Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Уранбатын "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарах зарим асуудал" илтгэлийг хүргэе.
Товч агуулга: “Гэр бүл”-үүдийн нэгдэл нь сум, аймаг, нийслэл, цаашлаад Монгол улсыг минь бүрдүүлж байгаа билээ. Гэр бүлд хүчирхийлэл, айдас, дарамт байхгүй бол тухайн гэр бүлд амьдарч буй хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжийн бэрхшээлтэй иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхгүй байх боломжтой юм.
Түлхүүр үгс: Гэр бүл, Гэр бүлийн хүчирхийлэл, урьдчилан сэргийлэх, хамгаалах байр, хөшүүрэг.
Хүний ертөнцийн 2 дахь мянганаас 3 дахь мянган жилдээ шилжиж буй түүхэн энэ цаг хугацаанд та бид амьдарч байгаа билээ. XXI зууны хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгөөс эргэн харвал Монголчууд бидний шийдэгдээгүй асуудал болгоны цаана гэр бүл, гэр бүлийн хүчирхийлэл, түүнтэй тэмцэх асуудал хөндөгдөж байжээ. Гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үнэ цэнэ ирээдүйн Монголын иргэдийн ёс суртахууны өлгий нь болж байх учиртай.
Эртний сэтгэгч нэгэнтээ төр улсын анхны нэгж бол гэр бүл юм гэж хэлсэн байна. Гэр бүлээс хамааралгүй хүн амын бүлэг, өрхийн гишүүн, иргэн гэж байхгүй. Тэд бүгд нийгмийн анхдагч орчин болох гэр бүлд төрж амьдарч, суралцаж, нийгмийн харилцаанд оролцож улс орныхоо үнэ цэнэтэй иргэн болдог. Монгол төрийн бодлого гэр бүлд л бодит биелэлээ олж үндэс сууриа бэхжүүлдэг. Монголын орхигдсон уламжлал гэр бүлд хадгалагдаж, өнөөгийн бүтээлч үйлсийн эзэд гэр бүлд амьдарч, ирээдүй маргааш мөн л гэр бүлд үндэс сууриа тавьж байна.
“Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд анхаарах зарим асуудал” илтгэлдээ өдөр бүр, цаг минут тутамд ямар нэгэн хэлбэрээр илэрч, бас далд байгаа хөндүүр сэдвийн талаар бичихээр шийдлээ.
Бидний амьдарч буй өнөөгийн нийгэмд өглөө ирээд ажил дээр, орой хариад гэрт телевизээр гарч буй мэдээний бараг 70 хувь нь бидний “хар” гэж нэрлэгддэг хэцүүхэн сэдвүүдийг хөндөн нэвтрүүлдэг... ...4 настай хүүгээ аав нь заазуурджээ... ...Хардалтаас болж эхнэрийнхээ амийг хэрцгийгээр хөнөөжээ... ...13 настай охин хойд эцэгтээ удаа дараа хүчиндүүлжээ... гээд сэтгэл эмзэглэмээр олон мэдээ баримтууд бараг өдөр бүр чих дэлсдэг.
Манай оронд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2016 онд шинэчлэн найруулж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж 4 жил гаруй хугацааг үдэж байна. Бие даасан хуультай байгаа нь сайн хэдий ч энэ хуульд гэр бүлийн хүчирхийллээс хохирогчийг хэрхэн хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийг хэрхэн шийтгэх, засаж хүмүүжүүлэх зэрэг үйл ажиллагааны чанартай чухал заалтуудыг тусгасан боловч хэрэгжилт төдийлөн хангалттай биш байгаа нь нууц биш.
Хүний эрхийг эрхэмлэн дээдэлдэг, хөгжлөөрөө биднээс 100 жилээр түрүүлж яваа гэгддэг Америкын Нэгдсэн Улсад гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцсэн бэ?, тэмцлийн арга хэлбэр нь юу байсан юм бол? хэрхэн яаж энэ байдлаас гарсан бэ? хэн тусалсан бэ? гээд олон асуултыг би өөрөөсөө асууж, ном сэтгүүл эргүүлж сууна.
АНУ-ын Калифорн мужид “Итгэл найдвар төрүүлэх фонд” нэртэй Олон улсын байгуулага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Уг байгуулагын зүгээс 1970 оны дунд үеэс гэр бүлийн хүчирхийллийг судалж эхэлсэн. Америкт 15 секунд тутамд эмэгтэйчүүд зодуулж, 4 эмэгтэйн нэг нь амьдралынхаа туршид гэр бүлийн хүчирхийллийг амссан байдаг хэдий ч гэр бүлийн асуудлаа шийдэхийн тулд сэтгэл судлаачид хандан зөвлөгөө авах нь элбэг байдаг байна. АНУ-д нилээн хожуу буюу 1990 оны дундуур гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдан гарчээ. Энэ улсын хүчирхийллийн хуулийг манай улсын хуультай харьцуулбал нилээд хатуу хууль болов уу гэж санагдана. Учир нь гэр бүлийн хүчирхийлэл гарсан бараг бүх тохиолдолд буруутан нь 24 цагийн дараа шүүхээр шийтгүүлдэг. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл болсон нь тогтоогдох юм бол буруутай этгээд нь 6 сарын хорих ял авах ба суллагдсаны дараа жилийн турш гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургалтад заавал хамрагдах ёстой болдог байна.
Ер нь гэр бүлийн хүчирхийлэл гээд ярихаар гэр бүлийн салалт, шалтгаан гээд олон асуудлыг ярих хэрэгтэй болдог ба энэ удаагийн илтгэлдээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх”-д хувь нэмэр болох болов уу? гэсэн өөрийн санаа бодлоо хуваалцахаар “гэр бүл”-ийн “хүчирхийлэл” нэр томъёо, гэр бүлийн хүчирхийллийн талаархи ойлголт, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, дүгнэлтийг дэвшүүлсэн болно.
“ГЭР БҮЛ”-ИЙН “ХҮЧИРХИЙЛЭЛ” НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
Хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг үгний утгыг тайлбарлая. “Гэр бүл” гэдгийг гэрийн дотрох хүмүүс, “хүчирхийлэл” гэдгийг хүчирхэх, хүчирхийлэн дарлах гэж тус тус тодорхойлжээ.
Монгол ухаанаар бол гэр бүл гэдэг нь үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг бүхий эцэг, эх, үр хүүхэд, хамаатан садны харилцаа холбоо бүхий тогтолцоо байдаг. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт "Гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "Гэр бүлийн хүчирхийлэл" гэж гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм. Мөн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа юм. Гэр бүл дэх хүчирхийлэл нь нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл болохынхоо хувьд нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгагддаг.
Гэр бүлийн болон ойр дотны харилцаатай этгээд буюу этгээдүүд бэлгийн харилцааны шинж бүхий үндэслэлээр үйлдсэн, бие махбод, сэтгэлзүйн болоод бэлгийн харилцааны шинжтэй, хэл амаар доромжлох, айлган заналхийлэхээс эхлээд бие махбодид хүнд гэмтэл учруулах, хулгайлах, бэртээж гэмтээхээр заналхийлэх, айлган сүрдүүлэх, албадах, мөрдөж мөшгөх, орон байранд хүчээр буюу хууль бусаар нэвтрэн орох, шатаах, өмч хөрөнгөө устгах, хүчээр гэр бүл болох, сүйт бүсгүйн инж сүй буюу төлөөстэй холбоотой хүчирхийлэл, бэлэг эрхтэнг бэртээж гэмтээхтэй холбоотой хүчирхийлэл, гэрийн үйлчлэгчийг хүчирхийлэх хүртэл, хүчирхийллийн шинжтэй бүх үйлдэл, мөн тийм үйлдэл хийх оролдлогыг "гэр бүл дэх хүчирхийлэл" гэж үзэх ёстой гэж доктор Б.Оюун-Эрдэнэ тодорхойлсон байдаг.
Хүчирхийлэл хаана гардаг вэ? Гэр бүлийн орчин, хорих, түр саатуулах төв, боловсрол олгох бүх л орчин, ажлын байр, хамт олны хүрээ. Гэр бүлийн хүчирхийлэл нь дөрвөн хэлбэрээр үйлдэгддэг байна.
1. Гэр бүл дэх эдийн засгийн хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнээ орон байр, хоол хүнс, хувцас хунар бусад эд хөрөнгө, хэрэгслүүдээс санаатайгаар салгах, өөрийн амьжиргааны эх үүсвэрт хяналт тавих, түүнээс хүртэх байдлыг хязгаарлах, товчхондоо амьдралын наад захын хэрэглээг нь хясан боогдуулах замаар илэрдэг.
2. Гэр бүл дэх бие махбодийн хүчирхийлэл: Гэр бүлийн нэгэн гишүүн, нөгөө гишүүнээ зодох, хохирогчийг үхэлд хүргэж болох буюу үхэлд хүргэсэн, бие махбодийн гэмтэл санаатай учруулсан, бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг нь хохироосон, нэр төр, алдар хүндийг нь гутаасан, өөрийн биеийн хүч, чадал, аливаа зэвсгийг ашиглан гэр бүлийн хэн нэгэн гишүүний бие махбодид гэмтэл учруулах, гэмтээхийг хэлнэ. Үүнд ганц зодох биш түлхэх, чимхэх, няслах, маажих гэх мэтээр бие махбодид нь өвдөлт, зовиур, шаналгаа үүсгэж буй бүх үйлдлийг ойлгоно.
3. Гэр бүл дэх сэтгэл санааны хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүний үйлдэлтэй холбогдон гэр бүлийн нөгөө гишүүний сэтгэл зүйд нөлөөлсөн үгээр гутаан доромжлох, заналхийлэх, мөрдөн мөшгих, айлган сүрдүүлэх замаар өөртөө итгэх итгэлгүй болгох, өөрийгөө хамгаалах чадваргүй болгох, эмэгтэйг тусгаарлах, доромжлох, ичээх, сэтгэл зүйн эрүүл мэндэд нь хохирол учруулж болох буюу учруулсныг гэр бүл дэх сэтгэл санааны хүчирхийлэл гэнэ. Зарим эрдэмтэд сэтгэл зүйн хүчирхийлэл гэж нэрлэх нь ч бий. Бие махбодийн дарангуйллаас гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй бүх эмэгтэйчүүд сэтгэл санааны хохирол хүлээсэн байдаг. Эхнэр болон найз бүсгүй, охиноо алахаар буюу хүнд гэмтэл учруулахаар заналхийлэх, хэрцгий харьцсаны улмаас эхнэрийгээ амь насаа хорлоход хүргэсэн гэмт хэрэг ч улсын хэмжээнд үйлдэгдсээр байна. Гэр бүлийн хүчирхийлэл, байнгын дарамтад байх явдал эцэстээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлж байна.
4. Гэр бүл дэх бэлгийн хүчирхийлэл: Гэр бүлийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ бэлгийн халдашгүй байдалд хууль бусаар халдах, түүнчлэн гэр бүл дэх насанд хүрээгүй гишүүний эсрэг бэлгийн шинжтэй эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа хүчирхийллийн олон хэлбэрийг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хамтрагчийн хүчирхийлэл хэмээн нэрлэж тогтсон байна. Бэлгийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийн амьдралын бүх үе шатанд тохиолдож, гэр бүлийн хосууд, ойр дотны хүмүүс, төрөл төрөгсөд, танил найз нөхдийн хооронд, танихгүй хүмүүсийн зүгээс зэрэг маш өргөн харилцааны хүрээнд үйлдэгдэж байна.
Бэлгийн хүчирхийлэл гэдэг нь бэлгийн харилцаанд албадах, эмэгтэйн зөвшөөрөлгүй, саналыг нь үл харгалзан бэлгийн харилцаанд оруулах, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй эсхүл өөрийгөө хамгаалах чадваргүй гэр бүлийн гишүүнийг албадан бэлгийн харьцаанд оруулахыг завдсан, бэлгийн харьцаанд орсон, ингэхдээ дарамт учруулсан, согтууруулах ундаа, бусад мансууруулах бодисын нөлөөгөөр дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгоно. Бэлгийн хүчирхийллийн хохирогч нь хэн ч байж болох ч ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, охид өртдөг. Энэ нь эмэгтэй хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, дорд үздэг нийгмийн хандлагаас үүдэлтэй үйлдэгддэг эрх мэдлийн гэмт хэрэг, хувь хүний аюулгүй, халдашгүй чөлөөт байдлын эсрэг үйлдэл юм.
Хүчиндэх гэдэг нь хүний бие махбодын гагцхүү "бэлгийн" эсрэг дайралт биш үнэн хэрэгтээ хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэндийн бүрэн бүтэн байдал, өөртөө итгэх итгэл, нэр төр, сэтгэл санаа, бие махбодын эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг юм. Энэ төрлийн үйлдэл нь төгс үйлдсэн байхыг шаардахгүй бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн л бол шууд гэмт хэрэг гэж үздэгээрээ бусад төрлийн хүчирхийллээс онцлогтой.
Хүчингийн хэрэг ихэвчлэн итгэл эвдэх, хуурах, эрх мэдэл болон эдийн засгийн хувьд эрхшээлдээ оруулах аргаар үйлдэгддэгийг үл харгалзан зөвхөн хүч хэрэглэх, эсхүл хэрэглэхээр заналхийлэх үйлдлийг хүчинд тооцдог. Насанд хүрээгүй охид хойд эцэгтэй, хамаатан садандаа хүчиндүүлж бие махбодь, сэтгэл санаагаараа хохирох явдал амь бөхтэйгээр оршсоор байна.
Улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2017 онд 757, 2018 онд 590, 2019 онд 494, 2020 онд 575, 2021 оны эхний 2 сард 140 бүртгэгдэж, сүүлийн 5 жилийн байдлаар дүгнэлт хийхэд 23-50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн өсөлт нь эерэг үзэгдэл бөгөөд нэг талдаа иргэдийн аливаа хүчирхийллийн талаар хууль, хяналтын байгууллагад мэдээллэх үүрэг нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж болно. Нөгөө талаар иргэдийн эрх зүйн ухамсар, хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагаас зохион байгуулж буй соён гэгээрүүлэх, ухуулга нөлөөллийн аян, арга хэмжээний үр дүн тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм.
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн суурь шалтгаан нь архидалт, ядуурал, ажилгүйдэл биш юм. Харин энэ нь хүчирхийллийн нөлөөлөх хүчин зүйл, хүчирхийллийн суурь шалтгаан нь гэр бүлийн гишүүдийн эрх мэдлийн тэнцвэргүй харилцаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 90 орчим хувийг хөнгөн, 10 орчим хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж, 67,7 хувь нь нийслэл хотод, 33,3 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 50,6 хувь нь согтуугаар, 7,5 хувь нь эмэгтэй хүн оролцож үйлдэгдсэн байна.
Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгдсэн гариг, цаг, газараар нь авч үзвэл: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн 90,4 хувь нь эмэгтэй хүн байх ба насны байдлаар авч үзвэл 23.8 хувь нь 25-29 насны, 21.2 хувь нь 30-34 насны, 16.9 хувь нь 35-39 насны иргэд байна. Улсын хэмжээнд 2021 оны эхний 2 сард гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль зөрчиж, зөрчил гаргасан 34 хүнийг 4 сая 735 мянган төгрөгөөр торгох, 1078 хүнийг шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ бааранд цагаа өнгөрөөдөг хүмүүсийн дунд эсвэл ядуу хүмүүсийн дунд тохиолддог гэж зарим хүмүүс андуурдаг, судалгаанаас үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас ихэнхдээ хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр орон сууцанд, согтуугаар үйлдэгдэж, хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 25-34 насны, бүрэн дунд боловсролтой, эрэгтэйчүүд байна. Харин хохирогчид нь 25-39 насны, эмэгтэйчүүд жилд 1-2 удаа, бие махбодийн хүчирхийлэл амсдаг болох нь судалгаанаас харагдаж байна. Гэр бүлийн аль нэг гишүүний зүгээс хяналт ба давамгайллын хүчирхийллийн тойргийг үүсгэсэн байдаг. Ихэнх хохирогч нар өөрсдийгөө хамгаалахын тулд хариу үйлдэл хийдэг. Мөн хүчирхийллийг зогсоож магад хэмээн өөрсдийн зан үйлийг өөрчилдөг ч энэ нь төдийлөн үр дүнд хүрдэггүй. Эцэстээ хууль хяналтын байгууллагад хандах үедээ өөрөө өөрийгөө буруутгах ба ичсэнээсээ болж хүчирхийллийг багасгаж ярьдаг нь үнэн зүйл юм.
Харин нийгэмд ихэнх хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүнд бурууг тохдог. Тэд хүчирхийлэгч яагаад зан үйлээ үргэлжлүүлж буй талаар, эсвэл олон нийт үүнийг нь яагаад хүлээн зөвшөөрч буй талаар дүн шинжилгээ хийхгүй, ихэнхдээ хохирогчоос хүчирхийллийг зогсоож, амьдралаа аврах ёстой гэж эмэгтэйчүүдийг шүүмжилдэг. Гэтэл хүчирхийлэгчид өөрсдийн зан үйлийн хариуцлагыг өөрөөсөө бусад зүйл рүү тохохыг оролддогын нэг жишээ нь архидалт, ажилгүйдэл, ядууралтай холбон тайлбарлаж болох юм. Иймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд бид юуг хийж болох зарим арга замыг дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд:
1. Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчигчдөд оногдуулах шийтгэлийн бодлогыг чангатгах, хүчирхийлэгчийг баривчлах болон бусад ял шийтгэлийг хүлээлгэсний дараа 3-6 сарын хугацаанд “хандлага, сэтгэхүйг өөрчлөх” сургалтанд заавал хамруулдаг байх зохицуулалтыг бий болгох зайлшгүй хэрэгтэй байна. Энэхүү сургалтыг төв, орон нутгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийг түшиглэн явуулдаг болгох. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн иргэн бүрт 1000 төгрөгний гар утасны нэгж өгснөөр ирц өндөр хувьтай байжээ. Үүнтэй адилаар хүчирхийлэл үйлдэгчдэд өгөх сургалт нь хэм хэмжээ тогтоосон ямар нэгэн “хөшүүрэг”-тэй байх ёстой. Тухайлбал: Оногдуулсан ялаа эдэлж дуусаад 3 сарын хугацаанд заавал сургалтанд хамрагдана. Сургалтыг зохион байгуулж буй байгууллагын /тухайн иргэний сургалтын ирц, үр дүнгийн талаархи/ саналыг үндэслэн шүүх дараагийн шийдвэрийг /ялгүйд тооцох, ялаас чөлөөлөх зэрэг/ гаргадаг байх.
2. Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зөрчлийн тухай хуулийг нэг мөр ойлгож, хэрэглэх, ажлын байрны практик сургалтыг тогтмол зохион байгуулах. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил, хүчирхийллийн хэлбэр бүрийг зөрчилд тооцож, хариуцлага оногдуулж хэвших практик дутмаг байна. Тухайлбал Шүүхийн тухай шинэ хуулиар шүүгч нар прокурор, цагдаатай нэг ширээний ард сургалтад суух боломжгүй болсон гэж хамтран сургалт зохион байгуулахаа больсон. Энэ нь нэг үйлдлийг өөр өөрөөр тайлбарлах үндэс суурь болчихоод байна. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 100-130 дуудлага, мэдээлэл бүртгэгддэг. Дуудлага бүрийн ард тухай иргэний гэр бүлийн гишүүдэд айдас, гутрал.... гээд их бага хэмжээгээр хүчирхийлэл үйлдэгддэг. Зарим дүүрэгт гэр бүлийн хамаарал бүхий гишүүдийн дунд үйлдэгдсэн сэтгэл санааны хүчирхийллийг тогтоож, хариуцлага хүлээлгэж байхад нөгөө дүүрэгт энэ үйлдлийг зөрчилд тооцохгүй, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн этгээд ял завшиж, хүчирхийллээ даамжруулж, дахин давтан үйлдсээр байна.
3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүрэг бүхий “Хамтарсан баг”-ийн гишүүдийг үндсэн ажлаа хийх боломж нөхцөлөөр хангаж өгөх, Тухайлбал нийслэлд долоо хоног бүрийн Лхагва гаригийг Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр “Хамтарсан багийн өдөр” болгох шийдвэр гаргах хэрэгтэй байна. Тус тусдаа төрийн байгууллагад харъяалагдаж буй хамтарсан багийн гишүүд нэг сард 4, нэг жилд 53 удаа уулзаж, хариуцсан баг, хороодын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй хүчирхийллийн шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Хамтарсан багийн гишүүд биелүүлбэл зохих үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгох. 3. Хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх. Зарим тохиолдолд гэр бүлийн хүчирхийллийг хөндлөнгийн хэн нэгэн мэдээлж байж энэ гэмт хэрэг илэрдэг онцлог бий. Судалгаагаар хүчирхийлэлд өртсөн таван эмэгтэй тутмын нэг нь цагдаагийн байгууллагад ханддаг, үлдсэн дөрөв нь хүчирхийлэлтэй харилцаагаа тэвчээд үлдэж байна, магадгүй өөрийнхөө амь насыг алдах зэргээр харилцаа төгсөж байна гэсэн судалгааны үр дүнг танилцуулсан. Цагдаагийн байгууллагын гол зорилт бол хүчирхийлэлтэй харилцааг мэдээллэхгүй үлдсэн дөрвөн эмэгтэйг илрүүлэх. Тийм учраас иргэдийг хүчирхийллийн талаар мэдээлээрэй, харсан, мэдсэн бол битгий дуугүй өнгөрөөрэй, цагдаагийн байгууллагын 102, 107, 108 дугаарын утсанд хандаж мэдээллэх үүргээ биелүүлэхийг уриалах, нөлөөллийн контентийг үе шат, давтамжтайгаар чихэнд хоногштол зохион байгуулах.
4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаанд албадлагын шинжтэй, эрх хязгаарлах, гэр бүл цуцлах, захиргааны шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ авахаас илүүтэйгээр хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг засах, арга хэмжээг түлхүү явуулвал үр дүнд хүрэх боломжтой байж болох юм. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн нас, хүйс, ажил мэргэжил, боловсрол, өссөн орчин, найз нөхөд, гэрлэлтийн түүх, хувь хүний хүмүүжил, зан төрх, ахуй амьдрал, үйлддэг хүчирхийллийн хэлбэр, зэргийг харгалзан үзэж сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын эмчилгээ хийх зэрэг арга хэмжээг түлхүү зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхан шатны нэгж болох хамтарсан багийн бүрэлдэхүүнд сэтгэл зүйчийг нэмж оруулан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
5. Нийслэл, дүүрэг, хороодын ахмадын холбоо, эмэгтэйчүүд, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэх мэт дэд бүлгүүдийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд татан оролцуулж, тэдний үйл ажиллагааг хамтарсан багын хэлбэрээр зохион байгуулах, хүчирхийлэлтэй холбоотой мэдээллийг хүргэх, солилцох, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх, сургалт, сурталчилгааны ажилд хэвлэл мэдээллийн хэрэгслийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх.
6. Хүчирхийлэлтэй харилцааг дуусгахын тулд тухайн хүн өөрөө миний үйлдэл буруу юм байна гэдгийг ойлгож, хүчирхийллийн зан үйлээсээ бүрэн татгалзаж байж энэ гэмт хэрэг, зөрчил арилдаг онцлогтой. Тиймээс хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын чанар, үр дүнг сайжруулах шаардлагатай. Одоогийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хийхэд хүчирхийлэл үйлдэгч хүчирхийлэлтэй харилцаанаас татгалзах уу гэвэл үгүй. Энэ бол 7 хоногийн хугацаанд баривчлах байранд сонсож байгаа зүйлээр сэдэлжүүлж байна гэсэн үг. Таны хийж байгаа үйлдэл буруу, та дахиад үйлдвэл хоёр жил хүртэлх ялтай, эрүүгийн хэрэгт тооцогдоно, та энэ зан үйлээс татгалзаж, уураа барих хэрэгтэй” гэсэн сануулгуудыг өгдөг. Баричвлах шийтгэлээ эдэлж дуусаад цаашдаа сайн дурын сургалтуудад хамрагдах хэрэгтэй.
Хүний зан үйл 7 хоногийн дотор өөрчлөгдөх боломж тун бага, архины хамааралтай бол эхлээд архи согууруулах ундааны хэрэглээнээсээ татгалзах сэтгэлийн хаттай болж байж дараа нь хүчирхийллийн үйлдлээсээ татгалзах асуудал. Энэ хоёр хосолж байж сайн үр дүнд хүрнэ.
Сэтгэгдэл ( 2 )
Нэг талыг барьсан хорлон сүйтгэгч хууль, замбараагүй завхай эхнэр эмэгтэйчүүдийг өөгшүүлсэн хууль болсон, эхнэр нь нөхрөө араар тавиад өөр залуутай унтаж хэвтээд ирэхэд нөхөр нь загнаж уурлаж болохгүй уурлаж загнавөл хүсэл сонирхлын эсрэг зүйл ангиар баривчлагдан, хамгийн том хохирогч нь хүүхдүүд\n
хууль дээдлэгч нэгэн л байлгүй яаахав, чадваргүй болсон залуус эхнэрээ загнаж болохгүй юм байна, дэлдэн чихтэй үзэмж төгс манж бүсгүйг зөвхөн хайрла гэдэг хууль юумуу., бид чинь гэр дүрэм, аав цааз захирамж хэлж болохгүй лалар америк дүрэм больёоо\n