НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн пи ар эхэлжээ. Тэдний нэг Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Г.Гангамөрөний замын түгжрэлд машин дотроо ногоо арилгаж, хоол хийж байгаа зураг цахим орчинд багагүй шуугиан тарив. Нийслэл хотын замын түгжрэл нээрэн ч хоол хийж, хувцас угаагаад хатахаар хэмжээний урт удаан хугацаанд үргэлжилдэг. Зам харилцаа, тээврийн бодлогоо цогцоор нь шийдэж замын түгжрэлийг сааруулахгүй бол өглөө ажилдаа явж, орой харих гэж гэж зам дээр 2-3 цагийг үрж байгаа нь нууц биш. Энэ дутагдлыг соргогоор харж доёолсон нь нэг бодлын үнэний хувьтай. Нөгөө талаар энэ нь цахим сүлжээнд иргэдийн шүүмжлэлийг дагуулсан үйлдэл болсон юм. Тухайлбал, иргэд “нүдээ олоогүй наргиа байлаа, хөгжилтэй юм аа, арай ч ингэж доромжилж болохгүй ээ” гэх мэтчилэн олон янзаар харжээ. Тэгвэл нэр дэвшигч Г.Гангамөрөн өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. “Улаанбаатар хот маань 1.5 сая хүн амтай. Автомашины тоо 700 мянган орчим бөгөөд хүн амын талаас илүү хувь нь автомашинтай зорчиж байна. Гэтэл хотын ерөнхий төлөвлөгөө 1975 оныхоороо байгаа тул хүн ам өсөхийн хэрээр авто зам маань ачааллаа даахаа байж, түгжрэл үүсэж байна.
Түгжрэл дунд айл өрхийн эзэгтэй нар хамгийн их цаг заваа бардаг. Яг үнэндээ энэ зургийн агуулга нь эмэгтэй хүн гэртээ хоол хийх цагаа авто зам дээр түгжирч өнгөрөөж байна. Хэрэв түжрэлгүй гэртээ очдог байсан бол тэр хугацаанд ямар ч сайхан хоол хийх байсан. Тиймээс эзэгтэй нараас хоол яагаад хийгээгүй юм бэ гэж асууж болохгүй гэж эмэгтэйчүүдийнхээ талд орж пост оруулсан. Тиймээс авто замын түгжрэлийг бууруулах, явган хүний болон дугуйн зам талбайг сайжруулах хэрэгтэй” гэсэн юм. Хүн бүрийн харах өнцөг өөр. Замын түгжрэлд залуу насаа өнгөрөөж байгаа хүн бүр авто замын түгжрэлийн талаар дуугарч, шийдвэр гаргагчид дорвитой ажил эхлүүлж, даацтай бодлого хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ.
Сэтгэгдэл ( 0 )