ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ I Залуу гэр бүлд өгөх ТАВАН ЗӨВЛӨГӨӨ

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03

Цаасан хайрцаган дээр тавцан тавиад аяга тавгаа хураасан гал тогоотой, газар гудсаа дэвсэж бүтээсэн унтлагын өрөөтэйгээр бид хоёр олон олон залуу гэр бүлийн тоог нэгээр нэмэн айл болж байлаа. Тэрнээс хойш гэртээ маш олон тавилга, цахилгаан хэрэгсэл авч бас сольж байжээ. Гэртээ хийсэн зүйлсээс хамгийн бага үнэ төлсөн хэрнээ сайхан мэдрэмж төрүүлж, гэрийн уур амьсгалыг дулаан болгосон “гэрт байх ёстой 5 чухал зүйлс”-ээ хуваалцаж байна.


НЭГ: ХООЛНЫ ШИРЭЭ

Хоолны ширээгүй байх үед гэрийнхэндээ хоол аягалж өгөхөд тус тусдаа аягаа барин энд тэнд сууцгаадаг байв. Нэг нь буйдан дээр, нэг нь шалан дээр, нөгөө нь сандал дээр гээд л. Буйдан дээр суусан хүн зурагт харах, хоол идэнгээ утас ширтэх зэрэг нөхцөл ийм үед бий болдог.  Тус тусдаа хоолоо идэцгээн, тусдаа ямар нэг зүйл хийцгээнэ. Буйдан дээр суух үед зурагтын удирдлага хайх рефлекс ихэнх хүмүүст бий болчихсон байдаг.

Дараагаар нь гэр бүлийн гишүүн бүрийн тоотой сандалтай, хоолны том ширээ авав. Үнэн хэрэгтээ тэр худалдан авалт бол зүгээр л нэг ширээ биш гэр бүлийн уур амьсгалыг худалдан авсан хэрэг байлаа. Хоолны ширээний ард гэр бүлээрээ, нүүр нүүрээ харан сууж хооллоно гэдэг бол аз жаргал. “Хоолны ширээний ард ярьж болохгүй” гэдэг бол маш буруу дүрэм. Харин ч хоолны ширээний ард ярилцах ёстой.  Болж өгвөл гэрэл гэгээтэй зүйл ярилц. Хоолны талаар талархах, гар утасгүй хооллох зэрэг нэмэлт жорыг бий болгох эсэх нь та бүгдийн өөрсдийн чинь л шийдэх хэрэг.

ХОЁР: ЦЭВЭРХЭН, ХИР ТООСГҮЙ БАЙХ

Нэг найз маань “чи байнга Ч.Ганжавхлангийн постыг шэйрлэх юмаа, фэн нь юм уу” гэж надаас асуухад нь нээрээ л бичсэн зүйлсийг нь маш их шэйрлэдэгээ анзаарсан юм.  Шалтгаан нь ч энгийн, Ганжавхлангийн зургийг нь аваад, сэтгэл эмзэглэм пост оруулдаг тэр л газарт буюу захын хорооллын задгай хаягт би амьдардаг байсан юм.

Манай задгайгийнхны хувьд боломжтой нэг нь тогтой, тэр нь ёлтойсон улаан бүдэг гэрэл гаргахаас биш индүү битгий хэл плитка ажиллуулж ч дийлэхгүй байдаг. Гэтэл манайд индүү нь битгий хэл тог нь ч байдаггүй тул хөвөнтэй дээл л зулын гол болж гэрэл болдог байж. Ийм үед дүрэмт хувцсаа индүүддэггүй гэж шийтгүүлдэг ч даалгавраа хийлгүй очиж байсан удаа байгаагүй. Өөрийнхөө даах хэмжээгээр 20 литр ус зөөж авчирдаг байсан ч манайх хир буртаггүй, уранхай цоорхойгүй айл байв.

Бидний амьдардаг газрын эргэн тойронд бэлэвсэн, салсан, архичин нөхөртэй ээжүүд, хүүхдүүд, арын айл нялх хүүхэдтэй эхнэрээ байнга зодож, бүсгүйн уйлах өр өвтгөм дуунд бидний хэдэн хүүхдүүд юу хийхээ мэдэхгүй чичирч зүрхээ салгалуулж суудаг байж.

Архидалт, бохир заваан орчин гэрийн хаалганаас дотогш байгаагүй учраас ч бидний гэр бүл удалгүй тэрхүү нөхцлөөс салсан гэдэгт итгэдэг.

Бохирдлоос үүдэлтэй өвчин, халдварын тухай бүр орхиё. Олон судалгаанд нотолсноор гэр оронд хир тоосонд баригдсан зүйл, урагдаж цоорсон обой, эдлэл, угаагаагүй удсан аяга таваг байх нь тэрхүү  орчинд буй хүүхдийн далд ухамсарт бохир заваан орчин, ядуу дорой амьдралд дасах код бичигдэж байдаг гэнэ. Б.Тунгалаг гэх бүсгүй “ямар ч хүнд савангийн мөнгө олддог л байхгүй юу” гэсэн үгийг хэзээ, яаж хэлснийг санаарай. Мэдэхгүй бол хайгаад олоорой.

ГУРАВ: ГЭР БҮЛИЙН ЗУРАГ

Заавал студид авахуулсан үнэ өртөг болсон уран сайхны зураг байх шаардлагагүй. Гол нь гэр бүлийн зураг заавал байлгаарай. Гар утсаар авсан, аз жаргалтай үеийн сэлфи зургаа өнгөт принтерээр хэвлээд өлгөчихсөн ч болно шүү дээ. Нэг нэгэндээ уурлаж туньсан үед чинь энэ зураг чинь эвлэрэх ойлголцох шалтгаан болно гэдэгт итгэлтэй байна.

Манай гэр бүлийн хувьд өмнө нь уралдаан тэмцээнээс авч байсан жаазтай өргөмжлөл баярын бичгүүдээ ханаараа дүүргэн өлгөдөг байв. Гэхдээ гэр бүлийнхээ бяцхан гишүүдээ амжилтаас илүү аз жаргалыг мэдэрдэг хүмүүс байгаасай гэсэндээ, гавъяа шагналын төлөө хичээдэг биш аз жаргалтай байсан үеэ санаж байгаасай гэсэндээ тэрхүү өргөмжлөлүүдийн жаазыг ашиглаад хүүхдүүдийнхээ зургаар ханаа чимсэн юм. Хааяа хараад инээмсэглэж, сэтгэл дүүргээд байгааг нь бодохоор үр дүнгээ өгч буй бололтой.

ДӨРӨВ: “БОЛГООМЖ ИЛҮҮДЭХГҮЙ” ХЯНАЛТ

Гэр бүлд байх ёстой хамгийн чухал зүйл бол гэрийн чинь эд зүйлс аюул учруулахаар байна уу, үгүй юу гэх хяналт. Анх тусдаа гарч гэр бүл болж байгаа залуусын амьдрал “халуун тогоо”-ноос эхэлдэг. Нөхөр бид хоёр ч хэд хэдэн хятад халуун тогоо элээж, халуун тохируулагч товчлуурыг нь олныг сэлбэж байж. Хоол ундаа хийж идэх энэхүү тогооны ерөнхий загвар нь суурь жижигтэй байдаг тул бага насны хүүхэд татаж унагах эрсдэл их. Ямар сайндаа түлэнхийн эмнэлэгт “халуун тогооны тасаг” гэж тогоонд түлэгдсэн хүүхдүүд байх вэ. Боломжтой бол татгалз, боломжгүй бол тогоо унахаас хамгаалсан нэмэлт суурь хийсэн нэгэн ахын туршлагаас судлах, хүүхдийн гар хүрэхээргүй газарт байршуулж хэвших зэргийг бодох л ёстой байх.

Мөн цонхондоо хязгаарлагч, эсвэл унахаас хамгаалсан тор хийх нь зайлшгүй чухал. Нэг өдөр 4 настай хүү маань цонхоор хамаг хувцас тоглоомоо шидсэн хэрэг тарьчихсан угтаж байв. Учрыг нь асуутал хувцсаа шидээд үсэрч буух газраа зөөллөж байсан гэх аж. Хүүхэд гэдэг ийм л гэнэн, болгоомжгүй амьтад шүү дээ. Цонхны төмөр хаалтыг үнэтэй гэж үзээд хийлгэхээс олон айл татгалздаг. Гэвч хүүхдийнхээ амийг хэдээр үнэлж байгаагаа нэг бодоод үзээрэй. Хэрэв үнэхээр боломжгүй бол арваад мянган төгрөгийн үнэтэй цонх том онгойлгуулдаггүй хязгаарлагч зэрэг гээд боломжууд ч бий.  Энэ мэтчилэнгээр масстай разетка, уртасгагчаа солих, цахилгааны утас нь гарсан аюултай зүйлс, хурц ирмэгтэй зүйлс юу байж болох гээд хянаад байгаарай.  

 ТАВ: НОМЫН ТАВИУР, НОМЫН ШҮҮГЭЭ

“Гэр бүлээрээ зурагт үзэхээ больсон гэр бүл” хэмээн сошиалд нэгэн үе шэйрлэгдсэнээс хойш найз нөхөд маань “яаж хүүхдээ номонд дуртай болгох вэ” “ямар ном уншуулах вэ” гэх асуултыг нэлээд их асуув.

Хүүхэд гэдэг томчуудаа л дуурайдаг улс. Хүүхдийнхээ дэргэд утас биш ном унш. Тэдний нүдэнд харагдахаар номын тавиур, булан боломжоороо хийж өг. Ингээд өөрсдийнхөө хүссэн номыг биш хүүхдийнхээ хүссэн номыг олж ав. “Би жоохон байхдаа энэ номонд дуртай байсан” “энэ ном унших юм ихтэй юм байна” гэж бүү сонго. Зарим эцэг эхчүүд “ураад хаячихна” “чамд олон ном авч өгсөн уншаагүй биз дээ” гэх зэргээр ном авч өгөхөөс татгалздаг. Ажиглаад байхад ном уншдаггүй эцэг эхчүүд хүүхэддээ ном авч өгдөггүй, ном авахуулдаггүй хүүхдүүд ном уншихдаа тааруу, ном уншихдаа тааруу хүүхдүүд аливаа асуудалд хандахдаа арай л хоцроод байх шиг.

Нэгэнт номын тавиурыг нь номоор дүүргэж, нүдэнд нь байнга ном харагдуулж байхад хүүхэд нэг өдөр л уншчихсан сууж байх болно. Нэг л өдөр таньтай номноос ойлгосон зүйлээрээ яриа өрнүүлчихсэн, хэрсүү, ухаалаг зүйлс яриад зогсож байх болно.  Элээсэн оймсныхоо тоогоор биш уншсан номынхоо нь тоогоор амьдралд бэлтгэгдэж олон олон шинэ зүйлстэй танилцаж, ойлгож мэдэж байх болно шүү.

 

Д.ОЮУНСҮРЭН /ALPHABOOK CEO/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгч(66.181.181.201) 2020 оны 07 сарын 08

Аливаа юманд сэтгэлээсээ ханддаг,бусдыг сайн сайхан зүйлд уриалан дуудаж,үлгэрлэдэг ажил хэрэгч ЭЕРЭГ бүсгүй шүү

1  |  0
Мундаг бүсгүй шүү(192.82.73.37) 2020 оны 07 сарын 03

Мундаг бүсгүй шүү

1  |  0
Top