампуурсны дараа “Signature” банкны хадгаламж эзэмшигчид мөн мөнгөө татаж эхэлжээ.
Өнгөрсөн долоо хоногт хаагдсан гурав дахь банк нь “Signature” банк. Эл банкны үйл ажиллагаа нь крипто валюттай холбоотой. Өнгөрсөн оны сүүлээр крипто валютын “FTX“ бирж дампуурсны улмаас тус банк үйл ажиллагаагаа зогсоохоор болсон юм.
Дээрх үйл явдалтай холбогдуулан АНУ-ын банкны салбарын байдлыг илтгэдэг “Nasdaq” биржийн индекс даваа гарагт 13 хувиар унажээ. “First Republic” банкны хувьцааны үнэ 70 хувиар буурсны дараа арилжааг зогсоосон бол “PacWest Bancorp” банкны хувьцааны үнэ 46 хувиар унаад байна. Үүнтэй зэрэгцэн Европын “Euro Stoxx 600” индекс 5.6 хувиар буурсан бол Лондонгийн “FTSE 100” индекс 2.2 хувиар мөн унасан байна.
Сэтгэгдэл ( 0 )