Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамцын АНУ-д морилж Нью-Йоркийн музей, Хойд Америкийн бурхны шашны төвүүдэд ном айлтгахдаа сүсэгтнүүдийн асуултад хариулсан ярилцлагыг хүргэж байна. Коронавирусний цар тахлын улмаас дэлхий даяараа хөл хорионд байгаа энэ өдрүүдэд Дээрхийн гэгээнтний айлдвар энэрэл нигүүлслийн гэгээ татуулах биз ээ.
-Хүн төрөлхтөний чин хүсэл юу вэ?
-Нарны бүлээн элч ээсэн энэ сайхан өдөр миний үгийг сонсохоор өөр өөр хэл, зүйл бүрийн хувцас өмсгөлтэй, сүсэг бишрэлийн хувьд ч харилцан адилгүй олон хүн цугларчээ. Гэхдээ бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг талаасаа яг ижил юм. Бид бүгд “би” гэсэн байгалиас заяасан оюун ухаан бүхий хүмүүс. Бид бүгдээрээ л зөвхөн аз жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй. Энд цугларсан сүсэгтнүүд, миний дэргэд суугаа хуврагууд бүгдээрээ л жаргах юмсан, өвдөж зовохгүй юмсан гэсэн нэгэн санаа өвөрлөдгөөрөө ижилхэн. Зөнгөөрөө л сэтгэлд ургадаг ийм бодолтойгоо бид амьдардаг.
Тэр бүү хэл бүгдээрээ амгаланг бий болгож, зовлонгоос салах бололцоотой гэдгээрээ ижил юм. Хүсэж байгаа аз жаргал, үл хүсэх зовлон гэдэг ямар мөн чанартай болох талаар ажиглаж үзэх юм бол олон төрөл зүйлтэйг ялгаж мэдэх боломжтой.
Үүнд гадаад жаргал зовлон, дотоод сэтгэлийн жаргал зовлон гэсэн хоёр төрөл байдаг. Гадаад эд зүйлд тулгуурлан аз жаргалд хүрэхийг хүсэх, дотоод сэтгэлээ хөгжүүлэн аз жаргалыг эрэх гэсэн ялгаа бүхий хоёр арга бий. Үндсэн зовлон ижил боловч бидний дотоод сэтгэхүйгээс шалтгаалан түүнийг даван туулах байдал, сэтгэлээ барьж, хянаж чадах байдалд ялгаа гардаг. Тиймээс сэтгэхүй нь бидний амьдрах ухаанд маш чухал зүйл юм. Түүн дотроос сайн санаа, дотоод сайхан сэтгэл, энэрэл хамгийн чухал. Сэтгэл сайн, үйлдэл зөв бол тухайн хүн өөрөө жаргаад зогсохгүй, гэр бүл, үр хүүхэд, эцэг эх, найз нөхөд, хамт олон, айл хөрш бүхий л хүмүүстээ аз жаргал түгээнэ. Хэрэв сайн сэтгэлээр дутмаг бол эсрэгээрээ эргэнэ шүү дээ. Өнөөдөр сайн санаа, асрангуй сэтгэл нь хүн төрөлхтөний нийгэмд хамгийн чухал болоод байна. Зөвхөн өөрийн амин хувийн хэрэгт бусдыг ашиглах нь зүй бус андуурал гэдгийг мартаж болохгүй.
Бид хүн болж мэндэлсэн цагаасаа эцэг эхийн хайраар бойжиж өссөн. Амьдралын төгсгөлд өтлөх үедээ бусдын сайхан сэтгэл, энэрэл хайранд дулдуйдах хэрэг гарна. Амьдралынхаа эхлэл, төгсгөл хоёрт бид ингэж бусдын асрал энэрэлд тулгуурлах учиртай учраас энэ насандаа бусдад тус дэм, асрал, энэрэл үзүүлж байх нь зохистой.
-Бусдыг өвчин зовлонгоос гэтэлгэхийн тулд юу хийх хэрэгтэй бол?
-Би гэж хэлэхэд нэг л хүн, бусад хүн гэхэд тоогүй олон юм. Тооны талаас аваад үзсэн ч дан ганц би жаргах, тоо томшгүй олон хүн аз жаргалд хүрэх хоёрт их ялгаа бий. Хэрэв хувь ганц хүн тулгарсан зовлонгоо тэсэж тэвчиж чадахгүй бол бусад олон түмэн хэрхэн тэвчиж гарах билээ. Иймд бусдын тусын тулд өөрийн зовлонг тэсэн гарах учиртай. Бусдын зовлон миний буруугаас үүдэлтэй байж мэдэх юм. Тиймээс бусдад зовлон үзүүлэхгүйн тулд өөрийгөө хянах ёстой.
-Уур хүрсэн үед яах вэ?
-Хэзээ нэг цагт уурлаж үзээгүй хүн байхгүй. Уур хилэн аз жаргал өгдөггүй гэдгийг хүн бүр мэднэ. Уурласан үедээ жаргадаг хэн байх билээ. Өвчнөө эдгээхийн тулд уурлах хэрэгтэй гэж зөвлөдөг эмч байхгүй. Уурлавал сэтгэл уужирна гэж хэлдэг хүн байхгүй. Ийм учраас муу сэтгэл, нисваанис төрөх боломжийг хэнд ч олгож болохгүй. Өөрийн амийг чухалд тооцдоггүй хүн байхгүй атлаа уурын эрхэнд автсанаас амиа хорлохдоо тулдаг тохиолдол бий шүү дээ. Нисваанис, буруу сэтгэл төрөх юм бол оволзож эхлэхээс нь урьтаж тохирох ерөндгийг нь олж хорьж хаах нь чухал. Жишээ нь, агаар салхинд гарах юм уу, амьсгалаа уужим авч сэтгэлээ төвлөрүүлэх хэрэгтэй. Уур хилэн хэтэрвэл бусдад балмад ширүүн үг хэлэх, бүр биеийн хэрцгий догшин үйлдэл гаргаж хүнийг гэмтээж хохироон, бүр аминд нь хүрч гэмт хэрэг хийхэд хүргэж мэднэ. Бас тэр буруу үйлдэл нь ирээдүйд өөр зовлонг ч үүсгэх муу сүүдрийг үлдээдэг.
Тийм учраас “Урьд юу хийснээ одоогийн энэ бие дээрээс хар, хойшид хаашаа явахаа одоогийн сэтгэл дээрээсээ ажигла” гэдэг. Аз жаргал буяны үйлээс, зовлон зүдгүүр нүглийн үйлээс үүдэлтэй учир нүглийг тэвчиж буян хийх ёстой юм.
-Амжилтад хүрч чадахгүй бол яах вэ?
-Шантарч болохгүй. Хүн бүрийн хүч бололцоо ижил гэдгийг сана. Өөрийгөө азгүй, үнэ цэнгүй гэж бодвол туйлын эндүүрэл. Өөрөө өөрийгөө хуурч байгаа хэрэг. Чамд хүсэл тэмүүлэл байвал юуг ч хийж бүтээж чадна. Хэрэв шантраад, хойш суугаад байвал ямар ч үр дүнд хүрэхгүй. Тийм ч учраас бурхны сургаалийн судруудад “Чи бол өөрөө өөрийнхөө итгэл, аврал мөн” гэж сургадаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Чи юуг ч хийж бүтээж чадна шүү дээ.
-Монголчууд ба бурхны шашны хооронд барилдлага бий юу?
-Монголчууд эрт дээр үеэс одоог хүртэл бурхны шашныг голлон шүтэж байгаа. Миний Далай гэдэг алдрыг ч эрт цагт монголчууд өгсөн байдаг. Тийм учраас Далай ламын үе үеийн дүрүүд болон монголчуудын хооронд ч өвөрмөц барилдлага бий.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
mash ih bayarlalaa
ta mini urt naslaj udaan jargaarai