Японд хүчтэй аадар борооны улмаас 40 хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Японы баруун өмнөд Кюшю аралд хүчтэй аадар бороо орж, хөрсний гулгалт, үер болсны улмаас дор хаяж 40 хүн амиа алдаад байна гэж NHK суваг мэдээлжээ.

Албан ёсоор 24 хүн амиа алдсан бөгөөд 16 хүний зүрх, уушги зогсож, клиник үхэлд ороод байгаа аж. Амиа алдсан иргэдийн 14 нь Күмамото мужийн усанд автсан өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг байжээ. Түүнчлэн, ор сураггүй алга болсон 12 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Күмамото муж байгалийн гамшгийн улмаас хамгийн хохирол амсжээ. Тус мужид нэг мянган га газар усанд автаж, нүүлгэн шилжүүлэх төвүүдэд 1.5 мянган хүн орогнож байна. Ойролцоогоор 4.7 мянган барилга гэрэл цахилгаангүй байна.

Цаг уурчдын мэдээллээр, Кюшю аралд даваа гарагийн турш хүчтэй аадар бороо үргэлжлэн орох гэнэ. Циклон салхи чиглэлээ өөрчилж зүүн зүгт Шикокү арал руу шилжиж, 300 мм хур тунадас орох төлөвтэй байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо байгалийн гамшигт өртсөн бүс нутаг руу 10 мянган цэргийн алба хаагч илгээсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top