АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг хувийн компаниудад хандан сарны гадаргуугаас реголит буюу хөрс, шороо дэлхий рүү авчирч, НАСА агентлагт худалдах шагналт уралдаанд оролцохыг санал болгожээ.
НАСА агентлагийн захирал Жеймс Брайденстайны хэлснээр, тус агентлаг хувийн компаниудад сансарт байгалийн баялаг олборлох талаар санал ирүүлэхийг хүссэн байна. Эдгээр санал 1967 оны сансрын тухай гэрээ болон бусад холбогдох олон улсын гэрээ, конвенцтой нийцэх ёстой аж. Ингэснээр, НАСА хүн төрөлхтөнд тустай нээлт, сансрын байгалийн баялгийг олборлох шинэ эрин үеийг эхлүүлэхийг зорьж байна. Уралдаанд оролцогчид сарны дурын цэгээс 50-500 грамм чулуу, хөрс цуглуулж, үүнийг баталсан дүрс бичлэг, тухайн байршлын талаарх мэдээлэл, болон олборлосон “олзоо” НАСА агентлагийн өмчлөлд 2024 оноос өмнө шилжүүлэх үүрэг хүлээж байна. Сарнаас цуглуулсан материал зөвхөн НАСА агентлагийн өмч байх ба судалгаанд ашиглагдах гэнэ. Энэхүү уралдаан АНУ-ын төдийгүй бусад орны хувийн компаниудад нээлттэй.
Тухайн компанитай гэрээ байгуулсны дараа шагналын нийт хэмжээний 10 хувийг, сарны реголит цуглуулах зорилготой сансрын хөлөг хөөргөсний дараа 10 хувийг, даалгаврыг амжилттай биелүүлсний дараа 80 хувийг олгоно гэж НАСА амлажээ. Ингэхдээ дээж бүрийг 15-25 мянган ам.доллароор худалдан авах гэнэ.
АНУ-ын "Аполло" хөлөг 1969-1972 оны хооронд нийт 382 кг сарны хөрс эх дэлхийдээ авчирч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )