Манай ажлын үүдэнд иргэд авто машинаа тавих нь элбэг. Машинаа орхиод явахыг нь хүлээж ачилтын компанийн машинууд дэнгийн эрвээхий шиг эргэлддэг. Яарсан сандарсан иргэд Чингэлтэй дүүргийн татвараар ороод гарах хооронд ачилтын компанийн нөхдүүд авто машинуудыг сэвхийтэл ачаад алга болно. Тухайн машины жолооч гарч ирээд хэсэгтээ л тэр хавиар машины эрэл сурал болж байгаа харагддаг. Өнгөрөгч пүрэв гарагт ачилтаа тэд хэдэн минутад хийдэг болохыг зориуд харав. Гэтэл минутаар хэмжигдэх нь бүү хэл секундээр хэмжигддэг болохыг мэдлээ. Тэдэнд ердөө л 17 секунд хэрэгтэй юм билээ.
Хажууд нь 1000 төгрөгний үнэтэй авто зогсоол байхад иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаас болж 60 мянган төгрөгөөр машинаа авах шаардлагатай болдог. Иргэд өөрсдийн буруугаас болж машинаа ачуулж байгаа ч ачилтын компанийн машинуудад хариуцлага алга. Авто машины урд дугуйн доогуур нь өргөгчөө хийж аваад галзуу солиотой нь мэдэгдэхгүй алга болно. Жолооч нь гарч ирэхээс өмнө амжиж ачиж аваад хэдэн байрны цаагуур орж байж бэхэлгээгээ хийцгээнэ. УИХ-ын гишүүн С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа авто машин ачилтын компаниуд тухайн жолоочийн гар утасны дугаар руу залгаж мэдэгдэн, цагдаагийн зөвшөөрөлтэйгээр ачина гэж захирамж гаргаж байв.
Тэр захирамж бол үнэндээ ачилтын компаниудад огт хамаагүй. Тэд авто машиныг хувь хүний үнэ цэнтэй эд хөрөнгө гэж харахаасаа илүү 60 мянган төгрөг гэж хардаг. Орлогоороо цалинждаг тэдэнд машин болгон нь цалин гэсэн үг. 17 секундэд 60 мянган төгрөг олдог ажил Монголд ганцхан ачилтын компани л байна. Машин ачиж байх явцад жолооч нь ирсэн тохиолдолд бөөн хэл ам хэрүүл болж байж хаячихаад явна. Иргэд зогсоолд авто машинаа тавьж, ачилтын компаниудад хариуцлагатай ажилламаар байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Эхлээд зогсоолоо бэлдээд дараа нь шийтгэмээр байна 1-эмнэлгээс хүн гаргах гээд зогсоол олдохгүй зүүн хаалганы дэргэд зөндөө машин зогсож байхаар нь ороод ирэх хооронд торгосон байсан бас Хан -Уул дүүргийн 18-р хорооны Мэнд Саруул өрхийн эмнэлгийн үүдэнд ямар ч зогсоолгүй байж бас зам дагуу зогсоход торгоно настай хүмүүсиыг өөр хаана яаж үзүүлж харуулах вэ