АНУ-ын эрдэмтэд генийн мутацын хурдцаар хүн хэд наслахыг урьдчилан таамаглах боломжтой болохыг тогтоожээ. Энэ аргаар эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн нас хэр удаан үргэлжлэхийг мөн тодорхойлох боломжтой гэнэ.
Шинжлэх ухааны “Scientific Reports” сэтгүүлд мэдээлснээр, хүний ДНК-д бүхий л амьдралынх нь туршид өөрчлөлт явагдаж байдаг хэдий ч хорт мутац хуримтлагдахаас сэргийлдэг механизм хүний бие организмд байдаг аж. Цаг хугацааны явцад эл механизмын үйл ажиллагаа мууддаг байна. Тиймээс ахимаг настай эцэг эхийн хүүхдэд илүү их генийн мутац дамждаг гэнэ.
Юта, Луисвиллийн их сургуулийн биологичид Парис дахь Генийн шинжлэх ухаан, судалгааны олон улсын хүрээлэнгийн мэдээллийн санг судалсан байна. Судалгаанд гурван үеийн 41 гэр бүл хамрагджээ. Эцэг эхээсээ бага генийн мутац өвлөн авсан залуу хүмүүс генийн мутацын хурдац өндөртэй хүнээс ойролцоогоор таван жилээр урт насалсан нь судалгаагаар тогтоогджээ. Жишээ нь, ген нь 75 удаа мутацад орсон 32 настай эрэгтэй хүн мөн тооны генийн мутацтай 40 настай эрэгтэй хүнээс илүү хурдан хөгширч, илүү богино наслах аж. Хэрэв энэ таамаг бусад бие даасан судалгаагаар батлагдвал хүн төрөлхтөн генийн өөрчлөлтийг засаж, илүү удаан амьдрах боломжтой болно гэж эрдэмтэд үзэж байна. Түүнчлэн, генийн мутац хуримтлагдах явц хүн нас биед хүрэхэд нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл өсвөр наснаас эхлэн хүний бие организм хөгширч эхэлдэг гэнэ.
Энэ төрлийн судалгаа нь анхных бөгөөд судалгааны үр дүн хөгшрөлтэй тэмцэх арга замыг тодорхойлоход ач холбогдолтой гэж эрдэмтэд найдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Яасан ойлгомжгүй юм бэээ