Хятад актив удирдлагын томоохон компанийн тэргүүнд цаазын ял оноов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 01 сарын 06

Хятадын Тяньжин хотын шүүх Хятадын Коммунист намын (ХКН) хорооны нарийн бичгийн дарга асан, Хятадад хамгийн томд тооцогддог “China Huarong Asset Management Co., Ltd” актив удирдлагын компанийн ТУЗ-ын дарга Лай Шяоминьд цаазын ял оноожээ.

“Global Times” сонинд мэдээлснээр, түүнийг авлига, хээл хахууль, хоёр эхнэртэй байсан гэж буруутган, ялын дээд хэмжээг оноосон байна. 2018 оны намар Лай Шяоминийг ХКН-ын сахилга, хууль дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэн намаас хөөж байжээ. Мөрдөн шалгалтын явцад Лай Шяоминь нь улс төрийн хуйвалдаанд оролцож, холбогдох хүмүүст албан тушаал ахихад нь тусалж, хяналт шалгалт хийхэд саад учруулж байсан нь тогтоогджээ. Тэрбээр мөн үнэтэй бэлэг сэлт, тэр дундаа их хэмжээний мөнгө авч, үнэтэй ресторан, клубд хууль бусаар хүлээн авалт зохион байгуулж, хувийг эрх ашигт нийцүүлэн албан тушаалаа ашиглаж байжээ. Түүнийг мөн нийтийн эд хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэж байна.

Лай Шяоминь (59 настай) 1983 онд Хятадын Ардын банкны бүтцэд ажлын гараагаа эхэлж, 2003 он хүртэл янз бүрийн алба хашиж байгаад тухайн онд Банкны үйл ажиллагааг хянах улсын хороо руу шилжсэн байна. 2009 онд тэрбээр “China Huarong Asset Management Co., Ltd” компанид орж, 2012 онд тус компанийн ТУЗ-ын даргаар томилогдож байжээ.
 

Top