К-ПОП: Сынриг дахин баривчлахгүй гэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Сүүлийн жилүүдэд зүүн өмнөд ази тэр дундаа Өмнөд Солонгос улсын зөөлөн хүчний бодлого дэлхий дахинд хүчээ авах болсон. К-поп урсгал Өмнөд Солонгос улсыг өдгөө дэлхийн хамгийн хүчирхэг энтертаймент гүрэн болгожээ. Үүнээс авч үзвэл К-поп бидний боддог шиг нарийхан өмд өмссөн, өнгө өнгийн үстэй, нүүрээ будсан залуусын урлаг байхаа нэгэнт больсон аж. К-поп хамтлагуудын дуунууд "Youtube"-д тэргүүлж, дэлхийн хөгжмийн зах зээлийн хүчирхэг өрсөлдөгчид болж байна. 

Харин хэдхэн сарын өмнө болсон нэгэн үйл явдал дэлхий дахиныг шуугиулж, к-поп гэх хүчирхэг ертөнцийг донсолгоход хүргэв. К-поп оддын хууль бус хэргийн талаар олон улсын томоохон хэвлэл мэдээллүүд хөндөн бичиж байлаа. Өмнөд Солонгосын "MBC" телевиз оройн мэдээгээрээ дотоодын урлагийн салбарынхаа бараан талыг ул суурьтай, баримт нотолгоотой дэлгэсэн нь тухайн улсын хэвлэл мэдээллийн хүчирхэг байдлыг ч улам тодотгож өгсөн гэхэд болно.

Тус хэргийг эргэн сануулбал,  Big Bang хамтлагийн гишүүн, 28 настай Сынри болон дуучин, радио нэвтрүүлгийн хөтлөгч 30 настай Жун Жүн Ён нар урлагийн ертөнцийг орхиж буйгаа зарласан. Учир нь тэдний бизнесийн хөрөнгө оруулагчиддаа биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг, бэлгийн харилцаанд орж буй бичлэг, гэрэл зургийг хоорондоо солилцдог нууц групп чаттай байсан нь баримтаар илэрч, олон нийтийн дургүйцэл, эгдүүцлийг хүргэсэн явдал байсан юм. Эл хэргийг цагдаагийнхан шалгаж эхлэн тэд хоёулаа ял, шийтгэл авах нь тодорхой болоод байсан.

Хууль бус хүний наймаа, хар тамхи, мөрийтэй тоглоомын хэрэг Сынри, Жун Жүн Ён нараар дуусгавар болсонгүй. Хэд хэдэн олны танил алдартан холбоотой нь илэрч бүгд урлагийн ертөнцийг орхих шийдвэр гаргасан билээ. Хэрэгт холбогдон шалгагдагч нар түрүүчээсээ хэргээ хүлээн, ял шийтгэлээ авч байсан бол  Big Bang хамтлагийн отгон гишүүн Сынригийн хэрэг шунжирсаар энэ сарыг хүргэсэн юм. Хэрэг хэрхэн шийдэгдэх бол гэдэгт олон хүмүүс анхаарлаа хандуулж байв. Өнгөрсөн долоо хоногт Сынриг албан ёсоор баривчлах болсныг хэвлэл мэдээлэл мэдээлсэн. Гэсэн ч төд удалгүй түүнийг хэрэгт холбогдолгүй болгосныг тогтоож, сулласан мэдээ цацагдав.

Сынриг хэрэгт холбоогүй, дахин цагдаагийн газар баривчлахгүй хэмээн мэдэгджээ. Үүний цаана асар их мөнгө эргэлдсэн ч гэж зарим хүмүүс сэжиглэж байгаа юм. Ингээд явсаар Сынригээс бусад нь хэргээ хүлээж, ял шийтгэлээ авлаа. Харин тэр ганцаараа хэрэгт холбогдолгүй үлдэв. Үнэхээр тэр ямар ч буруугүй байсан уу, эсвэл үгүй юу гэдэгт одоо ч олон хүмүүс эргэлзсээр байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top