Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ХУУРАМЧ ЛИ ГҮЙ ЗАМ ДЭЭР ГАНЦААР ЯВСАН ХҮМҮҮНИЙГ ДЭЭРЭМДЭВ
ЖИНХЭНЭ ЁСТОЙ ГҮЙ ГҮЙ И ЛИНЬ ХЭМЭЭХ УУЛАНД ДӨРВӨН БАРСЫГ АЛАВ
Өгүүлэх нь, Ли Гүй өгүүлрүүн: - Эрхэм ах таны саяын гурван зүйлийн үг юу хэмээсэн билээ. Эдүгээ өгүүлэгтүн хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүү чи И Жоу хотын И Сүй Хянь-д харих ба ирэх зэмд архи ууж болохгүй. Нэгэн нь энэ хоёр зүйл нь, чиний зан түргэн тул чиний хамт хэн дагаж явмуй. Чи өөрөө хичээж гэртээ хариад эхээ нааш авч гарагтун. Гурван зүйл нь, чи балт сүхээ авч явж болохгүй энд орхиж явагтун. Замд хүмүүнийг бүү дээрэмдэж хэрэг дэгдэгтүн хэмээн өгүүлсэнд Ли Гүй ахын хэлсэн гурван зүйлийг өчүүхэн дүү цөм хүлээе. Гагцхүү эдүгээ явмуй хэмээсэнд Чоу Кэй замын хүнс хийгтүн хэмээн нэлээд мөнгө өгөв. Тэдгээр бүгдээр архи барьж ёсолсонд Ли Гүй хүлээн авч уугаад биедээ нэгэн бага сэлэм авч уулнаас бууж алт хуваах хорооноос Ли Гүй-г үдэж гаргаад Ли Гүй И Жоу-ын зам хөөн явав. Эдгээр Чоу Кэй, Сүн Жян нар уулын дээр ирж их хуримын байшиндаа ирж дахин найрлан байж Сүн Жян өгүүлрүүн: - Эрхэм дүү нар та сонс. Энэ Ли Гүй нутагтаа харих замд эрхгүй нэгэн хэрэг лав дэгдээх хүмүүн.
Зүй нь түүний хойноос нэгэн хотын таних хүмүүн илгээж тагнуулбаас сайн асан. Та нарын дотор И Жоу-ын хүмүүн байна уу хэмээсэнд Чоу Кэй өгүүлрүүн: - Манай тавдугаар дүү Жү Гүй тэр нь Ли Гүй-тэй нэгэн хотын нэгэн хянь-ий хүмүүн тэр ч байтугай Сүн Жян ахыг Жань Жоу хотод очиход захиа бичиж Ли Гүй-д өгч байсны дээр Бай Лүн хэмээх цагаан луын сүмд бидний цугласан газар мөн Ли Гүй, Жү Гүй хоёр нэгэн нутгийн ах дүү хэмээлцэхийг та мартав уу хэмээсэнд Сүн Жян Чоу Кэй нар үнэхээр тийм бид мартав. Одоо нэгэн гавшгай хүмүүн илгээж Шүнь Ян Жань мөрний захаас Жү Гүй-ийн архины пүүсэнд очиж Жү Гүй-г залуулъя хэмээсэнд нэгэн цэргийн ард уулнаас нисэх мэт бууж Жү Гүй-ийн архины пүүсэнд зүглэж ирэв. Удсангүй Жү Гүй-ийн архины пүүсэнд орж Жү Гүй-д ёслоод Чоу Кэй ахын залсан учрыг хэлсэнд Жү Гүй даруй мордож хамт ирж уулнаа очиж Чоу Кэй, Сүн Жян нарт ёсолсонд тэдгээр олон бага жанжин нар мөн хариу ёсолж тавдугаар ширээн дээр суулгаж архи барьж Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүүг залсан учир болбоос манай бага тэнэг дүү Ли Гүй гэр нутаг эхээ санаж одоо эх лүгээ учрах хэмээж энэ өдөр явав. Зүй нь түүнийг ганцаар үл явуулбаас зохимуй.
Гагцхүү түүний зан түргэн догшин бөгөөд бусдад нийцэхгүй тул хэн түүнийг дагаж явмуй. Тиймийн тул бидний санаа зовж үүнийг явах замд хэрэг гаргаж хүмүүний гарт орох болов уу хэмээн маш их зовмуй. Үүнд эрхэм дүү нэгэн нутгийн хүмүүн тул чи одоо Ли Гүй- гийн хойноос сэмхэн дагаж түүнийг тагнаж яваад ирэгтүн хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Өчүүхэн дүү мөн ч нэгэн хотын хүмүүн би бас гэрээс гарсаар маш удав. Зүй нь харин ах нарын тушаалаар явж гэртээ хариад ах дүү лүгээ бас учирч ирвээс сайн билээ. Гагцхүү Ли Гүй урьд уг нутагтаа байх цагт архи ууж хүмүүн алсан тул түүнийг тэр газар очсон хойно харъяат хотын ноён мэдэж барих хэмээвээс мунхаг дүү яахин хамгаалж чадах аж. Тиймийн тул зовмуй, бас үүнийг нэгэн ах мөн нутагтаа эхийн хамт буй. Мөн миний дүү Ли Фү хэмээх хүмүүн уг нутагтаа буй. Тэр бас намайг үзээд мөн үл явуулах хэмээмүй. Би тэр цагт оргон гарч ирэхээс өөр арга үгүй.
Манай дүү архины дянь пүүс гаргаж суумуй. Энэ хоёр зүйлд бас зовмуй. Мөн өчүүхэнд дүүгийн энэ архины пүүсийг яахин орхиж явмуй хэмээсэнд бусад зүйлийг чи өөрөө бодож хичээн явагтун. Хэрвээ хааш хэрэг болоод гэм гарах болбоос өдөр шөнөгүй довтлон ирж бидэнд мэдээ хүргэгтүн. Чиний архины пүүсийг Хао Жань, Ши Жүн хоёрыг гаргаж харгалзуулан бая хэмээсэнд Жү Гүй аргагүй дагаж за хэмээн хүлээн уулнаас Хао Жань нар лугаа бууж пүүсэндээ харьж өөрийн замд авч явах юм гэртээ аваачих мөнгө зэргийг бэлтгэж аваад буй бүхий пүүсний юмаа Хао Жань-д тушаан өгч И Жоу-ын зам хөөж Ли Гүй-г сураглан явав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Чоу Кэй, Сүн Жян эцэг хөвгүүн олон жанжин нар лугаа өдөр бүр дээд хурим бэлтгэж архидан сууж байв. Ү Сюай Гоу угаас бичгийн эрдэмтэй хүмүүн тул тэнгэрийн увдист ном үзэж өдөр шөнийн цаг Ли Гүй, Жү Гүй хоёрын төлөөнөө бурхан тэнгэрт залбирч байв.
Энэ Ли Гүй явсаар нэлээд хоног болж журмын ах Сүн Жян-ы захисан үгийг үгширтэл хадгалж ер замдаа нэгэн хундага архи уусангүй, амьтан хүмүүнийг хорлож юмыг дээрэмдсэнгүй, өөрийн нутагтаа ороод гэртээ харих хэмээн явтал, И Жань-ий баруун хаалганы гадна нэгэн ухуулах бичиг наалдуулжээ. Үүнийг олон хүмүүн үэж байхад Ли Гүй очиж тэр хүмүүний нарын хойно зогсож тэдний унших үсгийн үгийг сонсвоос Ён Чэн Жань хотоос Гоу Жоу-д цөлөгдөн ирж Шүнь Ян Лоу хэмээх архины пүүсний байшингийн хавирганд төр цагаас урвах мөрний усанд хүмүүний цус урсгах өөрийн биеийг өргөмжилж Хуань Чоу лугаа адил хэдэн түмэн хүмүүн алах хэмээн бичсэн тэргүүн ялт Сүн Жян хэмээх Шаньдун мужийн хурдан хур оруулах их салхи хэмээх Сүн Гүн Мэнь, хоёрдугаар И Жоу хотын ялт И Сүй Жан-ы Дай Жүн хэмээх хүмүүн Жань Жоу-д ирж гянданы их дарга болсны хойно Сүн Жян хулгайд урваж сэтгэл нэгдсэн хувилгаан явдалтт Дай Жүн, гуравдугаар ялт мөн И Жоу-ын захиргааны Боу Жань Чүнь Хянь-ий Ли Гүй хэмээх төмөр үхэр хуй салхи цолтой энэ гурваас Сүн Жян-ыг бариваас түмэн хэлхээ зоос шагная. Дай Жүн-ийг бариваас таван мянган зоос шагная. Ли Гүй-г бариваас гурван мянган зоос шагная хэмээн энэ нас байдал биеийн өнгө зүс өндөр богиныг цөм бичгийн хойно бичжээ.
Үүнийг Ли Гүй үзээд уур нь хүрч гар хөлөөр тэр олон хүмүүнийг өдөөж хэрүүл цуугин үүсгэх хэмээж байтал гэнэт араас нэгэн хүмүүн ирж тэврэн авсанд Ли Гүй эргэж үзвээс Жү Гүй үүнд Ли Гүй өгүүлрүүн: - Жү Гү ах чи яахин ирэв хэмээсэнд Жү Гүй яаран ирж нүдний булангаар дохиж бариад баруун хаалгаар гарч ийн өгүүлрүүн: - Чи яахин ийм мунхаг энэ мэт бичиг нааж та нарыг барих хэмээснийг бэлхэнээ сонссоор чи бас айн зугтахыг бодохгүй олон ах дүүтэй гар хөл хөдлөх хэмээх нь яахин ийм их зүрхтэй хүмүүн хэмээн хоёул хамт явж нэгэн архины пүүсэнд орж архи уув.
Тэндээс Жү Гүй өгүүлрүүн: - Би чиний хойноос ирсэн учир болбоос Сүн Жян ах Чоу Кэй хоёрын тушаалаар чамайг тагнаж ирэв. Чи яахин ийм удаан явав. Би өчигдөр ирэв хэмээсэнд Лий Гүй өгүүлрүүн: - Би нь Сүн Жян ахын захисан гурван зүйлийн хэргийг сахин шүтэж зам явж ирэхдээ архи уусангүй тул бие зүдрээд хурдан явж чадсангүй хэмээсэнд Жү Гүй тийм бөгөөс ах нарын захиаг сайтар хадгалж биеэ хичээж зээлд бүү олон яв. Гагцхүү эхээ түргэн аваад буцагтун. Одоо нэгэнт манай архины пүүсэнд ирсэн тул чамд хоёр шаазан архиас илүү өгөхгүй хэмээн хоёул архи ууж Жү Гүй дүү Жү Фүээ дуудаж Ли Гүй хоёрыг ёс ёслуулан архи бариулав. Тэндээс Ли Гүй хоёр шаазан архи уугаад гэдэс нь халуурч улам уух нь дур хүрээд шууд лонхоос архи хийж уун байтал шөнө орой болж дөрвөн жингийн үдэд Ли Гүй нэлээд архи ууж согтоод ваадан боодлоо авч өөрийхн хот буюу Хянь Чүнь-ий зүг явах гэтэл Жү Гүй өгүүлрүүн: - Эрхэм дүү чи энэ их замаар бүү явагтун. Хүмүүн учирваас эрхгүй барих тиймийн тул энэ бага нарийн замаар явж хүмүүн лүгээ учирваас мод шугуйд нууж сэмхэн явагтун хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Би ямар энэ хотын хүмүүний юмыг дээрэмдсэн бус их замаар явмуй хэмээсэнд Жү Гүй нэн их хориглон нарийн замаар явагтун хэмээн дахин дахин захьсанд Ли Гүй аргагүй Жү Гүй-ийн үгийг дагаж нарийн зам хөөн явж үүр цаймагц нэгэн шугуй дотроос нэгэн цагаан туулай гарч явав. Үүнийг Ли Гүй үзээд чи надад зам удирдах билээ хэмээн дагаж явтал нэгэн сайн эр бололтой хүмүүн гарч ирэв. Ли Гүй үзвээс толгойдоо улаан бөсөөр боосон биедээ хар хувцас өмсөн нүүрээ хөхөөр будсан хоёр гартаа балт сүх барьсан хүмүүн үүнд Ли Гүй өгүүлрүүн: - Чи ямар хүмүүн яахин энэ балар шугуйд зам тосож баймуй хэмээсэнд тэр хуурам хүмүүн өгүүлрүүн: - Би нь Хий Сюайнь Жан хэмээх төмөр үхэр цолтой хэн үл надаас аймуй. Өчүүхэн чи харин үг хэлэлгүй надад энэ авч яваа ваадантай юмаа хүргэж өгөөд амиа гуйваас зохих бөлгөө. Ямар учирт миний нэр овог хаана суудгийг асуумуй хэмээх зэрэг авирласанд жинхэнэ Ли Гүй өгүүлрүүн: - Өчүүхэн боол чи өндөр сайд миний алдар нэр цолоор амьтныг дээрэмдэж хүмүүнийг алсан буюу. Чи харин ийм ёсгүй хэрэг хийдэг ажгуу. Одоо түргэн жинхэн нэр овго хэлэгтүн хэмээн өөрийн авч явсан бага сэлмээ гарган тэр хүмүүний ойр дэргэд тулан ирсэнд тэр хуурамч Ли Гүй даруй зугтав. Энэ нь адилтгаваас эрдэм чадал төгссөн баатар эрд өчүүхэн цэргийн ард яахин барцас учирч чадмуй. Тиймийн тул тэр хуурамч Ли Гүй-г жинхэнэ бодитой Ли Гүй хөөж яахин гаргамуй. Бага сэлмээр түүний гуяны тус газар нэг хатгасанд тэр газар унав. Үүнд Ли Гүй тэр хуурамчийн гэдэс дээр хөлөө тавьж хүчээр гишгэсэнд түүний уушги зүрх нь дэлбэрэн алдаж ийн өгүүлрүүн: - Эрхэм нөхөр амь аврагтун. Би үнэн үгээ хэлье хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Чи бушуу түргэн хэлэгтүн хэмээсэнд хар хуурамч Ли Гүй өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн энэ хотын хүмүүн овог Ли нэр Гүй хэмээмүй. Ноён таны өндөр сонор алдраар энэ явагч ардыг айлган авч яваа юмыг булаан авмуй. Хэн таны өндөр алдрыг сонсоод алт мөнгөө үл өгнө. Тиймийн тул би таны замыг удирдаж хүмүүн алсангүй гагцхүү нэлээд юм олов хэмээсэнд Ли Гүй чи үнэхээр Ли овгийн хүмүүн болбоо чухам хаана аль зээлд суудаг хэний хамт хэдэн хүмүүн гэртээ байдгийг чи үнэнийг хэлэгтүн. Үгүй бөгөөс чамайг алмуй хэмээсэнд тэр хуурамч Ли Гүй өгүүлрүүн: - Би нь Боу Жань Чүн зээлд суудаг. Гэртээ эм үр үгүй гагцхүү ерэн насны хөгшин эхээ өргөж суумуй. Амь зуух арга олдохгүй тул энэ мэт хүмүүн дээрэмдэж явмуй. Өчүүхэн хүмүүн намайг албаас хоёр хүмүүнийг алах билээ хэмээн олон учир гаргаж үүнээс хойш энэ мэт хэрэг хийхийг байсугай хэмээсэнд чи тийм бөгөөс би чамаас нэгэн үг асуух одоо нэгэнт энэ мэт хэрэг хийхийг байваас би чамд мөнгө тусалж өгье. Чи өөр ажил хийж хөгшин эхээ өргөгтүн. Би чамайг журам санаж тавих билээ хэмээгээд мөнгө арван лан гаргаж өгөөд хоёр тийш салахад Ли Гүй өгүүлрүүн: - Чи одооноос энэ ажил хийхгүй болбоос чамд энэ хоёр балт сүх хэрэггүй хэмээж хоёр сүхийг аваад явав. Үүнд хуурамч Ли Гүй тэндээс хоцорч суув. Иймийн тул Ли Гүй тэр өдөр явж луу цаг болж ам нь цангаж, гэдэс нь өлсөж тэсэхгүй боловч арга буюу аглаг уул мод газар айл буудал үгүй тул нарийн зам хөөн явж тэр уулын хажууд хүрч амран сууж байтал нэгэн өвсний байшин харагдав. Үүнд Ли Гүй маш баярлан явж хүрээд байшингийн дэргэд нь очвоос нэгэн бяцхан үзэсгэлэн царайт эм толгойдоо цэцэг чимэг хатгасан биедээ цагаан шаны дээл хормогч өмссөн эм хүмүүн гарч ирсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Бэргэн чи над нэгэн архи будаа бэлтгэж өгмү үү. Би өлсөж ундаассан хүмүүн хэмээсэнд тэр эм өгүүлрүүн: -Манай энэ газар архи будаа бэлтгэн худалдах пүүс бус. Тийм боловч арга буюу зам явж зүдэрсэн хүмүүн тул чамд би нэгэн аяга цай нэгэн шаазан будаа өгье хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Би нь маш өлссөн хүмүүн тул нэгэн шаазан будаа идээд гэдэс үл цадмуй. Ийм гурав дөрвөн шаазан будаа чанаж өгөгтүн. Би үнэ мөнгийг өгье хэмээсэнд тэр эхнэр тогооны гэрт орж будаа чанав. Ли Гүй гадагш гарч ийш тийш харж байваас нэлээд холоос нэгэн сайн эр бололтой хүмүүн өрөөсөн хөл доголон мэт хазгар явж ирэв. Үүнийг Ли Гүй маш сэжиглэн нэгэн нууц газар орж нуун сууж байтал тэр хуурамч хүмүүн ойр хүрч ирсэнд эхнэр нь хойд хаалгаа нээж тогооны гэрт оруулж ийн өгүүлрүүн: - Чи нь гэрээс гараад арван хэдэн хоног явж юу олов хэмээсэнд тэр хүмүүн өгүүлрүүн: - Би гэрээс гарснаас хойш ер нэг ч хүмүүн тохиолдсонгүй арван хэдэн өдөр зам тосов. Гагцхүү энэ өдөр нэгэн сайн эр бололтой хүмүүн тохиолдсонд түүнийг алж юмыг булаах хэмээн дүрэм үзүүлж нэр цолоо хэлсэнд харин тэр нь муу илжиг жинхэнэ Хи Сюайнь Фан хэмээх их хуй салхи биеэр явж баймуй. Тиймийн тул түүн лүгээ үзэлцэх хэмээн бага авирласанд харин тэр илжиг намайг хөөж авч явсан бага сэлмээр минь өрөөсөн гуяны ту хатгаж шархлав. Би яахин түүнийг дийлэх буюу. Тэр илжиг намайг барьж газар унагаад нэг хөлөө гэдэсний дээр гишгэж уушги зүрх амаар гаргахад тулмагц би хуурамч Ли Гүй болж юм дээрэмдсэн үнэнээ хэлээд бас амь аврахыг гуйсанд тэр муу бас намайг тавихгүй нэр овог хэн хаана суудаг хэмээсэн тангараг авсанд би нэгэн удаа хууран гарахыг бодож овог Ли Нэр Гүй хэмээх хоёр үсэг түүний нэрийг дагуулж нутгийг Боу Жань Чүнь хэмээх зээлд суудаг ерэн насны эх тэжээж ийнхүү эрхэм ахын өндөр алдраар хүмүүний юмыг дээрэмдэв хэмээсэнд тэр илжиг намайг ерэн насны эхээ тэжээмүй хэмээх үгийг сонсоод тийм бөгөөс журам дагаж чамайг хорлохыг байсугай. Үүнээс хойш хүмүүний юмыг дээрэмдэхээ халж, үүгээр амь зууж худалдааны хөрөнгө болгосугай хэмээн мөнгө арван лан шагнав хэмээсэнд тэр эхнэр ийн өгүүлрүүн: - Тийм бөгөөс манай гэрт нэгэн хав хар нүүртэй хүмүүн ирээд сууж баймуй. Тэр хүмүүн мөн блох магадгүй чи дуугаа баахан сэмхэн болгож түүн лүгээ учрагтун хэмээв. Энэ үгийг Ли Гүй сэмхэн чагнаж аваад дотроо сэтгэрүүн: Би нь тэнгэрийн журам дагаж тэр хуурамч Ли Гүй-гийн амь гаргаж ерэн насны эхийг сувилуулах хэмээн мөнгө арван лан өгсөн нь харин өөрийн биеийг илжиг хэмээн хараалгахаас гадна хууртаж мөнгөө өгсөн ажгуу. Одоо би харин хорлох болмуй хэмээн дотроо сэтгэж өвсний байшинд орж будаа хүлээн суув. Үүнд ер будаа ирж авчирч өгсөнгүй тул дахин дахин сэмхэн тэр хоёрын үгийг чагнаваас эхнэр нь өгүүлрүүн: - Чи гуянд сэлмээр хатгасан хүмүүн мөн болбоос бид хоёр түүнийг хорт ногоог будааны хамт өгч алаад түүний авч яваа ваадантай мөнгө юмыг авч энэ уулнаас бууж хэрэмд орж сууваас сайн хэмээхэд Ли Гүй энэ үгийг сонсоод нэн ч уур нь өрнөж тэсэн чадсангүй тэр хоёрын дээр орж ирээд хуурамч Ли Гүй-ийн толгойн үснээс шүүрэн авч эхнэрийг барих гэтэл эхнэр шууд зугтан гарч явав. Үүнд Ли Гүй, тэр Ли Гүй-г барьж сэлмээ аваад бие толгойг салгаж, орхиод эхнэрийг эрж өмнө хаалгаар гарч үзвээс сураг танаггүй тул хэдэн өвсөн байшинг нэгжиж үзээд олсонгүй тул тогооны гэрт орж чанасан будааг шаазанд хийж авчраад хуурамч Ли Гүй-ийн гуяны махнаас хоёр хэсэг огтолж аваад галд шатааж будааны хамт идээд одоо явах хэмээн байшингийн дотор авдар савыг нэгжиж хэдэн хэсэг мөнгө хоёр гурван зах дээлийг аваад Ли Гүй-ийн хүүрийг байшинд оруулж гал тавиад шууд тэр уулнаас бууж нарийн замаа хөөж удалгүй өөрийн гэртээ оров. Ороод үзвээс эх нь зүүн орон дээр хэвтэж баймуй. Үүнд хөвгүүн Ли Гүй эхээ үзвээс хоёр нүд нь охор болжээ. Зүс царай нь муу үнэхээр нас буурай доорой болов. Иймийн тул хөвгүүн Ли Гүй эхээ үзээд сөгдөн өгүүлрүүн: - Хөвгүүн Ли Гүй эдүгээ харьж ирэв хэмээсэнд эх нь өгүүлрүүн: -Чамайг явснаас хойш хоёр нүд сохров. Гагцхүү дүү Ли Фү чинь өдөр бүр нэгэн ваар хоол өгдөг чухам ямар хоолыг мэдэхгүй хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Дүү Ли Фү хоол өгч байсан нь сайн. Эдүгээ бий харьж ирсэн учир болбоос эмгэн эх таныг аваачихаар ирэв хэмээсэнд эх нь өгүүлрүүн: - Чи өдий олон жил болтол хаана байж ямар зэрэг хэргэм олов хэмээсэнд Ли Гүй дотроо бодож өгүүлрүүн: - Энэ Лян Шань Пү хэмээхийг сонсвол хэрхэвч явахгүй, эдүгээ ноён болов хэмээн хуурч аваачваас хэрхэвч үзмүй хэмээн сэтгээд Жань Жоу-д Жань-ий ноён болов хэмээсэнд эх нь маш баярлан сайн сайн хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Эх одоо явъя. Би нь алба хэргийн чөлөө авч ирсэн хоног удааширваас над басхүү ял гэм ирэх хэмээсэнд эх нь өгүүлрүүн: - Чи дүү Ли Фү-ээ баахан хүлээж учраад явбаас сайн хэмээсэнд Ли Гүй эр лүгээ учирсан эссэн гайгүй би хурдан нэгэн тэрэг олж одоо явсугай хэмээсэн үүнд эхээ аваад гарах хэмээтэл, дүү нь нэгэн ваар хоол эхдээ авч орж ирээд яв цав үүдний дотор тохиолдов.
Тэндээс тэр дүү нь өгүүлрүүн: - Ах чи нь хэдийд ирэв. Бас ямар хэрэг дэгдээхээр санаж хөгшин эх бид хоёрыг зовоомуй хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Би нь Жань Жоу-д түшмэл сууж ноён болов. Иймийн тул эхээ аваачиж өргөх хэмээн ирэв хэмээсэнд дүү нь өгүүлрүүн: - Худал хэлэх нь маш мэргэн чи Жань Жоу-д ноён суух байтугай урвасан ялт хэмээн цол гарч газар оронд чамайг барих хэмээн бичиг нааж хүмүүн бүрд зарласан атал бас ноён хэмээн биеэ өргөж хуурмагаар хөгшин эхийг минь цөлөх буюу. Эмгэн ээж үүний үгийг бүү итгэ. Эдүгээ би учрыг сайтар нээн хэлж өгье. Энэ Ли Гүй угаас хүмүүн алж оргон гарсны хойно үүний төлөө би басхүү дөнгө амаж маш их зүдэрснийг та үл мэдэх буюу. Гагцхүү буянтны хүчээр гарсан билээ. Эдүгээ сонсвоос энэ гайхал Жань Жоу-д очоод Сүн Жянь хэмээх хүмүүн лүгээ санаа урваж түүн лүгээ журмын ах дүү болж бас Дай Жүн хэмээх нэгэн гянданы дарга нартай нам нийлж Лян Шань уулын урвасан хулгай нар лугаа цаазаар аваачих их ялт Сүн Жян, Дай Жүн хоёрыг булаан авч Жань Жоу-г түйвээсэн муу ялт нар хэмээн одоо улсын яам бүхий газар эднийг барихаар бичиг тараасан бөгөөтөл ноён суув хэмээн худал хэлэв. Харин Лянь Шань-д урвасан муу хулгай билээ. Ээж бүү очигтун хэмээсэнд, Ли Гүй өгүүлрүүн: - Дүү чи бүү уурлагтун. Өчүүхэн ах чинь эмгэн ээжийг аваачих ба басхүү чиний биеийг авч Лян Шань ууланд очиж бие амар жаргая хэмээсэн билээ хэмээсэнд дүү өгүүлрүүн: - Чиний урвасан хулгайг дагаж журам эвдэх ёс хаана хэмээн авч явсан ваартай юмаа газарт хаяж шууд уурлан явж өөрийн байх газар очив. Үүнд Ли Гүй ийн сэтгэрүүн: Чи үл явах аваас байгтун. Би хөгшин эхээ үүрч явбаас барав. Гагцхүү чамд амь зугтах мөнгө тавин ланг чиний гэрт үлдээж хөрөнгө болгоё хэмээн ваадангаас мөнгө тавин ланг гаргаж авдар дээр тавиад эхээ үүрэн шууд хаалга гарч нарийн зам хөөв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, тэр Ли Да Фү дүү нь өөрийн байдаг газар очиж эл учрыг хэлж арван хэдэн хүмүүн авч ирээд Ли гүй-г барих хэмээн ирээд гэртээ орвоос эх нь үгүй Ли Гүй бас үгүй үүнд аргагүй ийш тийш хашаандаа эрэвч олсонгүй тул одоо явж хэмээн хойноос хөөе гэтэл тэр тэнэг намайг хэрхэвч гэдрэг буцаахгүй дээр басхүү уур нь хүрвээс харин миний амь сөнөх магадгүй хэмээн бодож байтал, гэнэт авдар дээр нь мөнгө тавин лан бүхийг үзэж баярлан аваад тэдгээр дагуулан ирсэн хүмүүнд өгүүлрүүн: - Эдүгээ бид Ли Гүй-ийн хойноос хөөж эхээ авбаас сайн асан хэмээхэд тэдгээр хүмүүн нар Ли Гүй-г угаас тэнэг ууртайг мэдэх тул хэн аймшиггүй түүний хойноос хөөмүй. Тиймийн тул ер хөөх хүмүүн үл олдоход Ли Да Фү аргагүй үүдээ цоожилж олон улсын хамт гэрээс гарч харив.
Тэндээс Лий Гүй эхээ үүрч нарийн замаар явсаар нэгэн их ой модтой ууланд хүрч нарыг харваас харанхуй болж шөнө болсонд аргагүй зам олдохгүй тул нэгэн хэсэг явж байтал эх нь нүд сохор тул шөнө өдрийг яахин ялгаж мэдмүй. Тиймийн тул эхийн ам нь цангаж хөвгүүн Ли Гүй-д өгүүлрүүн: - Хөвгүүн ээжийн чинь ам маш их цангав. Чи нэгэн аяга ус олж өгвөөс нэн сайн хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Ийм их аглаг уул модонд хаанаас ус баймуй хэмээсэнд эх нь нэн их цангаж яван чадахгүй болсонд Ли Гүй өгүүлрүүн: - Ээж чиний ам цангах нь зөв боловч хөвгүүн миний ам цангахаар үл барам гал шатахад хүрэв. Эдүгээ яам хэмээсэнд эх нь өгүүлрүүн: - Би чамайг нялх цагаа энхрийлэн өсгөсөн билээ. Эдүгээ энд ундаасаж үхэх цаг ирэв. Үүнийг үзвээс юунд жаргалтай газраас гарч зовлонтой учрав хэмээсэнд Ли Гүй аргагүй эхээ орхиж шөнө явж ус эрж ууланд дөрвөн зүг явж чих тавин чагнаж байтал уулын хормойд ус урсах чимээ бүхийг сонссоор явж тэр усанд хүрч өөрөө уугаад эхдээ авчирч өгье хэмээвээс аяга үгүй тул хоёр гарын алгаар хавсран авч авчрах хэмээвээс тэр ус яахин тогтож болмуй. Тиймийн тул гайхан байж ийш тийш харваас нэгэн хуучин сүм баймуй. Үүнд Ли Гүй яаран тэр сүмд очиж үзвээс эвдэрсэн сүм түүний өмнө нэгэн чулуун ширээн дээр тавьсан чулуун сангийн багвар буй тул түүнийг авч усанд угаагаад ус хийж эхдээ авчирч өгөх хэмээн орхиж явсан эхийн дэргэд хүрч ирээд эхээ эрвээс үгүй тул их дуугаар бархиран дөрвөн зүг эрэвч ер чимээ мэдээ үгүй тул аргагүй гайхан явж нэгэн хэсэг их өвсөнд шинэхэн дуссан цус баймуй. Үүнд Ли Гүй маш сэжиглэн тэр цусны мөрөөр мөрдөн явж нэлээд хэдэн газар очиж харваас нэгэн их хад чулуу баймуй. Ойр нь хүрч үзвээс нэгэн хадны их хонгил баймуй. Түүний гадна хоёр бага барс хэвтмүй. Түүний дэргэд нь эхийн өрөөсөн хөл баймуй. Үүнийг Ли Гүй үзээд маш уур нь хүрч тэр хоёр бага барсыг барьж алаад тэр нүхэнд орвоос нэгэн өлөгчин барс гарч ирэхийг Ли Гүй тохиолдож авч явсан сэлмээ тэр барсын аманд хатгасанд тэр барс гэдрэг зугтан явахад хойноос хөөж бүсний тус хатгасанд Ли Гүй-гийн хүч их тул сэлэм нь цөм орсны дээр өөрийн гарын хагас орж барсыг сэлмийн хамт алдав. Үүнд тэр барсыг хөөе гэтэл сураг танаггүй явав. Үүнд Ли Гүй буцаж ирээд бас тэр нүхэнд мөн барс буй болбоос алах хэмээн нүхэнд орж эрвээс ер олсонгүй гарах хэмээж байтал гаднаас нэгэн барс ирж явсныг үзээд нүхний аман дээр нуун байтал, тэр барс нүхэндээ бөгсөөр шурган орсонд Ли Гүй түүнийг бага сэлмээр бөгсөөр хатгаж зугтуулав. Түүний дараа нэгэн хуй салхи дэгдэв. Эртний үгэнд барс гарваас салхи дэгдэх луу хөдөлбөөс үүл дэгдэх хэмээжээ. Энэ нь тэр зугтсан барс дахин ирж Ли Гүй-ийн зүг давхин ирэв. Үүнд Ли Гүй нь уур хүрч тэр барсыг бага сэлмээр нэгэн удаа толгойг цавчсанд барсын хүзүү толгой хоёр салав.
Тэндээс Ли Гүй их бага бүгд дөрвөн барсыг алаад бас нүхний аманд сууж мөн барс ирэх магадгүй хэмээн нэлээд суусанд ер юу ч ирсэнгүй тул эхийн үлдсэн хөлний ясыг түүж аваад тэр эвдэрхий сүмд хонож өглөө босоод эхийн хөлний ясыг газар булж маш их уйлан байж тэр сүмээс гарч уулаас бууж тэндээс хэдэн гөрөөчин хүмүүн тохиолдож Ли Гүй-гээс асууруун: Чи аль газрын хүмүүн яахин энэ уулаар явж ирэв. Эдүгээ хааш очмуй. Чиний бүх бие яахин ийм их цус наалдав хэмээсэнд Ли Гүй ийн сэтгэрүүн: И Сүй Хянь-аас хүмүүн алаад оргосон ба, Лянь Шань-д очихоор явааг эдэнд хэлбээс намайг барихаар даруй нэгэн худал үг зохиож өгүүлье хэмээгээд өгүүлсэн нь эдүгээ би нь хол Гий Жоу-ын хүмүүн Жань Жоу-д худалдаа хийхээр төрсөн эхийн хамт уг нутгаас гарч нарийн замаар явж уул давсанд эхийн ам цангаж түүнд ус эрж өгөх хэмээн явсны хойно миний эхийг барс барьж идсэнд би тэр уулын их бага дөрвөн барсыг алаад ийнхүү бүхий бие цус болов хэмээсэнд тэдгээр гөрөөчин нар өгүүлрүүн: - Чи хэдий их хүчтэй боловч дөрвөн барсыг яахин алмуй. Чиний энэ үг худал гагцхүү Ли Чүнь Хяо адил хүчтэй болбоос барсыг алж болмуй. Бид чамайг үнэмшихгүй хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Миний хэлэхийг эс итгэвээс намайг дагаж ууланд очиж үзэгтүн хэмээн тэднийг дагуулан уулын дээр гарч тэр дөрвөн барсыг үзүүлсэнд тэдгээр гөрөөчин нар өгүүлрүүн: - Дэлхий дахинд ийм чадалтай баатар эр бас байдаг ажгуу. Эдүгээ бид энэхүү алсан барсыг дамнаж алсан хүмүүнийг дагуулан уулнаас бууж хотод очиж мэдээ хүргэе. Энэ дөрвөн барсын тухай бидний хэдэн гөрөөчин нар харъяат Хянь-ий яаманд хичнээн занчуулж ял олов. Эдүгээ бид басхүү гавъяа бий хэмээн барсыг дамнаж уулнаас бууж Чоу Дай Гүн хэмээх хотын Хянь-ийн яаманд ирсэнд яамны ноён ба их бага цөм угтан үзэж зочид залах байшинд оруулж цай уусны хойно Ли Гүй-ээс Чоу Дай Гүн ийн асууруун: Эрхэм дүүгийн алдар нэр хэн аль хотоос хаана хүрэх хэмээн асуугаад бас энэ дөрвөн барсыг яахин алсан зэргийг нэгд нэгнээр асуусанд Ли Гүй Гий Жоу-оос Жань Жоу-д худалдаа хийхээр төрсөн эхийн хамт явж энэ уул давсанд эхийг барс идсэн учирт алсан зэргийг цөм хэлсэнд Чоу Дай Гүн маш баярлав.
Тэр хотын хүмүүн бүгд мэдээд барсыг үзэх, алсан хүмүүнийг үзэх хэмээн цугласан нь хэдэн мянган хүмүүн үүний дотор Ли Гүй урьд өвсөн байшинд хуурамч Ли Гүй-г алаад эхнэрийг алдсан нь энэ хотын хүмүүн тул гэртээ иржээ. Эдүгээ барс алсан хүмүүнийг үзэх хэмээн ирээд тэр эхнэр Ли Гүйг таньж даруй гэртээ харьж эцэг эхдээ ийн өгүүлрүүн: - Эдүгээ энэ барс алсан хүмүүн миний нөхөр Ли Гүй-г алсан өвсөн гэрийг шатаасан мөнгийг дээрэмдсэн хүмүүн энэ мөн. Энэ нь Лян Шань ууланд урвасан хулгай Хи Сюай Фэн хэмээх хуй салхи төмөр үхэр цолтой хэмээсэнд үүнийг эцэг эх нь соноод эдүгээ даруй Хянь-ий даргад мэдүүлэлгүй болохгүй мөнөө сонсвол Жань Жоу-г түйвээж Лянь Шань-д урвасан гурван хулгай Сүн Жян, Дай Жүн, Ли Гүй хэмээх хүмүүнийг бариваас их зоос шагнамуй хэмээн дэлхий дахинд ухуулах бичиг гаргажээ. Эдүгээ манай хотод ч бас бичиг тушаасан хэмээгээд хотын даргад энэ учрыг мэдүүлсэнд хотын дарга Хянь-ий дарга Чоу Дай Гүн-ийг урьж энэ учрыг хэлсэнд Чоу Дай Гүн өгүүлрүүн: - Энэ хүмүүн чухам Хи Сюай Фэн хэмээх хүмүүн жинхэнэ мөн ахул үүнийг барьж болмуй. Хэрвээ бус болбоос хэцүү хэрэг дэгдмүй. Үүний хүч тэнхээг үзвээс үнэхээр баатар эр, энэ учрыг сонсвоос хүлээх нь түмэн бэрх. Дөрвөн барсыг алсан хүмүүн адил манай нэгэн бага Хянь-ийг сүйтгэх нь үлгэрлэвээс галзуурсан чоно үнэгийн үүрийг уудлах адил болмуй. Бүү үг задруул чухам Ли Гүй мөн хэмээхийг та нар яахин мэдэв хэмээсэнд тэр хуурамч Ли Гүй-ийн эхнэр өгүүлрүүн: - Жинхэнэ Хи Сюань Фэнь Ли Гүй мөн яахин мөнийг мэдэв хэмээвээс энэ урьд өдөр миний нөхрийг алаад өвсөн байшинг шатаасны дээр надаар өлсөв хэмээн будаа чануулж идсэн тул би юунд үүнийг үл танимуй хэмээсэнд Чоу Дай Гүн тийм бөгөөс бид арга зөвлөж барья. Эдүгээ үүнийг барс алсан гавъяат хүмүүн хэмээн их ширээ зааж найр тавин хүмүүн бүр тус тус архи шаардан ухаан мэдрэлгүй болтол согтсон хойно бариваас нэгэн Ли Гүй байтугай хоёр ч барихад хялбар. Үлгэрлэвээс өөшинд орсон туулай мэт хэмээн зөвлөөд даруй Чоу Дай Гүн буцаж ширээ засаж архи будаа бэлтгээд Ли Гүй-д өгүүлрүүн: - Мунхаг ах нь хотын дотор хэрэг зөвлөх хэмээн яваад сая ирэв. Эрхэм дүү хүлээж алжаав уу хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Юунд алжааж зүдрэх билээ хэмээн өгүүлсэнд Чоу Дай Гүн, Ли Гүй-ийн өмссөн хувцсыг сольж өөр хувцас өмсгөөд даруй ширээн дээр суулгаж архи барив. Үүнд Ли Гүй угаас өлссөний дээр басхүү архи санасан нь маш их тул өөрийн зоригоор ууж нэлээд согтсоны хойно Чоу Дай Гүй өгүүлрүүн: - Мэргэн дүү манай харъяат Хянь-ий ноён лугаа учирч шагнал хишиг хүртэх буюу эсхүл биднээс шагнал аваад буцах болов уу хэмээсэнд Ли Гүй өгүүлрүүн: - Хяньий ноёнд та нар нэгэнт уламжлан сонсгосон тул би биеэр учрах хэрэггүй мөн эндээс шагнал авч буцваас ямар хэмээсэнд Чоу Дай Гүн маш сэжиглэж даруй Хи Сюань Фэн мөн хэмээн санаж одоо яахин барихыг гэдэсний дотор зөвлөж гагцхүү архи өгч үл согтох аваас хэрхэвч барьж чадахгүй хэмээн олон хүмүүнийг сэмхэн дуудаж барс алсан хүмүүнийг магтан өргөж бид бүхэн хүмүүн бүр нэг нэг шаазан архи баримуй хэмээн тус тус шаардан барьсанд Ли Гүй эдний энэ ухааныг яахин олж мэдмүй. Даруй цөм хүлээн авч уугаад биедээ авч явсан бага сэлмээ хаяж ухаан мэдрэлгүй хэвтэв. Үүнд тэдгээр хүмүүн нар Ли Гүй-г барьж авах нь үхсэн хүүрийг тэрэгт ачих лугаа адил хэдэн тийш хөлбөрүүлэн хөдөлгөвч ер сэхээ үгүй учирт гурван давхар бүдүүн олсоор баглаж аваад нэгэнтээгүүр харъяат Хянь-ий ноёнд Хи Сюань Фэн-ийг барьсан учрыг мэдүүлэв. Энэ даруй сонсож маш их цочин ямар хүмүүний санааг үүсгэж барьсан цөм Ли Гүй мөнийг яахин мэдэн хэмээхэд Чоу Дай Гүн хуурамч Ли Гүй-ийн эхнэр таньсан ба бас түүний нөхөр Ли Гүй-г алсныг эдүгээ би архи өгч үгийг авсан зэргийг мэдүүлсэнд ноён өгүүлрүүн: - Тийм бөгөөс мэдүүлэх хуудас өргөх өргөдлийг эсэргүүцлийн хүмүүн нарын нэрс зэрийг даруй түргэн бичиж ирэгтүн хэмээн нэгэнтээгүүр тушаагаад цэргийн дарга Ли овогтыг дуудаж ийн өгүүлрүүн: - Жань Жоу-г эвдэж Лянь Шань-д урвасан хулгай Ли Гүй эдүгээ Чоу Дай Гүн-д баригдаж тэдний гэрт согтуу олсоор баглав гэнэм. Чи даруй цэрэг авч очоод сайтар харгалзан авчрагтун.
Хэрвээ алдаж орголоход хүрвээс чиний нохой мэт амийг авмуй хэмээн маш чанд тушаасанд тэр дарга гучин шилдэг цэрэг аваад Чоу Дай Гүн-ий гэрийн зүг очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь тэр хотын олон хүмүүн барсын аюулаас гарсан ачит баатар хэмээн магталцан байтал харин урвасан хулгай Хи Сюань Фэн хэмээн баригдаж Чоу Дай Гүн-ийд буй хэмээлцэхийг цөм түрхийтэл сонсоод маш гайхалцав. Тэндээс Жү Гүй, Жү Фү хоёрын суух хот нь дэмий асар холгүй тул энэ Хи Сюань Фэн хэмээх Ли Гүй баригдав хэмээх үгийг сонсоод Жү Гүй-ийн зүрхэнд сум туссан адил болж дүү Жү Фү-дээ ийн өгүүлрүүн: - Мунхаг ах нь Ли Гүй-ийн хэрэг гарах болзошгүй хэмээн Чоу Кэй, Сүн Жян хоёрын үгээр тагнуулчид ирсэн билээ. одоо яахин Ли Гүй-ийн амийг авах бөлгөө хэмээн маш их зовних царай гарган бүхийд дүү Ли Фү өгүүлрүүн: - Ах чи сэтгэлээ аажим тавигтун. Энэ мордсон цэргийн дарга Ли овогт над лугаа зузаан ханилсан сайн нөхөр дээр би биеэр очиж гуйваас Ли Гүй-г тавихгүй тул надад нэгэн арга буй хэмээсэнд ах Жү Гүй өгүүлрүүн: - Ямар арга буй бөгөөс дүү арга хэрэглэж үзэгтүн. Үгүй бөгөөс дахин Лянь Шань-д очих нүүр үгүй хэмээсэнд дүү нь өгүүлрүүн: -Ах чи сонс. Бид хоёр гучин жин сайн архи авч хор холиод бас гуч дөчин жин мах авч энэ шөнө даруй гавшгайлан явж Чоу Дай Гүн-ий зээлийн замд очиж Ли дарга нарыг хүлээж тэдэнд Жү Гүй хэмээх Хи Сюань Фэн урвасан хулгай барьсан маш сайн их баяр хэмээн баярын хундага өргөвөөс тэд үл уух ёс байна уу. Тиймийн тул тэднийг хорлож алаад Ли Гүй-г авч гарваас тэр цаг би ч бас энэ хотод суухгүй, ах чамайг дагаж Лянь Шань-д явмуй хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Тийм бөгөөс маш сайн эдүгээ бид хоёр явсугай хэмээсэнд Жү Фү бас өгүүлрүүн: - Ах энэ Ли Ён хэмээх дарга архи үл хуух хүмүүн яахин аргалж архи өгөх билээ хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Тэр архи эс ууваас идэх маханд хор хийж өгвөөс тэр бас үл идэх буюу хэмээн зөвлөөд эдүгээ бид гэр орноо яахим. Бас эмс хүүхэд эцэг эхээ хэрхэн авч явмуй хэмээсэнд Жү Гүй өгүүлрүүн: - Мэргэн дүү чи эдний төлөө ба эд мөнгөний учирт бүү зовогтун. Энд архины пүүс нээсэн нь хичнээн ашиг тус байх билээ. Лянь Шань-д алт мөнгө ба, эд таваар элбэг дэлбэг дээр цөм цэнгэлээр жаргамуй. Гагцхүү эцэг эх эмс хүүхдээ энэ шөнө явуулж Ши Ли Пи хэмээх газар очиж хүлээгтүн. Хоёр зарц илгээж хоёр тэрэг хөлслүүлэгтүн хэмээсэнд Жү Фү дүү энэ зөв хэмээн хоёр зарц явуулж хоёр тэрэг авчруулж нарийн эдлэлээ ачиж эмс хүүхдээ суулгаж хоёр зарцаа дагуулан И Гоу хотоос гарав. Тэндээс ах дүү хоёр хэдэн зардсаар архи мах ногоо мантуу зэргийг дамнуулж дөрвөн жингийн цагт Чоу Дай Гүн-ий зээлийн замд тосож ирэв. Үүнд тэр Ли Ён дарга цэргүүд Чоу Дай Гүн-ийд очиж хэдийн Ли Гүй-г барьж аваад нэгэн шөнө Ли Ён цэрэг нар явж зүдэрсэн учирт цөм архи мах идэж шөнө таван жингийн хойно Чоу Дай Гүн-ий гэрээс гарч Хянь яамны зүг ирэв.
Тэндээс үүр цайж наран ургаж зам зүглээд ирэхийг Жү Гүй, Жү Фү хоёр харж үзвээс хэнгэрэг дэлдэн харанга цохиж маш их сүр үзүүлэн Ли Гүй-г төв дунд хашиж ойртон ирэхэд Жү Фү угтаж очоод сөгдөн ийн өгүүлрүүн: - Эрхэм багш ах нар ба олон цэрэг амран сайн морилов уу. Ялтнаа барив уу үүнд мунхаг дүү Жү Фү би ялт Ли Гүй-г барив хэмээн сонсоод маш баярлан багш ах нарт хундага өргөж архи мах ногоо мантуу бэлтгэж зам тосож ирэв хэмээн мөргөсөнд Ли Ён дарга маш баярлан өгүүлрүүн: - Эрхэм мэргэн шавь юунд ийм хол угтан ирмүй. Бид нь нэгэнт ялт Ли Гүй-г барьсан нь одоо өөр юу гагцхүү таны пүүсийг дайран гарч бага архи уух хэмээн санаж бөлгөө. Эдүгээ энд ирсэн тул арга буюу хэмээн мориноос бууж Жү Гүй, Жү Фү хоёрын дэргэд ирсэнд Жү Фү даруй баярын хундага хэмээн нэгэн ихээхэн хундага архи хийж Ли Ён-д өгсөнд Ли Ён тосож аваад цөм уув. Үүнд Ли Фү баярлан бас бэлгэтэй ёсоор гурван хундага зооглогтун хэмээсэнд Ли Ён юуны сэжиг баймуй. Дахин хоёр хундага архийг ууж бүгд гурван хундага уугаад тавагт мах мантуу хийж барьсанд Ли Ён өгүүлрүүн: - Эдүгээ мах мантуу идэх зайгүй сая хоол идэв хэмээсэнд Ли Фү өгүүлрүүн: - Гэм үгүй багш шавийн сэтгэл бодож хоёр гурван бага хэсэг мах зооглогтун хэмээсэнд Ли Ён дарга аргагүй хоёр хэсэг мах идэв.
Тэндээс Жү Гүй олон цэрэгт тус тус их шаазангаар архи хийж барьсанд цөм баярлан авч уугаад удсангүй согтов. Үүнд Ли Гүй сайтар ажиглан үзэж ийн өгүүлрүүн: - Энэ нь чухам ямар хүмүүн яахин зам тосож ийнхүү эд нар хүндлэн архи мах өгмүй хэмээн дотогш орж үзвээс Жү Гүй, Жү Фү хоёрыг харж таниад үл мэдэгчнээр байж учрыг мэдээд ийн өгүүлрүүн: - Та хоёр яахин ийм харгис муу ард бөлгөө. Эдэнд архи мах өгөөд над юунд архи махнаас үл өгмүй. Бушуу түргэн надад архи хийж өгөгтүн хэмээсэнд Жү Фү өгүүлрүүн: - Чи болбоос муу хулгай бөгөөд улсыг самуурлах хэрэг хийсэн их ялт хүмүүн тул чамд архи өгөх байтугай чиний биеийг олж барьсанд бид баяр хийж ноён цэргүүдэд архи махыг зам тосож өргөв. Чи ууж болохгүй дуугүй байгтун хэмээсэнд Ли Гүй юу хэлмүй. Гагцхүү дотроо эдүгээ амь гарав хэмээн их баярлан байтал тэдгээр дарга цэргүүд цөм уусан архи махдаа хордож цөм газар хэвтэв. Үүнд Ли Ён-ы дотор гэдэс нь мэнэрэн аль ч учраа мэдэхгүй ийш тийш харваас олон цэрэг цөм хэвтэж баймуй. Ли Ён босоод цөм ямар учир ийм болов хэмээн сэтгээд даруй хорт архи өгөв хэмээн бодож олоод Жү Фү-ийн дэргэд очиж түүнийг барья хэмээвээс толгой нь хүнд хөл нь хөнгөн тул толгойн аясыг дагаж ийш тийш гуйвлан ундуусч явж үл болох тул даруй хэвтэв.
Тэндээс Ли Гүй өөрийн биеийг багласан олс дээсээ тасар тасар татаад даруй тэр Ли Ён даргыг алах хэмээн ирэхэд Жү Фү өгүүлрүүн: - Ли Гүй үүнийг алж болохгүй. Энэ болбоос над лугаа багш шавь болсон ёс хүнд гагцхүү бусдыг алж болмуй хэмээсэнд Ли Гүй, Жү Фү-ийн үгийг дагаж Ли Ён-ыг алахыг байж тэр гурав тус тус цэргийн сэлмийг түүн авч гартаа аваад газар хэвтсэн цэргийг алсанд зам зээл үзсэн хүмүүн нар цөм зугтав.
Үүнд Ли Гүй даруй Чоу Дай Гүн, хуурамч Ли Гүй-ийн эм нарыг эс албаас гэдэсний хорсол арилахгүй хэмээн даруй хойноос хөөж бүгдийг алж басхүү замын хажууд гарч явсан гэмгүй хүмүүнийг мөн ч хэд хэдийг алж Жү Гүй яаран ирж ийн өгүүлрүүн: - Ли Гүй чи яахин ийм журамгүй гэм хийсэнгүй зүгээр зам явагчдыг харж үзсэн ардыг алах ёс хаана хэмээн хөтлөн авчирч эдүгээ бид гурав явах хэмээсэнд Жү Фү өгүүлрүүн: - Ах чи энэ Ли Гүй-тэй урьд явж байгтун. Би энэ Ли багш даргыг архинаас сэргэж босохыг үзэж би үүнд ийн тийн хэмээн ятган хэлж үүний санаа урвуулж орголон аваад мөн Лянь Шань-д аваачъя хэмээсэнд Жү Гүй зөв хэмээн өгүүлээд Ли Гүй-г авч явахад Жү Фү өгүүлрүүн: - Ах чи урьд нэгэн тэрэг олж аваад урьд явсан тэр эмс хүүхэд дээр очиж байгтун. Би Ли Гүй-тэй хамт сүүлээр очъё хэмээсэнд ах Жү Гүй ганцаар нэгэн тэрэг олж явахаар завдав. Үүнд Жү Фү, Ли Гүй-д өгүүлрүүн: - Эдүгээ чи далд нэгэн нууц газар байж намайг хүлээгтүн. Би энэ Ли Ён багшийг эндээ хүлээж сэргэсний хойно учрах хэрэг буй. Учир юу хэмээвээс энэ Ли Ён-ыг орхиж явбаас энэ боссоны хойно Хянь-ий яамнаа мэдүүлж бидний хойноос цэрэг мордуулах болмуй. Тиймийн тул урьхнаар ухуулж хэлбээс энэ миний үгнээс үл давмуй хэмээгээд Ли Гүй-г далд газар суулгаж өөрөө нэгэн ил газар хүлээн байтал Ли Ён даруй сэргэж нэгэн сэлэм бариад тэд нарыг хөөн ирэв. Үүнд Ли Гүй яаран угтаж суув.
Тэндээс тэр Ли Ён их дуугаар бархиран өгүүлрүүн: - Урвасан хулгай нар бүү хол явагтун хэмээгээд нисэх мэт ирсэнд Ли Гүй даруй угтаж хоёул ноцолдоход Жү Фү гагцхүү багш шавийн журам бодох тул сэтгэл нь маш зовж хажууд байв. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь, Лян Шань Пү ууланд хоёр барс нэмэгдэх Жюй И Тин хэмээх танхим дээр дөрвөн хүмүүн баяр хийх, Хи Сюань Фэн хэмээх төмөр үхэр цолтой Ли Гүй, цэргийн дарга Ли Ён хоёр бие биеэ барьж ноцолдсон нь хэн хэнийг дийлэх эсэхийг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )