“Старт ап” компаниудын амжилтын гол шалгуур нь зөв цагтаа эхлэх явдал байдаг. Нийт амжилттай яваа бизнесийн 42 хувь нь цаг үеэ олж үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тэгвэл дэлхий нийтээр “Ковид-19” цар тахалд нэрвэгдээд байгаа энэ үе нь “старт ап” компаниудын бизнесээ эхлүүлэх, тоглолт хийх хамгийн тохиромжтой үе гэвэл та итгэх үү.
Учир нь боломж хязгаарлагдмал байлаа ч үүссэн асуудлыг шийдвэрлэж чадсан бизнес амжилтад хүрдгийг түүх нэгэнт баталсан бөгөөд яг тийм цаг үе дэлхий нийтийн өмнө тулгараад байна. Тэгвэл “старт ап” компани гэж юуг хэлэх вэ. Ийм компанид анхлан бизнес эрхлэгчид бүгд ордоггүй аж. Харин ажлыг өнгөрсөнд биш ирээдүй цагт төлөвлөж хийдэг, шийдэл эрэлхийлэгчид бол “старт ап”-ууд юм.
“Старт ап” хэмээх нэршлийн түүх
1976 онд “Форбес” сэтгүүлд зах зээлд огцом хүч түрэн гарч ирсэн технологийн компаниудыг “старт ап” гэж нэрлэсэн ч 2000 оноос АНУ-ын Калифорни дахь Цахиурын хөндийд үүссэн технологид суурилсан компаниуд / Microsoft, Intel, Google, Yahoo, Apple, Facebook/ олноороо төрөн гарах үеэс “старт ап” гэх нэршил эрчимтэй хэрэглэгдэх болсон байдаг. Эдгээр компаниудын нь технологиор өрсөлдөн, интернетийн зах зээлд нэвтрэн үйлчлүүлэгчдэд бүтээгдэхүүнээ хүргэн олон тэрбум ам.долларын ашиг олох болсон нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж эхэлсэн юм.
Өнөөдөр АНУ-ын эдийн засгийнх нь нүүр царай болсон томоохон компаниудын 75 хувь нь байгуулагдаад ердөө тав хүрэхгүй жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Бүр дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж, хүлээн зөвшөөрөгдөөд байгаа төдийгүй дэлхийн шилдэг 500 компанийн таван хувийг “старт ап” компаниуд эзлэх болов. Энэ нь технологийн хүчээр богино хугацаанд их хэмжээний баялаг бүтээх боломжтойг илэрхийлнэ. Тийм ч учраас дэлхий дахин “старт ап” гэх ойлголтод шунан дурлаж байна.
“Старт ап”-ууд 1-5 жилд 5-10 дахин өсөлт үзүүлдэг
Swombat.Com сайтын үүсгэн байгуулагч Дэниел Теннэр “Старт ап” компани гэж ойрын хэдэн жилд /1-5/ үйл ажиллагаа нь 5-10 дахин өсөлт үзүүлэх амбиц болон төлөвлөгөөтэй бизнесийг хэлнэ” хэмээн тодорхойлжээ. “Старт ап” бизнес нь шинэ санаа, төсөлдөө технологийн давуу талыг ашигладгаараа жижиг бизнес эрхлэгчдээс ялгарна.
Ихэнх “старт ап” компани өмнө байсан зах зээлд тулгуурлан тогтсон тоглоомын дүрмийг өөрчлөн гарч ирсэн байдаг. Хэрэглэгч, өрсөлдөгч, бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг зах зээл дэх мэдээлэлд тулгуурлан хэрэглэгчдийн тоо, боломжит орлого, өсөлтийн хувь зэргийг тооцоолж шинэ соёл, нийгмийн бусад хүчин зүйлсэд тохируулан сайжруулсан бүтээгдэхүүнээр өрсөлдөж амжилтад хүрдэг.
Мэдээж дөнгөж мэндэлсэн “старт ап”-уудын хувьд зах зээлийг дахин сегментчилэх замаар зах зээлээ нарийвчлан сонгож, зөвхөн тухайн нарийвчилсан зах зээлд үйл ажиллагаа явуулах нь амжилтын үндэс болно. Хэрэв таны санаа, компанийн бүтээгдэхүүн чинь цоо шинэ бол хэрэглэгчээ өөрөө бүтээх шаардлагатай. Өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон компьютер, гар утас, автомашин нь анх нэг ч хэрэглэгчгүй байсныг санах хэрэгтэй.
“Старт ап” компанийн төрөл
“Старт ап” компанийн төрлийг Стэнфордын их сургуулийн багш, Цахиурын хөндийн академич Стив Бланк тодорхойлсон байна.
-Жижиг бизнесийн “старт ап”: Энэ ангилалд дэлгүүр, үсчин, цайны газар ажиллуулдаг энтрепренёруудыг хамруулна. Тэдний бизнесийн зорилго нь бизнесээ өргөжүүлэхээр загварчлагдаагүй ч гэр бүлээ тэжээхүйц мөнгө олдог.
-Өсөж дэвжих “старт ап”: Google, Skype, Facebook, Twitter зэрэг компаниуд бүгд энэ ангилалд багтана. Эдгээр “старт ап”-ын үүсгэн байгуулагчид нь дэлхийг өөрчлөх алсын хараатайгаар компаниа байгуулдаг.
-Нийгмийн “старт ап”: Нийгмийг өөрчилж, энэ дэлхийг амьрахад илүү таатай газар болгох зорилго тавин байгуулагдсан ашгийн бус “старт ап”-ууд энэ ангилалд багтана.
-Бусад компанид нэгдэх “старт ап”: Хэдийгээр өсөж, дэвжих зорилготой ч санхүүгийн болон бусад шалтгаанаар том компанид нэгддэг “старт ап”-ууд. Том компаниуд үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх зорилгоор салбарын жижиг бүтэцтэй ч том потенциалтай компаниудыг худалдан авдаг.
-Том компанийн “старт ап”: Үндэстэн дамнасан том корпорациуд өрсөлдөөнд тэсч үлдэх, үр ашгаа нэмэгдүүлэх зорилгоор шинэ бизнес моделийг хөгжүүлэхийг эрмэлздэг. Энэ шаардлагаар “старт ап” компанийн үйл ажиллагаа явуулна.
Эцэс нь хэлэхэд, Монголд
Монгол Улсад жилд гарааны бизнесийн 200-500 төсөл, шинэ санаа “мэндэлдэг” гэсэн тоо байна. Гарааны бизнес эрхлэгчдийн 40-өөс дээш хувийг 27-35 насныхан эзэлж байгаа бөгөөд анхны хөрөнгө оруулалт олдоггүй нь гол бэрхшээлд тооцогддог гэнэ.
Гэтэл хөрөнгө оруулалт нь “старт ап” компанийн шалгуурын хамгийн сүүлд эрэмбэлэгдэх үзүүлэлт гэдгийг санах хэрэгтэй. Судалгаагаар нийт амжилттай яваа бизнесийн 42 хувь нь цаг үеэ олж үйл ажиллагаа явуулсан байдаг бол 32 хувь нь сайн багт тулгуурлан хөгжсөн байдаг. Учир нь “старт ап” компаниудад санхүүжилт хэрхэн олох, хөрөнгө оруулалт босгох асуудал тийм ч чухалд тооцогддоггүйгээрээ онцлог. Энд дурдахад, Цахиурын хөндийн академич Стив Бланк “Старт ап” бол нэг санааг нэмэлт зардалгүйгээр хэдэн мянгаар ч хувилж болох технологийн шийдэл бүхий боломж” хэмээснийг санууштай. Өндөр технологийн хөгжилд 30 жилийн хөдөлмөрөө зарцуулсан академичийн тодорхойлолт юм шүү.
Гарааны бизнесийн экосистем
Гарааны бизнес хөгжих тусам авч үзэх асуудлууд нь илүү гүнзгий болсон бөгөөд үүний нэг нь экосистем юм. Мэдээж хэрэг экосистемийн дагуу яваагүй, цагаа олоогүй, бизнесээ судлаагүй бизнесүүд дампуурч байсан учраас санхүүгийн судалгааны хүрээлэн, их сургуулиудын судалгаатай уялдуулан экосистем гэх ойлголтыг бий болгожээ. Гарааны бизнесийн экосистемийг судалгааны төв, дэмжигч байгууллагууд, том компаниуд, их сургуулиуд, хөрөнгө оруулагчид, бизнесийн зөвлөх гэсэн зургаан ойлголтоор тодорхойлдог. Гарааны бизнесүүд санаагаа боловсруулаад, төлөвлөгөө гаргаад дараа нь хөрөнгө оруулалтаа хайна. Түүнчлэн бизнесийн судалгаа хийнэ. Түүнчлэн сегментээ тодорхойлно. Дараа нь бизнес хэдийнээ хийгээд үзсэн хүмүүстэй уулзана, багаа бүрдүүлнэ. Багаа бүрдүүлсний дараа хөрөнгө оруулагчидтай илүү нягт уулзах бөгөөд үүнд ментор, зөвлөгчид дэмжлэг үзүүлнэ.
“Fortune” сэтгүүлээс гарааны бизнесүүдийн 90 гаруй хувь нь дампуурдаг гэсэн судалгааг 2016 онд гаргаж байжээ. Дампуурсан гарааны бизнесүүдийн 42 хувь нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зөв тодорхойлж чадаагүй, 29 нь бэлэн мөнгөний нөөцгүй, 23 хувь нь багаа зөв бүрдүүлж чадаагүйгээс, 19 хувь нь өрсөлдөгч компаниа судлаагүй, 18 хувь нь бүтээгдэхүүнийхээ үнийг тогтоохдоо алдаа гаргасан гэх шалтгаанаар дампуурдаг байна.
Дээрх бүх зүйлсээ буруу тодорхойлсон гарааны бизнесийг ганхмал гарааны бизнес гэж тодорхойлдог. Хэрэв та “старт ап” компани байгуулахаар шийдсэн бол судалгаа болон хүмүүсийн зөвлөгөөг сайтар сонсох ёстой гэдгийг амжилтад хүрсэн бизнесменүүд зөвлөдөг.
Сэтгэгдэл ( 0 )