Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 48 дугаар бүлэг

Админ | Zindaa.mn
2021 оны 02 сарын 19

Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

СЕ ЖЭНЬ, ЗЕБАО ХОЁР ГЯНДАНЫ ДАВХАР ХАРАЙХ

СҮНЬ ЛИ, СҮНЬ СИНЬ ХОЁР ГЯНДАНГ ДЭЭРЭМДЭХ

Өгүүлэх нь, Ү Шюэжү ханцуй дотроо хуруу дарж шившиж үзээд, ийн өгүүлрүүн: - Дүү Сүн Жян, би сая төлөгдөж үзвээс Ши Юн хэмээх манай шинэ ирсэн дүү Луань Тинюйтэй маш зузаан ханилсан тул түүний төлөөнөө хэлэлцүүлж, учрыг баахан сонсогтун. Жич хэлэлцэхээс гадна басхүү бидэнд Жу Зяжуанийг авах маш олон арга буй хэмээсэнд Сүн Жян урьд ер инээх чөлөөгүй бөлгөө.Эдүгээ инээх чөлөөтэй болсонд маш таван хувь илүү баярлан инээв.Үүнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Эрхэм дүү юунд ийнхүү инээмүй. Басхүү баярлах нэгэн зүйл буй. Миний хуруу шившиж үзвээс, бидэнд Шаньдун мужаас Сүнь, Зе хоёр овгийн дөрвөн их эр ирж туслах хэмээн миний төлгийн тэргүүн бүлэгт гарав хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ нь Шаньдун муж эндээс хол, маш бөглүү тул тэд яахин завдаж ирмүй. Эд нарыг сонсвоос Дэнжоу хотод байгч барс чонын эрлэг хэмээн сонслоо. Эд хаанаас бидэнд ирэх буюу хэмээсэнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Саяны миний төлгөнд: - Дэнжоугийн зүүн их ууланд хүнийг идэгч барс ирвэс ба чоно зэргийн араатан буй. Түүний гөрөөчин нар гарч анги хуваан мордовч ер дийлдэхгүй. Үүнд тэр уулан доор ойр нэгэн айл буй. Тэдний хоёр хөвгүүн нь маш хүчтэй, үнэхээр баатар. Иймийн тул харъяат Дэнжоугийн ноён энэ хоёрыг дуудаж, энэ уулын барс, ирвэс, чоныг арилгахаар тогтов. Ах Зежэний цол нь “Хоёр толгойт могой” хэмээдэг. Дүү Зебаогийн цол нь Хос сүүлт гүрвэл” хэмээмүй. Энэ хоёрыг хотын ноён Дэнжоугийн ууланд байх барс ирвэс нарыг алж бүрэлгээд арилгагтун хэмээн тушааж тамгатай бичиг өгсөнд, тэр хоёр даруй хүлээн авч биендээ барс ирвэс зэргийн хувцас өмсөж, ууланд очиж гөрөөлөв.

Тэндээс харъяат ноён нь гурав хоногийн хугацаа өгсөн учирт энэ хоёр ах дүү явж Дуншань уулын барс ирвэсийг алах хэмээн нэг шөнө үүр цайтал хүлээсэнд ер барс ирсэнгүй учирт гуравдугаар өдөр тэр хоёр газар газар нууж сум тавьж барсыг отож байтал гуравдугаар өдрийн шөнө мөн мэдээ чимээгүй. Үүнд тэр хоёр ах дүү маш бачимдан ийн өгүүлрүүн: - Бид хоёрт ноён гурван өдрийн хугацаа өгсөн билээ. Эдүгээ хугацаа маргааш өглөө дуусмуй. Үүнд нэг ч барс ирвэсгүй яахин ноёнд учирмуй. Эрхбиш ял олж шийтгүүлмүй хэмээн хэлэлцэж, шөнө дунд болсонд тэр хоёр гурван шөнө өдөр ер унтсангүй тул нойр нь хүрч, хоёр биеэ түшиж бага хажуулан буй атал гэнэт нуусан сум чимээ гарсанд дэргэд нь очиж үзвээс нэг их барс газар хөлбөрөн хэвтэж баймуй. Үүнд тэр хоёр барьсан сэрээ төмрөөр цохиж алах гэтэл тэр барс босон явж зугатан үзэгдэхгүй болов.

Түүний хойноос мөрийг мөшгин явсаар Мао Тайгүний ногооны хашааны дотор оржухуй. Үүнд ах дүү хоёр Мао Тайгүний ногооны хашаанд зоргоор орохоо баахан айж Мао Тайгүний үүдийг дуудаж ороод Мао Тайгүнд ёсолсонд, Мао Тайгүн өгүүлрүүн: - Эрхэм хоёр ач нар манай энд яахин ийм эрт ирэв? хэмээсэнд тэр хоёр ах дүү харъяат ноёны тушаалаар Дуншань уулын барс барихаар гурав хоногийн хугацаатай ирээд арайхийн нэг барс олсонд тэр барс танай ногооны хашаанд шарх олж ирэв. Энэ уул нь таны захиргааны уул тул тэр барс эзэндээ ирэв. Гуйх нь, хоёр дүүдээ тусалж хайрлах ажаамуу? хэмээсэнд Мао Тайгүн: - Тэр нь гайгүй. Та хоёр түр баахан сууж, будаа идэгтүн хэмээсэнд дотоод гэрт аваачиж архи будаа өгсөнд Зэжэнь, Зэбао хоёр өгүүлрүүн: - Эдүгээ өчүүхэн ач нар авга ахаас гуйж барсаа авч ноёнд хүргэж, гавъяа хүртэх билээ хэмээсэнд тэр өвгөн Мао Тайгүн өгүүлрүүн: - Тийм бөгөөс хойд хашааны хаалгаар орж барсаа авагтун хэмээн дагуулан очвоос хаалга нь цоожилж орж болохгүй тул Мао Тайгүн түлхүүр авчирч тайлж өгсөөд “Барсыг эрж аваачигтун хэмээв. Энэ барс яахин баймуй. Мао Тайгүн энэ хоёрын үгийг сонсоод, өөрийн хөвгүүнийг илгээж барсыг бариулан авч яаманд хүргэж гавъяа олсон хэрэг тул энэ хоёр яахин олмуй.

Мао Тайгүнд өгүүлрүүн: - Эрхэм авга ах таны энэ ногооны хашаанд лав орсон. Бид юунд худал хэлмүй хэмээсэнд Мао Тайгүн үл мэдэгчнээр өгүүлрүүн: - Тийм болбоос эдүгээ хаашаа явмуй. Та хоёр харин худлаар барсыг манай хашаанд ирэв хэмээн намайг хөнөөж, ялд оруулах буюу хэмээн марган байтал тэр хоёр яаманд мэдүүлэх хэмээн Мао Тайгүн лугаа эсэргүүцэн хэрэлдэж, гэрээс гарч их хаалга хүрмэгц, үүдний гадна нэгэн, хэдэн хүний хамт морь унаж ирэв. Үүнд энэ хоёр Мао Тайгүн лугаа сэтгэл эвдэрч, буй бүхий юмыг эвдэж бүрэлгэсэн нь маш их тул түүнийг хөвгүүн Маожун үзээд, тэр хоёр ах дүүд урьханаар ийн өгүүлрүүн: - Хоёр эрхэм ах та юунд ийнхүү хилэгнэж уурсав. Бүү муу уурсагтун. Таны алсан барсыг өвгөн эцэг яахин мэдмүй. Түүний гадна манай зардас нар тэнэг, учрыг үл мэдэх тул үл гаргаж өгөв. Эдүгээ би гаргаж өгсүгэй. Та хоёр миний гэрт орж байгтун хэмээсэнд тэр хоёр санамсаргүй баярлан гэрт оров. Маожун орж ирээд хамт ирсэн албаны хүн, жич өөрийн гэрийн зардас нарт: -Сэмхэн энэ хоёрыг барьж авагтун хэмээсэнд тэдгээр цөм урагш давшиж тэр хоёрыг барив. Үүнд тэр хоёр ер ийм ухааныг мэдсэнгүй тул баригдав. Мэдсэн аваас яахин тэдэнд баригдмуй. Иймийн тул Маожун өгүүлрүүн: - Та хоёр харин миний өчигдөр алсан барсыг бид алсан хэмээн дээрэмдэхээр ирээд үл чадмагц миний гэр хөрөнгийг бүрэлгэж эвдэх ба хөгшин эцгийг харааж, элдэв зэрэг зүйгүй хэрэг хийсэн тул Жу яаманд хүргэж шийтгүүлмүй хэмээв.

Тэндээс Мао Тайгүн тэр хоёрын баригдсаныг үзээд, тэдний барьсан гурван салаатай сэрээг бас эвдсэн юм. Жич дээрэмдэж авсан хэмээн худал боосон бага сага алт зэргийг тушаан өгч Жу яаманд ирэв. Тэндээс зээлийн олон хүн маш гайхан, эдгээрийг дагаж Жугийн яаманд хүрсэнд тэр яамны сойвон Ванжэн хэмээх нэгэн их түшмэл тосож гараад учрыг сонсоод тэр хоёрыг даруй хүлээн авч шууд дотогш аваачиж танхимын өмнө хүлээлгэж, Жу ноёнд өөрийнхөөрөө чимж өгүүлрүүн: -Мунхаг боолын хадам эцэг Мао Тайгүн, хүр дүү Маожун хоёрыг занчиж юмыг дээрэмдээд басхүү гэр хөрөнгийг бүрэлгэж, харин барсыг алдав хэмээн миний хүр дүү Маожунгийн алсан барсыг дээрэмдэхээр очоод, одоо нэгэнт яаманд хүргэснийг мэдэж, гэдрэг ноцож бид хоёрын алсан барс хэмээн бурангуйлж энэ мэт хэрэг гарав.

Тэнгэр мэт ноён энэ мэт дүрсгүй, өдөр наранд айлыг түйвээх урвасан хулгай адил хоёр хүнийг шийтгэж хууль дагуулан яллах ажаамуу хэмээсэнд ноён тэр ах дүү Се Жэнь, Зебао хоёрыг маш чанга эрүү хэрэглэж шүүсэнд тэр хоёр даруй цөм үнэн хэмээн өчгөө өгөв. Үүнд тэр хоёрын биед гав тушаа торгож, дөнгө өмсгөөд гянданд хорив. Тэндээс Мао Тайгүн, Маожун эцэг хөвгүүн хоёр ийн зөвлөн өгүүлрүүн: - Эдүгээ бид хоёр Се Жэнь, Зебао хоёрыг нэгэнт гянданд хорив. Одоо энэ хоёрыг эс алваас үл болмуй. Гагцхүү Ванжэн хүргэнд хэлж алуулах арга эс хийвээс хожим хэрэг дуусаж гарсан хойно эрхгүй гэм гаргамуй хэмээн зөвлөөд Жу яаманд ирж Ванжэн лугаа учирч энэ учрыг хэлсэнд Ванжэн “тэр нь зөв хэмээн гяндангийн тэргүүлэгч дарга Баозиг дуудаж, ийн тушаан өгүүлрүүн: - Тэр хоёр Се Жэнь, Зебао хоёрыг маш сайтар агдлан авч байгтун.

Хэрвээ алдах ба оргоход хүргүүлбээс хэрхэвч үл болмуй хэмээсэнд Баози дарга бас бага нэгэн даргаа дуудаж: - Энэ хоёр хулгайг үхэх гянданд хатааж сайтар агдлан авч байгтун хэмээн тушаан өгч явуулсанд тэр бага дарга Се Жэнь, Зебао хоёрт өгүүлрүүн: - Та хоёр намайг таних буюу. Танай ахын эхнэрийн дүү Сүн овогт бөлгөө хэмээсэнд Се Жэнь өгүүлрүүн: - Эрхэм дарга чам лугаа эрт өдөр хэзээгээр эс сонслоо. Үл учрав. Чи яахин миний бүл ахын нэрийг мэдэв? хэмээсэнд тэр дарга: - Би мэдэв. Би болбоос угаас овог Юэ, нэр Хэ. Уг нутаг Маожоу хотын хүн. Миний өвгөн эцэг энд ирээд миний төрсөн эгчийг Сүнь Тися хэмээх хүнд эм болгон өгөв. Би нас бага.

Энд бага ажил хийж амь тэжээж, дуу дуулж, шившүүр шившүүрдэж мөнгө олдог билээ хэмээгээд өгүүлрүүн: - Эрхэм хоёр ахыг бид эдүгээ овог нэрээр хөөж одоо танилцав. Гагцхүү миний хүргэн ах Сүнь Тися болбоос хүч чадал нь маш их бөгөөд эдүгээ та хоёрын учрыг мэдээгүй тул, яахин ийм учрыг мэдмүй. Иймийн тул би уламжлан сонсгож, та хоёрын амийг аваръя. Үгүй бөгөөс Мао Тайгүн Баози даргад хахууль өгч мөнгө барив. Үүнд тэр хоёрыг эрхгүй алмуй хэмээсэнд Се Жэнь, Зебао хоёр маш айн өгүүлрүүн: - Тийм бөгөөс эрхэм дүү арга хэрэглэж биднийг аврах аваас хожим ач хариулъя. Түүний гадна бид хоёр төрсөн эгч охин Гү овогтыг энэ хотын зүүн зүг аравны газар суух Гү Тай овогтын гэрийн хүн буулгаж нэгэнт ёслон өгсөн. Түүний эрдэм чадал ихээс гадна энгийн хүн түүнд өгсөн цол нь “Мүху эм барс” хэмээмүй. Ши Липай хэмээх газар архины пүүс нээж баймуй. Манай тэр эгчийн дэргэд хүн амьтан ойртох нь арга нэг ч үгүй.

Үхэр алах ба хонь алах, хоол идэх хүнийг зочилмуй. Тиймийн тул мэргэн дүү чи түүнд хурдан хэл хүргэж бидний энэ учрыг бүрнээ тоочин хэлвээс тэд бидний амийг аварч чадмуй хэмээсэнд Юэ Хэ өгүүлрүүн: - Ах нар бүү сэтгэл зовогтун. Санаа тавьж суугтун. Эдүгээ би та хоёрт нэг хэсэг махыг будааны хамт авчирч өгье хэмээгээд даруй архины пүүсэнд очиж мах будаа бэлтгэж авчраад тэр хоёрт идүүлэн гянданд хийв.

Тэндээс энэ Юэ Хэ даруй өдөр шөнөгүй довтлон явж, Ши Липай хэмээх архины дяньд очиж үүдний зүг харваас “Манай пүүсэнд архи уух ба үхэр хонины мах, нарийн ногоо зууш, жимс, будаа тэргүүтэн цөм буйгаас гадна аливаа газрын зам явах гийчин зочдыг элдэв сайхан хүндлэн хүлээж эелдэг зангаар өнгөрүүлмүй. Басхүү ихэс ноёдын хөвгүүд, баялаг худалдааны ард, үйлдвэрийн урчууд ба жич энгийн гийчид басхүү наадам пай наадах болбоос хойд их хүрээлэнд очиж их байшинд орж наадагтун” хэмээх зэрэг бичжихүй. Үүнд бас үзвээс нэг элдэв юм худалдаа нээсэн дэлгүүр баймуй. Түүнд тэр Юэ Хэ очвоос нэгэн эм хүн сууж баймуй. Юэ Хэ түүнийг үзвээс даруй Гү овгийг охин мөн байна хэмээн санаж ийн өгүүлрүүн: - Эдүгээ би Мужоу хотын хүн. Танай пүүсэнд эрхэм хэргээр ирэв. Учир юу хэмээвээс манай хотод хоёр Зе овгийн хүн их ял хийж гянданд хоригдов.

Тэд нар хэлэх нь Гү овгийн эгч Ши Липай хэмээх архины пүүсэнд буй хэмээсэн учирт би ирж хэл хүргэв хэмээх үгийг тэр Гү овогт охин сонсоод түүнийг дотор гэрт оруулж эл учрыг нарийнаа асуусанд Мао Тайгүнд яахин хөөгдсөн ба Мао Тайгүн мөнгө зарж Се Жэнь, Зебао хоёрын амийг хорлох зэргийг нарийнаа хэлээд бас өгүүлрүүн: - Манай эгчийг авсан нөхрийн нэр нь Сүнь Ли хэмээмүй. Сонсвоос Зежэнийн бүл ах гэнэм. Иймийн тул энд зориулж ирэв хэмээсэнд тэр Гү Дасао хэмээх эм дотогш оруулж цай бариад ийн асууруун: - Эрхэм нагац ахын жинхэнэ манай гэрт морилон ирсний учрыг үзүүр төдий сонсов. Эцэс нь юу хэмээн асуусанд Юэ Хэ өгүүлрүүн: - Учир үгүй болбоос би энд яахин ирмүй.

Танай нөхрийн хамаатай Се Жэнь, Зебао хоёр харъяат ноёны тушаалаар уулнаа очиж барс алахаар очоод нэг барсыг алсанд тэр барсыг Мао Тайгүн булаан авч ноёнд зуйгарлан хүргэж нүүр олоод, эдүгээ бас тэр хоёрыг гэдрэг ноцож хулгай болгон яамнаа аваачиж занчаад, эдүгээ Баози хэмээх гяндны даргад Мао Тайгүн мөнгөөр хахуулилж үхэх гянданд хорив. Үүнд өчүүхэн би басхүү ураг болох учирт бие гагцаар болоод эргэж арга олдохгүй тул та нарт мэдээ хүргэхээр ирэв хэмээсэнд Гү Дасао эм өгүүлрүүн: - Тийм бөгөөс миний хоёр дүү үнэхээр хилс хөөрхий хэмээн уйлан, олон зардсаа дуудаж ийн өгүүлрүүн: - Та нар хурдан явж Сүнь Синь-ийг даруй түргэн олж ирэгтүн хэмээн хэдэн зүг илгээсэнд удсангүй Сүнь Синь-ийг олж даруй дагуулан ирсэнд Юэ Хэ өмнөөс тосож гараад мэндийг мэдэж ёслон дотоод гэрт орсонд Сүнь Синь өгүүлрүүн: - Эрхэм Юэ Хэ дарга ямар хэргээр энд ирэв? хэмээсэнд Юэ Хэ өгүүлрүүн: - Өчүүхэн хүн угаас гяндан дагаж захирах бага дарга бөлгөө. Эдүгээ таны гэрт ирсэн учир болбоос эрхэм нөхрийн гэргийн хоёр ах Се Жэнь, Зебао нар харъяат ноёны тушаалаар уулнаа очиж догшин барсыг арилгахаар явж нэгэн барсыг шархлааж алсан нь тэр барсыг Мао Тайгүн олоод авч, ноёнд хүргээд нүүр олж басхүү тэр хоёрыг хөнөөж юм булаан дээрэмдэв хэмээн заалдан мэдүүлсэнд, ноёноос шүүж өчиг аваад үхэх гянданд хилс хорив.

Үүнд өчүүхэн би хэдүй тэднийг аварч гаргах хэмээсэн боловч нэгд бие гагц, хоёрт арга олохгүй. Тиймийн тул тэр хоёрын амийг аврах аргыг зөвлөхөөр эрхэм Сүнь Даеэ, Гү Дасао нарт ирэв хэмээсэнд Сүнь Синь өгүүлрүүн: - Энэ нь миний төрлийн нагац ах дүү бөгөөд ойр тул арга буюу бид арга зөвлөж очъё хэмээж энэ Сүнь Синь угаас цэргийн эрдэм сурсан нь маш бэрх дээр басхүү Чюнжоу хотод басхүү тушаал оролдож явсан хүн. Түүний ах Сүнь Ли бас их чадалтай тул энэ эр эм, ах дүү бүгдээр хэлэлцэж, Зэжэнь нарыг авахаар зөвлөв. Үүнд Юэ Хэд архи барьж бас хэдэн лан мөнгө өгч ийн өгүүлрүүн: - Эрхэм нагац ах нэгэнт тэр хоёрт тус хүргэсэн хойно эдүгээ бүү сэтгэлээ шимшрээгтүн. Энэхүү хоосон бусын төдий хэдэн лан мөнгийг аваачиж, дээжийг та зоолж үлдвэрийг тэр хоёрт хугалж авч өгөхийг мэдээрэй хэмээсэнд Юэ Хэ өгүүлрүүн: - Эдүгээ би тэр хоёрыг үл туслах ахул энд яахин ирж энэ үгийг хэлмүй. Үүнд бүү зовогтун. Хурдан аргаа бодож тэр хоёрын амийг авах хэрэгтэй хэмээгээд шууд гарч яаран гяндангийн зүг ирэв. Тэндээс тэр Баози дарга ирж, тэр хоёрыг сүслэхийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь: Энэ Сүнь Синь, эм Гү Дасао лугаа зөвлөн өгүүлрүүн: - Эдүгээ би яахиваас зохимуй? хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Үүнд зовох юу. Гагцхүү би чиний хамт явж, энэ шөнө гянданг эвдэж ороод, хоёр ахаа булаан ававаас барав хэмээн өгүүлсэнд Сүнь Синь өгүүлрүүн: - Чи яахин ийм бүдүүн тэнэг болов. Чи бид хоёр ийн зэрэг очиж үл болмуй. Миний санаа болбоос бид ах дүү олноор зөвлөж хамт бүлэглэн хэлэлцвээс зохимуй хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Үнэхээр тийм. Эдүгээ даруй хөдөлвөөс зохимуй хэмээхэд Сүнь Синь: - За би одоо явж Дэн Жуншань ууланд суух миний сайн таних хоёр дүү буй. Тэр хоёрын нэр Зоуюань, Зоурун хэмээмүй. Энэ хоёр тэр ууланд сууж, зам явах хүнийг дээрэмдэх ба хүнийг алж юмыг булаах бас пай наадах, даалуу тавих зэрэг хийх дээр басхүү хүч чадал маш бэрх. Тиймийн тул би тэр хоёрыг залж ирээд, бид бүгдээр очиж гянданг эвдэж, тэр хоёрыг булаан ававаас болох буй за хэмээхэд Гү Дасао өгүүлрүүн: - Дэн Юньшань уул эндээс алсласан нь хичнээн хол буй? Бушуу түргэн явах хэрэгтэй.

Хэрвээ Мао Тайгүн мөнгөөр хахууль өгч хэрэг засаж яваа болбоос тэр хоёрын амь гарах нь маш бэрх хэмээсэнд Сүнь Синь даруй явахаар завдаж эмдээ ийн өгүүлрүүн: - Цай идээ ширээ засаж архи бэлтгэн байгтун. Би хурдан очоод тэр хоёр Зоу овгийн дүү нарыг залж ирэх хэмээгээд явав.Удсангүй Гү Дасао үүдэн дээрээ гарч тэднийг ирэхийг хүлээн байтал, өмнө зүгээс гурван хүн ирэв. Энэ хоёр хүн угаас Лай Жоуфүгийн харъяат хүн. Уг нутагтаа пай наадахын улам, хүмүүн лугаа хэрэлдэн занчилдаж хэдэн хүнийг шарх олгосны учирт оргон гараад Дэн Юньшань хэмээх ууланд урваж, хүнийг дээрэмдэн суумуй. Ах Зоу Юань нь цэргийн эрдэм маш шилдэг, бага цагаас хөл гарыг солбих шид сурсан тул түүнийг хүн бүр цол өгсөн нь “Цао линь лун” хэмээн өргөжүхүй. Үүний тайлбар нь: - Шугуй модноос шургаж гарах луу хэмээмүй. Дүү Зоурун өдөр бүр хүнийг дээрэмдэх ба пай наадаж хүнийг занчимуй.

Үүнд нэг өдөр Зоурунд наадах пай, дээрэмдэх хүн үл олдмогц нэг шугуй модны доор орж нэгэн бүдүүн мод лугаа ноцолдож, түүнийг хугалан мөргөж орхив. Энэ хүн бие нь өндөр, мөр нь өргөн, толгой нь их, ар шилэн дээр нэг их мах ургажухуй. Үүний цол нь “Тоу Зяолун”. Тайлбар нь “Нэг эвэрт луу” хэмээмүй. Энэ гурав даруй хүрч ирээд. Сүнь Синь-ийн үүдэн дээр ирэхэд Гү Дасао угтан ёсолж оруулан цай барьж дууссаны хойно ширээ засаж, архи ногоо бэлдэж найрлан суув. Үүнд Сүнь Синь өгүүлрүүн: - Эрхэм хоёр дүүг залж ирсэн учир болбоос манай нэг бүл ах Се Жэнь, Зебао хэмээх хоёр хүн бас манай энэ эмийн жинхэнэ төрлийн дүү нэр тул энэ хоёрыг үхэх гянданд хорив гэнэм. Үүнийг Мао Тайгүн хүч гаргаж, мөнгө зарж, амийг бүрэлгэх билээ. Үүнд өчүүхэн ах чинь бүл мөхөс тул хоёр дүүгээ хавсран тусалж, миний тэр хоёр ахыг гянданаас булаан авах болбоос болох болов уу хэмээсэн билээ хэмээн гуйж архи барьсанд Зоу Юань өгүүлрүүн: - Энэ хэрэг өчүүхэн. Түүний хэлсний даруй дагаж очъё. Түүний гадна над басхүү хэлэх нэгэн үг буй бөлгөө.

Та хоёр дагах, үл дагахыг мэдэхгүй хэмээсэнд Сүнь Синь, Гү Дасао хоёр өгүүлрүүн: - Юунд үл дагах буюу. Ямар учир байваас хэлэгтүн хэмээсэнд Зоу Юань өгүүлрүүн: - Эдүгээ бид хоёр энэ Дэнжоу хотын Дай Юньшань ууланд байх цаг эдүгээ гүйцэв. Сонсвоос Лян Шань Фү хэмээх ууланд шударга баатар эрдэмтэй цэргийн эрдэм боловсорч сурсан сайн эрсийг Сүн Жян хэмээх Сүн Гунмин, Чаогай хоёр элбэрэн тэтгэж, ах дүү бололцох гэнэм. Иймийн тул бид хоёр тэнд очиж хорших санаатайгаас гадна миний урьд сайн таних бас нэгэн баатар эр Ян Линь тэргүүтэй гурван баатар буй. Эдүгээ бид таны тэр хоёр Се Жэнь, Зебао нарыг гяндан эвдэж булаан аваад даруй Лян Шаньд очвоос ямар? хэмээсэнд Зоу Юань өгүүлрүүн: - Тэр нь үнэхээр сайн боловч энэ Дэнжоугийн цэрэг маш олон, бидний хойноос хөөж бариваас тэр цагт яахин гарч чадмуй хэмээсэнд Сүнь Синь өгүүлрүүн: - Энэ Дэнжоугийн бүгд цэргийн тэргүүлэгч миний төрсөн ах Сүнь Ли хэмээдэг. Түүнийг би биеэр очиж залж ирээд, бид энэ учраа хэлж нэг арга үүсгэе хэмээн зөвлөв. Тэр шөнө цөм архидаж, маргааш нь Сүнь Синь хэдэн зардасаар тэрэг бэлтгүүлж Сүнь Тися хэмээх цэргийн дарга, Сүнь Лигийн гэрт очихоор явах цагт Гү Дасао эм өгүүлрүүн: - Тэднийг энгийн залбаас үл ирэх. Гагцхүү намайг өвдөв хэмээн залбаас ирмүй хэмээсэнд: - Тэр мөн хэмээгээд Сүнь Синь даруй явж Сүнь Тисягийн үүдэнд хүрч мэдээ хүргэсэнд Сүнь Тисягийн эм Гү овогт гарч ирээд Сүнь Синь-ийг угтаж оруулав. Үүнд Сүнь Синь зовних царай гарган мэндээ асуусан хойно ийн өгүүлрүүн: - Өчүүхэн дүүгийн эм Гү Дасао гэнэт нэг өдөр өвчин олж, хэрхэн эмчлэвч илаар болохгүйд тэр ах, бэргэн та хоёрыг залуулав хэмээсэнд Сүнь Тися хэмээх Сүнь Ли, Гү овогт эгч нар энэ үгийг сонсоод даруй явж, Сүнь Синь-ийн гэрт ирсэнд Гү овогт охин дүүгийн бие ямар? хэмээн асуусанд тэр Сүньсин өгүүлрүүн: - Гү Дасаогийн бие мөн хэвээр хэмээхэд тэр Зоу Юань, Зоурун хоёр энэ Сүнь Лиг үзвээс үнэхээр баатар эр. Бие өндөр нь найман чи, зүс царай сахал нь шав шар тул Сүньсиниэс асууруун: - Энэ нь чиний ах Сүнь Ли буюу. Үүний цол нь хэн? хэмээн асуусанд Сүнь Синь өгүүлрүүн: - Миний энэ ахын энгийн хүнээс олсон нь “Бин Юйзи”.

Тайлбар нь “Галзуу баатар” хэмээмүй. Энэ нь нум сум хэрэглэх нь нарийн, үсийг ч харваж ономуй. Унасан морь нь нисэх луу мэт, гартаа барьсан сэлэм нь наран саран мэт гялбалзаж, биедээ өмссөн хуяг дуулга нь чимгийн хүн үзэх байтугай чихэндээ сонсож болохгүй, хэн түүнийг үзээд сүр сүлд нь тогтмуй хэмээхэд Зоу Юань, Зоурун хоёр маш баярлан арга бодож, Лян Шаньд урвуулахыг хичээгтүн хэмээн Сүн Жян д захив. Тэндээс Сүнь Ли Гү Дасао эмийн хамт дээд байшинд орж, бага охин дүү Гү Дасаогийн биеийг үзэх хэмээн ороод, Гү Дасаогийн дэргэд очиж царайгий нь шинжилж үзвээс ер тийм асар өвдсөн хүн бус тул Гү Дасаогаас асууруун: - Мэргэн охин дүү чи ямар өвчин олов? хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Над тийнхүү асар олсон хүнд өвчин үгүй. Гагцхүү ахаас гуйж амь авруулах өвчин олов хэмээсэнд Сүнь Ли, Гү Дасао эм хоёр өгүүлрүүн: - Чи эдүгээ амь авруулах өвчин хэмээх нь ямар үг? хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Ах, бэргэн та хоёр мартав уу? Хэр баахан жаргалдаа ташуурч, ах дүүгийн бүл угсааг үл таних нь хэзээний хэрэг хэмээсэнд Сүнь Ли өгүүлрүүн: - Юун төрөл бүл, ямар хүн яахин амь аврах гэнэм? хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Чи бэлхэнээ өөрийн хотод энэ мэт хэрэг гарч бүхүйг үл мэдэх нь юу? хэмээсэнд Сүнь Ли, бэргэн хоёр: - Ер мэдээ чимээ гарсангүй бөлгөө. Бид огт мэдэж үзсэн зүйлгүй хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Бидний төрөл бүл болох Дэн Юньшань уулын доор суух барс ирвэс барьж амь зуугч Се Жэнь, Зебао хоёрыг таних буюу? хэмээсэнд эдүгээ нэрийг сонсоод танив хэмээсэнд Гү Дасао өгүүлрүүн: - Тэр нь өчүүхэн эгч дүү хоёрын төрөл бөлгөө. Эдүгээ харъяат ноёны тушаалаар Дэн Юньшань уулын догшин барсыг алахаар гарч нэг барс алаад, түүнийг Мао Тайгүнд булаагдаж, түүнээс хэрүүл болж, харилцан бие биедээ өшөө тааварлаж яаманд мэдүүлээд, Мао Тайгүн мөнгөөр хахуульж, тэр хоёрыг алах гянданд хориглов. Иймийн тул өчүүхэн дүү өвчний нэр зааж, та хоёрыг уриулсан учир тэр билээ.

Гуйх нь, Тэр хоёрыг бид бүгд гянданг эвдэж булаан авч Лян Шань ууланд урваж Сүн Гүнмингийн гар доор алба хийвээс сайн хэмээн энэ хоёр Зоуюань, Зоурун хоёрыг Дэн Юньшань уулнаас залж ирээд баймуй. Ах та бидний үгийг дагаваас сайнгүй юу? Одоо энэ цаг болбоос галын ойр байваас шатагдаж түлэгдэх нь магад. Нүгэлтний дэргэд байваас нүглээс амсах лав хэмээсэн үгийг сонссон буй за хэмээсэнд Сүнь Ли, Лоу Дасао хоёр өгүүлрүүн: - Бид ийм хэрэг ер хийхгүй. Угаас намайг Дэнжоугийн бүгдийн дарга болгосон гавъяа буй атал би яахин урваж болох буюу хэмээсэнд Гү Дасао уурлан босож ирээд ийн өгүүлрүүн: - Журамгүй мал, ах дүүгийн ёсыг үл мэдэх амь тэжээх гахай адил. Үүр зассандаа эрдэж тэнгэрийн тогтоосон ёсыг гажуудуулж. Яахин ийм хүнийг бид хүн санах бэрх хэмээгээд Зоу Юань, Зоурун нарыг дуудаж: - Энэ мал адгуус лугаа эр эмээ үзэлцэж, өстсөнөөн олж авсугай хэмээгээд бага сэлэм аваад ирэхэд Сүнь Ли түр хориглон өгүүлрүүн: - Гү Дасао охин дүү чи баахан байзна. Миний нэг үгийг сонсогтун хэмээсэнд Зоурун, Зоу Юань нар Гү Дасаог барьж авав. Үүнд Сүнь Ли ийн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн дүү Гү Дасао чиний хэлэх зөв боловч энэ хэргийг яаран хийж болохгүй. Аажим зай завсрыг олохоос бус учиргүй гянданг эвдэж яахин болмуй. Та нар нэгэнт ийнхүү санаа тогтсон болбоос, би арга буюу мөн та нарыг дагахаас өөргүй. Гагцхүү аажим зөвлөе хэмээсэнд Гү Дасаогийн уур намарч “Ийм бөгөөс үнэхээр журамтай” хэмээн өгүүлэв. Тэндээс Сүнь Лигийн эм Лоу Дасао маш айж, зүрх уушиг нь амаар гарах шахав. Үүнд цөм эвтэй болж, эдүгээ Се Жэнь, Зебао хоёрыг яахин авахыг зөвлөсөнд Сүнь Ли өгүүлрүүн: - Зоу Юань Дэн Юньшань ууландаа довтлон очиж зардас ба буй бүхий юмаа авч түргэн эргэж ирэгтүн. Сүнь Синь дүү Дэнжоугийн хэрэмд Гү Дасаотай хоёул заншлан явж гянданд орж: Се Жэнь, Зебао хоёртой учрагтун. Түүний гадна Юэ Хэ даргад: Тэр өдрийн шөнө тэр цагт ирмүй хэмээх үгийг захигтун. Түүний гадна өөрийн гэр байшингаа зарж арилган, буй бүхүй юмаа эдүгээ тэргэнд ачиж Ляншаний зүг өөрийн итгэсэн зардасыг илгээгтүн. Эдүгээ би харьж мөн хэдэн сайн цэргийн ардыг авч, буй бүхүй юмаа төхөөрөн бэлдэж даруй зам хөөж явуулъя. Түүний хойно бүгдээр энд нийлж Се Жэнь, Зебао хоёрыг булаан аваад бид хотын хэрмээс гарсугай хэмээн зөвлөв.

Тэндээс Сүнь Синь эм Гү Дасаогийн хамт нэг нууц сэлэм авч гяндын зүг ирэв. Түүний хойноос Сүнь Ли, Сүнь Синь, Зоу Юань, Зоурун нарын дөрвөн хүн Лоу Дасао нарыг дагуулан бүгд зуу илүү хүн ирж, гянданы дэргэд чих тавин чагнав. Тэндээс гяндхны бага дарга Юэ Хэ хэдүйнээ Сүнь Синь-ийн Гү Дасаог ирэхийг мэдсэн боловч зориудаар өгүүлрүүн: - Чи юун хүн, эдүгээ гянданд орох юу хэрэг? хэмээсэнд Гү Дасао: - Би гяндан дотор будаа түгээх хэмээн ирэв хэмээсэнд Юэ Хэ үл мэдэгчнээр дотогш оруулав. Тэр цагт гянданы их дарга Баози гянданы ялтныг байцаан үзэж явах лугаа тохиолдсонд Баози өгүүлрүүн: - Энэ ямар газрын эм хүн болоод гянданд орж ирэх ёс хаанав. Хуучин үгэнд гянданд эм хүн орох байтугай эр хүн ч үл орох барам, салхийг чивэл оруулж болохгүй хэмээсэн атал үүнийг яахин оруулав? хэмээсэнд Юэ Хэ бага дарга өгүүлрүүн: - Энэ нь Се Жэнь, Зебао хоёрын төрсөн эгч. Эдүгээ тэр хоёр лугаа биеэр учирч будаа өгөх гэнэм хэмээсэнд: - Түүнийг бүү оруулагтун. Чи будаа аваачиж өгөгтүн хэмээн Юэ Хэгээр Се Жэнь, Зебаод өгүүлсэнд тэр Юэ Хэ орж Се Жэнь, Зебао хоёрын дөнгө тушааг тайлж, эдний ирсэн мэдээг хэлэв. Үүнд Се Жэнь, Зебао чимээ гаргахыг хүлээн байв. Тэндээс Гү Даосао Баози даргад өгүүлрүүн: - Ураг холбогдсон нь гяндан ч байтугай тэнгэр ч ялгах учиргүй. Чи өмхий ямар учирт үл учруулах хэмээн хэлэлцэн байтал гадаад гянданы хаалгыг Сүнь Ли их дуунаар дуудан” Хаалга нээгтүн хэмээсэнд Баози дарга: - Энэ яахин ийм зальхай цэрэг, даасан тэргүүлэгч ноён бөгөөд гянданы хэрэг хамааран ирэх нь ямар ёс. Бүү хаалга нээгтүн хэмээхүйд Гү Дасао нуусан сэлмээ гарган их дуунаар өгүүлрүүн: - Мао Тайгүний тогооны шавхруу идэж цадсандаа бардан ам өгүүлэх мал чи хэмээн урагш давшсанд Се Жэнь, Зебао хоёр гяндангийн нүхээр гарч, их дөнгийг барьж Баозийн толгойн тус цохиж газар унагасанд тархи нь урсаж нэгэнт үхэв.

Тэндээс гяндан дотроос Се Жэнь, Зебао хоёрыг аваад үүд гарсанд Сүнь Ли, Сүнь Синь хоёр олон зардас лугаа хамт баймуй. Үүнд Зоу Юань, Зоурун хоёр Мао Тайгүнгийн хүргэн Ван овогтыг барьж алаад, эднэр лугаа учирч эдүгээ Лян Шаньд урвах хэмээсэнд Се Жэнь, Зебао хоёр өгүүлрүүн: - Ах нар та сонс. Хэргийн үүсгэврийг үүдэж гаргасан Мао Тайгүний гэр хотлоорыг эс арилгаваас хожим бас энэ мэт хэрэг дэгдмүй. Эртний үгэнд “Үндэс нь эм болбоос үзүүр навч салаа ч эм. Үндэс нь хор болбоос үзүүр салаа навч ч хор хэмээжихүй. Тиймийн тул эдний үндсийг эс ухаж ававаас дахин ургамуй. Тиймийн тул өсөө авч явмуй хэмээсэнд Сүнь Ли өгүүлрүүн: -Дүү нарын хэлэх зөв. Эдүгээ Лао Дасао, Гү Дасао хоёрыг тэрэг моринд унуулж, Сүнь Синь хэдэн цэргийн ард, зардастай Лян Шань Фүд очих замаар явж байгтун. Би Се Жэнь, Зебао, Зоу Юань, Зоурун нарын хамт очоод, Мао Тайгүн жаран насны баяр хийж, найр тавин цэнгэлдэн байх цаг тул тэдгээр Сүнь Ли нарын таван хүн шууд алалцан орж, Мао Тайгүний их багыг цөм хүй тэмтрэн алж дуусгаад алт мөнгөн эдлэл бараа, унах хэдэн сайн морь сонгон аваад явахыг хотын олон хүн мэдэж үзсэн боловч, хэн аймшиггүй тэдний өмнөөс үг хэлмүй. Тус тус нүд балар, чих дүлий, нам гүм хаалгаа хааж суув. Үүнд Сүнь Ли нарын таван хүн гуч илүү газар явж эм хүүхэд, цэрэг зардас дээр ирээд удсангүй Ляншаний байгуулсан Ши Юнгийн архины пүүсэнд бүгдээр бууж цай архи ууж Зоу Юань ийн өгүүлрүүн: - Эрхэм ахын өндөр алдар хэн гэдэг, архины пүүсний нэр юу? хэмээсэнд Ши Юн өгүүлрүүн: - Би нь Ши Юн хэмээмүй. Архины пүүс нь Ляншаний харуул тавьсан газар хэмээсэнд Зоу Юань өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэ Лян Шаньд Ян Линь, Дэн Фэй хэмээх хоёр жанжин буй юу? хэмээсэнд Ши Юн өгүүлрүүн: - Бий. Эдүгээ Жу Зяжуан хэмээх гурван хотод байлдахаар Сүн Гүнминийг дагаж очоод буцаж ирээгүй. Сонсвоос Жу Зяжуаний Жубяогийг гурван хөвгүүний чадал нь маш их бөгөөд бас түүний багш Луань Тинюй хэмээгч нэгэн их рид төгссөн хүн тул эднэр лугаа эдүгээ хоёр удаа байлдаад ер дийлэхгүй гэнэм хэмээсэнд Зоу Юань өгүүлрүүн: - Энэ Ян Линь, Дэн Фэй болбоос урьд над лугаа ах дүү болж явсан тул үнэхээр шударга журамтай. Энэ Жу Зяжуаний Луань Тинюй болбоос миний багш бөлгөө. Бид хоёрын сурсан эрдэм чадал ав адил бөгөөд бас ч багш шавь хэмээн танилцамуй хэмээсэнд Ши Юн маш баярлан ийн өгүүлрүүн: - Тийм бөгөөс эрхэм нөхрүүд өдий олноор хаашаа ямар учирт явааг асуусанд Сүнь Ли, Сүнь Синь хоёр өгүүлрүүн: - Бид Дэнжоугаас тухайлан албан хэргээр зарагдан ирээд эдүгээ санаа үл нийлмэгц тэд лугаа байлдаж, одоо Лян Шань ууланд урвах хэмээн ирэв хэмээсэнд Ши Юн: -Тийм бөгөөс маш сайн.

Эдүгээ бид уулан дээр очиж хэл хүргэх хэмээсэнд нэг цэргийн хүн ирж ийн өгүүлрүүн: - Жүнши Ү Шюэжү ирэв хэмээсний дараа бас нэг цэргийн хүн ирж: - Юань овгийн гурван жанжин ирэв хэмээсэнд Ши Юн угтаж очоод цөмийг оруулж, бүгдээр архи ууж, Жу Юань эдгээр учраа Ү Шюэжү нарт хэлсэнд Ү Шюэжү, Юань овгийн гурван ах дүү бүгдээр баярлалдан: - Тийм бөгөөс эдүгээ та нар уулнаа очих юу. Эд нарын хамт Жу Зяжуанд очиж Сүн Гүнминд туслахаар очоод гавъяа бүтээж ирсэн хойно уулнаа очвоос сайн хэмээсэнд тэдгээр цөм баярлалдан, тэндээс мордож Жу Зяжуаний зүг ирэв. Үүнд Ү Шюэжү даруй тэргүүлэн Жу Зяжуанд очиж Сүн Гүнминд учирваас Сүн Гүнмин хөмсгөө атируулан сууж буйг Ү Шюэжү үзээд даруй авчирсан архи махаа өгч, ийн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн ах сэтгэл зовох газаргүй. Тэнгэр дэлхий басхүү бидэнд туслахаар хэдэн баатар илгээв. Эдүгээ тэд нэр хойно Руань Сяо Эр, Руань Сяоци, Руань Сяо Ү нар лугаа хамт яваа. Эдүгээ эдний ирсэн учир Дэнжоугаас Жунжоуд алба хийхээр ирж, санаа үл нийлмэгц манай Лян Шаньд урвахаар ирээд, Шизунгийн архины пүүсэнд учраад, бидний Жу Зяжуанд байлдахыг сонсоод, урьд гавъяа бүтээж хожим журмын ах дүү болмуй хэмээн бүгд зургаан сайн эрс ирэв хэмээсэнд Сүн Жян маш баярлан есөн тэнгэр хэмээн давхар хишиг хайрласан мэт болж атируулсан хөмсгөө тавьж, архиа ууж сэтгэл нь тайтгарч байв. Үүнийг үл өгүүлмү.

Өгүүлэх нь, Ү Шюэжү эдгээр учрыг хэлсэнд Сүн Жян маш баярлан ийн өгүүлрүүн: - Тийм бөгөөс Ү Шюэжү чи даруй түргэн явж Лян Шаньд очиж дөрвөн сайн эрс авчрагтун хэмээв. Үлгэрлэвээс, мөрөн далайд олон цэрэг далавч нэмж нисэх мэт болох. Уул хотын дээр байх цэргүүд хуучин дээл сольж шинэ хувцас өмсөх хэмээх лугаа адил болжихуй. Үүнд Ү Шюэжү Лян Шань ууланд буцаж ямар нэртэй хэн гэгч дөрвөн баатар эрсийг авчрахыг хойд бүлэгт үзэгтүн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top