Дэлхий дээр дундаж наслалт уртсах урт хугацааны төлөв бий. Экологийн нөхцөл, хүнсний бүтээгдэхүүний чанар илт муудаж байгаа ч дэлхийн хүн амын дундаж наслалт нэмэгдсээр. Дундад зууны үед хүмүүс дунджаар 30 насалдаг байсан аж. Гэхдээ улс орон бүрд энэ үзүүлэлт ихээхэн зөрүүтэй байдаг. Жишээ нь Хонконг, Япон, Швейцар, Испани, Итали, Сингапур, Австрали улсад дундаж наслалт 84-д дөхөж ирээд байгаа бол Төв болон Өмнөд Африкт дундаж наслалт хамгийн бага байна. Үүнээс үзвэл амьдралын түвшин өндөр улс орнуудад дундаж наслалт өндөр байгаа ч дундаж наслалтад экологи, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж зэрэг хзчин зүйлс нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогджээ. Жишээ нь 2017 оны судалгаанаас үзвэл, Куба, Ливан зэрэг буурай орнууд хүн амын дундаж наслалтаар АНУ-г түрүүлсэн байна. Гэтэл Ливаны хөрш Сирийн хүн ам ливанчуудыг бодвол 8.8 жилээр бага насалдаг аж. Ямартаа ч эдийн засгийн хувьд хөгжингүй улс орнуудын хүн ам хэд хэдэн шалтгаанаар удаан амьдардаг бөгөөд дэлхийн эдийн засагт нөлөөлөхгүй байх боломжгүй. Хүн амын дундаж наслалт бизнес, нийгмийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ.
Маслоугийн хэрэгцээний шинэ шатлал
Юуны өмнө хүн төрөлхтөн хүний наслалтыг нэмэгдүүлэх, аюултай өвчнийг эмчлэх тал дээр өнөө хэр тэсрэлт гаргаж чадаагүй байгаа ч энэ төрлийн нээлт хийх босгон дээр тулж ирээд байна гэж эрдэмтэд итгэлтэй ярьж байна. Ингэхдээ зарчмын хувьд өөр өөр хэд хэдэн чиглэлд ихээхэн дэвшил гарах боломжтой аж.
Нэг талаас уламжлалт эм зүй нэг газартаа зогсдоггүй. Үүнтэй зэрэгцэн ДНХ технологийн хөгжил оношилгоо, эмчилгээний шинэ арга гаргаж ирнэ гэсэн найдвар төрүүлдэг. Харин орчин үеийн аж үйлдвэрийн технологи амьд эс, хяналтын цахим системийг хослуулсан хиймэл эд эрхтэн үйлдвэрлэх боломжийг аль хэдийн олгоод эхэлжээ. Эдгээр чиглэлийн нэгтгэснээр дундаж наслалт, чанартай, идэвхтэй наслалтыг нэмэгдүүлэх техникийн боломжийг ойрын ирээдүйд бий болгох нь дамжиггүй. Ойрын хэдэн арван жилд гэж ойлгож болно. Үүнтэй холбогдуулан манай гарагийн дундаж иргэнд дээрх ололт хэр хүртээмжтэй байх тухай асуулт гарч ирдэг байна. Үүн дээр тулгуурлан ойрын ирээдүйд хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн анагаах ухааны технологийг боловсруулах, нэвтрүүлэх салбар ашиг орлогын хувьд хамгийн ирээдүйтэй салбар болно гэж эрдэмтэд дүгнэж байна. Тиймээс анагаах ухааны дэвшилтэт технологи Маслоугийн хэрэгцээний шатлалд өөрийн амьдралын цаг хугацааг уртасгах түвшин буюу урьд өмнө байгаагүй цоо шинэ суурь үе шат бий болгох боломжтой. Энэ үед дэлхийн тэргүүлэгч компаниуд энэ салбарт идэвхтэй судалгаа хийж байгаа. Орчин цагийн соёлд цаг хугацаа, эрүүл мэнд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй гэсэн ойлголт аль хэдийн бөх бат суугаад байна. Тиймээс хүн төрөлхтөн удаан наслуулах, өвчнийг бүрэн эдгээх тэр зүйлд их хэмжээний мөнгийг зарцуулах нь дамжиггүй. Мэдээж хэрэг, хөрөнгөө арвижуулахаас илүү амьдралаа уртасгахад хөрөнгө оруулах нь илүү сонирхолтой.
Тэтгэвэр, тэтгэмжийн талаарх шинэ хандлага
Энд залуу, эрүүл харагдахад харагдахуйц нөлөө үзүүлдэг төрөл бүрийн гоо сайхны үйлчилгээний зах зээлийн чадавхыг дутуу үнэлэх хэрэггүй. Гэхдээ шинжлэх ухаан хөгжихийн хэрээр ердийн гоо сайхны мэс засал өөр технологид байраа тавьж өгөх боломжтой. Энэ нь фитнессийн салбарт мөн хамаатай. Хүн төрөлхтөн урт наслаад барахгүй, залуу нас, гоо сайхнаа илүү удаан хугацаанд хадгалахыг хүсэх нь мэдээж.
Үүнтэй зэрэгцэн зүй ёсоор өсөн хөгжиж буй эдийн засгийн бас нэг сегмент бол өндөр настныг асрах, амраах үйлчилгээний эрэлт юм. Үүнтэй холбогдуулан хөдөлгөөнт интернет технологийн тусламжтайгаар ийм төрлийн үйлчилгээг “Uber”-члэх тренд ихээхэн дэлгэрч байна. Үүнтэй зэрэгцэн, уламжлалт асрамжийн газруудын систем илүү өргөжих төлөвтэй.
Ахимаг насны хүмүүсийн өөр нэг бодит хэрэгцээ бол амьжиргааны зохих түвшинг хангах шаардлага. Хөгжингүй орнуудад өндөр настнуудын хүн амд эзлэх хувь нэмэгдэж буй шалтгаанаар тэтгэврийн уламжлалт тогтолцоо алдагдаж байна. Тиймээс одоогийн байдлаар тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь энэхүү асуудлыг шийдэх арга зам болж байна. Ирээдүйд дундаж наслалт олон жилээр нэмэгдсэнээр тэтгэвэр, тэтгэмжийн тогтолцоог бүрэн сүйрүүлж болзошгүй. Нэг талаас, энэ нь тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд хүргэх бол нөгөө талаар тэтгэврийн төрийн бус сангийн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэх болно.
Өндөр настнуудын каршеринг загвар
Энэ асуудлыг шийдэх нэг арга зам бол наснаас үл харгалзах орлого. Гэвч тэр бүс улс орон ийм арга хэмжээ авч чадахгүй. Үүнээс үүдэн хүн амын ихэнх хэсгийг боломжийн үнэтэй өдөр тутмын үйлчилгээгээр хангах шаардлага гарч ирж байна. Тухайлбал, өргөн хэрэглээний барааг хамтран хэрэглэх, түрээслэх зэрэг төрөл бүрийн шинэ үйлчилгээг хөгжүүлэх нь бас нэг шийдэл гэж судлаачид үзжээ. Ингэхдээ энэ нь ашгийн зорилгоор эсвэл нийтийн эрх ашгийн үүдэлтэй байж болно. Жишээ нь дэлхийн олон улс оронд каршеринг буюу автомашин түрээслэх үйлчилгээ ихээхэн дэлгэрчээ. Үүнтэй зэрэгцэн унадаг дугуй, ахуйн цахилгаан хэрэгслийн зэрэг илүү хямд түрээсийн үйлчилгээ бий болоод эхэлжээ. Хөгжингүй орнуудын хүн ам хөгшрөхийн хэрээр ашгийг хоёрдугаарт тавьсан “нийгмийн үйлдвэр” гэх салбар үүсэх нөхцөл бүрэлдэж байна. Ийм төрлийн санаачилга төрийн зүгээс санхүүгийн болон хөнгөлөлтийн дэмжлэг авах нь дамжиггүй.
Залуучуудын шинэ сорилт
Өндөр настнуудад чиглэсэн “мөнгөн эдийн засгийн” хэтийн төлөвийг үнэлэхдээ хүн амын дээд болон дундаж давхаргын хүмүүс хөгшин насандаа ч гэсэн хэрэглээний түвшингээ хадгална гэдгийг тооцоолох шаардлагатай. Нас ахисан хүмүүс хүний хэрэглэдгийг хэрэглэнэ. Тиймээс амьдралынхаа туршид хөрөнгө цуглуулж, арвижуулсан өндөр настнууд төлбөрийн өндөр чадвартай байх болно. Үүнээс үүдэн өндөр үнэтэй, чанартай бараа, үйлчилгээний зах зээл ирээдүйтэй. Иймд зар сурталчилгаа, маркетинг, борлуулалтын мэргэжилтнүүд анхаарлаа ахимаг насныханд хандуулах хэрэгтэй гэж шинжээчид зөвлөжээ.
Хүн амын дундаж наслалт ихээхэн хэмжээгээр нэмэгдсэнээр эдийн засгийн харилцаа төдийгүй нийгмийн сэтгэл зүй, соёлд нөлөөлнө. Анагаах ухааны дэвшилтэт технологийн ачаар эрүүл, “мөнх” амьдрал бодит болох боломжтой. Тиймээс насны өрсөлдөөн, үе өөрчлөгдөх байдал чанарын шинэ түвшинд шилжинэ. Залуу нас давуу чанар байхаа больж, өндөр насыг дутагдал мэтээр хүлээн авахаа болино. Бүхий л салбарт амжилт гаргах гол хүчин зүйлс нь амьдралын болон мэргэжлийн туршлага болон хувийн шинж чанар, ур чадвар байх болно. Энэ утгаар, залууст байр сууриа аль хэдийн эзэлсэн ахмад үеийнхэнтэй энэ тэнцүү өрсөлдөхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага гарч ирнэ.
Сэтгэгдэл ( 0 )