ОЛОН ӨНГӨ: Номонд дурлуулсан зохиолч

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 04

Социализмын үед сурч хүмүүжсэн наяад оны сурагч бидний унших дуртай ном бол Төрийн шагналт зохиолч Д.Гармаагийн “Хөгжөөнтэй туужууд” байв. Аль тэртээ 1969 онд бичигдэж байсан “Хөгжөөнтэй тууж”-уудыг зөвхөн бидний үеийнхэн ч бус үе үеийн хүүхдүүд амтархан уншиж өссөн биз ээ.

“Тэмцээн”, “Үдэш болсон явдал”, “Хаврын урь” гэх зэрэг есөн бүлэг бүхий энэ зохиол бол миний хувьд яах аргагүй номонд дурлуулсан бүтээл юм. Тийм ч учраас хүүхэд ахуй цагаасаа л Д.Гармаа гэдэг зохиолчтой уулзана гэж бодох болсон юм. Говь тал нутгийн жаал хүүд хэрхэн тийм боломж олдоо аж. Энэхүү бодлоо садангийн ах Л.Болдыг Улаанбаатараас ирээд байхад нь санамсаргүй ярьтал тэрээр “Д.Гармаа гуай зун болгон Шохой цагаан булагт амрахаар очдог юм. Би ч зун болгон ээж дээрээ очдог. Айл саахалт зусдаг хүмүүс. Чи уулзахыг хүсэж байгаа бол зуныхаа амралтаар хот орж надтай хамт яв” гэсэн юм.

Үүнээс хойш зуны амралт хэдийг ч элээсэн юм, бүү мэд. Л.Болд ах бид хоёрын Д.Гармаа зохиолчтой уулзах хөг өнгөрч, аажимдаа мартагдсан. Би ч дунд сургууль төгссөн. Уншдаг зохиол ч өөрчлөгдөв. Гэхдээ ном хэмээх ертөнцийг нээж өгсөн тэрхүү зохиолчтой уулзах хүсэл санааны мухарт байсан л хэрэг. Ийнхүү 2000 оны намар хувь заяаны харгуй даган Утга зохиолын сургуулийн оюутан болж, Зохиолчдын хороон дээр Д.Гармаа зохиолчтой анх удаа нүүр тулан уулзсан. Хожим хоёрдугаар дамжаанд ороход Д.Гармаа зохиолч манай сургуулийн Үргэлжилсэн үгийн танхимд зохиол бичих арга туршлага гэх хичээл заадаг болж, танилцсан түүхтэй.

Энэ үед би Д.Гармаа гуайд хүүхэд насны дурсамж, түүнтэй уулзахыг хүсдэг байснаа хэлбэл “Тэгвэл чамд хүүхдийн зохиол бичих хүсэл сонирхол байна уу” гэхэд эрх биш утга зохиол сайн мэдэхгүй ч гадарлах болсон хүний хувьд “Чадахгүй байх” хэмээж билээ. Мөн нэг өдөр хичээлийн дараа надтай ярилцаж байгаад “Чи хүүхдийн зохиол бичиж оролдохгүй юм уу. Би чамд зааж зөвлөж өгье. Би чиний бичсэн эссэ дурсамжийг уншсан. Чамд бичих магадлал байна” хэмээн шамдуулахад нь за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй өнгөрсөн. Ямартай ч хүүхэд байхаасаа зохиолыг нь амтархан уншиж, улмаар уулзахын хүслэн болж байсан нэрт зохиолчтой уулзан танилцаж бас чиг багш шавийн барилдлага болж явсан үе бий. Тэгэхэд би Д.Гармаа гуайн үгийг даган хүүхдийн зохиол оролцдож, түүний зөвлөгөөг дагасан бол бултаараа хуйлраад уншихгүй ч эрх биш хүүхдийн зүрх сэтгэлд үлдсэн ганц нэгэн зүйл бичих байсан болов уу хэмээн боддог юм. Он цаг даасан бүтээл туурвина гэдэг амаргүй. Тэр бүрий зохиолчид ч олдохгүй ховор зүйл. Хүүхдийн зохиол бичнэ гэдэг үнэхээр амаргүй. Тэр тусмаа Д.Гармаа гуай шиг үе үеийн хүүхдийн зүрх сэтгэлд хадгалагдан үлдэх зохиол туурвина гэдэг санаанд ахадсан ажил юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganbaatar(202.131.243.186) 2021 оны 05 сарын 05

estoi tiim shuu.surguulid bhdaa garmaa guain hogjoontei tuujuud tudev guain horvootoi taniltssan tuuhhiig undhij nomnii amtand orson.shutej ywdag zohiolchid mine.

0  |  0
Top