"Бидний амьдралд мэдрэгдэх өөрчлөлт хэрэгтэй"

Э.Тэргэл | Zindaa.mn
2 цагийн өмнө

Шинэчлэл хэрэгтэй гэдгийг хүн бүр ярьдаг ч түүнийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар өөрчлөлтөөс эхлэх тухай бодит хэлэлцүүлэг, шийдэл дутмаг байна гэж үзсэн хэсэг залуус нэгдэн “Реформ” клубыг байгуулжээ. Өнгөрсөн бямба гарагт анхны уулзалтаа хийсэн тус клубын зорилго, үйл ажиллагааны талаар үүсгэн байгуулагч Н.Мандухайтай ярилцлаа.

 

– Өнгөрсөн долоо хоногт “Реформ клуб” байгуулагдаж, 100 гаруй залуусын уулзалт зохион байгуулсан нь олны анхаарлыг татлаа. Клубын үйл ажиллагаа, зорилго юу вэ?

– Үнэндээ их том зүйлээс эхлээгүй ээ. Өдөр тутмын амьдралаа хараад “Яагаад бид ингэж амьдрах ёстой юм бол?” гэж боддог үе олон. Тогтолцооны алдаа олон арван жил үргэлжилж ирсэн. Хэрэв бид өнөөдөр өөрчлөхгүй бол ирээдүйд үр хүүхдүүд маань ч энэ бэрхшээлүүдтэй нүүр тулах магадлалтай. Энгийн иргэн амьдралынхаа өдөр бүрд цаг, мөнгө, сэтгэл санаагаараа илүү их төлөөс төлж байна. Нөгөө талд нь улс орон хөгжиж, эдийн засаг өсөж байна гэж ярьдаг. Гэхдээ тэр хөгжил айл бүрийн амьдралд адилхан мэдрэгдэж байна уу гэдэг асуулт гарч ирдэг. Тэгээд “Асуудал байгааг бүгд мэддэг юм байна. Харин үүнийг шийдэхийн төлөө бид юу хийж чадах вэ?” гэсэн асуултынхаа хариуг өнөөдөр олох хэрэгтэй гэж бодсон. Бидний клубын зорилго ердөө энэ. Бидний амьдралд бодитоор мэдрэгдэх өөрчлөлт хэрэгтэй байна.

.-Өнөөдөр иргэдийн амьжиргаа, үнийн өсөлт, шатахууны хомсдол зэрэг олон асуудал шийдлээ хүлээж, улмаар улс төрийн тоглолтын сэдэв болж байна. Эдгээр асуудлыг яах вэ? Залуус ямар оролцоотой байх ёстой гэж та харж байна вэ?

– Бидний үндсэн зорилго бол мэргэжилтнүүдийн дуу хоолой, мэдлэг, боловсруулсан шийдлийг бодит ажил хэрэг болгоход хувь нэмрээ оруулах. Бид зөвхөн асуудлын үр дагавартай тэмцэхээс илүүтэйгээр түүнийг үүсгэж байгаа үндсэн шалтгааныг хэрхэн өөрчлөх, сайжруулах, шинэчлэх вэ гэдэгт төвлөрнө. Нэгдүгээрт, бид мэдлэгээ хуваалцана. Гишүүдийнхээ мэдлэг, туршлагад тулгуурлан хамгийн үр дүнтэй шийдлүүдийг хамтдаа боловсруулна. Хоёрдугаарт, боловсруулсан шийдлээ ажил хэрэг болгохын төлөө нөлөөлнө. Улс төр, нийгэм, олон нийтэд нөлөөлөх олон хэлбэр бий. Тухайн асуудалд тохирох арга хэлбэрийг сонгож, шийдлээ урагшлуулахыг зорьж байна. Гуравдугаарт, гишүүдийнхээ холбоо, хүрээллийг тэлнэ. Боловсролтой, идэвхтэй залуус мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хамтын ажиллагааны сүлжээгээ өргөжүүлэх хэрэгтэй гэж бид харж байгаа. Манай гишүүдийн дунд бизнесийн салбарын хүмүүс ч бий. Тэдэнд шинэ хүмүүстэй танилцах, туршлага солилцох, бизнесээ илүү амжилттай хөгжүүлэх хэрэгцээ байдаг. Тиймээс клуб нийгэмд чиглэсэн ажлынхаа зэрэгцээ гишүүддээ бодит өгөөжтэй байхыг анхаарна.

– Манайд нийгмийн тодорхой бүлэг, улс төрийн сонирхлоор нэгдсэн олон клуб, хөдөлгөөн бий. Тэдгээрээс танай клубын ялгаа, давуу тал юу вэ?

– Манай клуб гурван үндсэн хороонд хуваагдан ажиллахаар төлөвлөж байгаа. Тухайн салбарыг хариуцсан хороо нь асуудлаа дотроо хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд гаднын мэргэжилтнүүдийг урьж, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Бидний зорилго улс орон, нийгэм рүү чиглэж байгаа. Энэ нийгэмд зөвхөн миний хүүхэд амьдрахгүй. Бид бүгдийн хүүхдүүд амьдарна. Тиймээс нам, улс төрөөр хуваагдахаас илүү эх орныхоо төлөө гэсэн нэгдсэн зорилго клубын үндсэн үнэт зүйл байх ёстой гэж харж байна. Зарим хүнд бид өөрсдөө очиж, клуб байгуулах болсон шалтгаан, зорилгоо тайлбарлан нэгдэх санал тавьсан. Зарим нь бидэнтэй үзэл бодол нэг байсан учраас холбоо тогтоож, анхны уулзалтад урьсан. Анхны уулзалтаа зохион байгуулсан нэг шалтгаан нь зорилго, үнэт зүйлээ хоорондоо ярилцаж, нэг ойлголтод хүрэх хэрэгцээ байсан. Энэ санаачилгад итгэл үнэмшилтэйгээр хандаж, нэгдмэл зорилгын төлөө ажиллах хүмүүс цаашид хамт явна. Клуб бол хүмүүсийн сонирхол, сайн дурын оролцоонд тулгуурласан нэгдэл гэсэн зарчмыг чандлан баримтлах нь бидний бусдаас ялгарах давуу тал, цаашид оршин тогтнох үндэс гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, зорилго, үнэт зүйл маань нийцэж байвал бид хамтран ажиллана.

-Клубын гишүүдийн тоонд тодорхой хязгаар тавьсан уу?

– Үгүй. Гишүүдийн тоог заавал 100 байна гэх мэтээр хатуу тогтоогоогүй. Бидний зорилго, үнэт зүйлтэй нийцэж, хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх боломжтой чадварлаг залуус, мэргэжилтнүүдэд клубын үүд хаалга нээлттэй. Гэхдээ зөвхөн тоогоо нэмэхийн төлөө олон хүн цуглуулахыг хүсэхгүй байна. Хамгийн гол нь нэг зорилгын төлөө ажиллах хүсэл, итгэл үнэмшилтэй хүмүүс байх нь чухал.

– Та өөрөө ямар чиглэлээр ажилладаг вэ? Энэ мэдлэг, туршлагаа клубын үйл ажиллагаатай хэрхэн холбох вэ?

- Би газрын тос, байгалийн хийд суурилсан эрчим хүч, инновацын чиглэлээр судалгаа хийж, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн. Тиймээс энэ салбарынхаа мэдлэг, туршлагыг клубын залуучуудтайгаа хуваалцаж, хамтран ажиллахаар төлөвлөж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top