"Стартап Маркетинг Спэйс" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Т.Мөнхбаярыг томиллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 10

Монголын гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч, энтрепренеруудын харилцаа холбоог дэмжигч, төр хувийн хэвшилийн хооронд гүүр болон ажилладаг “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал боллоо.

Гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, үнэ цэнтэй гурван ажилтандаа компанийн хувьцаа бэлэглэж, үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ж.Золзаяа гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өглөө. Ирэх жилүүдэд тус компанийг удирдах гүйцэтгэх захирлаар компанийн хамтран үүсгэн байгуулагч Т.Мөнхбаярыг томилж, багаа бүрдүүлэн ажиллах боломжийг олголоо.

Т.Мөнхбаяр нь БНСУ-д бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан бөгөөд өмнө нь “Женко Тур Бюро” ХК-ийн Цонжин болдог, 13 дугаар зуун цогцолбор төслүүдийн менежер, “Тим Плас” ХХК-ийн гүйцэтгэх захирал, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирал, “Стартап Маркетинг Спэйс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захиралаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм.
 

“Стартап Маркетинг Спэйс” ХХК нь 2017 оны наймдугаар сарын 25-нд байгуулагдсан бөгөөд Монголын гарааны бизнесийг дэмжих, инновац, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийж, олон мянган залуусын хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэх гүүр нь, нэгэн том дэд бүтэц нь болжээ. Энэ хугацаанд гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх чиглэлээр төвөөрөө дамжуулан 57.167 хүнд үйлчилгээ үзүүлж, 2.457 цагийн гарааны бизнес, энтрепренершипын сургалт хийж, 9 дүүрэг 15 аймагт хүрч ажиллан, 373 арга хэмжээ зохион байгуулж, бизнес эхлүүлэх хүсэлтэй залууст нийт 2,541,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг татахад нь дэмжиж, шинээр 726 ажлын байр бий болгон ажиллаж салбартаа арвин туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсон байна.

Шинээр томилогдсон гүйцэтгэх захиралдаа ажлын өндөр амжилт хүсэж цаашид салбарын эв нэгдлээ хадгалан залгамж халаагаа үргэлжлүүлж, амжилтаа бататган зоригтой шинэчлэлтүүдийг хийж, шударга, ёс зүйтэй, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллаарай гэж хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top