Байгаль нуурын орчим 5.9 баллын хүчтэй газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22

ОХУ-ын Эрхүү мужийн нутаг дэвсгэрт, Байгаль нуурын орчим 5.9 баллын хүчтэй газар хөдөллөө гэж тус улсын Онцгой байдлын яамны ерөнхий газраас мэдээлжээ.

Даваа гарагаас /2020.09.21/ мягмар гарагт шилжих шөнө орон нутгийн цагаар 02.04 цагийн үед болсон газар хөдлөлтийн голомт Эрхүү хотоос баруун урд зүгт 83 км зайд, хоёр метрийн гүнд бүртгэгдсэн байна. Газрын чичирхийлэл тус мужийн 12 дүүргийн нутаг дэвсгэрт мэдрэгдсэн бөгөөд хохирлын талаар мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн оршин суугчдын ярьснаар, орон нутгийн цагаар 02.20 цагийн орчим дахин чичирхийлэл мэдрэгджээ. Газар хөдлөлт Байгаль нуураас 150 км зайд орших Усолье-Сибирский, 470 км зайд орших Тулунд хүчтэй мэдрэгджээ. Эрхүү хотын захиргаа өндөржүүлсэн бэлэн байдал зарласан бөгөөд аврагчдын хоёр баг хотод ажиллаж байна.

Мөн энэ үеэр Буриад улсын дөрвөн дүүрэгт 2.5-3 баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Оросын Шинжлэх ухааны академийн Физикийн хүрээлэнгийн шинжээчид газар хөдлөлтийг өдөөсөн шалтгааныг шинжлэх шаардлагатай гээд ойрын үед энэ бүсэд илүү хүчтэй үзэгдэл гарч болзошгүйг анхааруулжээ.

Хамгийн сүүлд Байгаль нуурын орчим өнгөрсөн долоодугаар сарын 6-нд бага зэргийн газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.


Газар хөдлөлт Улаанбаатарт хүчтэй мэдрэгджээ

Есдүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 28 километрийн зайнд 5,8 магнитудын, 02:19:52 цагт ОХУ-ын Слюдянка тосгоноос баруун хойд зүгт 27 километрийн зайнд болсон 5,1 магнитудын хоёр удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Дархан, Орхон, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн иргэдэд хүчтэй мэдрэгджээ. 

Он гарсаар өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Түүний дотроос магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top