Ирэх он хүртэл хойшлуулаад буй Олимпын наадмын галыг Японы нийслэл дэх Олимпын музейд түр байршуулжээ. Албан ёсны арга хэмжээний үеэр Японы Олимпын хорооны дарга Ясухиро Ямашита Олимпын галыг аль болох олон тооны хүн өөрийн нүдээр үзнэ гэж найдаж буйгаа илэрхийлээд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон спортын их наадмыг ирэх 2021 онд зохион байгуулахын тулд бүхий хүчин чадлаа дайчлах болно гэж онцолжээ.
Тусгай хоргонд байрлуулсан Олимпын галыг есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд олон нийтэд үзүүлэх бөгөөд иргэд тасалбарыг урьдчилан захиалах ёстой. Коронавирусний цар тахалтай холбогдуулан авч буй хорио цээрийн арга хэмжээний дагуу цагт 120-иос дээшгүй тооны хүн нэгэн зэрэг үзэх боломжтой.
Олимпын музейг өнгөрсөн оны намар Токио хотын Шинзүкү дүүрэг дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд нээжээ. Музейд Олимпын наадмын түүхтэй танилцахаас гадна Токиогийн Олимпын бамбар болон бусад үзмэрийг үзэх боломжтой. Музейн цэцэрлэгт хүрээлэнд олимпын таван цагираг байрлуулж, 1896 оноос хойш зохион байгуулагдаж буй орчин цагийн олимпын их наадмыг санаачлагч Пьер де Кубертений хөшөөг босгосон байна.
Токиогийн Олимпын их наадам 2020 оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулж, 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар болсон билээ. Олимпын галыг наадмыг цуцлах шийдвэр гарахаас дөрвөн хоногийн өмнө өнгөрсөн гуравдугаар сард Грекээс Японд авчирсан юм.
Сэтгэгдэл ( 0 )