Чех улс Праг дахь Оросын Элчин сайдын яамны ажилтны тоог Москва дахь Чехийн Элчин сайдын яамны ажилтны тоотой ижил хэмжээнд буруулж, тэнцүүлнэ гэж Чехийн Гадаад хэргийн сайд Якуб Кулганек мэдэгджээ. Ингэснээр, Оросын 63 дипломат ажилтан гэр бүлийн хамтаар тавдугаар сард багтан Чехээс гарах болж байна.
Праг дахь Оросын Элчин сайдын яаманд 27 дипломат, 67 техникийн ажилтан ажилладаг бол Москва дахь Чехийн ЭСЯ-нд тав дипломат, 19 техникийн ажилтан ажилладаг байна.
ОХУ-ын зүгээс үүний хариуд ОХУ-д суугаа Чехийн Элчин сайд Витезслав Пивонкаг ОХУ-ын ГХЯ-нд дуудаж, эсэргүүцэл илэрхийлэн, Москва дахь ЭСЯ-ны ажилтнуудын тоог тэнцүүлж, цөөлөхийг шаардсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Чех улс ОХУ-ыг 2014 онд Чехийн Врбетица тосгон дахь зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд хамаатай гэж буруутгав. Энэ хэрэгт ОХУ-ын Тагнуулын төв газрын ажилтан асан Сергей Скрипалийг хордуулан хэргээр Лондонгийн эрэн сурвалжилж буй Александр Петров болон Руслан Бошировыг сэжиглэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Чехийн тал Оросын 18 дипломатчийг хөөсөн бол ОХУ үүний хариуд Чехийн 20 дипломатчийг гаргаад байна.
Праг энэ асуудал дээр барууны орнуудын дэмжлэгийг авна гэж найдаж байна. Лхагва гарагт Чехийн ГХЯ НАТО-ийн уулзалтыг зохион байгуулж, Оросын эсрэг мэдэгдэл гаргах тухай хүсэлт гаргаад байна.
Европын Комиссын төлөөлөгч Чехтэй эв санааны нэгдлээ илэрхийлж, Оросын дипломатчдыг хөөх асуудал ЕХ-ны гишүүн улс бүрийн бие даан шийдэх асуудал гэж мэдэгджээ.
Чехтэй эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Словак улс Оросын гурван дипломат ажилтанд долоо хоногийн дотор Братиславыг орхин гарах шаардлага тавьжээ. Үүнийг геополитикийн болон Чех дэх нөхцөл байдалтай холбон тайлбарласан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Манай мангарууд Азизовтай коммцнист ёс суртахуунаар харьцаж тэнэгтэв дээ. Тэнэг учраас болгоомжлуулж байна та нарыг.