Киргизэд энэ сарын 4-нд болсон парламентын сонгуулиас хойш олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилж байна. Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцож, дахин санал хураалтыг 60 хоногийн дотор зохион байгуулахаар болжээ.
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Киргизэд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан оролцогч талуудад хүлээцтэй хандаж, хүчирхийллээс түдгэлзэж, яриа хэлэлцээ хийхийг уриалжээ.
-Киргизийн парламент шуурхай хуралдаж, сөрөг хүчний намын улстөрч Садыр Жапаровыг Киргизийн Ерөнхий сайдаар томилжээ. 2013 онд тухайн үеийн мужийн амбан захирагч асан Эмилбек Каптагаевыг барьцаалсны төлөө 11.5 жилийн хорих ял эдэлж байсан Жапаровыг жагсагчид суллаж гаргасан билээ. Киргизийн Дээд шүүх түүнд оногдуулсан ялыг хүчингүй болгосон байна.
-Тус улсын парламентын спикер Дастанбек Жумабеков өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа татгалзжээ. Парламентын ээлжит бус чуулганаар шинэ спикерээр “Бирбол” бүлгийн гишүүн Мыктыбек Абдылдаевыг сонгосон байна.
-Зуу гаруй үл таних этгээдүүд Бишкек хотын дулааны цахилгааны станцын нүүрсний гол нийлүүлэгч, Киргизийн хамгийн том нүүрсний уурхай болох “Кара Кече”-г эзлэн авчээ. Гэмт этгээдүүд нүүрсний борлуулалтаас олсон долоон мянган ам.долларыг авч, тус салбарын захирал, ерөнхий инженерийг өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхийг тулгаж, удирдлагыг өөрчлөхийг шаарджээ. Мөн алт, зэсний уурхайнуудыг эзэлсэн байна.
-Хэсэг сайн дурынхан Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековын өргөөг хамгаалахаар тус өргөөний дэргэд цуглараад байна. Орон нутгийн хэвлэлүүд Ерөнхийлөгчийн өргөөний зүг жагсагчид хөдөлсөн тухай мэдээлсэн бол сайн дурынхан ард иргэдэд хандан, аюулгүй байдлыг хангах үүднээс хамтарч ажиллахыг уриалжээ.
-Тус улсад үүсээд буй эмх замбараагүй байдлыг таслан зогсоох зорилгоор сайн дурынхны бүлгүүд байгуулагдаж, хууль хүчнийхэнтэй хамтарч байна.
-Бишкек хотын захирагчийн үүргийг нэгдүгээр орлогч захирагч Алмаз Бакетаев гүйцэтгэхээр болжээ. Бишкекийн захирагч Азиз Суракматов огцрох өргөдөл гаргасны дараа парламентад нэр дэвшигч Жоошбек Коневалиев өөрийгөө тус хотын захирагчаар зарлаж, эл богино хугацаанд тушаал гаргаж амжжээ. Тэрбээр парламент байрладаг төрийн ордныг тойрсон хашааг буулгах тушаал өгч байсан гэж https://24.kg мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )