Ш.Алтанцэцэг: Эфирийн тос гоо сайхны үнэт түүхий эд болдог

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Эфирийн тосны  судалгаа, хэрэглээ, ач холбогдлын  талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ш.Алтанцэцэгтэй ярилцлаа.
 

-Орчин үед  үнэрээр эмчлэх тухай ихээхэн яригддаг болсон. Эмчилгээний гол хэрэгсэл нь эфирийн тос болж байх шиг байна. Танай хүрээлэн эфирийн тос гаргаж аваад удаж байгаа. Дээрх чиглэлээр үйлчилгээ явуулдаг газруудтай хамтран ажилладаг уу. Энэ эмчилгээ үнэхээр ач холбогдолтой юу?

-Сүүлийн жилүүдэд манай улсад үнэрээр эмчлэх эрүүл ахуй, гоо сайхны бэлдмэл худалдаалагдах болсон. Үнэрээр эмчлэх ухаан-ароматерапи бол бидний судалгаатай нягт холбоотой. Амин холбоотой үнэр гэдэг нь ургамлын цэвэр байгалийн эфирийн тосыг хэлдэг юм. Манайд энэ салбар шинэ зүйл биш л дээ. Эрт дээр үеэс л манай Монголчууд байгальтайгаа харилцан шүтэлцээтэйгээр их ойр амьдарч байсан бөгөөд үр шимийг нь хүртэн зөв зохистой ашиглаж, өдөр тутмын ахуйдаа хэрэглэж хойч үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай. Тодруулбал сэтгэл санаа, амьсгалын замын эрхтнийг ариутган, мэдрэл амьсгал, зүрх судас, ходоод гэдэсний өвчинг байгалийн үнэрт цэцэгт ургамлаар эмчлэн эдгээх ач тустай даль сурнаг, агаар орчин ариутган сэргээх анхилуун үнэртэн агь сургар, балган бургас, шар зээргэнэ гэх мэт таван ургамлаар мэдрэлийн ядаргаа тэнхээ тамир алдрах, үе мөчний эмгэг анагаах рашаан зохион бүтээж эмчлэн сувилж байв. Үнэр бол хүмүүсийн хамгийн боловсронгуй дээд зэргийн мэдрэмж. Байгалийн шалгарлын явцад хүн, амьтан үнэрийн тусламжтайгаар хоол тэжээлээ олох, хор аюулаас урьдчилан сэргийлэн амьдралаа зохицуулж, ургамлын үнэртэн бодисыг эрт цагаас амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Тухайлбал, үнэртэн ургамлыг шатааж утах, уух, шүрших, түрхэх, жин тавих гэх мэт.  Өвөл, хаврын улиралд төрөл бүрийн шилмүүсэн эмчилгээ, сувилгаа хүмүүсийн эрүүл мэнд хөдөлмөрийн бүтээмжинд нөлөө үзүүлдэг. Мөн тасалгааны агаарыг эфирийн тосоор ариутгах нь нэн хэрэгтэй.

Манай хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораториос гаргаж буй инновацийн нэгэн шинэ бүтээл болох шилмүүст моддын эфирийн тосны талаар тодотгон ярих нь зүйтэй болов уу. Бид олон жилийн судалгаа шинжилгээний үр дүндээ үндэслэн нарс, хуш, арц болон шилмүүст моддын холимог гэх мэт эфирийн тоснуудыг бага оврын үйлдвэрлэлийн хэмжээнд гаргаж, тэдгээрийг хэрэглэх зааварчилгааны хамт олон нийтэд танилцуулж байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд маань исэлдэлт, бактер, мөөгөнцөр, үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь олон жилийн туршилт судалгаагаар нотлогдсон, 100% цэвэр бүтээгдэхүүн.  Гоо сайхан, эрүүл ахуй, үнэрт бүтээгдэхүүний түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжтой. Маш эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэг болсон.

-Эфирийн тосыг ямар салбарт түлхүү ашиглаж байна. Эмчилгээний зорилгоор ихэвчлэн ашиглаж байна уу, эсвэл гоо сайханд түлхүү хэрэглэгдэж байна уу?

-Эфирийн тостой анхилуун ургамлыг хүнс, хөнгөн үйлдвэрийн маш олон салбарт ашигладаг. Хүнсний үйлдвэрлэлд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, амт чанарыг сайжруулах, эмчилгээ сувилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эд, экстракт, эфирийн тос, эссенц, концентрат гэх мэт олон хэлбэрээр хэрэглэнэ. Мөн анагаах ухаанд эфирийн тост анхилуун ургамлыг төв мэдрэлийн тогтолцооны, зүрх судасны, амьсгалын замын, хоол боловсруулах эрхтний эмгэгшилд, бөөр давсагны замын өвчинд, цөсний өвчинд хэрэглэдэг. Байгалийн цэвэр эфирийн тост эмийн ургамал бол нийлэг, зохиомол, дууриамал эм бэлдмэлээс хавьгүй эрхэм, үнэт түүхий эд гэж үздэг. Гоо сайхан-косметикийн үйлдвэрт ч мөн өргөнөөр ашигладаг. Тэгэхээр эфирийн тост ургамал, түүний тансаг үнэртэй тосгүйгээр парфюмерийн духи, одеколон, эрүүл ахуйн үнэртэн ус, косметикийн гоо сайхан, эрүүл ахуй, эмчилгээний бэлдмэлүүд, амралт сувиллын зориулалттай мэдрэл, зүрх судас, үе мөч, амьсгалын өвчин илааршуулах, бариа засал, иллэг, ядарч доройтсон эд эрхтний ажиллагааг нөхөн сэргээх төрөл бүрийн халуун ууран рашаан үйлдвэрлэл зэрэг явагдах боломжгүй юм.

-Монгол оронд ургадаг эфирийн тост ургамлуудаас дэлхийн зах зээлд экспортлогдох үнэ цэнэтэй ургамал байдаг уу?

-Байдаг гэж хэлж болно. Хэдийгээр манайд дэлхийн зах зээлд өндөр үнэлэгддэг Болгарын сарнай (Rosa damascena), мелисса (Melissa officinalis), лаванда (Lavandula officinalis), камфорын (Cinnamomum camphora) болон эвкалипт мод (Eucalyptus globulus) зэрэг ургамлууд ургадаггүй боловч эдгээр ургамлын эфирийн тосны гераниол, нерол, гераниал, нерал, линалоол, линалилацетат, камфор, цинеол гэх мэт тансаг үнэртнийг орлуулах боломжтой, цаашид экспортод гаргах ирээдүйтэй ургамлууд болох шимэлдэг, үсүү, ялангуяа камфор, цинеол үлэмж ихээр агуулдаг 30 гаруй зүйлийн шарилж, шаваг манай говь нутагт ургадаг. Жишээ нь: АНУ-ын зах зээлийн хэрэгцээг хангаж буй Испани ганганы тимол фенолтой эфирийн тосыг говийн ганга (Thymus gobicus)-ны эфирийн тосоор орлуулах боломжтой.

-Та өөрийнхөө судалгааны ажлынхаа амжилт, үр дүнгээс хуваалцаач?

-Эфирийн тос судлалын багийнхан маань одоогийн байдлаар 16 овог, 40 төрөл, 124 зүйлийн эфирийн тосны моно-сесквитерпен, моно-сесквитерпеноидыг судлаад байна. Моно-сесквитерпеноид химийн нийт 4000 гаруй нэгдлийг таньж тогтоосон нь терпеноид бодисын ургамалд үүсэн бүрэлдэх биогенез, хемо-таксономын зүй тогтлыг онолын үүднээс тайлбарлах, тэдгээрийг анагаах ухаан, хүнсний тэжээл, эрүүл ахуй, гоо сайхны үйлдвэрлэлд шинэ түүхий эд, бүтээгдэхүүний дэвшилтэт технологи туршин нэвтрүүлэх шинжлэх ухааны үндэслэл боловсруулахад чухал ач холбогдолтой болж байгаа юм. Бид судалгааны үр дүнгээрээ импортын товар орлуулах улмаар экспортод гаргах боломжтой шинэ түүхий эд, бүтээгдэхүүний техник технологийн 30 гаруй патент, 40-өөд оновчтой санал, ашигтай загвар боловсруулж, 70 гаруй үндэсний стандарт батлуулж, анагаах ухаан, рашаан сувилал, хүнс-хөнгөн үйлдвэрүүдэд туршин нэвтрүүлсэн амжилттай. Мөн эрдэм шинжилгээний 560-аад бүтээл, үүний дотор нэгэн сэдэвт зохиол, шинжлэх ухаан нийтлэлийн ном, товхимол 60 гаруй, “Chemical abstracts”, “Springer”, “Taylor and Francis” тэргүүтэй гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд гадаадын олон судлаачид манай бүтээлээс өөрсдийн бүтээлдээ ишлэн авсан байдаг. Энэ бүхэн бол бидний гадаад орнуудын эрдэмтэн профессоруудтай хамтран олон төслүүд дээр судалгаа шинжилгээгээ амжилттай явуулж ихээхэн үр дүнд хүрсний тод жишээ билээ.

-Эфирийн тост ургамлыг ашиглах талаар маш олон патент, ашигтай загвар, стандарт гэх мэт бүтээлүүд гаргажээ. Одоо тэдгээрийг үйлдвэрлэлд ашиглана гэвэл мэдээж эфирийн тост ургамлын нөөц, хамгааллын асуудлын талаар яригдах байх. Энэ асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Эфирийн тос агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тухайн ургамлын нөөц, хангалтын асуудал яриангүй яригдана. Сүүлийн үед дэлхийн улс орнууд эх нутгийнхаа байгаль уур амьсгалд зохицсон эфирийн тост ургамлын тариаланг хөгжүүлж байна. Тэгэхээр нөөц, хамгааллын асуудал бол тухайн ургамлуудыг тарималжуулан бэлтгэхтэй шууд холбогдоно. Манай орны хувьд эфирийн тост ургамлын түүхий эдэд тулгуурласан үнэртэн, гоо сайхан, эм бэлдмэл болон мах, ногоо, сүү цагаан идээ, талх нарийн боов, архи ундааны жижиг, дунд үйлдвэрүүд эрчимтэй хөгжиж байгаа боловч тэдгээр үйлдвэрийн хэрэгцээг гагцхүү гадаадаас импортоор хангаж байгаа. Иймд дотоод зах зээлийн эрэлт хэрэглээний дагуу бид Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд нутагших ирээдүйтэй импортын зарим эфирийн тостой ургамлуудыг Ховдын Булган, Сэлэнгийн Зүүнхараа, Дорнодын Халхгол, Дорноговийн Эрдэнэ, Өргөн, Дундговийн Сайнцагаан зэрэг сумдын нутагт нутагшуулан тариалж, тэдгээрийг хөнгөн, хүнсний үйлдвэрүүдэд туршин нэвтрүүлж, импортын түүхий эд бүтээгдэхүүнийг орлуулан,  гадаад зах зээлээс чөлөөлөх, цаашид Монгол орны байгаль экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүн экспортлох нөөц бололцоог хангах арга замыг эрэлхийлж байна.

-Ургамал бүрт агуулагдах эфирийн тосны үнэр, шинж чанар ижил төстэй байх боломжтой юу? Ургамалдаа өөрт нь энэхүү тос ямар үүрэг оролцоотой байдаг вэ?

-Эфирийн тосны өнгө, үнэр, амт, шинж чанар нь тухайн ургамлаасаа шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тухайлбал, говийн ганга, хөх шарилжинд улаан шаргал өнгийн тимолын (пертуссины) үнэрт тос; царвант шарилж зэрэгт хар ногоон өнгийн бальзамын үнэрт тос; хар мод, жодоо, гацуур, нарс, хушинд өнгөгүй тунгалаг болоод шаравтар өнгийн давирхайн тос агуулагддаг. Мөн таана, мангир, хөмүүл нь сонгины үнэрт эфирийн тос агуулдаг. Биоидэвхит шинж чанараараа ч мөн өөр өөр. Зарим нь халдварт ханиад үүсгэгч нян устгах бактерицидийн болоод халдварт вирус өвчин үүсгэгч мөөгөнцрийг устгах фунгицидийн идэвхтэй байхад өөр бусад нь хоол хүнс бохирдуулагч ялаа шумуулын авгалдай хөнөөх ларвицидийн, хүн амьтны шимэгч хачиг хувалз устгах акарицидийн, ургамлын хортон шавьж устгах инсектицидийн гэсэн төрөл бүрийн идэвхи үйлчилгээтэй байдаг. Эфирийн тос маань өөрөө шатамхай, тэсрэмтгий шинж чанартай бодис. Түүний ач холбогдол олон ч тодорхой заагдсан хэм хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэх тохиолдолд булбарай арьс, амьсгалын салст бүрхүүл, цөс, ходоод, гэдэсний шүүрлийн булчирхайг үрэвсүүлэх, цочроох зэрэг сөрөг үйлчилгээтэй гэдгийг мэдэж байх нь зүйтэй болов уу.         

Ургамалд гүйцэтгэх үүргийн тухайд үнэр нь тансаг сайхан учир шавьж эрвээхэйг урин дуудаж тоос хүртээлгэн үр тогтоох, навч цэцэгний гадаргууд ууршсан эфирийн тос уур манан үүсгэж нарны хэт халуун туяанаас ургамлын хэт халж түлэгдэхээс хамгаалах, ургамлын ус ууршиж алдагдахаас урьдчилан сэргийлэх гэх мэт үүрэгтэй байдаг.

-Та бүхний цаашдын зорилго, зорилт юу вэ?

-Бидэнд цаашид хийх нэлээд ажлууд бий. Шинэ ургамлыг хайн илрүүлж судлан эх орны ховор, судлагдаагүй ургамлын мэдээллийг дэлхийд таниулах боломж бий болгох хэрэгтэй байна. Цаашлаад Монголын терпеноид химийн салбараа сурталчлах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээс аль болох богино хугацаанд эфирийн тостой шинэ түүхий эд, олон нэр төрлийн бүтээгдэхүүний технологи бий болгох шаардлагатай. Мэдээж терпеноид химийн салбар ухаанаар мэрэгшсэн мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх нь нэн чухал. Тэрчлэн Монголын уламжлалт анагаах ухааны болон эх газрын эрс тэс, ган халуун, хувьсамтгай уур амьсгалтай говь цөл нутгийн үнэртэн ургамлын судалгааны үр дүнд үндэслэн анагаах ухаанд төгс шийдвэрлэгдээгүй төв мэдрэл, зүрх судас, үе мөчний хүнд эмгэг төдийгүй элэг, цөс, ходоод, гэдэс, бөөр, давсаг, эмэгтэйчүүдийн олон үүсэл урхагтай хорт хавдрыг илааршуулах ач тустай эм бэлдмэл гарган авах, практикт нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх гэх мэт олон асуудал байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top