Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
БИН ГУАНЬСУО” ХЭМЭЭХ ЯН СЮН ЦҮЙ ПИНШАНЬ ХЭМЭЭХ УУЛАНД ИХ ҮЙМЭХ
ПАНЬМИН САНЬ” ХЭМЭЭХ ШИ СЮ ЖУ ЗЯСУО ХОТОД ТҮЙМЭР ТАВИХ
Өгүүлэх нь, тэр өвгөн Вангүнг барьж Зи Жоугийн яамнаа аваачиж, эл учрыг мэдүүлсэнд, харъяат ноён танхим сууж даруй тэдгээр хүмүүн нарыг зарлаж авчраад танхимын өмнө сөгтгөсөнд, тэдгээр цөм мэдүүлрүүн: - Өчүүхэн хүн нар энэ өглөө босоогүй байтал, энэ өвгөн Вангүн их дуунаар “Хоёр толгойгүй хуушаан бололтой хүн гудамжны аман дээр хэвтмүй хэмээсэнд өчүүхэн бид нар гарч очоод үзвээс, нэг нь сангарсва мэт, нэг нь хуушаан ийм хоёр хүн чармай нүцгэн, бие толгой нь салгаж. Басхүү дэргэд нь нэг хурц сэлэм баймуй. Түүний дээр нь энэ өвгөний худалдан явсан боов, шижу будааг асгаж, цөм ноцолдсон мэт байнам. Иймийн тул, өчүүхэн хүн нар энэ Вангүн өвгөнийг барьж авчрав. Гуйх нь, энэ Вангүн өвгөнөөс нарийн учрыг тодорхойлон шүүж, үнэн өчгийг илтгэн гаргаж өршөөх ажааму хэмээн мэдүүлсэнд, харъяат ноён ширээгээ дэлдэн өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Нохой мэт зэрлэг өвгөн чи үнэнээ мэдүүлэгтүн. Яахин өчнөөн хүнийг алав. Чи үнэнээ мэдүүлэгтүн хэмээсэнд тэр өвгөн Вангүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүн энэ хотын харъяат. Энэ хоосон хүн амь зуухын эрхээр боов, шижу худалдаж, гэрээ тэжээж байдаг билээ. Энэ өглөө эртхэн боов,шижугаа худалдахаар таван жингийн үед гэрээс гарч явтал, гэнэт гудамжны аман дээр хоёр үхсэн хуушааны хүүрт торж унаад, буй бүхүй боов, будаагаа асгав.
Үүнд маш айж, хотын хүн нарт гэрч хэлэх хэмээсэнд, харин намайг барьж ирэв. Тэнгэр мэт үнэн гэгээнээр толилох болов уу хэмээн мэдүүлсэнд, ноён даруй албаны сойвон шархач гаргаж, тэр хоёр хуушааны яс хүүрийг байцаан үзвээс, тэдгээр шархач нар ирж тэр хоёрын биеийг шинжиж үзвээс “Бао Вэньсы”сүмийн Хай хуушаан. Үүний бие толгой нь салж, бас биед нэлээд сэлмээр хатгасан шарх баймуй. Нэг нь тэр сүмийн тогоо баригч Ху Даодуань хэмээх зарц хазгар сангарсва. Үүний бие толгой мөн салжухуй. Үүнд тэр хоёрын дэргэд нь нэг муу зэвсэг сэлэм баймуй. Энэ хоёр хүнийг хорлож алсан нь үнэн хэмээнд мэдүүлсэнд харъяат ноён тэр “Бао Вэньсы” сүмийн хуушаан нарыг дуудаж, эл учрыг асуусанд тэдгээр олон хуушаан чухам нарийн учрыг үл мэдэх тул, юу хэмээн мэдүүлмүй. Тиймийн тул маш гайхалцан мэдүүлрүүн: - Өчүүхэн хуушаан нарт ер үзэж мэдсэн зүйл огт үгүй. Гагцхүү яахин энд ирж хүнд амиа хорлогдсон учрыг ноён харин шүүн тодорхойлж, чухамхүү алсан ялтныг эрэн олж, хууль дагуулан шийтгэхийг хүсмүй хэмээн мэдүүлсэнд, ноён маш гайхан юу ч хэлсэнгүй, сэтгэл төөрөн суув. Тэндээс нэг яаша дарга өгүүлрүүн: - Эрхэм мэргэн ноён, энэ хэрэгт холбогдсон Вангүн ба бас олон хүнийг чирэгдүүлэх хэрэггүй. Энэ хоёр хуушааны үхсэн нь үнэхээр учир их буй. Аяндаан тодрох буй за. Эднийг бүр тус тус буцааж, дараа зарлахыг хүлээлгэвээс зохимуй. Түүний гадна энэ хоёр хуушааны ясыг оршин суусан Бао Вэньсы сүмд тушааж, нохой шувуунд хувруулахгүй сайтар хадгалуулан, ялтныг барьсан цагт байцаан үзүүлье хэмээсэнд ноён тэр үгийг дагаж, тэдгээр Вангүн нарыг даруй буцааж, зарлахыг хүлээлгэв. Тэр хоёр хуушааны ясыг Бао Вэньсы сүмд тушааж хадгалуулсныг бүү өгүүлэн, өгүүлэх нь: Тэр Зижоу хотын хэрэг гарсан гурван гудамжны хүн наадан шоодворлож бүжиглэсэн үг нь үнэхээр жигтэй үнэхээр учиртай. Үүнийг зальхай эм сонсоод маш сэжиглэн юу ч хүнд хэлсэнгүй, гэдсэндээ бодож сэтгэл нь зовон байв. Үүнд тэр Ян Сюн тэр Зижоу яамны гадна олон хүн бүхүйг үзэж, гяндангийн дэргэд байшингаас гарч эд лугаа учирч үгийг сонсвоос, Бао Вэньсы сүмийн хоёр хуушааны толгойг огтолж, гудамжинд хаясан зэрэгт холбогдож байцаан шүүгдэв хэмээлцэх. Ян Сюн сонсоод маш их сэжиг төрж даруй дотроо толь мэт мэдэж. “Энэ хэргийг миний дүү Ши Сю үйлдсэн болов. Эдүгээ тэр над гомдохдоо ийнхүү хүнд хэрэг хийжүхүй. Би түүнийг эртхэн эрж очоод учирч, нарийн учрыг асуусугай хэмээн яамнаас гарч Ши Сюг эрэхээр явтал, хойноос нэг хүн дуудав. Үүнд Ян Сюн хойш харж үзвээс тэр нь Ши Сю тул, хоёул учирч зам дээр юу хэлэлцмүй, гагцхүү архины дяньд учирч хэлэлцэх хэмээн хамт явж дауй дянь орж архи уун байж, дүү Ши Сю өгүүлрүүн: - Мэргэн ах чи нь хэдүйнээ алба хэрэг шийтгэж яамны газар явсан хүн тул, юу сонсов? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Би энэ өдөр яаманд олон улс цугларан бүхүйд очиж үгийг чагнаваас хоёр үхсэн хуушааны хэрэгт холбогдсон Вангүн нарыг шүүж, өчиг илэрсэнгүй гэнэм. Түүний гадна хуушааны хүүрийг Бао Вэньсы сүмд тушаан хадгалуулав хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах чи сонс. Мунхаг дүү хэдүй тэнэг боловч басхүү тэнгэрийг тулах мэдэл чадал буй. Чи эрт миний үгийг үл итгэсний дээр зальхай эмийн хуурамч үгэнд орж журмыг эвдсэнээ мэдэх буюу? Одоо чиний зальхай эмийн хийсэн хэрэгт би тэсэн ядаж хоёр хуушааныг алав. Чи энэ зальхай эмийн хуушаанд өгсөн дээл хувцсыг үзэгтүн. Түүний гадна тэдний өөрсдийн өмсч явсан номын хувцсыг үзэгтүн хэмээгээд гаргаж өгсөнд Ян Сюн зүрх нь гал тавьсан мэт болж өгүүлрүүн: - Дүү чи над бүү гомдогтун. Тэр өдөр архи ууж согтсоны харгаагаар зальхай эмд сэжигтэй үг хэлсэнд тэр чамайг ийн тийн хэмээн худал ховолжухуй. Үүнийг үзэхүл, үнэхээр би муу мунхаг мал болов. Эдүгээ энэ зальхай эхнэрийг энэ шөнө хэдэн хэсэг огтчиж алмуу хэмээн уур хүрсэнд Ши Сю хориглон өгүүлрүүн: - Ах чи бүү яарагтун. Чи одоо миний үгэнд орвоос би чамд хэлэх,урьд адил эмээн итгэх аваас чамд үл хэлэх хэмээсэнд Ян Сюн хэрхэвч зальхай эмийн үгэнд үл ормуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Тийм бөгөөс би чамд хэлмүй. Эдүгээ энэ уураар явж эмийг албаас, чи юугаар сэжиг мэдэж хүнийг зоргоор алах билээ. Гагцхүү түүнийг Цүй Пиншань хэмээх ууланд хууран аваачиж эл учир бүхнийг зальхай эм Пань Чяо Юниэс тодорхойлон асууж, ам өчгийг авч, үнэн худлыг бүрнээ нарийвчлан илтгэсний хойно жич албаас зохих билээ. Эдүгээ битүүлэг түүний амийг хорловоос хожим хүнд юу хэмээн хэлмүй. Тиймийн тул, энэ учрыг илтгэвээс олон хүн ч ёс журам дагаж баярлахаас гомдох хүн хэн баймуй хэмээсэнд Ян Сюн “зөв зөв хэмээгээд архины пүүснээс гарч бас ахдаа өгүүлрүүн: - Ах чи энэ хэргийнг бүү осолдогтун. Зальхай эмийг та яахин хууран аваачмуй? хэмээсэнд Ян Сюн ухаан олдохгүй байтал, Ши Сю өгүүлрүүн: - Ах түүнд ийнхүү өгүүлэгтүн. Урьд нэгэнтээ эрлэгийн сүмд буян амлаж сүжгээр тайж тахих хэмээн тангараг авсан нь энэ шөнө зүүдэнд орж,“амласнаа гүйцэтгүүлсүгэй хэмээн зүүд өгөв. Тиймийн тул, чиний хамт очиж буянаа гүйцээж цаас шатааж, хүж барья хэмээн дагуулан очвоос болохоос бус өөр зүйл хэлж болохгүй. Түүний гадна, би урьд очиж хүлээмүй хэмээсэнд Ян Сюн маш баярлан “мөн” хэмээгээд Жоу яамны зүг явав. Ши Сю тэр өдөр дяньдаа хариад маргаашийг хүлээв.
Тэндээс тэр өдөр Ян Сюн яамнаас чөлөө авч гэртээ хуучин ёсоор унтаж, өглөө нь босоод зальхай эмд ийн өгүүлрүүн: - Энэ шөнө энэ нэгэн чухал зүүд зүүдлэв. Би урьд манай хэрмийн зүүн этгээд хорин газрын эцэст Цүй Пиншань хэмээх ууланд нэгэн эрлэгийн сүмд буян амлаж цаас шатааж, бурхан тэнгэрийг тахих хэмээн нэгэнтээ амласнаа мартсан учирт эдүгээ надаас тэр амласныг нэхэж энэ шөнө зүүд өгөв. Эдүгээ очиж зул хүж өргөн, цаас шатааж очъё. Пань Чяо Юнь охин Ин Ариан дагуулан хамт очсугай хэмээсэнд Пань Чяо Юнь: - Би очсон хэрэг юу. Та гагцаар очвоос болох билээ хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Урьд амлах тухайд чиний биеийг хамт залбирсан тул, чи яахин үл очиж болмуй хэмээсэнд: - Тийм бөгөөс чи гадагш гарч сүйх тэрэг ба шар цаас хүж тэргүүтнийг бэлдэж ирэгтүн хэмээсэнд Ян Сюн даруй гарч Ши Сюд одоо явахаар завдаж буй учрыг гаргаж хэлсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах чи эмээн авч яван чадваас, би биеэн очиж чадмуй хэмээсэнд Ян Сюнгийн нүүр улайж даруй цаас тэргүүтнийг аваад гэртээ ирж, будаагаа яаран идэж даруй Пань Чяо Юнь, Ин Арь хоёр нүүр гараа угаан, оо энгэсгээ түрхэж, маш цэвэрхэн хувцсаа өмсөөд, өвгөн эцэг Паньгүнд очиж Цүй Пиншань уулын сүмд очиж хүж зул өргөх хэмээх явмуй хэмээсэнд Паньгүн өгүүлрүүн: - Эртхэн очоод чин сүжгээр залбирч мөргөөд даруй буцаж ирэгтүн хэмээв.
Үүнд гадаад үүдэнд нэгэн жууз хөлслөн авчраад хүлээлгэсэнд Пань Чяо Юнь, Ин Арь хоёрыг суулгаж хэдэн хүнээр дамнуулж хотын зүүн хаалгаар гарч. Цүй Пиншань уулын зүг явав. Тэндээс Ян Сюн морь унаж, тэдгээр жууз дамнасан хүн нарт өгүүлрүүн: - Бидний мөргөх сүм Цүй Пиншань уулын оройд хуучдын байгуулсан нэгэн сүм буй. Тэнд очмуй. Замд ер буухгүй хэмээсэнд тэдгээр жууз дамнагсад юуны нарийн учрыг мэдмүй. Даруй дамнаж явсаар Цүй Пүйншань уулын дунд хүрч явтал, Ян Сюн өгүүлрүүн: - Эрхэм жуузны хүн нар түр зогс. Үүнээс дээш газар өндөр эрс бөгөөд жууз дамнаж гарахад бие чармайн зүдрэх тул, та нар энд хүлээж байгтун. Бид гурав явганаар аажим гарч, тэр сүмд хүж өргөж, цаас шатааж дуусаад удалгүй ирмүй хэмээгээд явсанд Пань Чяо Юнь үзвээс, тэр уул нь цөм их мод улиас. Ер ойр сүм үгүй тул үүнд Ян Сюнээс асууруун: - Эдүгээ чиний буян үйлдэх сүм хаанав? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Эдүгээ ойр болов. Энэ уулын орой дээр буй хэмээн явж уулын оройд хүрч, ийш тийш харж үзвээс их мод шугуй баймуй. Үүнд гэнэт Ши Сю гарч ирсэнд Пань Чяо Юнь үзээд маш айсан боловч арга буюу “Бага авгай чи юунд энд буй билээ? хэмээн асуусанд Ши Сю өгүүлрүүн: - Эрхэм бэргэний энд морилон ирэх чимээг сонсоод отож учрах хэмээн ирээд, нэлээд хэдэн өдөр болов. Эдүгээ ирсэн сайн хэмээн дагуулан нэгэн нүх бүхий газар очиж өгүүлрүүн: - Ах Ян Сюн энэ өдөр буян амласныг очиж сүмд хүж барих хэмээсэн нь, манай бэргэн Пань Чяо Юнь эрт Баовэньсыд хүж барьсан лугаа адил бөлгөө хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Эрхэм дүү чи бүү Баовэньсы сүмийн Пэй Рухай лугаа адилтгаж, миний биед буруу өгөх буюу. Гагцхүү эрт өдөр дяньд архи ууж чи над юу хэлэв? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Зальхай эм Пань ЧяоЮнийг Пэй Рухай хуушаанд тачаангуй ихдэж, гэр сарнихыг хэлсэн билээ.Чи миний үгийг эс итгэж, зальхай эмийн үгэнд орж намайг гадуур санасан. Эдүгээ чи эдний хийсэн хэрэг учрыг бүрнээ эхнээс адаг хүртэл нарийвчлан асууж, миний гэдэсний зовлонг арилгаж, хожим ах дүүгийн журмыг гүйцэтгэсүгэй хэмээсэнд Ян Сюн зальхай эмийг дуудаж ийн асууруун: Чи урьд Ши Сюг юу хэмээн хэлэв? хэмээсэнд, тэр эм яахин хоёр нүүрт худал хэлж чадмуй.
Юу ч үл өгүүлэн байтал Ши Сю нэгэн боодолтой хоёр хуушааны дээлийг авчирч Пань Чяо Юний өмнө тавиад, “Үүнийг бэргэн таних буюу? хэмээсэнд Пань Чяо Юнь үзээд сүнс нь зайлж, нүүр нь улайж, арга баран бүхүйд Ян Сюн өгүүлрүүн: - Чи эдүгээ хэлэх цаг болжихуй. Ши Сю чамайг хошигнон наадах ба хоёр хөхийг илбэж барьсан зэрэг самуун садар үг хэлэлцсэнийг чи урьд хэлсэн атал, эдүгээ энэ Ши Сюг үзээд үл хэлэх нь ямар ёс? хэмээсэнд тэр зальхай эм аргагүй өгүүлрүүн: - Бага авгай огт гэм учиргүй, юуны хамаа хэмээсэнд Ши сю өгүүлрүүн: - Чи тийм үг бүү хэл. Хурдан эс хэлвээс үүнийг үзэгтүн хэмээгээд сэлмээ авч дэргэд нь тавьсанд Ян Сюн яаран авч, толгойг огтлох гэдсийг хагалах хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах чи түр байз. Энэ зальхай эм үнэнээ үл хэлэх ахул бага охин Ин Арийг барьж түүнээс урьд асууваас зохимуй хэмээсэнд Ян Сюн даруй Ин Арийг барьж, учрыг асуусанд, Ин Ар яахин ширээ тавьж, хүж шатааж, цаас түлэх тэмдэг тавьсан ба ширээ байвал орохгүй, ширээ үгүй болбоос орох, басхүү таван жинд хойд хаалганд тогшуур тогших, мэдээ хүргэх, сангарсва хуушаан ирэх бас Пань Чяо Юнь, хуушаан хоёрын унтах ба хэвтэх зэргийг нэгд нэгнээр хэлсэнд Ши Сю өгүүлрүүн: - Бас өөр хэлэх үг буй. Чи хагасыг хасав хэмээсэнд Ин Ар өгүүлрүүн: - Цөм гүйцэв. Гагцхүү над хэдэн дээл хийж өгсөн мөн хэдэн лан мөнгөөр бугуйвч хийж өгсөн. Ши авгайг Пань Юньтай нөхцөх хэмээн наадаж баймуй хэмээн Ян Сюн эцэгтээ худал хэлж өгөгтүн хэмээж толгойн чимэг сүлбүүр өгсөн. Би худал хэрэг хэлэхэд баахан хэцүү тул хэлж завдсангүй байтал эдүгээ ийм болов хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах энэ хэрэг одоо илрэв үү? Миний буруу явсан зүйл байна уу? хэмээсэнд ах Ян Сюний нүүр нь ичихээр үл барам гал гарсан мэт болж, уур нь хүрч, дахин Ин Араас өөр үг асууя гэтэл Ши Сю өгүүлрүүн: - Эдүгээ хэргийн голыг зардсаас асууж учрыг нэвтэрхий мэдэв.
Үүнийг одоо үг асууж хэрэггүй. Зальхай эм Пань Чяо Юниас асууваас зохимуй хэмээсэнд Пань Чяо Юнийг барьж авчраад: - За чи эдүгээ үнэнээ хэлэгтүн. Урьд Ши Сю дүү яахин чам лугаа хошигнон наадсан, хоёр хөхийг барьсан зэрэг цөм гурван нүүрийн өмнө хэлэгтүн хэмээн зандарахад, тэр зальхай эм юу хэмээн хэлмүй. “Өчүүхэн хүмүүн нэгэн цагт буруу бодол санаж Ши Сюг хөөн зайлуулах аргаар тийнхүү худал хэлэв.Ер над үг хэлж хазгай явсан зам үгүй. Гагцхүү Баовэньсы сүмийн Хай хуушаантай хуучин нөхрийн хойноос буян үйлдэхээр залж ирсэнд, тэр бид хоёр сэтгэлийн чиг тохиолдож учраад, түүнээс хойш яахин нийлж явсан зэргийг эхнээс адаг хүртэл нэг нэгнээр хэлсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах чи нь нэгэнтээ над лугаа тэнгэрийн журмаар хүж барьсан нь гагцхүү ёсыг барьж журмыг хадгалж яваваас эр хүний гавъяа нь тэр.
Тиймийн тул би журамтай хэрэг хийсэн эссэнийг одоо мэдэв үү? хэмээсэнд ах Ян Сюн юу хэлмүй. Үүнд Ши Сю өгүүлрүүн: - Энэ зальхай эмээ яахин болгохыг та мэдэгтүн хэмээсэнд эм нь: - Буруугаа хүлээн авсугай. Өчүүхэн миний амийг аврагдан авах гээх нь таны дур хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Энэ зальхай эмийг агуулан авах байтугай алаад, элэг бөөрийг сугалж зүрхийг чинь үзвээс сая сэтгэл амармуй хэмээсэнд Ши Сю маш баярлан байтал, ер даруй хөдлөхгүй байхад Ши Сю дотроо уур хүрч байв. Үүнд Ян Сюн дүүгийн үл хүлээхийг мэдэж даруй сэлмээ авч, энэ бага зальхай Ин Арийг эс албаас хожим хэрэг дэгдэх болмуй хэмээгээд, барьж аваад алах гэтэл Ши Сю өгүүлрүүн: - Ах эдгээрийн толгойн чимэг зүүлтийг авч, жич алсугай хэмээсэнд Ин Арийг зальхай эмийн толгойн сүлбүүр зэргийг тайлан авч модноос хүлэв.
Тэндээс Ин Арийг барьж толгойг аваад, түүний хойно эхнэрийг алах хэмээсэнд мөн эхнэр их дуунаар өгүүлрүүн: - Бага авхай чи ах Ян Сюнийг үл хориглох буюу. Юунд өчнөөн хүний амийг хорломуй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Бэргэн би бус, энэ нь чиний нөхрийн учир. Энд гомдох хэрэггүй хэмээсэнд тэр эхнэр ийн тийн хэмээн урьханаар гуйвч, юуны тус билээ. Үүнд Ян Сюн даруй очиж эхнэрийн хэлийг огтолж өгүүлрүүн: - Энэ зальхай эм чи үнэхээр буруу санаж миний амийг хорлох хэмээсэн нь гагцхүү тэнгэр толилж их аюулаас гэтэлгэв. Үгүй бөгөөс чи хэрхэвч намайг алах билээ.Түүний гадна ах дүүгийн журмыг эвдэж элдэв үг хэлсэнд, чиний хэлийг амьдаар огтолж, журмыг эвдэж хулгай болж, ийм хэрэг хийсэн учирт, эдүгээ гэдсийг хагалах цаг болов хэмээгээд тэр эхнэрийн зүрхнээ сэлэм хатгаж гэдэсний адаг хүртэл огтолсонд гэдэс нь цувирч гарав. Үүнд түүний элэг зүрхийг авч, модноос өлгөж, хүүрийг нь найман хэсэг болгож, тэндээс Ян Сюн ах өгүүлрүүн: - Эдүгээ бид хоёр одоо хаашаа очих билээ? Хотод орвоос хүн сэжиглэж барихаас үл барам их зовлон үзэж, амь бие сөнөмүй. Тиймийн тул бус нэгэн сайн газар очиж амь зууваас зохимуй хэмээхэд Ши Сю өгүүлрүүн: - Энэ үг зөв. Бид хоёр хүн алсан тул ялт хэрэг болж. Одоо миний санаа болбоос бас нэгэн амь хоргодох газар буй. Ахын санаа дагах, эсэх хоёрыг мэдэхгүй хэмээсэнд ах нь өгүүлрүүн: - Гэмгүй дүү очих газар байваас хэлэгтүн.
Эдүгээ эртхэн явъя хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах хоёул нэгэнт энд оршин үл суух тул, Лян Шань Фү хэмээх ууланд очиж, тэдэн лугаа нөхөрлөвөөс болох байна хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: Тэнд очвоос маш сайн. Газар мэдэхгүй, дээр бас тэнд очоод таних ах дүү үгүй, яахин бидэн хоёрыг агуулах буй? хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Урьд өдөр ах таны архины пүүсэнд намайг эрж очиход хоёр хүн байсан билээ. Тэр нэг нь Лян Шань уулын Дай Зүн хэмээх хувилгаан явдалт дарга. Гүн Сүньшэн хэмээх хүнийг Зижоуд эрж ирээд олсонгүй, замаас нэгэн сайн эр Ян Линь хэмээх хүмүүн лугаа нөхөрлөж Лян Шань Фүд очив.
Тэр Дай Зүн намайг аваачих хэмээсэнд би таныг төвдөж орхин явж чадсангүй. Эдүгээ бид хоёр тэнд очсугай хэмээсэнд Ян Сюн: - Тийм таних зам буй бөгөөд очиж учрах хэмээсэн үг буй болбоос нэн сайн. Эдүгээ явъя хэмээгээд, үхсэн эхнэрийн мөнгөн эдлэл зэргийг боож нүхний дэргэдээс гарч явах гэтэл гэнэт нэг хүн тэр хоёрын хойноос ийн өгүүлрүүн: - Хүн алсан хулгай нар бүү явагтун. Өдөр наран дор энэ мэт хүн алаад, бас Лян Шань Фү ууланд очиж урвах гэнэм. Энэ нь тийм ёс байна уу? хэмээсэнд Ян Сюн, Ши Сю хоёр маш цочиж гэдрэг эргэн харваас тэр хүн нь Ши Чянь.Гао Танжоу хотын захиргааны хүн. Энэ хүн уг хотоос гарч Зижоуд ажил хийхээр ирээд, ажил үл олдох тул айлын хүрээлэн давж юм хулгадаг тул, нэгэн өдөр айлын тахиа хулгаж баригдан яаман хүргэгдэж шийтгүүлсний хойно гянданд хорьсонд, Ян Сюн танилцаж тавьсан хүн. Тиймийн тул тэр өдөр Цүй Пиншань хэмээх ууланд булсан хүний хүүрийг ухаж бага сага юм олох хэмээн очиж, эд нарыг сэмхэн нууж үзээд байв.
Тэндээс Лян Шань Фүд очиж хоршиё хэмээх үгийг сонсоод нуун чадсангүй гарч, тэр хоёрыг дагах хэмээн гуйн мөргөсөнд Ян Сюн, Ши Сю хоёр даруй дагуулан явахаар тогтож Цүй Пиншань уулнаас бууж, Ляншаний зам хөөн явав.
Үүнд уулан дунд орхисон зууч, дамнагчид эд нар одоо ирэх болсон хэмээн хүлээвээс ер ирэхгүйд, наран орой болохуйд хоёр том уулын оройд очиж үзвээс нэгэн хэсэг хэрээ шувуу цугларан, хэсэг хэсэг мах зууж явсанд тэр дэргэд очиж үзвээс их эхнэрийг алж, гэдсийг хагалж гаргаад басхүү бие хүүрийг найман хэсэг болгожухуй. Бага охины бие толгойг салгаж орхижухуй. Үүнд бас хоёр хэсэг хуушаан хүний номын хувцас баймуй. Түүнийг үзээд даруй жуузаа авч хариад, Зижоугийн яамнаа учир мэдүүлэв. Тэндээс ноён нэгэнтэйгүүр Паньгүн өвгөнийг зарлаж, нэгэнтэйгүүр шархач гаргаж, Цүй Пиншань ууланд тэр хоёрын хүүрийг шинжлэхээр илгээв. Үүнд ноён дотроо сэтгэрүүн: Эрт манай хотын хэрэмний гадна хоёр хуушааны толгойг огтолсон. Эдүгээ Цүй Пиншань ууланд хоёр эм хүнийг алсны дээр бас хуушаан хүний хувцас хоёр баймуй хэмээх нь ер жигтэй хэрэг. Энэ 511Ñ ̄Í ÓËÑÛÍ Õ ̄ÉÒÝÍ ÓÓËÛÍ ÁÈ×ÈÃнь нэгэн нууц хэргийн учир буй хэмээн сэжиглэж, даруй Пань өвгөнийг дуудаж, танай гэрт ямар хүн байдаг, Ян Сюний гэрт үгүйд ямар хэрэг хийдэг буй, чи үнэнийг хэлэгтүн! хэмээсэнд өвгөн өгүүлрүүн: -Өчүүхэн би өвгөн бие гагцаар бөгөөд гагц охин буй. Тэр нь урьдын авааль нөхрөө үхсэний хойно гэртээ буцаж хариад эдүгээ эндэх яамны дарга Ян Сюний эм болжихуй. Нэг өдөр Ян Сюний эзгүйд бид буян санаж үхэгсдийн хойноос ном буян үйлтгэх хэмээн Баовэньсы сүмээс хэдэн хуушаан залсан ба бас хүүхний хамт тэр сүмд очиж архи ууж согтсон. Мөн өөрийн гэрт Ян Сюний дүү болсон Ши Сю хэмээх нэгэн журмын ах дүү байсан. Түүнийг хөөж гаргасан зэрэг учрыг хэлсэнд, ноён даруй учрыг бүрнээ тодорхой мэдэж, тэр сангарсва нь тэр зальхай эм хуушаан хоёрын нүд болох. Тэр Ин Ар хэмээх бага охин нь эм хуушаан хоёрын хөл болох . Ийм хэрэг буюу хэмээн сэтгээд тус тус буцаав. Тэндээс шинжээч нар ирж тэд нарын үхсэнийг хэлж, хуушаан хоёр хүний хувцсыг авчирч өгөв. Иймийн тул ноён нарийн учрыг цөм мэдсэн тул юу өгүүлэмж. Гагцхүү Ши Сю, Ян Сюн хоёрыг барихаар элч хэдэн анги гаргав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Ян Сюн, Ши Сю, Ши Чянь гурав явж, нэг зуун газрын эцэс болсны хойно нэг их өндөр уул байв. Түүний хажууд нэгэн дянь баймуй. Тэр гурвуул тэр дяньд буугаад орох гэтэл дяний пүүс үүдээ хааж баймуй. Түүнийг тэр гурав үзээд зардасд өгүүлрүүн: - Бид гурав орж хоновоос болох буюу? хэмээсэнд: - орж болмуй хэмээхэд тэр гурав орж нэг байшинд буув. Тэндээс тэдгээр: - Архи байна уу хэмээсэнд “Баймуй хэмээв. “Тийм бөгөөс нэг ваар архи авчрагтун. Мах буй буюу? хэмээсэнд: - Махгүй, ногоогүй хэмээсэнд: -Өөр юу баймуй хэмээхэд: - Будаа баймуй хэмээсэнд: - Бидэнд будаа чанаж өгмүй хэмээсэнд тэр дяний зардас өгүүлрүүн: - Бидэнд эдүгээ чөлөө үгүй. Эрхмүүд өөрснөө хийж бэлтгэж идэгтүн хэмээв. Тэндээс архийг авчирч өгөв. Будаа Ши Чянь чанав. Үүнд тэр хоёр байшингийн гадна гарч үзвээс, цэрэг зэвсэг, сэлэм жад нэлээд олон. Иймийн тул тэр архины зардасаас асууруун: - Таны дянь газар басхүү цэргийн зэвсэг сэлэм жад яахин баймуй? хэмээсэнд зардас өгүүлрүүн: - Манай дяний эзэн энэ их уулын эзэн, тэр уулын нэр нь Ду Луншань хэмээмүй. Бас нэгэн их ой шугуй буй. Түүний нэр нь Ду Лунган хэмээмүй. Түүний дотор манай дяний эзэн буй. Энэ хотын нэр нь Жү Зяжуан хэмээмүй. Манай эзэн Жу Чаофэн хэмээдэг. Үүнд гурван хөвгүүн буй.Үүнийг “Ангийн хүмүүн” цол өгсөн нь гурван хүчирхэг баатар хэмээмүй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Эдгээр сэлэм жадаас над нэг хоёрыг өгч болох буюу? хэмээсэнд тэр зардас өгүүлрүүн: - Танд өгч болохгүй. Манай энэ хотын бүгд долоо найман зуун айл. Айл бүр хоёр сэлэм жад буй. Түүнийг цөм энэ дяньд хадгалуулан талбимуй.Түүний дээр сэлэм жадад цөм тэмдэг тоо буй. Хэрхэвч өгч болохгүй хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Бид авахгүй, чамайг хуурч наадмуй. Чи архи уусугай хэмээсэнд архины зардас: - Би эдүгээ архийг зогсоосугай. Эрхэм зочид зооглосугай хэмээгээд тэр зардас явав. Тэндээс Ян Сюн, Ши Сю хоёр бага архи ууж байтал Ши Чянь орж ирээд өгүүлрүүн: - Хоёр ах мах идэх буюу? хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Энэ пүүсэнд махгүй хэмээсэн атал чи хаанаас мах олох буюу? хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Би үзвэл эдний тахианы үүрэнд нэг тарган тахиа хэвтэж баймуй. Түүний хүзүүнээс нь барьж алаад эдүгээ галд шарж баймуй хэмээсэнд Ян Сюн өгүүлрүүн: - Чи угаас ийм хэрэг хийж явсан хүн тул, энэ хэргийг одоо хүртэл орхихгүй бас дяний тахиаг хулгаж идэх ямар ёс? хэмээсэнд Ши Сю маш их инээн өгүүлрүүн: - Одоо нэгэнт тийм болсон хойно арга буюу идсүгэй хэмээн авчруулж идэв.
Тэндээс тэр дяний эзэн ер нойр нь хүрэхгүй дэмий гадуур дотуур хэсэж явтал цагийн хэмжээ үл алдах тахиа нь ер чимээгүйд үүрэнд очиж үзвээс тахаиа үгүй. Үүнд яаран тогооны гэрт орж үзвээс ширээн дээр нэгэн хэсэг тахианы өд, бас нэгэн хэсэг яс байхуйд тэр зардас, үүнийг лав энэ гурван хүн хулгаж идэв хэмээн тэдгээр гурав дээр орж: - Манай пүүсний цагийн хэмжээ дуу гаргах тахиаг ямар учирт идэв? хэмээсэнд Ши Чянь өгүүлрүүн: - Чиний пүүсний тахиа ямар ямар тэмдэгт, хаана баймуй. Бид замд худалдан авсан тахиагаа идсэн хэмээхүйд тэр зардас өгүүлрүүн: - Чи бүү удал хэлэгтүн. Та нар яахин ийм ёсгүй урвасан хулгай? хэмээн маш их дуунаар “Хулгай дэгдэв хэмээн бархирсанд тэр дяний арван хэдэн хүн зэргээр босож ирэхэд Ши Сю өгүүлрүүн: - Таны пүүсний тахиа мөн боловч бус боловч яахийм. Бид үнэ мөнгийг өгвөөс барав хэмээсэнд тэдгээр нэн уурсаж: - Бид мөнгө байтугай алт өгсөн боловч үгүй хэмээсэнд Ши Сю уур хүч өгүүлрүүн: - Та нар нэг өчүүхэн тахианд үнэ үл авах гэнэм. Хүн албаас яахин? хэмээн давхин орж, хэдэн хүнийг нударгалж унагасанд бусад нь хэлж чадсангүй айж, хаалгаар зугтан гарав. Үүнд Ши Чянь тэр зардасын нэг нударгалсанд, хамар ам нь хавдаж байв. Тэндээс Ян Сюн өгүүлрүүн: - Эдүгээ энд их хэрэг гарав. Эд нар гадагш гарсан нь олон хүн дуудахаар явав. Бид эдүгээ явсугай хэмээсэнд Ши Сю өгүүлрүүн: - Ах чи юун ийм зүрхгүй. Айх бол бүү хий. Хийвэл бүү ай”гэдэг биш үү? хэмээв. Тиймийн тул эдний пүүсийг галаар түймэрдэж явна хэмээгээд гарч их өвс авчирч гал дэгдээв. Тэр цаг хоёр жингийн үе бөлгөө. Гал нь нэн их дэгдэж, салхи нь маш их болоод, галыг дэвүүрээр дэвсэн мэт бүхний дээр дүүрэн гэрэл болгов. Үүнд тэр гурав оргон явтал тэдний хойноос хоёр зуу шахам хүн хөөж барих гэтэл, Ян Сюн урьд ирснээс эхэлж хэдэн хүнийг нударгалж унагав. Дараа нь Ши Сю сэлэм барьж нэлээд хүн алав. Дараа нь Ши Чянь мөн хэдэн хүнийг эмгэг олгов. Тэндээс тэдгээр ирсэн хүмүүс цөм зугтан зайлав.Гэтэл хэдэн хүн төмөр дэгээ барин, нэгэн их өвсөн дотроос гэнэт гарч Шицянийг дэгээдэн аваачив.
Дараа бас хэдэн хүн дэгээ барин ирэхийг Ян Сюн үзэж угтан очиж сэлмээр хариулан байлдаж, Ши Сю лугаа арайхийн оргон гарч, Ляншаний зүг явав. Тэндээс тэдгээр хүмүүс Шицянийг барьж, унагаасан хүмүүсийг босгож аваад, үхсэнийг нь орхиж, Жу Зяжуан хэмээх хотноо буцав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:Ян Сюн, Ши Сю хоёр маш довтлон явж нэгэн архины дяньд буусанд Ши Сю өгүүлрүүн: - Ах бид хоёр маш их өлсөж зүдрэв. Энд баахан архи ууж, будаа идээд явсугай хэмээх зөвлөн байтал гаднаас нэгэн сайн эр бололтой хүн орж ирэв. Түүнийг үзэхүл, хоёр гар нь гал мэт улаан, толгой бүдүүн, хоёр чих нь маш их, хоёр завжуур нь дөрвөлжин. Биедээ цагаан хувцас, хөлдөө тосны гутал, тэргүүндээ хар эсгий малгай өмссөн хүн орж ирж, тэр дяний тэргүүлэгчид өгүүлрүүн: - Манай ноён таны дяниас нэг сайн ширээ ногоо бэлтгэж, даруй хүргэн ирэгтүн хэмээн намайг илгээв хэмээгээд даруй гарч явсанд Ян Сюн яаран гарч үзвээс таних хүн тул: Саньлань Чи хаанаас ямар хэрэгтэй энд ирэв? хэмээхэд Саньлань хойш харж үзвээс, урьд маш зузаан ханилсан Ян Сюн ах тул даруй эргэн ирж сөгдөн өгүүлрүүн: - Мэргэн ах яахин энд ирэв? Ямар учраар ийнхүү хол явмуй хэмээсэнд Ян Сюн хариу хэлэх нь учиртай.Учир юу хэмээвээс үлгэрлэвээс, гурван худ санаа нийлсэн нь эдүгээ сарних цагт санаа нь тасарч салах болой. Олон барс нийлж хэрэг дэгдэв. Тэндээс Ян Сюн, Ши Сю лугаа учирсан хүн чухам ямар нэртэй, хэн гэгч учирсныг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )