Р.Отгонлхам: Монгол хувцас СҮНСЛЭГ, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Загварлаг, өнгөлөг, чамин, тансаг байдлаар нь бидний сайн мэдэх “Ринчин Есүй” брэндийг үүсгэн байгуулагч, зөвлөх дизайнер Р.Отгонлхамыг “Зиндаа Подкаст”-ын зочноор урьж ярилцлаа.  




-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай подкастын зочны урилгыг хүлээн авч, бизнесийн тухай, Ринчин Есүй брэндийн гайхалтай түүхэн замналын талаар хуваалцахаар ирсэнд баярлалаа.

-Урьсанд баярлалаа. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

-Хэрэглэгчийн нүдээр харахад Ринчин Есүй брэнд бол монгол хэв маягтай, тансаг материалтай, гар урлал шингэсэн, орчин үеийн хувцсыг нэгтгэж өгсөн монгол хувцас байдаг. Бас европ хэв маягийн малгай, цамц зэрэг хувцас, ноолууран хувцас байна. Инстаграмаас танай хувцсыг хараад “Ваав” л гэмээр байдаг, аваад өмсчих юмсан гэсэн мэдрэмж төрдөг. Маш чамин, чанартай, VIP харагддаг. Үүсгэн байгуулагч танаас эхлэн танай брэндтэй танилцъя...

-Намайг Ринчингийн Отгонлхам гэдэг. Ринчин Есүй брэндийг үүсгэн байгуулагч. Ринчин Есүй брэнд маань дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх манай брэнд оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлээр эхэлсэн. Энэ оноос эхлээд сүлжмэл болон нэхмэл бүтээгдэхүүн буюу ноос ноолууран бүтээгдэхүүн рүү орж эхэлж байгаа.

-Таны мэргэжил юу вэ?

-Би олон улсын худалдааны менежерээр төгссөн. Дизайнер мэргэжилтэй хүн биш ч өөрийнхөө хүсэл сонирхлоор энэ ажлыг эхэлсэн. Анх эхлэхдээ айхтар том амбиц, алсын хараа, үнэт зүйл гэх мэт зүйл надад байхгүй байсан. Зүгээр л дуртай болохоороо хийсэн. Одоо бол үйл ажиллагаагаа мэргэжлийн түвшинд явуулах гэж зорьж байна. Алсын хараа, үнэт зүйл, зорилго, бүх зүйлээ тодорхойлсон.

-Ер нь бол яагаад энэ хувцасны брэндийг эхлүүлсэн юм бэ. Эхлэл цэг нь яг юу байв?

-Их сонин л доо. Энэ чиглэл рүү орохоосоо өмнө хувцсыг ер нь яаж хийдэг юм бол гэж яагаад ч юм боддог байсан. Бид гаднаас олон дамжлагатай ирсэн хувцас хэрэглэдэг шүү дээ. Би жаахан байхдаа, бага залуу насандаа хэзээ ч үндэсний брэндийн хувцас өмсөж байгаагүй. Их сургуулиа төгсөөд гаднын орнуудаар ганц нэг явж ирээд ер нь хувцсыг яаж хийдэг юм бол, бид нар яагаад ийм олон дамжлагатай хувцас өмсдөг юм бол гэж боддог байсан. Магадгүй энэ бодлоос анх үүссэн байж болно. Өөрөө бас Англиас бүтээгдэхүүн оруулж ирээд борлуулдаг дэлгүүр ажиллуулж байсан. Тухайн үедээ хамгийн гоё даашинз борлуулдаг дэлгүүрийн нэг байсан.

-Анхнаасаа л эмэгтэй хүн рүү чиглэж байсан байна шүү дээ...

-Ер нь оёмол бүтээгдэхүүн яаж үйлдвэрлэдэг юм бол гээд дандаа нааш цааш нь эргүүлж, эсгүүр энээ тэрээг нь хардаг байсан. Манай дэлгүүрт орж ирж байгаа хүмүүстээ авсан хувцас нь таарахгүй байсан ч гэсэн ямар нэгэн байдлаар засаад, янзлаад, өөр материал оруулаад ч юмуу засаж өгөөд борлуулалт хийдэг байсан. Бас оёдолчид дээр очоод энийг та ингэж болох уу, тэрийг тэгж болох уу гээд асуудаг байсан. Ер нь жижигхэн юмнаас эхэлсэн. Яагаад бид олон дамжлагатай хувцас хэрэглэх ёстой юм бэ, яагаад өөрсдөө хийж болдоггүй юм болоо гэсэн бодлоос эхэлсэн дээ. Тэгээд эсгүүрийн сургалтад суугаад, бага сага юм мэддэг болоод юм хийж эхэлсэн. Борлуулъя гэж нэг их бодоогүй. “Ийм юбка хийчихлээ ямар байна” гээд фээсбүүкээр найз нөхдөөсөө асуудаг байсан. Тэгэхээр “Хүүе ээ, ямар хөөрхөн юм бэ, надад хийгээд өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу анх хувцас хийдэг байсан. Дуртай болохоороо “Өө тэгье, тэгье” гээд хийдэг байлаа. Манай ээж их уран хүн. Гэхдээ би ер нь амьдралынхаа туршид товчоо ч хадаж үзээгүй байсан байна билээ.

Гэнэт дурлаад орчихсон энэ ажилдаа юм аяндаа бүтнэ гэдэг шиг аяндаа амжилттай болсон доо. Нэг өдөр фээсбүүкийн найз, танихгүй шахуу хүүхэд Ринчин Есүй фээсбүүк хаягаар маань холбогдоод “Би Ринчин Есүй гээд лого хийчихлээ, энийг та хэрэглэ хэрэглэ. Юман дээрээ логогоо тавьж байхгүй юу даа” гэсэн. Тэгээд харсан чинь их хөөрхөн лого байсан. Тэгээд лого хийлгэе гэж ерөөсөө бодоогүй байсан надад шууд таалагдаад баярлаж хүлээж авсан. Нэг зүйлийг нь жаахан засуулаад л тэр хүнээс логогоо үнэгүй авчихсан. Одоо бараг тэр хүнийгээ танихгүй шахуу. Тэрнээс хойш Ринчин Есүй гэдэг логогоо тамгалаад, жижигхэн юм хийсэн ч гэсэн дээр нь логогоо тавиад гаргаад байсан. Тэгээд л нэг мэдэхэд хүмүүс энд тэндээс ийм, тийм юм хийгээд өг гээд олон захиалгатай болж, би ганцаараа хийж чадахаа больсон. Бага хүүхдээ төрүүлчихээд нэг сартай байхаас нь ажилдаа орсон. Миний хувьд сэтгэл хөдлөл, зөн совингоороо юм хийдэг төрлийн хүн юм шиг байгаа юм. Анх брэндээ нээх гэж байсан газрынхаа урдуур машинтайгаа явж байгаад хараад л “Би энд нээнэ ээ” гэж бодоод өнгөрсөн. Дараа нь очиж уулзахад яг надад тохирсон сул талбай байж байсан. Тэгээд тийшээ ороод одоо дөрвөн жил болж байна. Дөрөв дэх жилээ гараад тав дахь жил рүүгээ явж байгаа юм байна.
 


-Өнөөдрийн байдлаар хэдэн салбартай, хэдэн ажилтантай болов. Хэдэн хүнийг ажлын байраар хангаад байна вэ?

-Манайх удаан эдлэгддэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог. Тийм болохоор яг масс-д зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй байсан. Миний хувьд том компани болоод олон салбартай болъё гэсэн зорилго байгаагүй. Гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэсэн цорын ганц бодол байсан. Тийм учраас Монголд байдаг массын оёдолчдыг аваад сургаад ажиллаж байна. Монголд байгаа мастер оёдолчид болохоор захиалга ихтэй, маш завгүй байдаг. Бид стандартын дагуу оёдлоо хийх гэж зориод явж байгаа. Манайх 10 хүрэхгүй хүнтэй хэвээрээ л байгаа. Анх хоёулаа, гурвуулаа гээд эхэлж байсан. Одоо бол менежер, худалдааны зөвлөх, дизайнер, оёдолчид гээд хүмүүстэй болсон. Тэд нар маань массын оёдолчдоос стандартын дагуу оёдог мастер оёдолчид болсон байна.

-Чанартай бөгөөд чамин гэж би танай брэндийг илэрхийлсэн. Ринчин Есүй брэндээс гарч байгаа хувцасны агуулгад юуг шингээдэг вэ. Хэрэглэгчид энэ зүйлийг мэдрээсэй гэж хүсдэг зүйл тань юу вэ?

-Анх гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэе , гоё л юм хийчихье гэж боддог байсан. Чиний асуусан асуултын хариултыг бол үйлчлүүлэгчдээсээ агуугаад олж авсан. Олон хүн надад “Тэр өдөр аягүй олон хүн чи ямар гоё юм өмсчихсөн юм бэ гэдэг үгийг хэлж байсан, тэр өдөр хамгийн гоё байсан” гэж хэлэхийг сонсож байсан. Тэгээд бид хувцаснаас гадна дурсамж, тухайн үеийн сайхан мэдрэмжийг борлуулдаг юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд түүнээсээ урам аваад “Хувцас бус тэр хүнд өмсөх бүртээ ямар нэгэн сайхан мэдрэмж авах, гоё дурсамжаа санах тийм гоё зүйлийг өгч байгаа шүү” гэж ажилчдадаа хэлдэг. Үүний төлөө л зорьж яваа. Ер нь нэг хоёр өмсөөд л цээжлэгдчихдэг хувцас хийхгүй байя гэж бодож байгаа. Хэрэглээ ихтэй, баяр ёслолоор ч өмсчихдөг, энгийн үед өмссөн ч айхтар ганган харагдахааргүй хэрнээ гоё мэдрэмж төрүүлэхээр хувцас үйлдвэрлэе гэж боддог болчихоод байгаа.

-Танаас мэдрэмжийн талаар үргэлжлүүлээд асуумаар байна л даа. Эрэгтэй хүмүүс хослол, зангиа ч юмуу эсгүүлж авдаг. Эмэгтэй хүнийг бид гоё чамин зүйлд дуртай гэж нийгмээрээ шүүмжилдэг. Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулдаг, нэг даашинз аваад түүнийгээ дахиж нэг их хэрэглэдэггүй гээд л шүүмжилдэг. Тэгвэл эмэгтэй хүн тэрхүү хувцсыг сонгодог мэдрэмж нь юун дээр тулгуурладаг вэ. Жишээлбэл, та хувцас авахдаа юуг нь харж авдаг вэ?

-Ер нь бол би хувцас цуглуулаад байдаг төрлийн хүн биш. Яг энэ хувцсыг тийм газар өмсөнө гэсэн бодлыг төрүүлж чадах, миний түрүүний хэлсэнчлэн мэдрэмж, дурсамжийг өгч чадах хувцсыг авдаг. Өөрөө хувцас хийдэг болоод ч тэрүү хувцас худалдаж авахаа болиод удаж байна. Гэхдээ яг надад үнэ цэнэтэй санагддаг бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг. Бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ ч гэсэн өөрөөсөө “Энэ хувцас үйлчлүүлэгчид маань яагаад хэрэгтэй юм, хэзээ өмсөх юм, туранхай харагдуулах уу, тарган харагдуулах уу, урт хөлтэй харагдуулах юмуу, богино хөлтэй харагдуулах юмуу” гээд олон асуултын хариуг гаргаж байж бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой байдаг. Тэр хүн үр ашиггүй борлуулалт битгий хийгээсэй гэдэг үүднээс боддог. Ганц хоёр өмсөөд уйдчихдаг хувцас биш байгаасай.
 


-Ринчин Есүйгийн гол бүтээгдэхүүнүүд нь дээл суурьтай гар урлал байдаг. Харахад маш гоё...Танай брэнд хэдэн жилийн үечлэлтэйгээр бүтээгдэхүүнүүд гаргадаг вэ, мөн бизнесээ өргөжүүлэхэд ямар зорилт тавьсан бэ?

-Ер нь бол бид жилд дөрвөн цуглуулга гаргадаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Цагаан сарын цуглуулга гаргаагүй. Оронд нь хавар, зуны цуглуулгыг гаргаж байгаа. Жилд дөрвөн цуглуулгаас гадна наадам ч юмуу онцгой баяраар тусгай цуглуулга гаргадаг. Манайх бүтээгдэхүүнээ цөөхөн тоотой үйлдвэрлэдэг. 1-3 л байдаг байсан бол сүүлийн үед 5 руу орсон. Яагаад гэвэл үйлчлүүлэгчид маань “Танайх хэтэрхий хүртээмжгүй байгаад байна, авах гэхээр дуусчихсан байна” гэдэг. Бид цор ганц бүтээгдэхүүнүүдийг маш олон үйлдвэрлэсэн байдаг. Сая хөл хорионы үеэр дуучин Укагийн Инстаграмыг харж байгаад өөрийнхөө брэндийн хувцсыг тоолтол Инстаграм дээр нь байгаа зургаар гэхэд 11 хувцас дахин давтагдашгүйгээр түүнд зориулж хийсэн байсан. Надад л гэхэд 20 гаруй зөвхөн өөртөө зориулсан хувцас байсан, хүрэм гэхэд л 10 гаруй байсан. Өөр өөр загвартай ч надаас өөр хэнд ч байхгүй, цор ганц.
 


-Цор ганц гэхээр хэрэглэгчдэд ч сайхан байдаг байх. Тухайн хувцсыг өөрөөс нь өөр хэн ч өмсөхгүй. Ринчин Есүй брэндийн хувьд брэндинг гэдэг зүйлийг маш сайн хийдэг гэж би хардаг. Олон жил нэр хүндээ, дүр төрхөө хадгалахад ямар бодлого баримталж явдаг вэ?

-Манайх брэндинг тал дээр одооноос л мэргэжлийн түвшинд орж эхэлж байна. Өмнө нь бүгдийг нь би мэдрэмжээрээ хийдэг байсан. Салбартаа ямар нэгэн брэндтэй өрсөлдөх зэргээр уулгамч хандаж ажлаа хийж байгаагүй. Дандаа тухайн үеийнхээ мэдрэмжээр ажиллаж байсан бол одоо бид салбартаа тэргүүлэгч нь байя, дэлхий рүү гарах боломж байна гэх зэргийг харсан. Цаашдаа бид оёмол байсан ч, ноос ноолууран байсан ч байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэе, удаан эдэлгээтэй байлгая гэж зорьж байгаа. Хоёр гуравхан удаа өмсөөд л муудчихдаг хувцас жишээ нь дэлхийн хаана очиж шингэх вэ. Чанартай хувцастай байх юм бол хэчнээн удаан өмссөн ч сэтгэл ханамж нь тэр хэвээрээ, дээрээс нь байгаль дэлхийд ээлтэй бүтээгдэхүүн худалдаж авч байх тал дээр анхаарч байгаа.

-Dior, Сhanel гээд загварын том орднууд 80 цаашлаад 100, 200 жил өөрийнхөө өнгө төрхийг хадгалж ирсэн байдаг. Ринчин Есүй өнөөдрийнхөө өнгө төрхийг цаашдаа олон жил өвлүүлэн үлдээх үү, үлдээх бол яг юун дээр залгамжилж үлдээх вэ?

-Үндэсний өв уламжлалыг уламжлуулан үргэлжлүүлэх үүргийг өөрийн эрхгүй өөртөө оноочихсон явж байгаа юм билээ. Тэгэхээр Ринчин Есүй үргэлжлэх ёстой гэж бодож байгаа. Дараагийнхаа үргэлжлүүлж авч явах хүнийг хүүхдүүдээсээ бэлдээд явж байгаа. Манай монгол үндэсний хувцас, хээ угалз бол гайхамшигтай зүйл юм билээ. Үнэхээр татагдахгүй байхын аргагүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхүйц гайхамшигтай хувцас. Яг өөрийн хувцсан дээрээ ярих юм бол нэг хөөрхөн солонгос охинд, япон охинд, герман охинд хувцсаа өмсүүлэхэд зохиж байна. Франц охинд бүх хувцсаа өмсүүллээ бас л хөөрхөн харагдуулдаг юм билээ. Манай монгол дээл нь эрэгтэй, эмэгтэй хүний онцлогийг маш гоё илэрхийлж харагдуулдаг хувцас юм билээ. Миний бодлоор дэлхийн бүх эмэгтэй хүмүүсийн шкафанд нэг дээл байгаасай гэж боддог. Тийм байх ч боломжтой. Тайландад болсон арга хэмжээнд оролцож байхад Жимми Чо надад “Танай үндэсний хувцас ямар гоё эмэгтэйлэг, нууцлаг хэрнээ сэтгэл татахуйц гоё хувцас вэ” гэж хэлж байсан. Яг тэр үед би манай монгол хувцас бол сүнслэг, өөрийн гэсэн дотоод ертөнцтэй хувцас юм байна гэж мэдэрч байсан. Мэдээж Сhanel, Dior бол гайхамшигтай брэндүүд. Эдгээрийг өмссөн хүмүүс хаа сайгүй явж байдаг. Хүмүүс тэднийг Сhanel, Dior өмсчихсөн хүмүүс байна л гэж хардаг. Намайг Ринчин Есүйгийнхээ дээлийг өмсөөд явж байхад хүмүүс хараад байдаг. Гадагшаа явахаараа дандаа дээлээ өмсөөд явдаг. Метрон дотор хүмүүс над руу харна. Яалтачгүй юу ч өмссөн тоохоо больчихсон загварлаг ертөнцөд хүртэл дээл хүний анхаарлыг татдаг юм билээ.

-Энэ бол онцог байна лдаа. Анхны бүтээлээ гаргаж байхдаа тэгнэ, ингэнэ гэсэн амбиц байхгүй байсан гэж та хэлсэн. Одоо таван жил боллоо. Алсын хараа гэдэг зүйл бий болсон байх...

-Энэ гоё хувцсыг, энэ гоё өв уламжлалыг монголчууд үүсгэсэн юм байна шүү гэдгийг дэлхийд уриалах цаг нь болсон. Биднийг хөдөлж ядаж байх хойгуур өв уламжлалыг маань гаднын ямар нэгэн брэндүүд аваад хийж магадгүй гэж би хааяа айдаг. Тэрнээс өмнө бид хийх ёстой. Монголоос гаралтай дээл гэж ийм хувцас байдгийг мэдэж авч, дээл гэж бүх хүн дууддаг, мэддэг байгаасай, үүний эхлэлийг тавих юмсан гэж бодож байгаа.

-Хувцас үйлдвэрлэлийн салбарын хамгийн том бэрхшээл нь юу байдаг бэ?
 


-Хүний нөөцийн асуудал хэцүү байдаг. Үүнийг шийдэх хэрэгтэй. Манайх одоо Ринчин Есүйгийн дэргэдэх оёмол бүтээгдэхүүний сургалтын төв нээх гэж байгаа. Цөөхөн хүнтэй, чанартай оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтыг явуулж эхэлнэ гэж бодож байгаа. Манай улсад оёдолчид орцонд оёдлын газар нээгээд суугаад ажиллаад байдаг. Гэхдээ би үүнийг буруу гэж боддог. Бид нэгдэх ёстой. Нэгдэж байж бид дэлхийд гарна. Монголын эдийн засаг ч сайжирна. Нэг өмдний шуумаг хасаад талхны мөнгө олоод байх нь биш, бид сайхан амьдрах хэрэгтэй. Энэ салбарын бараг 90 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ганц бие ээжүүд, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гээд энэ салбарт олон асуудалтай хүмүүс байдаг. Энэ салбарыг төр засаг дэмжих хэрэгтэй байгаа.

-Монголд хувцас үйлдвэрлэлийн салбарын хамгийн том давуу тал нь юу вэ?

-Олон брэнд үүсгэн байгуулагдаад байгаа. Энэ нь сайшаалтай байх гэж би боддог. Өрсөлдөөн нэмэгдэнэ, тэндээс чанартай бүтээгдэхүүн гарна. Хэрэглэгчид маань чанартай бүтээгдэхүүн хэрэглэх боломж нэмэгдэж байгаа гэсэн үг. Үүнийг давуу тал гэж хэлж болох юм даа.

-Өрсөлдөгч нар олон болж байна. Жишээлбэл, жирийн оюутан охин хүртэл өөрийн брэндийг нээх хүсэлтэй байна. Тэгэхээр анхлан эхэлж байгаа, таны таван жилийн өмнөх шиг эхэлж байгаа тэр хүнд зөвлөгөө өгвөл?

-Оёдлынхоо машиныг маш сайхан цэвэрлэх, цэмцгэр байх, хогоо шүүрдэж сурахаас эхлэх хэрэгтэй. Оёдлын байгууллагад хаягдал их гардаг. Жишээ нь, оёдлын машиных нь хажуугаар, доогуур утас хөглөрөөд л байвал хэзээ ч гоё дизайнер болж чадахгүй. Хоёрдугаарт, хүн хариуцлага гэдэг зүйлийг ойлгож эхэлсэн цагаас тэр хүний амьдрал сайжирч эхэлдэг гэж би боддог. Хүүхдүүд их хариуцлагагүй байна. Тиймээс чи том брэнд үүсгэх гэж байгаа бол эхлээд эмх цэгцтэй байж сур, бусдын өмнө хариуцлага хүлээж сур гэмээр байна. Үүнээс л эхэлнэ.

-Бизнесийн салбарт танд тулгамддаг асуудал юу байдаг вэ. Хүмүүс эмэгтэй хүн гэдэг талаас нь харах, эрэгтэй хүнийг хараад огт өөр хандах зэрэг асуудал байдаг...

-Би энэ тал дээр их бүдүүн баргийн хүн байж магадгүй. Би их өөдрөг хүн л дээ. Басамжлуулсан үе ганц нэг байсан. Чадахгүй ч гэж бодох үе байлаа. Гэхдээ би тэр хүмүүст их баярладаг. Басамжилсан хүмүүс л магадгүй намайг амжилт руу түлхдэг байх. Хүн болгон л магтаад, хүн болгон л гоё гээд байх юм бол худлаа болчихно. Тийм юм нь болохгүй байна гэж бодож байгаа болон эмэгтэй хүн гэдэг талаас нь харж байгаа хүмүүст чадна гэдгээ хэлдэг, эсвэл эсрэгээр нь энэ хүмүүс юм хэлээд байгаа юм чинь надад нэг асуудал байгаа юм болов уу, би алийг чадахгүй байна вэ, үүн дээрээ би ажиллах ёстой юм байна гэх зэргээр боддог.

-Хоёулаа мэдрэмж болон сонголтын талаар их ярилаа. Төгсгөлд нь хувь хүнийхээ үүднээс мэдрэмж болон сонголтын талаар уншигчдад маань яриач...
 


-Хүн амьдралдаа юу ч хийсэн байсан бүгдийг сэтгэлээсээ, өөрийнхөө мэдрэмж дээр тулгуурлаж хийвэл тэр хүн хамгийн аз жаргалтай гэж боддог. Тийм хүнийг би алдсан ч байлаа, оносон ч байлаа амьдарсан шиг амьдарч байна даа гэж боддог. Зүрхээсээ дүүрч амьдрах гоё. Эргээд харахад, би чинь тэгсэн шүү дээ, би чинь сэтгэлээсээ л байсан гээд бодох гоё. Ийм байвал их аз жаргалтай байдаг юм болов уу гэж боддог. Мэдрэмжээ дагаад сонголтоо хийж байвал гоё байх.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тайван хүн(103.57.94.109) 2021 оны 03 сарын 23

Амжилт хүсье Өөрийн гэсэн дотоод ертөнцтэй юм байна гэж бодогдлоо

2  |  0
Зочин(202.126.89.246) 2021 оны 03 сарын 23

Хонхны баярт зориулж плаж хийлгэж бсан\nМатериал сайтай гоё болсон .өөр үёд ч ххаяа өмсдөг\nАижилт хүсье

2  |  0
ikar(202.55.188.84) 2023 оны 12 сарын 31

хөөрхий өөртөө болоод бдаг бх да тэр болоо л доо түүнээс технологи гэж юи юу ч алга дээр нь fashion мэдрэмж нь стилить тал руугаа бна нэг их удаан насгүй ч юм уу 10, 15 жилээр ноёлж бгаа брэндүүд шигээ болж чдхгүй

3  |  2
Top