Эрэн хайж буй шумбагч онгоцны хүчилтөрөгчийн нөөц дуусжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 24

Өнгөрсөн лхагва гаригт Бали арал орчим сураггүй алга болоод буй “KRI Nanggala-402” шумбагч онгоцны хүчилтөрөгчийн нөөц өнөө өглөө дууссан байх ёстой гэж Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний штабаас мэдээлжээ.

Багийн 53 гишүүнтэй шумбагч онгоц Балийн тэнгист сургуулилт хийж байх үеэр сураггүй алга болсон билээ. Лхагва гаригийн өглөө шумбагч онгоцноос холбоо тасарсан байна.

Эрлийн ажилд зургаан цэргийн хөлөг онгоц, нисдэг тэрэг, 400 хүний бие бүрэлдэхүүнд оролцож байна.

Сингапур, Малайз өөрсдийн хөлөг онгоцоо илгээгээд байгаа бол Австрали, Герман, Энэтхэг, Франц  улс тусламж үзүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлээд байгаа юм. Өнөөдөр өглөө (2021.04.24) Бали дээр АНУ-ын Агаарын хүчний “Boeing P-8 Poseidon” онгоц буужээ. Энэ төрлийн онгоц шумбагч онгоцыг илрүүлэх тусгай зориулалттай гэнэ. Хамтын эрлийн ажиллагаа одоогоор амжилт олоогүй л байна.

Шумбагч онгоцны хүчилтөрөгчийн нөөц өнөө өглөө орон нутгийн цагаар 03.00 цагт дууссан байх ёстой гэж Индонезийн Тэнгисийн цэргийн хүчний адмирал Юдо Маргоно онцолжээ. Пүрэв гарагт Индонезийн цэргийнхэн 50-100 метрийн гүнд тодорхойгүй объектын үл мөр илрүүлж, тус газар руу тусгай гидроакустик хэрэгсэл бүхий хөлөг илгээсэн байна.

Шумбаг онгоц сураггүй алга болсон тохиолдол хамгийн сүүлд 2017 онд бүртгэгдэж байжээ. Аргентин улсын Тэнгисийн цэргийн “Сан Хуан” шумбагч онгоц багийн 44 гишүүнтэй алга болж байв. Хөлгийг жилийн дараа Атлантын далайн ёроолоос олж байжээ. Ослын шалтгаан нь дэлбэрэлт байсан аж. Индонезийн хувьд шумбагч онгоц алга болсон анхны тохиолдол гэнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.99) 2021 оны 04 сарын 25

Чойжамц

0  |  0
Зочин(66.181.178.176) 2021 оны 04 сарын 24

Энэ алга болсон шумбагч онгоцыг олдог мэргэ төлөгч нар байдаггүй юм байхдаа.

0  |  0
Top