Уйллаа урвайлаа гээд зовлон барагдах биш. Уурлалаа бачимдлаа гээд цухал дундрах хорвоо биш дээ. Хагацал, зовлон нүүрлэсэн өдөр хоногуудыг гэрэлтүүлэх гэж, хаяаран дөтөлж айсуй сайн цагийг наашлуулах гэж цөөхөн хэдэн монголчууд бүжиг үсэрч байна.
Халимаг түмний дуу “Шарка Барка”-гаар эхэлсэн бүжгийн давлагаа баруун Монголын “Журай Гэлдэн”-гээр түрлэг нэмж, буриадын “Хатариш”-аар хөглөгдөхдөө улам бүр төгсөрч, утга агуулгаа нэмэх шиг. Ай түмэн монголчууд...
Хангайдаа, талдаа, говьдоо бүжлээ. Холын Австралид хүртэл бүжив.
Хотдоо, зусландаа, гэртээ бүжлээ. Хосоороо, ганцаараа, бултаараа бүжсэн.
Сүлд чуулгынхан сүртэйхэн бүжлээ. Балетын залуучууд дүүлэн бүжлээ.
Боржигин чуулгынхан найрлаж бүжлээ.
Дуучин Т.Ариунаа, жүжигчин Тэмка, таван настай охин, дөч давсан эр, эгч дүү хоёр, нэг үеийнхэн, нэгэн зорилготнууд... Бүжиглэж буй монголчууд хоггүй аялахыг уриаллаа, хүмүүнлэгийн аян өрнүүллээ. Өв соёлоо гайхууллаа, Монгол угсаатнаа сэргээлээ.
Зовлонг уйлж биш дийлж давна. Зоригийг хэлүүлж биш асааж сэрээнэ.
Баярлалаа “Роял Дансе Монголиа”. Баярлалаа, Б.Халиун, О.Эрдэнэ-Очир хоёр оо.
Монгол бүжиг минь цоглог сайхан. Монгол нутаг минь сольшгүй үнэтэй.
О.ЭНХЖАВХЛАН
Сэтгэгдэл ( 0 )