Өмнөд Солонгосын “Е-channel” телевизийн “Topgoal Phapsody” дууны тэмцээнд монгол залуу оролцож түрүүлсэн билээ. Энэхүү тэмцээнд зөвхөн гадаадын дуучид оролцож, солонгос дуу дуулдаг бөгөөд Н.Идэрмөнх солонгосын ардын дууг солонгос, монгол хоёр хэлээр дуулж тус тэмцээнд түрүүлсэн юм. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн байна уу. Намайг Ням-Очирын Идэрмөнх гэдэг. Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат. Солонгос улсад эхнэр хүүхдийнхээ хамт амьдардаг.
-Хэзээнээс БНСУ-д амьдарч эхэлсэн юм бэ? Анх ямар зорилгоор тус улсад очиж байсан бэ?
-Анх 2010 онд хөдөлмөрийн гэрээгээр бусад залуусын л адил амьдралаа дээшлүүлэх гэж ирж байсан. Төмөр будагт оруулдаг үйлдвэр, махны үйлдвэр, фосфорттой материалын үйлдвэрт ажиллаж байсан юм.
-Манай улсыг бодвол солонгос улс хүн ам ихтэй, тиймдээ ч урлагийн зах зээл нь маш өндөр өрсөлдөөнтэй байдаг байх. Харин энэ салбарт монгол залуу хэрхэн орж чадав аа. Түүхээсээ хуваалцахгүй юу?
-Би анх 2016 онд Seajun их сургуульд бизнесийн удирдлагын ангид элсэж орж байсан. 2017 оноос энэ сургуулийнхаа хөгжмийн сургуульд нь дуулаачаар давхар суралцаж эхэлсэн. Маш олон гадаадууд, маш олон орны оюутнууд суралцдаг. “К-Поп” академи хоёр хоёр жилээр солонгосын урлагийн сургуулиудад үйл ажиллагаагаа явуулдаг юм билээ. Тэгээд намайг яг ороход академийн үйл ажиллагаа явж таарсан. Тэнд маш мундаг уран бүтээлчид багшилдаг. Энэ багш нар маань тодорхой хэмжээгээр намайг тоож, надтай хамтарч уран бүтээл хийж эхэлсэн. Саяхан хоёрдахь уран бүтээл маань гарсан байгаа. Тэр хүмүүсээр дамжуулаад цааш цаашдаа өшөө олон сайхан зам нээгдэх байх гэж найдаж байна.
-Нэвтрүүлгийн үеэр та солонгос, монгол хэлээр дуугаа дуулсан. Монгол хэлээр дуулахад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Ер нь шүүгч нар дундаас монгол хэлээр солонгос дууг орчуулахад сонсоход эвтэйхэн таарсан юм шиг байна. Монгол солонгос хоёр хэл маш ойрхон юм байна гэдгийг шүүгч нар хэлж байсан.
-Монголчуудын тухайд мэдээж бахархан хүлээж авсан. Ингэхэд хэзээнээс анх дуу хөгжим сонирхож, дуулах болсон бэ? Урын сандаа хэчнээн дуутай байна?
-Ер нь багаасаа л дуучин болох мөрөөдөлтэй байсан. Одоогоор хоёрдахь дуу маань гарчихсан байгаа. Цаана нь цацахад бэлэн болсон хоёр монгол дуу байгаа. Бас нэг хүүхдийн дуу хийж арга хэмжээнд дуулсан гэх мэт 4-5 дуу байгаа. Удахгүй дуунууд маань цацагдаад явах байх аа.
-Солонгос хэлийг хэр удаан хугацаанд сурсан бэ?
-Солонгост анх гэрээгээр ирээд сурч эхэлсэн. Энд ирснээсээ гурван жилийн дараа ТОПИК-ын дөрөвдүгээр зэрэг аваад дөрөв дэх жилдээ тавдугаар зэрэг авч байсан. Дээд талд нь зургаадугаар зэрэг гэж байдаг юм билээ. Гэрээгээр ажиллаж байх хугацаандаа өөртөө гарсан тэр цагаа бүрэн ашиглаж хэл сурахад зарцуулсан даа.
-Та тайзан дээр маш тайван харагдаж байсан. Бэлтгэл их хийсэн үү?
-Бэлтгэл хийсээн. Мэдээж маш том шоу, маш том тайзан дээр мөн хоёр хэлээр уран бүтээл дуулах гэж байгаа учраас маш их бэлтгэл хийсэн. Сэтгэлзүйн хувьд ч тэр дууныхаа хувьд ч тэр маш сайн бэлдсэн. Тэгээд ер нь бол аль болох тайван байж, өөрийнхөө бүх зүйлээ л гаргахыг хичээсэн дээ.
-Энэ хугацаанд хэдэн тэмцээнд оролцож байсан бэ. Гаргасан амжилтуудаасаа дурдвал?
-Том, жижиг олон тэмцээнд орсон. Солонгос дахь гадаад иргэдийн дунд зохиогддог фестивальд 2012, 2014 онд оролцож, финальд үлдэж, тусгай байрын шагнал авч байсан. Мөн “Орон даяарх дууны гайхамшиг” гэсэн нэртэй 30-40 жил тасралтгүй зохиогдож байгаа дууны тэмцээнд орж, 700 хүнээс гуравдугаар байранд орж байсан.
-Таныг Солонгосын алдартай продюсертэй хамтарч ажиллаж эхэлсэн гэж сонссон юм байна?
-Дэлхийд од болж байгаа BTS хамтлагийн хөгжим, гитар дээр ажилласан И Тэ Үг гээд хөгжимчин миний сүүлийн дууны гитарыг тоглож, хамтарч ажилласан байгаа. Шинэ дуун дээр ажилласан продюсер багшийн маань уран бүтээлийн хамтрагч, танил найз нь юм билээ. Тэгээд энэ хүнээр дамжуулж уран бүтээл дээр хамтарсан байгаа. Цаашдаа ч бас хамтарч уран бүтээл хийх байх гэж найдаж байна.
-Ингэхэд хэр их фентэй болж байна вэ?
-/Инээв/. За ер нь бол бас фентэй болж байгаа болов уу гэж бодож байна. Цаашдаа бас сайхан уран бүтээлүүд хийнэ ээ гэсэн зорилттой явж байгаа.
-Өөрийн гэр бүлээ танилцуулж болох уу?
-Бололгүй яах вэ. Би энд эхнэр, хүүгийнхээ хамт гурвуулаа амьдардаг. Хүү маань одоо гурван настай. Энд төрсөн. Эхнэр маань бас аялал жуулчлал, үйл ажиллагааны менежер гэсэн мэргэжлээр суралцдаг аа.
-Цаашдын зорилгынхоо тухай ярихгүй юу. Ер нь цаашдаа монгол хэл дээр уран бүтээл туурвих уу эсвэл?
-Цаашдаа олон телевизийн шоу нэвтрүүлэгт оролцох зорилгуудтай байна. Ойрын хугацаанд гэвэл тун удахгүй шинэ солонгос дууны маань видео клип гарна. Солонгосын сайтуудаар бол дуунууд маань цацагдсан байгаа. Мөн шинэ монгол дуунууд клипүүд дээр ажиллаж эхэлсэн байгаа. Монгол дуунуудынхаа ажлыг эхэлсэн. Монголчууддаа зориулсан дуунууд ар араас нь гаргаад явна аа.
-Манайхнаас солонгосын урлагийн зах зээлд гарах хүсэлтэй залуучууд их байдаг шүү дээ. Тийм залуучуудад хандаж юу зөвлөх вэ?
-Би бол ингэж боддог. Нэгдүгээрт, бид нар хэлийг нь маш амархан сурдаг. Хоёрдугаарт, зүс царайны хувьд ойролцоо учраас гарч ирэх боломж нь энэ л гэж харж байгаа. Гэхдээ солонгос хүн ам ихтэй, авьяастнууд ихтэй учраас өрсөлдөөн ихтэй. Манай залуучуудаас кино урлаг, хөгжмийн урлагт мэр сэр амжилт гаргаж байгаа. Мэдээж энэ бүхний цаана маш их хөдөлмөр байгаа учраас тэр хэмжээгээр хөдөлмөрлөх ёстой болов уу л гэж бодож байна.
-Одоо дэлхий нийтэд цар тахлын халдвартай эрсдэлтэй нөхцөл байдалтай байна. БНСУ-д амьдарч байгаа таны хувьд өөрийгөө халдвараас хэрхэн хамгаалж байна вэ. Солонгост байгаа монголчуудын нөхцөл байдал ямархуу байгаа вэ?
-Энд бол ямар нэг хувийн шалтгаанаар ирээд гацсан монголчуудад байдал нэлээд хүнд байх шиг байна. Бид нар бол яах вэ олон жил амьдраад дасчихсан болохоор энд ээ маскаа зүүгээд ариутгалаа хийгээд амьдарч байна даа. Ерөнхийдөө солонгост эрүүл мэндийн салбар маш сайн хөгжсөн учраас тэр бүр санаа зовох зүйл алга байна. Асуудал гармагц тахлыг бол барьж байгаа учраас харьцангуй тайван байгаа.
-Ярилцлагын сүүлийн асуултыг танд үлдээе.
-Намайг дэмжсэн, нэвтрүүлгийг маань үздэг бүх монголчууддаа маш их баярлалаа. Цааш цаашдаа олон сайхан уран бүтээлээр бэлэг барих болно оо. Тэгээд дууг маань сонсож намайг дэмжээрэй гэж хэлэх байна. Баярлалаа та бүхэнд.
Сэтгэгдэл ( 7 )
Маш сайхан баярлалаа амжилт хүсье
mundag
Goyo aviyastai zaluu bna amjilt mongol zaluu oodrog yava
Харин эсрэгээрээ Монголд гадны хүн түрүүлнэ гэж байхгүй.
Bayar hyrgej ulam ih amjilt hysen erooe
goy duug chadvarlag duuljee..amjilt hvsie
Баяр хүргэе. Маш гое дуулсан байсан,