БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам БНАСАУ-ын хилээс холгүй алга болсон тус улсын Загас агнуурын яамны дэргэдэх Загас агнуурын албаны байцаагчийг Хойд Солонгосын нутаг дэвсгэрт буудаж, цогцсыг нь шатаасан гэж пүрэв гарагт /2020.09.24/ мэдэгдсэнийг Ёнхап агентлаг дамжуулжээ.
БНСУ-ын Батлан хамгаалах яам эл хэрцгий үйлдлийг эрс буруутган, Хойд Солонгосоос тайлбар хийж, буруутай этгээдүүдийг шийтгэхийг уриалсан байна.
Өнгөрсөн даваа гарагт алга болсон байцаагч моторт завьтай хоёр Солонгосыг заагласан хилийн шугамаас өмнөд зүгт 10 км зайд шалгалт хийж байжээ. Үдийн хоолны үеэр хамт ажилладаг хүмүүс нь түүнийг алга болсныг анзаарч, эргийн хамгаалалтад мэдэгдэн, эрлийн ажлыг эхлүүлжээ. Завинаас түүний гутал нь олдсон байна. Цэргийн тагнуулын мэдээлснээр, алга болсон байцаагчийг БНАСАУ-ын нутаг дэвсгэрт мягмар гарагт аваачиж, буудан хороосныхоо дараа цогцсыг нь шатаажээ. Хэрэг явдал Бага Ёнпхён арал орчим гарсан байна.
БНСУ-ын Батлан хамгаалах яам энэ асуудлаар Хойд Солонгосын талтай хэрхэн холбогдож, ярилцсан талаарх мэдээлэл хараахан тодорхойгүй байна. Өнгөрсөн зургаадугаар сард Өмнөд Солонгосын талаас ухуулах хуудас илгээсний улмаас Хойд Солонгосын тал Өмнөд Солонгостой бүх харилцаа холбоогоо тасалсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )