Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд 1643 хүн /Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр/ халдвараар өвчилснийг тогтоожээ. Цаашид халдвар улам ихсэх хандлагатай тул хаана, хаанаа хариуцлагатай байхыг албаныхан анхааруулсаар байна. Тэр нь ч зөв. Хариуцлагаа ухамсарлах, хариуцлага алдсанд нь хатуу санамж өгөх нь халдварт өвчний үед хамгийн сайн баримтлах зарчим.
Гэвч манай улсад тэгж чадаж байна уу. Улаанбаатар хотын халдварын анхны голомтоор нэрлэгдсэн “Энхсаран” сувилалд ямар хариуцлага тооцов.
“Энхсаран” сувилал ирэх сараас хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ гэв
Бүртгэлийн байгууллагын мэдээлэлд иргэн Очирпүрэвийн Түмэнбаяр хэмээх хүн “Энхсаран” сувиллын эзэн хэмээжээ. Тус сувилал нь 2007 оны тавдугаар сарын 21-нд байгуулагдсан. Шүдний холимог үзлэг, оношлогоо, эмэгтэйчүүдийн үзлэг, өвчний оношлогоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй ч одоогийн байдлаар уламжлалт бариа засал, зүү төөнүүр, амралт сувиллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй юм. Нэмж мэдээллэхэд, төрөөс 2018 онд зарласан ахмад настаны амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулах 800 сая төгрөгийн төсөв бүхий тендерт шалгарч байжээ.
Тус сувиллаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусний халдвар илэрсэн тул үйл ажиллагааг нь түр зогсоогоод байсан. Тэгвэл хоёр хоногийн өмнө эх сурвалжаас авсан мэдээллээр “Энхсаран” сувилал ирэх сараас хэвийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Тодруулбал, тус сувиллын магадлан итгэмжлэлийн хугацаа дуусаад байсан. Удахгүй магадлан итгэмжлэлийнхээ хугацааг сунгана. Ирэх хоёрдугаар сараас эхлээд сувилалд хэвтэн эмчлүүлэгсдээ хүлээн авахаар болсон гэх мэдээллийг лавлах утсаараа иргэдэд хүргээд эхэлжээ.
Д.Баатархүү: Ямар зүйл ангиар шалгагдаж байгааг хэлэх боломжгүй
Хуулийн байгууллагаас хэрэг бүртгэл нээж, тусгаарлалтын байрны халдвар хамгааллын дэглэмийг “Энхсаран” сувилал алдсан эсэхийг шалгах болсон талаар мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ хэрэг ямар шатанд яваа талаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Баатархүүгээс тодруулахад “Тус сувилалтай холбоотой хэргийг тухайн үед нь цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээж шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн. Яг ямар зүйл ангиар шалгаж байгааг хэлэх боломжгүй. Ямартаа ч сувиллын дарга, удирдлагатай холбоотой хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгасан” гэв. Эх сурвалжийн мэдээлснээр “Энхсаран” сувилалд холбогдох хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж дуусаад прокурорын шатанд шилжсэн гэнэ. Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн хэрэг дээр хяналтын ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар яллах дүгнэлт үйлдээгүй байна” гэсэн юм.
Тусгаарлагдах байрны дэглэм алдсан бол ЭРҮҮГИЙН ХУУЛИАР шийтгэгдэнэ
Коронавируст цар тахлын үеийн хатуу хорио цээрийн дэглэмд, сувиллын байранд халдварт өвчин тараах нөхцлийг бүрдүүлж, хязгаарлалтын үеийн дүрэм шаардлагыг биелүүлээгүй болох нь тогтоогдвол, хуулийн дараах зүйл заалтаар яллагдах аж.
Тодруулбал, ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 15.6 дугаар зүйлд заасны дагуу “Бусдын амь насанд аюул учруулж болзошгүй халдварт өвчин дархлал хомсдолын вирус халдаах, халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ.
Хэрэгт ХЭН хариуцлага хүлээх вэ
“Энхсаран сувилал”-д тусгаарлагдаж байгаад корона вирусний халдвараар өвчилсөн иргэд тусгаарлалтын байрнаас халдвар авснаа ярьсан байдаг. УОК, ЭМЯ-ныхан ч энэ бүхнийг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл энэ хэрэгт хэн хариуцлага үүрэх ёстой вэ Олон нийтийн дунд зөвхөн “Энхсаран” сувиллын удирдлагуудыг буруушаах хандлага байгаа ч цар тахлын үеийн ТУСГААРЛАЛТЫН байрны үйл ажиллагаа, хяналт зохион байгуулалтыг УОК, ХӨСҮТ, МХЕГ, ТЕГ, Цагдаа, дотоодын цэрэг гээд олон хамтарсан байгууллага хийж буй юм. Чухам аль шатанд нь хариуцлага алдсаныг хуулийн байгууллага тогтооно. Хэрэгт холбогдуулан 10 гаруй хүнийг шалгаж байгаа мэдээлэл бий. Тэдний хэн, хэнд нь хэрхэн хариуцлага тооцохыг олон нийт ажигласаар байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Энэ сувилалын талаар урд өмнө нь ч хулгана, жоомтой гэж тэнд амарсан ахмадууд ярьж байсан шүү дээ, тэгээд бас арын хаалгаар ЭМЯ-нд ажилладаг эгч нь хүмүүс ийг байршуулах тендер авсан гэж сонсргдсон , үүнийг сайн шалгаачээ, хээль хахуулийн асуудлыг дандаа ингээд дараад байхаар цаашдаа ийм л маягаар бүх юм үргэлжлэнэ шүү дээ, Монголд анх корона тараачихаад ичих ч үгүй дахиад нээнэ гээд байж байдаг ямар ширэн нүүртэй эздүүдтэй юм вээ
Mongold hariutslaga gej bdag umuu. Erunhii said ni hurtel hariutslaga uureh nereer ard irgedee huurch daraagiin songuuliinhaa shoug ehluulj bn shuu dee
Ter suvilal bol bairaa l ashigluulsan shu de,ezniig buruutgah utgagui,udriin 50000 teg.zardaldaa taarna,deer ni nuat -n tatvar ene ter geed ,bas evdrel,elegdel geed buudluud mash hund baidald orj baigaa yum bilee,tusgaarlalt avahgui geheer tusgai zuvshuureltei chini yarina gej daramtaldag gesen
Энэ хэрэг ингээд замхрах юм байна л даа
Хариуцах эзэнгүй юм чинь Хэнд тооцох юм , эцэст Иргэд хохироод үлддэг Хуультай Нийгэм юм чинь