Аврагчид 180 халимыг аврахаар ЦАГТАЙ УРАЛДАЖ байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 22


Австралийн Тасманийн арлын баруун Маккуори элсэрхэг эрэг орчим гацсан 270 халимаас 90 нь үхэж, үлдсэн 180 халимыг аврах ажиллагаа үргэлжилж байна.

Аврагчид халимнуудад илүү гүнзгий усанд оруулж, нээлттэй далайд гарахад нь тусалж байгаа бөгөөд аврах ажиллагаа хэдэн өдөр авна гэж тооцоолжээ. Хэдийгээр халим Тасманийн арал орчим элсэн “хавханд” орох нь элбэг тохиодог ч ийм олон тоогоор гацсан тохиолдол сүүлийн арван жилд гараагүй байна. Халимнуудад зөвхөн завиар дөхөж очих боломжтой тул аврагчдын тоог хязгаарлаж, аврах ажиллагааг удаашруулж байгаа гэнэ. Одоогийн байдлаар аврагчид, сайн дурынхан нийлсэн 60 хүн халимнуудыг аврахаар цагтай уралдан, хүйтэн, нойтон, өвөрмөц даралттай урсгалтай нөхцөлд ажиллаж байна гэж Channel News Asia суваг мэдээлжээ. Гэхдээ энэ нөхцөл нь халимнуудын хувьд хэт халах, усгүйдэхээс хамгаалахад тохиромжтой гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Эдгээр халим олон тоогоор тус арлын гүехэн эрэг орчим ирсэн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч эрдэмтэд халимын сүрэг эрэг орчим ан хийж байгаад гацсан эсвэл чиглэлээ алдсан байж болзошгүй гэж таамаглаж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top