Аргагүй нөхцөл байдалд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сургаж байгаа цахим хэлбэр, сургах, хичээлийг нь тасалдуулахгүй гэсэн зүтгэлийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү бидний ерөнхий боловсролын тогтолцоо, хичээлийн хөтөлбөр агуулга, хэлбэр, онцлог гээд бүгд буруу замаар будаа тээж байгааг цар тахал, хөл хорио бүр ч тодотгох аж.
Манай боловсролын систем нэгэнт гажуудсныг эрдэмтэн мэргэдээс эхлээд эгэл түмэн хүртэл шагширах болсон. Цар тахал, хөл хорионы үед ерөнхий боловсролын хичээлийг цахим хэлбэрээр зааж байгаа нь залхаан цээрлүүлж байна гэж хэлж болно. Зааж байгаа хэлбэр нь зөв ч агуулга нь нүсэрдэж байгааг хэлэх гэсэн хэрэг. Дээр нь багш нарын гэрийн даалгавар гэхээр төлжиж амжаагүй оюун ухаан, тоглож наадаж байх учиртай насанд арав дахин ахадсан ачааг үүрүүлж байна гэж болохоор.
Тэр тусмаа бага ангийн хичээлийн цаг, хөтөлбөр бол зүгээр л хүүхэд залхаан цээрлүүлэх зүйл аж. Хүүхдүүдийн танин мэдэх, тоглож наадах цагийг ор тас мартсан. Залхаан цээрлүүлэх замаар явж байгаа нь ирээдүйгээ хорлож байна гэсэн үг. Хүүхдийн сонирхол, хичээл хийх сонирхлыг нь дагуулсан, амьдрал ахуйд ойр, хүүхдийн сэтгэхүйд дөхөм зүйлээр өдөөн дур сонирхлыг нь нэмэгдүүлэх гэдэг зүйл бүр алга болжээ. Шуудхан л шахуухан хөтөлбөрөөр “нүдэж” байгаа нь хүүхдийн сурах орчинг үгүй хийсэн гэж болно. Үндсэн хуульд “Хүүхэд бүр сурах эрхтэй” гэж зааснаас тэднийг залхаан цээрлүүл гэж дурдаагүй.
Монгол хүүхэд залуучуудын оюуны чадамж, дэлхийн хөгжилтэй орнуудынхаас огт хоцроогүй гэдгийг олон зүйлээс харж болно. Оюун ухааны спорт, олон улсын зэрэглэлтэй олимпиадад оролцож байгаагаас харахад л хангалттай. Харин манай улсын боловсролын үнэлгээ дэлхийн жишгээс маш олон жилээр хоцорч байгааг эрдэмтэд сануулснаар Кембрижийн боловсролын хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх санал дэвшигдэж, оноо гэхээсээ илүү алдааг нь эдэлж сууна. Гагцхүү үүнийг Монголын хөрсөнд хэрхэн ургуулах вэ гэдгээ эхлээд бодох ёстой байв. Гэтэл бид шууд л шинэ сортыг авчирч ургуулахаар суулгасан ч ерөөсөө үр дүнд хүрээгүй. Харин ч эсрэгээрээ гамшгийн шинжтэй болжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Mash zuv hellee,manai bolovsroliin sistem unendee ali ert dampuursan shu de,zalhaan tseerluulelt gej heleh ch bagadna
Маш үнэн зөв. Бага насны хүүхэд ялангуяа 6 настнуудад хэтэрхий их ачаа үүрүүлснээс хүүхэд ядарч сульдах аюулд өртөх магадлал өндөр байна. Ерөөсөө хүүхэд гэртээ цахим хичээл үзэж байгаа нэртэй эх эцгийнхээ дарамтан дор гэрийн хорионд байна. Эх эцэг нь зааж сургахаасаа илүү аашилж загнах нь олон. Иймээс хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах нь чухал байна.