“Өнгөт хувьсгал” гээчийн гашуун үр дагаврыг амссан улс орнуудын нулимс хатаж амжаагүй байна

Шинэ жилийн баяр тэмдэглэж, хуучин оноо үдэх үеэр сонсогдож, тов нь гараад байсан жагсаал өнгөрсөн бямба гарагт болов. Энэ хүртэл сошиалд цахим группууд үүсэж, Мета компанид мөнгө төлж, төлбөртэй жагсаалын зар явуулан, хүмүүсийг нэгтгэж, бүртгэлжүүлсэн байдаг.

Тэгвэл жагсаал болохоос өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төлбөртэй жагсаал болох талаар мэдэгдэл хийж, тус жагсаалыг зохион байгуулж байна гэх үндэслэлээр Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнчлэн Ерөнхий сайдын амнаас төрд 34 хувийг нь авах асуудал яригдаж буй “Ачит Ихт” компанийн ар дахь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүнийг Төрийн тэргүүнээр ажиллаж байхад Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан, Эдийн засгийн сайд асан П.Цагаан нарыг жагсаал санхүүжүүлж байна гэх утгатай үг цухалзсан.

Улс төрийн нөхцөл байдлыг авч үзвэл, үнэндээ “Ачит Ихт” компанийн 34 хувийг төрд авах асуудлаар ажлын хэсэг томилох асуудал өнгөрсөн долоо хоногт яригдаж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдэгдэл хийсэн. Хоёр улсын хооронд 16 жил гэрээ, хэлцлийн асуудал яригдсан ч гацаанд орсоор ирсэн Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төмөр замын төсөл хэрэгжихээр болсон. Энэ төслийн баримт бичгүүд манай улсын холбогдох яам, газруудад байх ёстой атал олдохгүй болсныг Ерөнхий сайд Хятадад айлчлахдаа олж ирснийг санах хэрэгтэй.

Дундын зуучлагч гэх хэн нэгний “халаасны компани”-д мөнгө төлөхгүйгээр хоёр тал шууд гэрээ хэлцэл хийсэн нь улс төр, эдийн засгийн тодорхой бүлэглэлүүд дургүй байгаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр бишгүй гарч байгаа. Түүнчлэн Францын “Орано Майнинг“ компанитай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай тогтоолыг УИХ өнгөрсөн баасан гарагт баталсан зэрэг үйл явдлууд өрнөж байгаа үед жагсаал болсноороо онцлог юм.

Үүнийг зарим нь Засгийн газар руу хийж буй “бүлэглэлүүдийн бойкот” хэмээн ярьж, бичиж буй. Жагсагчдын тавьж байгаа шаардлагыг харахад “Засгийн газар огцор”, “УИХ тар”, “Л.Оюун-Эрдэнийг огцруулъя” гэсэн бичиг, самбар барьсан байсан.

Улс төрийн зорилго бүхий уриа лоозон барилгүй жагсаалд ирсэн иргэд бол утаа, агаарын бохирдол, жолоочийн хариуцлагын даатгал, татварт бухимдаж байгаагаа илэрхийлж байв. Утаа, агаарын бохирдлын хувьд бол Улаанбаатарын мөнхийн сэдэв байсаар ирсэн. Энэ Засгийн газрын тухайд 2025 оныг Улаанбаатарын утаа, агаарын бохирдлыг шийдвэрлэх жил болгон зарлаж, Шуурхай комисс байгуулан Ерөнхий сайд ахлан ажиллаж эхлээд байгаа. Бас ч гэж эхэлснийг нь хийлгэж үр дүнг харахсан гэсэн итгэл хүлээлт бий болсон гэж болно.

Товч дүгнэхэд, нэг иймэрхүү нөхцөл байдал дундуур дээрх жагсаал оны өмнө товлож зарласны дагуу болдгоороо боллоо. Жагсагчдыг хэн удирдлагаар хангаж, хэрхэн зангидаж, үүрэг чиглэл өгч байсан нь тодорхойгүй байлаа. Бодвол холбогдох байгууллагууд ажлаа хийж, хяналт тавьж, шалгаж буй биз. Жагсаал зохион байгуулалт муу, яг юунд чиглэсэн нь бүрхэг, тухайлбал амралтын өдөр Төрийн ордон хоосон байхад тийшээ дайрч буй нь ойлгомжгүй.

Өдөр 12:00 цагийн үеэс эхлэн төв замыг хааж, хөдөлгөөн хязгаарласнаар энгийн иргэдийг бухимдуулж, нийтийн эрхийг зөрчсөн “Жагсаал, цуглаан хийх тухай журам”-д зааснаар 11:00-17:00 цаг хүртэл зөвшөөрөл авсан ч түүнийгээ  баримтлаагүй гэх асуудлууд үүсгэв. Иймд цагаа баримталж, хууль журмаа хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас удаа дараа анхааруулж байв. Мөн авто зам хааснаас Түргэн тусламжийн машин, Онцгой байдлын машин явах боломжгүй болж, иргэдэд  тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд хүндрэл учруулж буйг ч сануулсаар байсан. Түүнчлэн  ХЭҮК-ийн зүгээс иргэд үзэл бодлоо  тайван замаар, чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, харин нийтийн эрхийг зөрчиж болохгүй гэсэн мэдээлэл, зөвлөмжийг цахим хуудсаараа дамжуулж байв. Амралтын өдөр болохоор  тэр үү, гадуур архидалт их байсан, жагсагчдын дотор согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс цөөнгүй явж харагдсан. Түүнчлэн төрийн албан хаагчид руу янз бүрийн ааш авир гаргах зэргээр үймүүлэх, турхирах, биед нь халдах зэргээр зохисгүй үйлдэл гаргах явдал нэг бус удаа гарсан нь иргэдийн хийсэн лайв, зураг бичлэгээр цацагджээ.

Ер нь бол монголчууд жагсаал, цуглаан хийж ирсэн туршлагатай. Энэ дотор үр дүнд хүрсэн гайгүй нь ч бий, багш нарын цалин нэмүүлэх суулт, Үйлдвэрчний эвлэлүүдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээс эхлээд. Гайтай төдийгүй гашуун түүх ч байдаг, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнд таван хүн амь насаа алдаж, хэв журам сахиулах үүрэг хүлээсэн  цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид болон иргэд олноороо гэмтэж бэртсэн. Өсвөр үе, залуус олноороо шоронгийн хаалга татсан. Жагсагчдыг турхирсан, зохион байгуулсан нам, улс төр, нэгдэл холбоодоос нэг ч хүн хариуцлага хүлээгээгүй.

Энэ үйл явдлаас хойш монголчууд хашир суусан уу, аливаа жагсаал цуглаан, элдэв асуудалд ул суурьтай ханддаг болсон уу гэтэл өнгөрсөн бямба гарагийн үйл явдлаас харин ч олон янзын өнгө цухалзаж, олон нийтийг айдас хүйдэс автууллаа.  Тэр нь юу гэвэл, жагсаал зохион байгуулагчид “Монголчуудын сүүлчийн найдвар өнгөт хувьсгал” гэсэн бичиг бүхий туг далбаа барьж жагссан явдал. Бас зарим нь Украин, Европын холбооны туг далбааг бариад явцгааж байсан. Тэр бүү хэл, олон улсын алан хядагч бүлэглэл “ISIS”-ийн туг далбаатай төстэй  тугнууд барьсан залуус ч гарч ирсэн байсан.

Энэ бүхэн юуг илэрхийлж, иргэдийг юу руу турхираад байна вэ гэдэг хачирхмаар төдийгүй холбогдох байгууллагууд нь заавал асууж тайлбар авах ёстой үйлдэл юм. Жагсаал “өнгөт хувьсгал”-ыг мөрөөдөж, олон нийтийг ямар нэгэн  өнгөнд шилжихийг уриалж болохгүй. Тухайлбал,оюутны байруудаар “Өнгөт хувьсгал” номыг тараасан гэж яригдаж байгаа. Өнгөт хувьсгал хийхийг өдөөн турхирсан энэ мэт үйлдлүүдэд нь монголчууд жагсагчдад дургүйцэж байна. Ер нь бол өнгөт хувьсгал гэгчийн үр дагаврыг бид бусад улс орноос хангалттай харж байгаа. “Өнгөт хувьсгал” гээчийн гашуун үр дагаврыг амссан улс орнуудын нулимс, зовлон ч хатаж амжаагүй байна. Тухайлбал, жагсагчдын  зарим  туг далбааг нь барьж дэвээд байгаа Украин улсын гашуун жишээг л гэхэд бид өдөр бүхэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээс харж, сонсож, уншиж байгаа шүү дээ. Бид монголчууд, монголоороо л байх учиртай.Монголынхоо дотоод асуудлыг, өөрсдийн зовлонг  ярья л даа. Юун Украин, Европын холбооны туг далбааг  барьж жагсах вэ. “Өнгөт хувьсгал”  мөрөөдөх нь биднийг мөхөл рүү  л хөтөлнө.  

Ч.Зотол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.165) 43 минутын өмнө

ИРГЭД ҮГЭЭ ХЭЛЖ БОЛНО. ХАРИН ӨМНӨХ ЗГ-уудаас ХАМГИЙН САЙН, БҮТЭЭЛЧ ШУДРАГА АЖИЛЛАЖ БГА ЗГ- Г ОГЦРУУЛАХ ГЭЭД БАЙГАА НЬ ӨНГӨТ ХУВЬГАЛ ХИЙХ ГЭСЭН ГАДНЫ БОЛОН ДОТООДЫН ХҮЧНИЙ ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ МАШ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БНА…… БИД УКРАЙН, ГҮРЖ ШИГ БОЛМООРГҮЙ БНА ШҮҮ….ИРГЭД ТУНГААХ ХЭРЭГТЭЙ…ЖАГСААЛ БУРУУ ЗҮГТ ЭРГЭВЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД НЬ БАЯЖААД ХАРЬД ОЧООД амь гуйж НУУГДДАГ, төрийн нууцыг зарж иддэг, харин ИРГЭД эрүүл мэнд, амь насаараа ХОХИРООД ҮЛДДЭГ ГАШУУН ТУРШЛАГА БИДЭНД БИЙ ШҮҮ….

0  |  0
Top