АНУ-ын томоохон банк болох “Silicon Valley” дампуурчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 12

АНУ-ын томоохон банкнуудын нэг болох Silicon Valley Bank дампуурлаа зарлажээ. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш дампуурсан АНУ-ын анхны томоохон банк болж байна.

CNN агентлагийн мэдээллээр, Цахиурын хөндийн томоохон зээлдэгчдийн нэг хоёр хоногийн өмнө дампуурчээ. Өнгөрсөн пүрэв гарагт Silicon Valley банк үнэт цаасны хэлцэл нь амжилтгүй болсон тухай мэдэгдэж, алдагдлаа нөхөхийн тулд 2.25 тэрбум ам.долларын хувьцаа нэмж гаргана хэмээн мэдэгдэж байжээ. Үүнтэй зэрэгцэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг агентлагууд хадгаламж эзэмшигчдэд хадгаламжаа татахыг зөвлөсөн нь тус банкны актив огцом буурахад хүргэсэн байна. Silicon Valley банкийг Хадгаламжийн даатгалын холбооны комисст шилжүүлээд байна.

Одоогийн байдлаар үнэт цаасны биржүүд Silicon Valley банкны дампуурлыг тайван хүлээн авсан ч шинжээчид санхүүгийн системд гинжин урвал үүсгэж, цохилт өгч болзошгүй хэмээн болгоомжилж байна. Одоогоор Nasdaq индекс огцом буюу 1.76 хувиар унасан бол Dow Jones индекс 1.07 хувиар унаад байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсомтой утсаар ярьж, Silicon Valley банкны дампууралтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх тухай санал солилцжээ.

Үүнтэй зэрэгцэн “SpaceX”, “Tesla” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск тус банкийг худалдан авах боломжтой хэмээн жиргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top