Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 36 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 01 сарын 15

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ХААШ ЯВБААС ХҮНДЛЭГДЭХГҮЙ СҮН ЖЯН-ЫГ ХӨӨХ

ЧУАНЬ ХУ ЭР СҮН ШУА ЯНЬ ЖАНЬ МӨРНИЙГ ТҮРВҮҮЛЭХ

Өгүүлэх нь, Сүн Жян энэ хүмүүнд мөнгө таван лан гаргаж эс өгсөн болбоос Же Янь Жэнь хэмээх хотод юунд ийм хэрэг гармуй.

Тэндээс тэр хүмүүн өгүүлрүүн: - Чи нь нэгэн цөлөгдөх ялт хүмүүн бөгөөд яахин ийм их мөнгө авч яваа билээ. Бас чи манай Жей Янь Жэнь хотыг мөнгөгүй хэмээн санаж егөөлөн ийнхүү энэ хүмүүнд таван лан шагнав уу, манай хотод таван лан шагнах байтугай таван мянган лан шагнавч бидний дур хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Чи ямар хэцүү хүмүүн. Тийм бөгөөс чиний энэ хотод хэдий мөнгөтэй боловч чамаас тэргүүлэн өчнөөн хүмүүн энэ хүмүүнд нэгэн лан байтугай нэг ч зоос өгөх хүмүүн үгүй бөгөөтөл миний өгсөн таван лан мөнгөнд юунд хорсмуй. Чиний мөнгийг өгсөн бус би өөрийн мөнгийг дуртайяа өгөв. Чамд юун хамаа хэмээхэд тэр сайн эр үнэхээр уур нь хүрч тачаагаад Сүн Жян-ыг даруй нүүрийн тус нударгалан занчихад Сүн Жян мөн уур нь хүрч түүн лүгээ эр эмээ үзэлцэх хэмээж ноцолдон байтал тэр таван лан мөнгө хүртсэн цэргийн эрдэмт сайн эр давшин ирж Сүн Жяныг өмгөөлөн тэр хүмүүнийг нэгэн гараар толгойгоос нь бариад нэгэн гараар бүснээс нь барьж дээш өргөж аваад газар хаяад бас нэгэн хөлөөр өшиглөж түүнийг занчъя хэмээхэд олон хүмүүн хориглож зогсоов.

Үүнд тэр хүмүүн босон явъя хэмээвээс бүхий баян нь хүндэрч босон үл чадав. Арайхийн мөлхөж бага яваад ийн өгүүлрүүн: - Чи эдүгээ намайг занчиж ийнхүү болгов. За бүү яарагтун хожим учиръя хэмээхэд тэр Жоу Доу хэмээх хүмүүн дахин хойноос очиж занчих хэмээтэл Сүн Жян хориглон өгүүлрүүн: - Эрхэм Жоу Доу дүүгийн алдар нэр хэн хаана суудаг хэмээн асуухад тэр хүмүүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний нутаг Ху Нань, Лоу Янь Жань-ий хүмүүн овог Сюай нэр Юнь, эцгийн нэр Лү Чүнь Жинь яамны тэргүүлэгч цэргийн дарга бөлгөө. Миний эцэг харъяат яамны их бага албаны хүмүүн нар лугаа эв найрал үгүй тул даруй яамнаас хөөгдөөд амь зуух аргагүй тул өчүүхэн хүмүүн хөвгүүн би арга үүсгэж цэргийн бага сургасан эрдэм ба гоёо худалдахаар газар газарт хэсэж явдаг билээ. иймийн тул олон хүмүүн өчүүхэн хүмүүнд өвчит барс хэмээн цол шагнав хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ нь чухам сайн эрийн тэмдэг хэмээхэд Сюэ Юнь өгүүлрүүн: - Эрхэм ахын алдар нэр хэн хэмээдэг, аль газраас хаана хүрэх ямар хэргээр яахин ийм болсон зэргийг асуусанд Сүн Жян өгүүлрүүн: - Молхи ахыг Мин Жоу-ийн хүмүүн урьд зальхай эм Фан Пү Эр-ийг алаад тэр хэрэгт Жань Жоу-д цөлөгдөхөөр яваа билээ. Нэр Сүн, овог Жян хэмээхэд Сюэ Юнь өгүүлрүүн: - Аяа ах би чиний өндөр алдрыг эртний сонссон боловч хувь доройн эрхээр эс учирч бараалхав. Хэдийн сонсвол Шаньдун мужийн хурдан салхи хэмээх Сүн Тай Гүн мөн буюу хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Молхи ах даруй мөн хэмээсэнд Сюэ Юнь газар сөгдөн мөргөж маш их ёслоход Сүн Жян гараас нь барьж дээш босгоод ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү чи сонс, эртний ерөөл байваас энэ нас байтугай эцэс хойдод тус болох буян хийх хэмээжээ. Иймийн тул энэ өдөр эрхэм дүүгийн эрдмийг үзэж байтал, зальхай хүмүүн ирж өчүүхэн миний зүдэрсэн биеийг занчихад машид айн байтал мэргэн дүү тусалж амь аврав. Одоо нэгэнт танилцсан тул энд архины пүүсэнд орж бага архи ууваас болох буюу хэмээсэнд Сюэ Юнь өгүүлрүүн: - Ахын хэлэх нь маш зүйтэй харин би урьд сонсгох хэмээж байтал ах айлдав.

Одоо энэ өмнө нэгэн архины пүүс буй хэмээгээд явж тэр архины пүүсэнд орж архи ууя хэмээтэл тэр архины пүүсийн тэргүүлэгч өгүүлрүүн: - Манай пүүсэнд өнгө өнгийн архи буй дээр элдэв нарийн ногоо мах буй. Боловч энэ өдөр та бүгд лүгээ цуугин занчилдсан хүмүүн та нарт архи худалдан өгч болохгүй. Хэрвээ өгвөөс таны өчүүхэн пүүсийг эвдэх байтугай хүмүүний амь биеийг чинь дуусмуй хэмээсэн билээ. Тиймийн тул та нарт худалдахгүй хэмээсэнд тэр дөрөв арга буюу архины пүүс худалдахгүй хэмээсэн тул тэндээс гараад бас нэгэн архины пүүсэнд мөн орж мөн хуучин ёсоор архи ногоо хэмээсэнд тэр архины пүүс өгүүлрүүн: - Саяхан Шү Лань хэмээх хүмүүн ирж хэлсэн нь Сүн Жян ялтан, Сюэ Юнь цэрэг нарт архи худалдаж болохгүйгээс гадна шөнө хонуулж бас үл болмуй хэмээсэнд Сюэ Юнь өгүүлрүүн: - Тийм бөгөөс Шү Линь хэмээх хүмүүн таны хотын ямар эрдэмт хүмүүн та нар юунд түүнээс аймуй хэмээхэд тэр архины пүүсийн тэргүүлэгч өгүүлрүүн: - Энэ Шү Линь хэмээгч манай хотын амьд эрлэг хэн түүний тушааснаас аймшиггүй давмуй хэмээхэд аргагүй Сүн Жян Сюэ Юнь хоёр энэ хотод архи үл худалдахыг мэдээд хожим Жань Жоу-д учирч жич архи ууж нарийн учраа хэлэлцэхээр тарав.

Үүнийг бүү өгүүл, өгүүлэх нь Сүн Жян тэндээс гараад хоёр цэргийн хүмүүний хамт шөнө дүл явж Жань Жоу-ийн их замд орж шөнө орой болсон цаг тэр одоо явж болох буюу шөнө харанхуй зам танихгүй хэмээн хэлэлцэн явтал нэгэн хэсэг шугуй модны дотор нэгэн улаан гал үзэгдэв. Үүнийг Сүн Жян үзээд хоёр цэрэгтээ өгүүлрүүн: - Эрхэм дүү энэ шөнө орой болж юу ч болов. Энэ харагдагч галын ойр очоод айл байваас учирлан хэлж хоноод явъя хэмээн тэр галын гэрлийг харж удсангүй хүрч үзвээс нэгэн хэсэг өвсөн байшин байсны дотор дэн гэрэл их үүнд Сүн Жян үүдийг дэлдэж цохиход тэр харц нэгэн хүмүүн гарч үүдний дотор зогсож ийн өгүүлрүүн: - Та нь юун хүмүүн буй, эдүгээ цаг үүнд шахаж орой болж байхад явах хүмүүн ямар хүмүүн буй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Бид нь хол газраас цөлөгдөн яваа ялтан бөлгөө. Газар танихгүй зам олохгүй тул ийнхүү явж шөнө орой болгов. Иймийн тул таны пүүсэнд энэ шөнө хоноод маргааш эрт явсугай. Гэрийн хөлс ба хоол ундын үнийг үлэмжхэнээр өргөн барья хэмээсэнд тэр хүмүүн дотогш орж тэргүүлэгчдээ Сүн Жян-ы хэлснийг хэлсэнд тэр тэргүүлэгч тийм бөгөөс оруулж ирэгтүн. Түүнийг гадна тэр гурав өөр нэгэн байшинд хонуул. Бас идэх уух юмыг өгөгтүн хэмээсэнд тэр зардас гарч үүдээ нээн тэр гурвыг оруулж авчраад тэргүүлэгч өгүүлрүүн: - Та гурван хүмүүн холоос явж зүдэрсэн хүмүүн тул манай энэ пүүсэнд хоноод маргааш явсугай хэмээсэнд тэр гурав маш их баярлан нэгэн байшинд орж сууж байтал тэдний зардас чи хоол авчирч өгснийг идээд даруй шөнө орой болсон учир гарч шээгээд унтсугай хэмээн гарч үзвээс тэдний байсан байшингийн зүүн этгээдэд нэгэн чулуун тээрэм буй түүний хажууд нэгэн байшин буй түүний дэргэд нэгэн нарийн зам бий түүнийг тэр гурав үзээд унтах хэмээж байтал Сүн Жян өгүүлрүүн: - Энэ гэрийн эзэн юутай сайхан эелдэг зантай хүмүүн билээ. Та хоёр үүнийг сайн санамуй, муу хэмээн санамуй хэмээхэд тэр хоёр цэргийн ард: - юу мэдмүй сайн хэмээн өгүүлж Сүн Жян-ы хүзүүнд зүүсэн төмөр дээсийг авч энэ шөнө амар унтсугай хэмээн тайлан аваад, унтсан дараа удсангүй олон хүмүүний чимээ гаран гэрэл дэгдэхэд Сүн Жян сэмээр хаалганы завсраар харваас гаднаас зургаа долоон хүмүүн орж ирэв.

Үүнийг нарийвчилж харваас тэр өдөр Жей Янь Жинь хотод над лугаа занчилдсан Шү Лань хэмээх хүмүүн даруй мөн гартаа сэлэм барьж бас дараа нэгэн нь гартаа гурван салаатай жад, бас дараах нь бүдүүн шидэм мод тус тус барьж орж ирээд тэр өвгөн Тай Гүн-ий дэргэд ирж өгүүлрүүн: - Ах байна уу хэмээсэнд тэр гэрийн эзэн Тай Гүн өгүүлрүүн: - Архи ууж согтоод унтаж баймуй. Чи ямар хэргээр ийм орой явж өдий олноор ирэв хэмээхэд тэр Шү Линь өгүүлрүүн: - Өчүүхэн хөвгүүн өчигдөр хотод явж байтал манай хотод аль газраас ирсэн нь мэдэхгүй сэлэм жад эргүүлэн наадах гоёо эм худалдах хэмээн нэгэн хүмүүн ирж наадан зоос горилж байтал манай хотын хүмүүн хэн ч зоос өгсөнгүй гэтэл харин хаанаас явааг мэдэхгүй нэгэн төмөр дээс зүүсэн ялтан хоёр цэргийн хамт ирж түүнийг үзээд мөнгө таван лан шагнаж манай хотын сүрийг дарлахад би уур хүрч тэр ялтан лугаа эр эмээ үзэлцэх хэмээтэл харин тэр наадагч хүмүүн тэр ялтныг өмгөөлж намайг толгойноос шүүрэн авч газар унагагаад маш их бэртээв. Одоо би ах лугаа учирч тэдний хойноос хөөж үзэлцэх хэмээн яваа ах хаана унтаж баймуй.

Би биеэр очиж дуудан учирсугай хэмээхэд Тай Гүн өвгөн өгүүлрүүн: - Чи түүн лүгээ учирч энэ хэргийг хэлбээс энэ нас унтрахгүй хэрэг болмуй хэмээхийг Сүн Жян сонсов. Үүнд Шү Линь бас өгүүлрүүн: - Өвгөн аав чи бүү тийнхүү өгүүлэгтүн. Өчүүхэн хөвгүүн би эд нараас энэ өшөөгөө эс авах болбоос миний уур яахин аажим болж чадмуй. Тиймийн тул нөгөө занчсан Сюэ Юнь-ийг барьж аваад гэртээ дүүжилж ирэв. Түүнийг би дараа мөрөн голын усанд дөрвөн мөчийг баглаж хаяад амийг авмуй. Эдүгээ энэ гурван хулгай ер орох орон явах газар үгүй билээ. гэтэл эдүгээ эрээд олдохгүй тул ахын хамт эрэлцэж надад тус нэмэр болгох учир ирэв хэмээхэд тэр Тай Гүн өвгөн өгүүлрүүн: - Хөвгүүн Шү Линь чи бүү тийнхүү хүмүүнд өс санагтун. Сайн санааны үр нь аяндаа боловсормуй, муу санааны үр нь нүдний өмнө үзэгдмүй. Бас хүмүүнийг хорловоос тэнгэр ивээхгүй, хүмүүнийг тусалбаас түүнийг зоригоор буян ирмүй хэмээжээ.

Тиймийн тул миний хөвгүүн чи бүү хүмүүнийг хорлогтун гэм үгүй өвгөн аав чинь чамд хэдэн лан мөнгө өгье. Чи түүнийг авч хариад тэр дүүжилэн хүмүүнээ тавигтун. Ахаа дуудаж сэргээвээс тэр хүмүүн алах дуртай бөгөөд хэрэг гаргах нь маш аймшигтай тул тэр ялтны хойноос очвоос эрхгүй алмуй. Тэд алт мөнгө өгье хэмээвч чиний ах хүлээхгүй тиймийн тул бүү хэрэг гаргагтун хэмээн их хориглов. Үүнд Шү Линь ер Тай Гүн-ий үгийг дагасангүй шууд эргэж яваад хотдоо харьсанд өвгөн Тай Гүн энэ Шү Линь эрхгүй хэрэг гаргамуй хэмээн хойноос нь дагаж Жей Янь Жэнь үүдэнд ирэв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь энэ үгийг Сүн Жян сонсоод хоёр албаны хүмүүнд ийн өгүүлрүүн: - Энэ хэрэг бус болов. Энэ шөнө эрхгүй бидний амь сөнөх болмуй. Харин заяагаар өвгөн Тай Гүн хориглож хойноос явав. Бид эдүгээ энэ чөлөөг үзэж эрт явбаас зохимуй хэмээгээд унтаж байсан байшингийн хавиргыг нүхэлж гаргаад шөнө зам хэрэглэлгүй явж байтал нэгэн шугуй модны дэргэд очоод түр амраад цааш явтал нэгэн их зэгс ургасан их далай баймуй. Тэр далайн нэр нь Шүн Янь Жань хэмээх далай болой. Тэнд хүрээд гурвуул сууж байтал гэнэт хойноос нь олон хүмүүн дуу гаргаад их гэрэл ойр үзэгдэв. Тэндээс Сүн Жян хоёр албаны хүмүүн нь маш айн байтал, тэнд нэн ойр болсонд Сүн Жян тэнгэрт залбиран ийн өгүүлрүүн: - Бид нь эзэн хааны цаазаар ялтан билээ. нэгд дээд өвгөдийн журмыг эвдэгтүн. Хоёрт нөхөр ханийн батыг таслаагүй, гуравт ах дүүгийн дүүчлэлийг мартаагүй билээ. тиймийн тул бид гурав эдүгээ үхэх цаг болов.

Үүнийг мэдсэн болбоос Лян Шань Пү ууланд суух билээ хэмээн мөргөж байтал гэнэт мөрөн дээрээс нэгэн онгоц хүрч ирснийг тэр гурав үзээд маш баярлан тэр онгоцны дээр гарах хэмээн харайтал тэр гурав зэгс намаг шаварт унаад нааш цааш явж чадахгүй байтал хойд захад олон хүмүүн хүрч ирээд та гурав хаана явмуй хэмээн бархирахад тэр гурав арайхийн мөлхсөөр тэр онгоцны дээр гарч өмнө зүг одсоныг тэр хойноос хөөж ирсэн хүмүүн өгүүлрүүн: - Энэ онгоц сэлгэч ямар хүмүүн аймшиггүй бидний худалдааны хүмүүнийг аваад явах нь ямар ёс, бушуу нааш гаргаж авчир эс авчирч өгвөөс чиний амь гарах нь бэрх хэмээхэд тэр онгоцны эзэн нь өвгөн хүмүүн тэр хүмүүн өгүүлрүүн: - Та нарын аманд орсон юмыг би идэж болохгүй ёс байна уу хэмээгээд шууд онгоц эргүүлэн өмнө зүг явав. Бас тэдгээр далайн хойд захад үлсэн хүмүүн өгүүлрүүн: - Эрхэм өвгөн чи түр зогсож байгтун. Бид чамд хэдэн үг өгүүлье хэмээсэнд тэр өвгөн хүйтнээр инээн өгүүлрүүн: - Та нар над юугаа өгүүлмүй хэмээхэд тэд өгүүлрүүн: - Бидэнд ялтаныг өгөгтүн. Чи хоёрыг авагтун хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: - Та нарт нэгийг ч өгөх ёсгүй энэ гурав цөм миний ураг төрлийн хүмүүн би эдүгээ олж аваад гэртээ харьсан хойно хоол идүүлээд сүүлд хүргэж өгье хэмээсэнд тэдгээр маш уурсан энэ зальхай хулгай өвгөн чи бас бидний өстнийг аваачаад ийнхүү егөөлөх үг хэлэх буюу чиний нэр овог хэн хэмээхэд тэр өвгөн өгүүлрүүн: - Би нь овог Жан нэр Чяо Гүн хэмээгч та нарын эцэг намайг үл таних буюу би хэдий өвгөн боловч та нарыг танимуй, олон үг бүү өгүүл хэмээгээд онгоцоо шууд эргүүлэн өмнө зүг яваад голын дунд хүрэхэд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм хоёр албаны дүү та хоёр сонс. Сайн хүмүүн тохиолдвоос тэнгэр нь тэр муу хүмүүн тохиолдвоос эрлэг нь тэр иймийн тул бид энэ онгоц лугаа эс тохиолдвоос гурван амь яахин гэтэлмүй.

Зүй нь үлэмжхэн мөнгө зоос өгвөөс зохих билээ хэмээн хэлэлцэн явтал онгоцны эзэн өвгөн нэгэн шүлэг дуу бүжиглэв. Тэр дууны үг нь ноён би хүмүүн болж төрөөд ганцаар далайн захад бөлгөө. Ах дүү лүгээ нийлэх дургүй гагцхүү алт мөнгөнд дуртай өчигдөр шөнө Хуа Гуань хүмүүн ирж намайг аваачих хэмээсэн билээ. Түүнийг явах цагт би түүнээс нэгэн хэсэг алт булаагаад авсан гэх зэрэг дуулж байгаад орж ирсэнд Сүн Жян хоёр албаны хүмүүн нар энэ үгийг сонсоод махан тулам адил болж нэгэн доор цуглан ийн өгүүлэлдрүүн: Бид нэгнээс гараад маш баярласан билээ. Бас мөн аюулд унав хэмээлцэн байтал тэр онгоцны өвгөн өгүүлрүүн: - Нохой мэт албаны цэрэг та хоёр хүмүүнийг мөлжих занчих албаны сүрээр хүмүүнийг цухалдуулах сайн хэрэг гэж явав уу. Та гурав энэ шөнө хэрчсэн гурил иднэ үү, гурилд боосон мах иднэ үү хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Ах чи юу хэлмүй хэмээсэнд тэр хүмүүн өгүүлрүүн: - Гурил идвээс энэ онгоцны дотор нэгэн их сэлэм буй. Хүмүүний толгойг нэгээс илүү цавчихгүй.

Гурилд боосон мах идвээс та гурав дээл хувцсаа тайлж усанд орогтун хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм ах ноён та бид гурвыг өршөөгтүн. Би нь Мэн Жоуоос ял хийгээд Жань Жоу-д цөлөгдөхөөр яваа билээ хэмээхэд тэр хүмүүн өгүүлрүүн: - Та нар олон үг бүү хэл хурдан зөвлөөд хариу өг. Би нь энэ газрын дээрэмч Жан Чяо гэдэг би гийчид ирэхээ танивал явахаа танихгүй. Тиймийн тул надад түргэн хэл хэмээн хоёр нүдээ бүлтийлгэн их дуугаар бархирахад Сүн Жян өгүүлрүүн: - Их ноён та өчүүхэн бид гурвын амийг уучлан хайрлан бид буй бүхий хувцас хунар эд бараа мөнгө зоосоо хайрлалгүй цөм бариад нүцгэн бие үлдье хэмээхэд онгоцны эзэн өгүүлрүүн: - Та нарын эд мөнгийг аваад амийг үлдээх нь аль газрын ёс өөрийн эрхээр үхье хэмээвээс энэ усан дотор одоо орогтун. Ирт мэсэнд үхье хэмээвээс миний мэсийг үзэгтүн хэмээгээд онгоцны доороос нэгэн их хурц сэлэм гаргаж гуталдаа хавираад одоо усанд орох буюу энэ сэлэмд үхэх буюу хэмээгээд маш их муухай царай гарган нүднээс гал бадруулсан адил авирлахад тэр гурав арга буюу усанд оръё хэмээн дээл хувцсаа тайлав. Үүнд Сүн Жян дотроо ийн залбирав. Дээд тэнгэрт ял олсонгүй тул яахин ийнхүү тэсрүүд тохиолдож хилс үхэх буюу эзэн хааны төрд харшлах хэрэг хийсэнгүй атал яахин ийм энэ мэт амьдаар зовлон үзэж үхмүй. Эцэг эхдээ элбэрэл журам гүйцэтгэсэн атал яахин эрлэг мэт хүмүүний гарт үхмүй. За дээд тэнгэр дэргэд бурхан бодьсад, доорд дэлхийг биеэр тахисан адил болой хэмээгээд усанд гурван бие хөдөлж орох гэтэл гэнэт гал салхи адил чимээ гарсан олон хүмүүний дуу бархирсан нэгэн маш аймшигтай их онгоц хүрч ирэв.

Тэндээс тэр онгоцны тэргүүн дээр зогссон нь нэгэн их өндөр биет гартаа гурван салаатай жад барьсан хүмүүн сүүлд зогссон нь хоёр сайн эр шидэм барьж энэ хүмүүн ирээд өгүүлрүүн: - Жан Чяо чи энэ өдөр онгоцоо яахин ийм түргэн явуулж энд ирэв хэмээнд Жан Чяо яаран гарч үзвээс урьд таних баатар эр Ли Да ах ажгуу. Үүнд Жан Чяо өгүүлрүүн: - Ах чи хаанаас ирэв. Би энэ шөнө олз үгүй дэмий Бай-ийн пүүсэнд очиж наадаад нэлээд их зоос алдав. Харин явж байх замд Жей Янь Жань хотын Мү овогтод хөөгдсөн нэгэн ялтан хоёр албаны хүмүүн тохиолдож тэднийг барьж ирэв хэмээхэд тэр Ли Да ах өгүүлрүүн: - Тэр ялтан хүмүүний зүс байдал ямар хэмээхэд Ян Чяо өгүүлрүүн: - Нүүр нь тас хар бөгөөд нуруу нь бөхгөр, хүзүүндээ төмөр дээстэй хэмээхэд Ли Да ах цочиж өгүүлрүүн: - Тийм бөгөөс тэр хаана нутагтай ямар хэргийн учир аль газар цөлөгдөхийг асуув уу хэмээхэд Жан Чяо өгүүлрүүн: - Ямар хэрэг хийнийг асуугаагүй. Түүний хэлэх нь Мэн Жоуоос Жань Жоу-д цөлөгдөх гэнэм. Нэр нь Сүн овог Тай гэнэ хэмээхэд тэр ялт хүмүүн даруй миний Сүн Гүн хэмээх Сүн Жян мөн бололтой хэмээх дууг Сүн Жян сонсоод даруй тэр онгоц дээрээс ийн өгүүлрүүн: - Сүн Гүн нэрийг мэдэх нь надад аврах бурхан ирэв үү эс бөгөөс алах эрлэг ирэв үү хэмээхэд Ли Жюнь дүү энэ дууг сонсоод хоёр нүднээс нулимс цувруулан даруй өөрийн онгоцноос шилжиж Жан Чяо-ын онгоц дээр гарч ирэв.

Сүүлийн хоёр нь Дүн Вэй Дүн Мэнь хоёр мөн Нань Сүн Жян-ы дүү нар энэ гурвуул тэр онгоц дээр гарч ирээд ах Сүн Жян-даа мөргөн өгүүлрүүн: - Мунхаг дүү Ли Жюнь би энэ өдөр гэнэт гэртээ сууж байтал муу совин татаад сууя хэмээвээс бөгснөөс зүү хатгаж, зогсъё хэмээвээс хөлийн улнаас шөвөг хатгаж ер үл болмогц аргагүй нэгэн гал онгоц татан авчирч далайн давс худалдах ардыг дээрэмдье хэмээн энд хүрч ирээд ах лугаагаа учрав. Өчүүхэн төдий алгуурласан аваас ахын минь алтан амь эрдэнийн хувилгаан бие сөнөх билээ. Энэ нь дээрээс тэнгэр намайг илгээж ахын амийг аврагтун хэмээсэн нь илэрхий болов хэмээсэнд тэр Жан Чяо хэмээгч үлгэрлэвээс хөндий мод адил болж дотор нь багтран арайхийн сэргэж байтал, Ли Жюнь өгүүлрүүн: - Жан Хан чи нь Хяо Кү Шань хэмээх уулын зэрлэг адгуу чиний өчүүхэн цол Чуань Ху Эр хэмээдэг чи ямар эрдэм чадалтай хэмээн санаж миний ахыг энэ мэтээр зовоов хэмээсэнд Жан Хан босон ирж Сүн Жян-д мөргөн өгүүлрүүн: - Мэргэн ах овог нэрээ эрт хэлсэн аваас мунхаг дүү яахин ийм муу хэрэг үйлдэх буюу. Гагцхүү нүдгүй болоод таньсангүй миний ял болж хэмээгээд мөргөхөд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү чи арга буюу танихгүй хэмээгээд дээш босгов. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, энэ Ли Жюнь, Дүн Вэ, Дүн Минь энэ гурав урьд өдөр Сүн Жян-тай махчины гэрт тохиолдож архинд хордож үхэх цагт амь оруулж гэртээ аваачиж хэдэн хоног архидан найрлаж ах дүү бололцоод Шүнь Янь Жань мөрөнд очъё хэмээн хэлэлцэн тогтсон бэлгээр эдүгээ хүрч ирээд Жан Сян-ы үхлээс гаргав.

Тэндээс Сүн Жян хоёр цэрэг маш баярлан даруй онгоцоо хөдөлгөж мөрний зах гарч хуурай газар очоод Ли Жюнь Жан Хян-д өгүүлрүүн: - Эрхэм дүү би чамд урьд хэлсэн үг бий билээ. чи түүнийг мартав уу эс бөгөөс үл танив уу. Чи эдүгээ миний ахын зүс байдлыг сайтар үзэгтүн хэмээн гэрэл гаргаж үзүүлбээс үнэхээр урьд Ли Жюнь-ий захиж байсан хүмүүн Сүн Жян мөн тул хуурай элсэн дээр нүцгэн өвдгөөр удтал сөгдөн олонтоо мөргөв.

Тэндээс Сүн Жян түүнийг босгож өгүүлрүүн: - Эрхэм дүү ах дүү буй буюу хэмээсэнд Жан Хян өгүүлрүүн: - Өчүүхэн дүү би ах дүү хоёр миний дүүгийн бие байдал нь цас мэт цагаан, далайд явахдаа загас адил долоон өдөр шөнө явах чадалтай энгийн хүмүүн түүнд өгсөн цол нь далай дотор дураар явах цагаан загас хэмээх цол өргөжээ. Угаас ах дүү бид хоёр Янь Ши Жань мөрөн голын захад худалдаа хийж байсан бөлгөө. Эдүгээ худалдаа наймаа алдаад өчүүхэн дүү би энэ газар ирж нэгэн онгоц олж аваад хойш урагш явах зочдыг суулгаж юмыг дээрэмдэж аж төрөх яахин аж төрмүй. Хүмүүнийг хорлохгүй арга үүсгэж юмыг дээрэмдмүй. Өчүүхэн хүмүүн онгоцоо дүүртэл гийчид суулгах тэр дээр дөч тавин хүмүүн суумуй. Түүнийг ах дүү бид хоёр усчилан сэлмүй. Гийчдэд дүүгээ хөлсний хүмүүн урьд мөнгө зоос маш их зээлэн аваад түүнийг урьдад онгоц сэлбэлцэн сэлүүлмүй хэмээж худал өгүүлээд усан дунд ирсэн хойно миний дүү ов гаргаж онгоцны хүмүүнд үзэгдэхгүй аргамжин зогсмуй. Тийм учирт би түүнийг онгоц сэлж үл чадав. Гийчдийг усанд хийж алав хэмээн худал загнамуй. Тэр над лугаа хариуцан хэрэлдэх түүнээс бид хоёрын хэрэлдэхийг олон хүмүүн хоригломуй.

Тэр онгоц бид хоёрын хөлөөр гуйван дайван их хөдөлмүй. Гийчдийн сүнс нь зайлмуй. Тэр тухайд би түүнийг таван мянган зоос одоо авмуй. Үгүй бөгөөс чамайг усанд хийж алмуй хэмээх зэрэг маш их ноцолдож байхад тэдгээр гийчид айж таван мянган зоосыг түүний төлөө төлж өгье хэмээн ам тангараг тавьмуй. Би хүлээхгүй хэмээж түүнийг усанд хийж орхимуй. Тэр усны загас цолтой тул юунд үхмүй. Усанд орсон даруй жаргалаар явж далайгаас гараад Файын пүүсэнд намайг хүлээмүй. Би ганцаараа ус онгоц сэлж тэр гийчдийг усны зах гаргаж түүнийг таван мянган зоос бас өөр өөрийн суусан хөлсийг хамт нэхмүй. Тэр гийчид хүмүүний аминаас айж даруй хэл амгүй зоос бүрнээ тушаамуй. Авсан хойно дүүгийн хойноос очиж Фай наадаж алдмуй. Алдсан хойно бас дахин ирж хуучин ёсоор ийнхүү зоос олж аж төрдөг билээ. энэ ажил хийхийг зогсов. Дүү Жан Шүнь, Жань Жоу хотод загас худалдах пүүсний тэргүүлэгч болоод тэнд өчүүхэн дүүгийн хойноос очъё хэмээвээс нэгд газар мэдэхгүй болоод хоёрт, энд итгэшил олж явж чадахгүй байсаар эдүгээ ах нар лугаа учрав.

Үүнд дүү Жан Шүнь-д захиа илгээж амьдыг мэдье хэмээвээс би угаас бичиг үсэг сураагүй бөгөөд чадахгүй. Жань Жоу-д явж хүмүүнээр хэлүүлье гэхүл ер тохиолдохгүй хэмээсэнд Ли Жюнь өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ Жей Янь Жэнь хотод нэгэн Сянь Шэн буй тул түүнд очиж гуйгаад нэгэн захиа бичүүлж дүү Жан Шуань-ийг дуудуулъя хэмээхэд тэр Жан Хан, Сүн Жян нар даруй зөвшөөрч Дүн Вэй Дүн Мэнь ах дүү хоёрыг онгоцоо сайхан харгалзагтун. Бид гурав явж Жей Янь Жэнь хотод орж тэр Сянь Шэн лүгээ учирч захиа бичүүлэх хэмээгээд явав. Тэр гурав яваад газрын дунд орох хэрд Жан Хан өгүүлрүүн: - Сүн Жян ахын өстөн Мү овгийн Шү Лань ах дүү хоёр эдүгээ далайн захаас буцсан эссэнийг мэдэхгүй. Хэрвээ буцсан үгүй болоод Сүн Жян ахыг мэдвээс зүгээр өнгөрөхгүй хэмээсэнд Ли Жюнь өгүүлрүүн: - Тийм бөгөөс нэн сайн тэр хоёр Мү овгийн Шү Лань нарыг би Сүн Жян ахад авчирч мөргөлөөд бурууг хүлээлгэсүгэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Байг байг хэмээхэд тийм бөгөөс бид Сянь Шэн-ий гэрт очиж захиа бичүүлбээс барав хэмээгээд цааш явж байтал нэгэн хэсэг шугуй модонд гал түлсэн хоёр хүмүүн сууж баймуй. Үүнийг Ли Жюнь үзээд их дуунаар өгүүлрүүн: - Ийм шөнө болсон хойно ямар зэрлэг хүмүүн шугуй модонд суумуй, нааш ирэгтүн хэмээсэнд тэр хоёр энэ чимээг сонсон нисэх мэт явж ирээд үзвээс мөнөө гайхал ялтан, басхүү ах Ли Жюнь, Жан Хан энэ гурав сууж баймуй.

Үүнд тэр хоёр Ли Жюнь Жан Хан хоёрт ёслоод өгүүлрүүн: - Хоёр ах энэ ялтныг юунд дээд этгээдэд суулгаж хүндэлмүй. Эрт өдөр миний хотод ирж нэгэн цэргийн хүмүүний жад сэлэм эргүүлэн наадахыг үзэж мөнгө таван лан шагнаж манай хотыг сүрээр даруулаад басхүү өчүүхэн дүү миний биеийг тэр цэргийн хүмүүнтэй элбэж занчаад бэртээсэн ялтан билээ. эдүгээ нөгөө цэргийн хүмүүнийг барьж аваачаад дүүжилсэн эдүгээ энэ ялтныг эрсээр ирж энэ далайд онгоцонд алдсан аргагүй энд сууж далай гатлах онгоц хүлээж үүний хойноос хөөх хэмээн санаж байгаа хэмээхэд Ли Жюнь ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү чи энэ хүмүүн хэн хэмээн санамуй. Энэ нь Мэн Жоу хотын Сүн Шай зээлийн Шаньдун мужийн хур оруулах хурдан салхи хэмээх Сүн Тай Гүн цолтой Сүн Жян хэмээгчийг тэр хоёр эс сонсвоос би та нарт эрт урьд бас хэлж байсан билээ хэмээх үгийг сонсоод ах дүү хоёр барьсан сэлэм жадаа газар хаяж есөн ес наян нэгэн ёсыг ёсолж өгүүлрүүн: - Өчүүхэн мал адгуус мэт дүү нар нүд байвч харж чадахгүй хүмүүн тул таньсангүй гагцхүү одоо энд олж таньсан нь тэнгэрийн үүл арилж наран гарсан лугаа адил болов.

Өчүүхэн хоёр дүүгээ уучлан өршөөж буруу ял тогтоохыг гуймуй хэмээгээд мөргөхөд Сүн Жян татаж босгоод ийн өгүүлрүүн: - энэ хоёр дүүгийн нэр алдар хэн гэдэг хэмээхэд Ли Жюнь өгүүлрүүн: - Энэ хоёр энэ хотын их баялаг овог Мү нэр Хуан цол Мэй Жэнь Лань хэмээмүй. Тайлбаас хааш ч хашигдахгүй дураар явагч хэмээмүй. Дүү нь энэ бага Мү Чүн цол нь Хяо Жэ Лань хэмээмүй. Өчүүхэн төдий хашигдахгүй хэмээмүй. Энэ Жей Янь Жэнь хотын чухам амьд эрлэг бөлгөө. Манай энд гурван хэсэг газар зургаан амьд эрлэг буй бөлгөө. Үүнийг ах танд цөм хэлж мэдэгдсүгэй. Энэ Жей Янь Линь-ийн ууланд өчүүхэн дүү Ли Люй-тай бид хоёр эрлэг, Жей Янь Жэнь хотод энэ ах дүү хоёр эрлэг Шүнь Янь Жань мөрөнд наймаа хийх нэр заасан Жан Хан, Жан Шүнь энэ хоёр эрлэг хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Үнэхээр сайн эрс гагцхүү дүү Мү Шү Лань-аас гуйх нь миний эртийн таван лан шагнасан хүмүүн Сюэ Юнь-ийг сонсвоос мэргэн дүү барьж аваачаад дүүжлэв гэнэм. Хэрвээ үнэн аваас түүнийг тавьж өгмү хэмээсэнд Мү Шү Лань өгүүлрүүн: - Мэргэн ах тэр Сюэ Юнь-ийг би дүү Шү Гэнь-ийг илгээж авчруулаад мэргэн ахад даруй хүргэн ирсүгэй. Эдүгээ бид энэ хотод орж Сүн ахдаа буруу хийсэн ялаа хүлээж хундага өргөе хэмээсэнд Ли Жюнь зөв хэмээн алгаа ташин баярлав.

Тэндээс Дүн Вэй Дүн Минь хоёроо дуудаж бүгдээр тэр хотод орж мөнөө Сүн Жян-ы буусан өвсний гэрт ирэв. Энэ нь Мү Шү Лань хэмээх ах дүү хоёрын гэр, эрт Сүн Жян-ы аминд орсон өвгөн Мү Тай Гүн эцэг, үүнд тэд бүгдээр ирж та дараалан суугаад Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар одоо Сюэ Юнь гаргаж над лугаа учруулагтун хэмээсэнд Мү Хун дүү өвчит бар гарч Сюэ Юнь-ийг тайлж Сүн Жян нарын дэргэд очиж авчрав. Үүнд Сүн Жян Сюэ Юнь хоёр барсыг үзээд маш баярлан байтал Мү Тай Гүн өвгөн хоёр хөвгүүн Мү Шү Лань Мү Хуан энэ гурав эдний будаа идүүлэх архи барих хэмээн сандарч даруй архи ногоо бэлтгэж хурим засаж ширээ тавиад гурван хоног өөр өөрийн явсан хийсэн хэргүүд бас тус тус хэлэлцэн жаргаад сүүлийн өдөр Сүн Жян одоо явах цаг болов хэмээн санаж тэдгээр сайн эрст ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү нарын буянаар хэдэн өдөр согттол архи ууж маш их жаргав. Эдүгээ муу ах нь явсугай хэмээхэд өвгөн Мү Тай Гүн Сүн Жян-ы шударга баатрыг мэдээд үл явуулахаар үл барам басхүү тэдгээр сайн эрс яахин салж чадмуй. Тиймийн тул Сүн Жян-ыг үл явуулах арга зөвлөөд Жей Янь Жэнь хотын сонин сайхан пүүс ба архины пүүс дууч эмсийн хүрээлэн бүжиг наадмын газар очиж үзсүгэй хэмээсэнд Сүн Жян угаас Жей Янь Жэнь-д хотын сонин элдвийг үзээд тэдний үгийг дагалдан очиж хотод орж хоёр гурван өдөр хэсүүчлэн найралдаж жаргаад одоо явах цаг болов хэмээн буцаж Мү Тай ГҮн-ий гэрт ирэв. Үүнд тэдгээр сайн эрс арга буюҮ Сүн Жяныг хэрхэвч хэмээн явмуй хэмээн яах тул аргагүй Сүн Жян-ыг нэгэн өдөр будаа идүүлж маргааш нь Жан Хан дүү Жан Шүнь-дээ өгөх захиаг бичүүлж Сүн Жян-д тушаагаад тэдгээр бүгдээр далайн захад хүрч ирээд нэгэн сайн онгоцыг дуудаж авчраад Сүн Жян хоёр цэргийн хүмүүн нарыг суулгаж тус тус хожим учрах хэмээн бэлгэ зохион сайн үг хэлэлцэн Сүн Жян-д мөргөөд ёслоод үдэж далай хөөн явуулав.

Тэндээс тэр Ли Жюнь, Жан Хан Сюэ Юнь нар бүгдээр буцаж хотдоо харив. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Сүн Жян тэр онгоц дээр хоёр цэргийн хамт суун далай явж удсангүй чанад этгээд захад хүрээд онгоцоос бууж төмөр дээсээ зүүж буй бүхий юмаа аваад Жань Жоу-ийн зам хөөн яваад удсангүй Жань Жоу-д хүрч ирээд яамны үүдний дэргэд ирж үзвээс тэр яамны ноён танхим сууж хэрэг шийтгэж баймуй. Энэ хотын ноёны Жи Фү тушаалтай овог Шай нэр Да Жан энэ ноён эзэн хааны багшийн есдүгээр хөвгүүн тул энэ хотын иргэн цөм Шай Гоу Жи Фү ноён хэмээн өргөмжилмүй. Энэ ноён угаас зальхай олон иргэнээс хахууль горилох ба иргэний хэргийг гоёчилж зусарлах энэ Жань Жоу хот болбоос угаас иргэн ба хүмүүн олон гааль хураах нь маш их суусан ноён олз ихтэй тул эзэн хааны багш Шай Ша Фү есдүгээр хөвгүүн Шай Да Жан-аа томилон илгээж суулгажээ.

Үүнд тэр Сүн Жян-ыг хүргэсэн хоёр цэргийн хүмүүн албаны бичгээ авч Сүн Жян-ыг дагуулан орж танхим дээр бичгээ ноёнд өргөж барьмагц ноён бичгийг авч үзээд Сүн Жян-ы сөгдсөнийг харваас бас ч тийм амар эр бус тул биед зүүсэн төмөр дээсийг үзэж ийн асууруун: Чи ялтан бөгөөд хүзүүндээ зүүсэн төмөр дээсний битүүмжийг яав хэмээн асуусанд тэр хоёр албаны хүмүүн сөгдөн мэдүүлрүүн: Өчүүхэн боолчууд уг нутгаас хоёр сарын хорьдоор гаргаад эдүгээ арван сард энд хүрч ирэв. Үүнд зуны цаг хур бороо тохиолдож төмөр дээсэнд наасан бичгийн хуудас норж арилав хэмээсэнд ноён өгүүлрүүн: - Үүнийг доорд Жи Хянь-д аваачиж гянданд хориулагтун хэмээн хоёр Я И албаны хүмүүн гаргаж Сүн Жян-ыг хоёр цэргийн хүмүүний хамт бүгд таван хүмүүн Жи Фү яамнаас гарч Жи Хянь-д очих замд нэгэн архины пүүсэнд орж бага архи уугаад мөнгө гурван ланг Сүн Жян өгч тэндээс Жи Хянь-ий яаманд очиж Сүн Жян-ыг тушаан өгч уламжлан гянданд хүргүүлэв. Үүнд тэдгээр дөрвөн албаны хүмүүн Сүн Жян-ыг гянданд хүргэж очоод үүд дагасан даргад өгүүлрүүн: - Энэ ялтаны дарга буюу их зовоогтун. Хожим чамд ач хариулан чадах билээ хэмээж урьд мөнгө таван ланг Сүн Жян-ы хувийн мөнгөнөөс гаргаж өгөөд үлсэн нь Сүн Жян тэр дөрвөн хүмүүнд өгөв. Сүн Жян гянданд оров. Тэр дөрвөн хүмүүн хойш буцаж ирэх замд Сүн Жян-ыг ерөөв. Удсангүй Жи Фү яамандаа ирж Сүн Жян-ыг гянданд хориулсан учрыг айлтгаад дагаж ирсэн хоёр цэрэг хариу бичгээ аваад Ги Жоу хотын зам хөөв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь Сүн Жян даруй гянданд ороод хоёр хоносонгүй тэр гяндангийн дарга гаргасанд Сүн Жян басхүү мөнгө арван лан өгөв.

Үүнд тэр гяндангийн дэд дарга басхүү Сүн Жян-аас хахууль хориглосонд Сүн Жян бас хэдэн лан мөнгө өгөв. Үүнийг Жи Жань түшмэл сонсоод ийн сэтгэрүүн: Энэ хүргэгдэн ирсэн ялт Сүн Жян хэмээгч сонсвоос их мөнгөтэй хүмүүн бүрд хахуулилан буй гэнэ. Би энэ өдөр танхим сууж түүнийг бага заншилж үзсүгэй хэмээгээд танхим сууж Сүн Жян-ыг дуудаж сөгтгөөд ийн өгүүлрүүн: - Сүн Жян чи нь ялт хүмүүн бөгөөд эдүгээ сул явах нь ямар ёс тэр ч гайгүй би чамд тушаах нэгэн үг буй билээ. чи үүнийг сонс хэмээгээд өгүүлсэн нь эрт урьд тайзу Ү Да хааны үед тогтсон дүрэм бий. Шинэ цөлөгдөн ирсэн ялтыг урьдаар нэгэн зуун чавчуурга занч хэмээн тогтсон дүрэм бий тул энэ Сүн Жян-ыг аваачиж дүүжлэгтүн хэмээсэнд Сүн Жян мөргөн мэдүүлрүүн: Өчүүхэн хүмүүн хол зам явган явж зүдэрсний дээр биед өвчин тохиолдож буй билээ.

Тэнгэр мэт Жи Жань түшмэл өршөөж хайрлагтун хэмээгээд мөргөсөнд тэр Жи Жань өгүүлрүүн: - Үүний байдлыг үзвээс өвчтэй нь үнэн байх нь, үүнийг түр хэдэн өдөр аятай газар авч байгтун. Уг ирсэн бичигт энэ Мэн Жоу-д байх цагт Жи Фү яамны Я Шань хэмээх дарга Сүн Жян хэмээн бичсэнийг үзвээс мөн ч бичиг төсөөлөх хүмүүн буй за. Эдүгээ манай гяндангийн нэгэн дарга дутуу тул үүнийг орон дарга болгон тавья хэмээхэд Сүн Жян маш баярлан гянданд очиж өөрийн юм аваад өөр албаны гэрт суув. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, энэхүү гянданд хоригдон ялтан олон гагцхүү Сүн Жян-ыг яахин ийм түргэн гарав хэмээн тус тус хэлэлцэн байтал, Сүн Жян-ыг алт мөнгө ихтэй болоод дээр доор хахуулилан гаргав хэмээн сонсоод тэдгээр олон ялтан Сүн Жян-ы тал ихэд болсныг мэдээд хувь хувиас мөнгө гаргаж ширээ бэлтгэн архи барив. Бас гяндангийн дарга нар Сүн Жян-ыг мөн өргөн хүндэлж архи бэлтгэн ширээ засан гүйцэтгэв. Үүнийг тэр Жи Жань сонсоодбас ширээ засан архи бэлтгэн хүргэв. Тэр хотын хүмүүн Сүн Жян-аас юм эс горилмуй.

Хуучин үгэнд өгүүлсэн нь ертөнцийн ёс нь хүйтнээр инээх ба халуунаар инээх нь цөм хүмүүний санаа. Хүмүүн сайн явах муу явах заяан тал нь учир тэндээс Сүн Жян өөрийн байшиндаа сууж ганцаар архи ууж суутал нэлээд хэдэн цэргийн хүмүүн орж ирээд Сүн Жян-ы мэнд мэдэж өгүүлрүүн: - Сүн Я Ша дарга танд манай тэргүүлэгч хүмүүн илгээв. Хэлсэн үг нь эртийн өгөх хэмээсэн юмаа одоо өгөгтүн хэмээн биднийг илгээв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тэр та нар илгээсэн болбоос би өгөхгүй. Та нар надаас юм горилж ирсэн аваас би та нарт тус тус мөнгө шагная. Түүнээс бус түүнд өгөх зүйлийг би бие учирч хэлэлцье хэмээсэнд тэдгээр цэргийн ийн өгүүлрүүн: - Сүн Янь Ша чи тэр хүмүүнийг хэн хэмээмүй. Тэр нь аюултай хүмүүн биш үү хэрэг үгүй өгөх хэмээсэн юм өгөгтүн хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Хэрхэвч өгөхгүй хэмээсэнд гаднаас нэгэн цэргийн хүмүүн орж ирээд ийн өгүүлрүүн: - Жи Хянь танхим сууж шинэ цөлөгдөн ирсэн хүмүүнд би архи ногоо бэлтгэж хүргэсэн атал тэр өдий хэдэн өдөр болтол хариу мэдээ ёслол үгүй нь ямар учир хэмээн ихэд хилэгнэж баймуй хэмээсэнд тэр цэргүүд маш баярлан өгүүлрүүн: - Бид хэлсэнгүй бую Ү Сүн Жян чи одоо үзэгтүн. Энэ хэрэг бус болов хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Жи Хянь танхим сууж намайг дуудсан боловч би очиж учиръя. Ах дүү та бүхэнтэй сүүлд учирч архидъя хэмээсэнд тэдгээр цэргүүд өгүүлрүүн: - Сүн Я Шань чи бүү очигтун. Хэрвээ очвоос хэрэг бус болмуй хэмээхэд Сүн Жян болсонгүй танхим дээр хүрч ирэв. Энэ нь Жань Жоу-ын хэрмийн доторх барс ба чонын үүр ялгарав. Хөндлөн замд үхсэн хүмүүний хүүр уул мэт овоолж цусан далай урсгав. Тэнгэрийг нүхэлж бурхан болох, газар цоолж үндсээр Лян Шань Пү ууланд очих. Энэ Сүн Жян Жей Ги хэмээх Жи Хянь-тай танхим дээр яахин учирч юу хэлэлцэхийг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top