БНХАУ сарны чулууг эх дэлхий рүү авчруулахаар энэ долоо хоногт нисэгчгүй сансрын аппарат хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ нь 1970-аад оноос хойш сарны хөрсний дээжээс эх дэлхий рүү авчрах анхны оролдлого болох юм. Эртний Хятадын сарны бурхны нэрээр нэрлэгдсэн “Чан Э-5 (Chang’e-5)” сансрын хөлөг сар хэрхэн үүсэж бүрэлдсэн тогтцын талаар илүү их мэдээлэл өгөх дээж цуглуулах үүрэгтэй. Хэрэв даалгавар амжилттай болбол Хятад улс сарнаас дээж авчирсан гурав дахь орон болох юм.
Хуучнаар ЗХУ 1959 онд анх сар руу “Луна 2” хөлөг хөөргөсөн ч амжилтгүй газардаж байжээ. Түүнээс хойш АНУ-ын “Аполло” хөтөлбөрийн хүрээнд тус улсын нийт 12 сансрын нисэгч 1969-1972 оны хооронд саран дээр хөл тавьж, эх дэлхийдээ нийт 382 кг сарны чулуу, хөрс авчирч байв. 1970-аад онд ЗХУ гурван удаа нисэгчгүй хөлөг сар руу хөөргөсөн ба хамгийн сүүлд 1976 онд “Луна 24” аппарат 170.1 гр дээж авчирч байжээ.
Хятадын “Chang’e-5” урьд өмнө судлагдаж байгаагүй бүс буюу Oceanus Procellarum (Шуурган далай) нурамнаас бүтсэн тэгш газраас хоёр кг дээжийг авах зорилго агуулж байна. Ингэснээр сарны хэвлий дэх галт уулс хэр удаан хугацаанд идэвхтэй байсан, амьдралын аливаа хэлбэрийн нарны цацрагаас хамгаалдаг соронзон талбай нь хэзээ сарнисан зэрэг асуултын хариултыг авах боломжтой болох юм. “Chang’e-5” сарны тойрог замд орсны дараа хоёр төхөөрөмжийг сарны гадаргууд буулгах гэнэ. Нэг төхөөрөмж нь сарны хөрсөнд өрөмдлөг хийж, дээж аваад хүлээн авагч аппарат руу дамжуулах ба дээж бүхий аппарат сарнаас хөөрч, “Chang’e-5” хөлөгтэй дахин холбогдох юм.
Хятад улс анх 2013 онд саран дээр хөлөг буулгасан билээ. 2019 оны нэгдүгээр сард “Chang’e-4” хөлөг сарны харанхуй талд анх удаа хүрсэн. Ирэх арван жилд тус улс сарны өмнөд туйлын бүсэд судалгаа хийх зорилго бүхий роботжуулсан сарны станц байгуулахаар зорьж байна. Үүнийг “Chang’e-6”, “Chang’e-7”, “Chang’e-8” зэрэг нислэгээр гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна тус улс 2030-аад онд Ангараг гарагаас дээж авчрахаар зорьж байна. Энэ хүрээнд тус улс өнгөрсөн долоодугаар сард Ангараг гараг руу нисэгчгүй сансрын хөлөг хөөргөөд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )