Хэзээ ч унтдаггүй хотуудаас эхлээд алслагдмал хөдөө тосгон хүртэл бидний ажил, амьдралыг нэгэн технологи өөрчилж байдаг. Халаасан дахь ухаалаг утаснаас авхуулаад интернэтийг ажиллуулж буй аварга мэдээллийн төвүүд хүртэл, цахилгаан скүтерээс эхлээд дуунаас хурдан нисэх онгоц хүртэл, зүрхний цахим төхөөрөмжөөс авхуулаад цаг агаарыг урьдчилан шинжих супер компьютер хүртэл бүгдийг нь ажиллуулдаг нэгэн үзэгдэж харагддаггүй, бичил хэмжээтэй технологи байдаг бөгөөд үүнийг хагас дамжуулагч гэдэг.
Энэ нь орчин үеийн тооцооллын үндэс юм. Хагас дамжуулагч нь бидний компьютер доторх тооцооллыг ажиллуулдаг жижиг хэмжээний цахим залгуур юм. АНУ-ын эрдэмтэд 1947 онд анхны цахиурт дамжуулагчийг бүтээжээ. Үүнээс өмнө механик тооцоог удаан бөгөөд овор ихтэй вакум хоолойны тусламжаар гүйцэтгэдэг байжээ. Цахиур бүгдийг өөрчилсөн.
Цахиурыг үйлдвэрлэлд ашигласнаар бичил ялтаст багтахуйц жижиг хэмжээний дамжуулагч үйлдвэрлэх боломжтой болж, улмаар бидний хэрэглэж буй төрөл бүрийн цахим хэрэгслүүд жилээс жилд илүү ухаалаг, хэмжээний хувьд илүү жижиг, авсаархан болж байна. “Эдгээр дамжуулагчийн ачаар бидний өмнөх үеийн төсөөлж ч чадахгүй зүйлсийг бид бүтээж байна. Учир нь бид овор ихтэй компьютерыг нэгэн жижиг ялтаст багтаах боломжтой болсон” гэж Хагас дамжуулагч үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Жон Нейффер ярьж байна.
Инновацын хөгжил урьд өмнө байгаагүй түвшинд хүрэв. Тавин жилийн өмнө бичил ялтас үйлдвэрлэгч “Intel” корпорацыг үндэслэгч Гордон Мурын нэг ялтас дахь дамжуулагчийн тоо хоёр жил тутам хоёр дахин нэмэгдэх болно гэж зөгнөсөн Мурын хуулийг нотлох мэт ялтасны хэмжээ нүд ирмэхийн зуур багасаж байна.
Саяхныг хүртэл Мурын хууль үнэн болох нь батлагдсан. Гэхдээ дамжуулагчийн хэмжээ физикийн хуулийг зөрчих тийм бичил хэмжээнд ирээд буй өнөө үед энэ хурд саарч эхлэв. Өнгөрсөн үед энгийн нүдэнд үзэгддэг байсан дамжуулагч өдгөө сая саяар нэг бичил ялтаст багтдаг болж, тоон хувьсгалын гол хөдөлгүүрийн үүргийг гүйцэтгэж байна.
Тоон хувьсгалын зүрх нь болсон цахиур нь гайхмаар “даруухан” бөгөөд манай гараг дээр хамгийн өргөн тархсан элемент. Цахиур нь дэлхийн гадаргуугийн 90 хувийг бүрдүүлдэг эрдэст агуулагддаг. Дэлхий ертөнцийг өөрчилж буй технологийг дэлхийн хаа сайгүй өргөн тархсан эрдэс бодисоор бүтээж байна.
Цахиур нь ялтас үйлдвэрлэлийн салбарт 500 тэрбум ам.долларыг авчирдаг бол дэлхийн технологийн салбар гурван их наяд ам.долларын орлого олж байна. Хагас дамжуулагчийн бизнес хамгийн харилцан хамааралтай, олон улсын шинж чанартай салбар болжээ. Япон, Мексикийн түүхий эдээр АНУ, БНХАУ-д ялтсыг үйлдвэрлэгддэг. Ингээд ялтас дэлхий даяар тээвэрлэгдэж, бүх төрлийн цахим хэрэгслүүдэд суулгагдан, дэлхийн бүх орны иргэдийн гарт очдог. Эдгээр ялтасны гол сүнс болсон цахиур дэлхийг хоёроос гурав дахин тойрдог гэж Нейффер өгүүлжээ.
Цагаан алт
Дэлхийд тэргүүлэгч цахим хэрэгслүүд өндөр чанартай сэлбэг хэрэгслээр хийхийг шаарддаг. Цэвэр цахиур кварц чулуунд агуулагддаг бөгөөд цэвэр кварц чулууг АНУ-ын Хойд Каролина мужийн Спрус Пайн жижиг хотын уурхайгаас олборлодог байна. Дэлхий дээр хэрэглэгдэж буй олон сая цахим хэрэгсэл, магадгүй таны гартаа барьж буй ухаалаг утас эсвэл өмнө нь байгаа зөөврийн компьютер дотроо Хойд Каролинагийн жижиг хотын газар шорооны нэгэн хэсгийг тээж яваа. “Утас бүр, компьютер бүрийн ялтас дотор Спрус Пайны кварц байдаг гэсэн бодол сэтгэл хөдөлгөдөг” гэж өндөр чанартай кварц нийлүүлэгч “Quartz Corp” уурхайн менежер Ролф Пипперт өгүүлж байна. Спрус Пайн хотын уурхайн кварц чулуу дэлхийд ховор өндөр чанартай. Олон зууны туршид энэ бүс нутгаас үнэт чулуу, занар, царууц зэргийг олборлож иржээ. Гэвч кварц чулуу газрын хэвлийд үл тоогдон үлдсэн байна. Харин 1980-аад онд хагас дамжуулагчийн үйлдвэрлэл цэцэглэснээр кварц чулуу цагаан алт болж хувирав. Өдгөө нэг тонн кварц чулуу 10 мянган ам.долларын үнээр борлуулагдаж, Спрус Пайны уурхайд 300 сая ам.долларын ашиг авчирч байна.
Дэлхий даяар хэдэн тэрбум ялтас үйлдвэрлэхэд жилд нийт 30 мянган тонн цахиур олборлодог. Энэ нь АНУ-д цаг тутам олборлож буй барилгын элсний хэмжээнээс ч бага. Тиймээс Спрус Пайны кварцын нөөц олон жилийн хэрэгцээг хангахад хүрэлцэх бөгөөд нөөц дуустал энэ салбар өөрчлөгдсөн байх болов уу гэж Пипперт ярьж байна.
Ялтас үйлдвэрлэл
Ялтас маш жижиг хэмжээтэй байдаг тул аливаа тоосонцор бүхэл бүтэн схемийг сүйтгэх аюултай. Бичил электроникийг бохирдуулахгүйн үүднээс үйлдвэрийн шалыг маш цэвэрхэн байлгадаг. Хөл бөмбөгийн зургаан талбайтай тэнцэх хэмжээний үйлдвэрийн шал театрын шалнаас хэдэн мянга дахин цэвэрхэн байдаг аж. Үйлдвэрийн явцад зарим химийн бодисыг хэт ягаан туяанаас хамгаалах үүднээс бүдэг шар гэрэлтүүлэг хэрэглэдэг байна. Эдгээр үйлдвэрийн ажилтнууд тусгай хувцас, баг, шилээр бүрэн “зэвсэглэн” ажилладаг. Гэхдээ ихэнх ажлыг роботууд гүйцэтгэдэг бөгөөд загвараас шалтгаалан нэг ялтас 1000-2000 дамжлагыг туулдаг байна.
Зууханд 1400 хэмийн халуунд хайлуулсан нунтаг цахиурыг цилиндр хэлбэрт оруулдаг. Хоёр зуу орчим ам.долларын өртөг бүхий цилиндрүүд үйлдвэрийн хаалгаар зуу дахин өндөр өртөгтэй ялтас болж хэрэглэгчдэд хүрнэ. Ихэнх ялтас утас, видео тоглоом тоглуулагч GPU, хиймэл оюун ухаан, криптовалютын уурхайд ашиглагддаг.
Үйлдвэрээс гарсан ялтаснуудын “аяллын” дараагийн зогсоол цахим хэрэгслийн үйлдвэрүүд. Ялтас үйлдвэрлэлээс олсон орлогын ихэнх хувь нь эргээд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулагддаг бөгөөд эмийн үйлдвэрийн нэгэн адил хагас дамжуулагчийн үйлдвэрлэл судалгаан дээр суурилсан салбар юм.
Хятад улс хагас дамжуулагчийн дэлхийн хамгийн том хэрэглэгч. Тус улс 2017 онд нийт 260 тэрбум ам.долларын ялтас импортолсон бөгөөд 2020 он гэхэд хэрэгцээнийхээ 40 хувийг, 2025 онд 70 хувийг дотооддоо үйлдвэрлэхээр зорьж байгаа аж.
Цахиурын хувьсгал
Хагас дамжуулагчийн хэмжээ, өртөг багасахын хэрээр хүн бүрийн хэрэглээ болж байна. Статистик мэдээллээс үзвэл, дэлхий дээр тав гаруй тэрбум хүн утас хэрэглэдгээс тавь гаруй хувь нь ухаалаг утас. Хөгжиж буй орнуудын иргэд цаг үетэй хөл нийлүүлэн алхахаар яарч байна.
Африкийн “Research ICT Africa” технологийн бодлого судлалын төвөөс явуулсан судалгаанаас үзвэл, тус тивд интернэт хэрэглэж буй 15-аас дээш насныхны тоо 2017 онд 2007 оны үзүүлэлтээс 28 хувиар өсжээ. Африкт арван хүн тутмын хоёр нь ухаалаг утас эзэмшдэг гэнэ.
Өөрөөр хэлбэл технологийн дэвшил хамгийн алслагдмал бүс нутагт хүрч байна гэсэн үг юм.
Кенийн Нанюки хотхоны газар тариалан эрхлэгч Дуглас Ванжала гар утас түүний бизнест ихээхэн нэмэр болж буй талаар ярьжээ. Өмнө нь тариа будаагаа борлуулахын тулд зах дээр очихоос өөр сонголтгүй байсан тэрбээр технологийн дэвшлийн ачаар тариа будааны гэрэл зургийг худалдан авагчид руу явуулж, худалдан авах гэрээ хийх боломжтой болжээ. Нэгэнт гэрээ хийсэн худалдан авагчид зах дээр очилгүй, Ванжалагаас шууд худалдан авна.
Ванжала ухаалаг утсаа 15 мянган кени шиллинг буюу 155 орчим ам.доллароор худалдан авчээ. Худалдан авагчидтай харилцаа холбоотой байхаас гадна тэрбээр утсаа ашиглан цаг агаарын мэдээ, зах зээлийн үнэ зэрэг өөрт шаардлагатай сүүлийн үеийн мэдээлэл авдаг. Мэдээлэл авах боломжтой болсон нь Кени, Этиоп зэрэг улсад хүнсний аюулгүй байдлыг хангах бололцоо олгосон гэж Дэлхийн цаг уурын байгууллагын судлаач Фиона ван дэр Бургт үзэж байна.
Кени улсын хүн амын 24 хувь интернэт хэрэглэдэг бөгөөд тус улс энэ үзүүлэлтээр Африкт гуравт ордог. Гэтэл Руанда улсын нийт хүн амын дөнгөж есөн хувь нь интернэт хэрэглэж байгаагаас 77 хувь нь хотын оршин суугчид. Интернэтийн хэрэглээ нийгмийн оролцоог тодорхойлох урьдчилсан нөхцөл болж байна. Ажилд бүртгүүлэх, хүүхдээ сургуульд бүртгүүлэх зэрэг нийгмийн үйлчилгээ гол төлөв онлайн хэлбэрт шилжсэн. Тиймээс дээрх ялгаа нь зөвхөн хот, хөдөөд байгаа бус. Интернэтийг ядуугаас илүүтэйгээр чинээлэг хүмүүс, ахмад настуудаас илүү залуучууд, эмэгтэйчүүдээс илүү эрчүүд ашиглаж байна.
Хагас дамжуулагч технологи боловсронгуй болж, илүү олон хүн тоон ур чадвартай болохын хэрээр энэ ялгаа багасах учиртай. Түүнчлэн, ухаалаг утас улс орны эдийн засгийн өсөлт нөлөөлж байна гэх. Судалгаанаас үзвэл, 100 хүнд 10 ухаалаг утас ногдож буй хөгжиж буй орны ДНБ 0.5 хувиар өсдөг аж.
Ганц технологи ийм олон хүний амьдралыг өөрчилж чадна гэдэг ховор тохиолдол юм. Цахиур гэгддэг дэлхийд хамгийн өргөн тархсан элементийг бидний амьдралыг өөрчилж буй хязгааргүй нарийн технологи болгон хувиргасан нь санаанд оромгүй гайхалтай зүйл ажээ.
Сэтгэгдэл ( 0 )