Хүн наслалтын хувьд биологийн хязгаарт ойртжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 08

Хүний дундаж наслалт XIX, XX зуунд эрчимтэй нэмэгдэж байжээ. Бид бие организмын биологийн хязгаарт ойртож ирсэн тул XXI зуунд энэ хандлага зогсоно гэсэн таамгийг АНУ-ын Иллинойс мужийн их сургуулийн судлаачид дэвшүүлсэн байна.

Орчин цагийн анагаах ухаан өдгөө амьд сэрүүн байгаа өндөр настнуудад илүү удаан амьдрах боломж олгосон. Анагаах ухааны технологийн салбарт ихээхэн дэвшил гарч байгаа ч хүн төрөлхтний үүнээс хүртэх үр нөлөө нь багасаж байгаа гэнэ. Энэ нь дундаж наслалтын эрчимтэй нэмэгдэх хугацаа дууссаныг илтгэж байна гэж тус их сургуулийн профессор Жей Олшански мэдэгджээ.

Судлаачид дундаж наслалтын үзүүлэлтээр тэргүүлдэг Австрали, Франц, Итали, Япон, БНСУ, Испани, Швед болон Швейцарын өндөр настай иргэдийн дундаж наслалт сүүлийн 30 жил хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан судалжээ. Судалгаагаар эдгээр оронд дундаж наслалтын эрчимтэй өсөлт бараг бүрэн зогссон болохыг тогтоосон байна. Ирэх 30 жилд хамгийн олон өндөр настнуудтай улс орнуудад дундаж наслалт дөнгөж 2.5 жилээр нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ нь өмнөх 30 жилийн өсөлтөөс хэд дахин бага үзүүлэлт юм гэж Олшански онцолжээ. Түүний үзэж буйгаар анагаах ухааны салбарт гарч буй дэвшлийн ачаар хүний дундаж наслалт 100 ба түүнээс дээш үзүүлэлтэд хүрнэ гэсэн таамагт эргэлзэхэд хүргэж байна. Эрдэмтдийн өөдрөг төсөөллөөр, энэ зуунд эмэгтэйчүүдийн 15 хувь, эрчүүдийн таван хувь л 100 ба түүнээс дээш насалж чадна. Зөвхөн гений эмчилгээ, биологийн хөгшрөлтийг зогсоодог эм бэлдмэл бүтээсэн тохиолдолд биологийн эл хязгаарыг давах боломжтой болно гэж эрдэмтэд онцлоод энэ тохиолдолд ч гэсэн бүх хүн 100 хүрч чадахгүй гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top