Монголын археологийн үүх, түүх, хөгжил, томоохон олдвор нээлтүүдийн талаар Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа.Түүний баг өнгөрөгч онд Хүннү гүрний Луут хотыг нээн илрүүлснээ зарласан билээ. Уг хотын малтлага судалгааны ажил ямар үе шаттай байгаа талаар болон археологийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ч хөндсөн юм.
-Археологийн түүхэндээ хамгийн эртний, хамгийн томоохон олдвор нээлтээс дурдвал?
-Их сонирхолтой асуулт байна. Монгол орны хамгийн эртний оршуулгын дурсгал нь шинэ чулуун зэвсгийн үеэс буюу одоогоос ойролцоогоор 5000-6000 жилийн өмнө үйлдсэн байдаг.
Үүнийг батлах олдворыг 1967-1968 оны хооронд МЗТСХЭ-ийн чулуун зэвсэг судлах ангийн Д.Дорж, А.П.Окладников нарын тэргүүтэй судлаачид Чойбалсан хотын ойролцоо Баруун Өлзийт уул, Дорнод аймгийн Халх гол сумын Тамсаг булагийн суурин зэргээс гурван оршуулга, 1968 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын ойролцоо Зүүн Өлзийт уулын орчимд нэг булшийг тус тус илрүүлэн малтан судалсан билээ. Түүнчлэн 1972 онд В.В.Волков, Н.Сэр-Оджав нар Дорнод аймгийн Булган сумын Норвилон ууланд нэгэн булш үерийн усаар идэгдэж илэрснийг геологич В.П.Дергачаас мэдээлэл авч газар дээр нь очин малтан судалж шинэ чулуун зэвсгийн үеийн хүний оршуулгыг дагалдах баялаг эд өлгийн зүйлсийн хамт илрүүлэн олсон зэрэг нь Монголын археологийн түүхэнд хамгийн эртний оршуулгын дурсгалуудыг малтан судалсан маш чухал судалгааны ажил болсон байдаг. Эдгээр таван оршуулгын дурсгалаас илэрсэн хүний ясанд хийсэн судалгаагаар бүгд монгол төрхтэй хүмүүс байсан нь батлагдсан ба монголчууд энэ нутаг дээрээ эртнээс өдгөө хүртэл тасралтгүй аж төрж байсныг гэрчлэх түүхэн баримт болдог. Гэтэл тэр цагаас хойш 2015 оныг хүртэл 40 гаруй жил Монголын хамгийн эртний оршуулгын дурсгалуудаа бид илрүүлэн олж судалж чадахгүй, танихгүй байсаар байлаа. Харин 2014 онд Монгол орны эдийн засгийн хөшүүрэг болгож Монгол Улсын Засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцын ажлыг дахин барьж байгуулах болсноор тэрхүү усан санд орж өртөх 400 гаруй түүх соёлын дурсгалууд байгааг "Соёлын өвийг хамгаалах тухай" хуулийн дагуу авран хамгаалах болж мэргэжлийн таван байгууллага түүхэндээ анх удаа мөр зэрэгцэн ажиллах боломж надад бүрдсэн. Миний бие Улаанбаатарын Их сургуулийнхаа судалгааны багийг удирдаж байхдаа 2015 онд Монголын археологийн түүхэнд 43 жил судалгаа нь тасраад байсан шинэ чулуун зэвсгийн үеийн дөрвөн оршуулгыг Эгийн голын Марзын хөтөл, Харуулын гозгор хэмээх газруудаас анх удаа илрүүлэн малтан судалж Монголын археологийн түүхэнд нээлтэд тооцогдох чухал судалгааны ажлыг баг хамт олноороо гүйцэтгэсэн билээ. Эдгээр дөрвөн оршуулгаас илэрсэн 13 хүний ясанд хийсэн антропологийн судалгаагаар бүгд монгол төрхтөн болох нь батлагдсан болно.
Мөн 2019 онд Дөрвөлжин булшны соёлынхон хүннүчүүдийн өвөг дээдэс мөн болохыг баталсан судалгааг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Их нөөлөгт хэмээх газарт явуулсан археологийн малтлага судалгаагаар гүйцэтгэсэн билээ. Тодруулбал, Дөрвөлжин булшны соёлынхон царай төрхөөрөө монголжуу гэдгийг антропологийн судалгаагаар нэгэнт тогтоосон, гэтэл дөрвөлжин хэлбэртэй булш хэрхэн цагриган хэлбэрийн дугуй болон хувирсан бэ гэсэн асуултын хариултыг манай археологичид олж чадахгүй байлаа. Гэвч миний удирдаж ажилласан судалгааны баг Их нөөлөгтөд гадаад зохион байгуулалт харагдах байдал нь яг хүрлийн үеийн дөрвөлжин булш, харин дотоод зохион байгуулалт, хүнээ дагалдуулсан эд зүйлс нь Хүннүгийн оршуулгын зан үйлтэй ижил байсан нь Монголын түүхийн бас нэгэн зангилаа асуудлыг тайлсан судалгаа болсон билээ.
Түүнчлэн 2020 онд Хүннүгийн хааны зуны ордон, эртний түүхэн сурвалжид нэр гардаг Лунчэн буюу Луут хотыг Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас илрүүлэн олж судалсан нь миний хувьд гурав дахь том нээлтийн хэмжээний судалгааны ажил болоод байна. Дээрх ажлууд нь бидний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим, судалгааны үр дүнгээс бүтсэн бөгөөд хамгийн гол нь зөв сэтгэл, зөв зарчим, Монгол орны түүхээ гэсэн Монгол хүний чин сэтгэл, хүсэл мөрөөдлийн шагнал хэмээн үзэж байгаа.
-Нүүдэлчдийн анхны нийслэл Луут хотыг Орхоны хөндийгөөс анх хэзээ нээн илрүүлж байсан бэ, олон нийтэд зарласан нь ноднин байх аа?
-Энэхүү хотыг 2010 оноос эхлүүлсэн нөр их судалгааны ажлын үр шимээр 2017 онд анх илрүүлж, 2019 онд "Шаньюй" гэсэн бичээс бүхий олдвор, 2020 оны дөрөвдүгээр сард "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн бичээс бүхий бүтэн олдворыг тус тус олж мөн оны долоодугаар сард албан ёсоор малтан судалж олон нийтэд зарласан даа.
-Луут хот нь хэр том, ямар бүтэцтэй, барилга байгууламжтай, хэдий хэмжээний хүн амтай хот байсан юм бол?
-Энэ хот маань одоогийн байдлаар 550 х 550 м.кв давхар гадна хэрэм, 250 х 210 м.кв дотор хэрэм, дөрвөн талдаа хаалгатай, гурван том ордны суурьтай, усан сантай Хүннүгийн хааны ордон. Малтлага судалгаа дөнгөж эхэлж байна. Бид дараа дараагийн системтэй олон судалгааны ажлуудыг төлөвлөөд байна. Түүний дараа тус хотын хамрах цар хүрээг тодорхойлж чадна гэж бодож байна. Юутай ч Хүннүгийн хааны зуны ордон болох нь эхний судалгааны үр дүнгүүдээр батлагдаад байгаа.
-Хүннү гүрний хөгжил дэвшил, тухайн үеийн урлаг соёлын түвшиг тодорхойлбол?
-Хүннү гүрэн бол Евразийн талыг эзэгнэн захирч байсан агуу гүрэн байсныг судлаач бүхэн мэднэ. Миний бодлоор Хүн гүрэн нь нүүдэлчдийн 24 ханлиг улсуудыг нэгтгэн захирсан, газар нутгийн хувьд Солонгосын хойгоос Каспийн тэнгис, Байгаль нуураас Хятадын Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутгийг эрхшээсэн, соёлын хувьд "Хүннүгийн" гэсэн өөрсдийн өвөрмөц онцлогийг харуулсан ёс заншил, зан үйл, хэл соёлтой, бүр цаашлаад бие даасан урлагийн ертөнцтэй хүчирхэг гүрэн байсан гэдгийг яг өөрсдийнх нь үлдээсэн түүх соёлын дурсгалууд болох хот суурин, булш оршуулга, тахил тайлгын судалгаанаас тодорхой харж болно. Тэд зэрлэг бүдүүлэг байгаагүй, харин ч өнөөдөр хийж чадахааргүй зүйлсийг өөрсдөө, өөрсдийн оюун санаагаар зохион бүтээж, хийж байсан нь харагддаг.
-Луут хоттой тухайн үедээ холбоотой байсан газар орны тухай яривал, тэд хоорондоо ямар харилцаатай байсан бол. Ер нь яагаад Луут хот гэж нэрийдэх болов?
-Хүннү гүрэнтэй зэрэгцэн оршиж байсан Хан улсын ордны түүхч Сыма Чяний бичсэн "Шзи" буюу "Түүхэн тэмдэглэл" хэмээх бүтээлийн 110 бүлэг "Хүннүгийн шастир"-т "... Оны нэгдүгээр сард Шаньюйн өргөөнд бүх дарга нар бага хуралдаанд цугларч, тахилга үйлдэнэ. Тавдугаар сард Лунчэнд их хуралдаанд цугларч өвгөд, тэнгэр, дэлхий, онгон сахиустаа тахилга үйлдэнэ. Намар морь таргалахаар Дайлиньд их хуралдаанд цугларч, хүн, малын тоог бүртгэн шалгадаг" гэсэн мэдээ бичигдсэн байдаг. Энд бичигдсэн “Лунчэн” хэмээх нэрийг Хятадын түүхчид тэр үеэс дараа дараагийн түүхэндээ Хүннүгийн “Луут хот” хэмээн нэрлэж бичсэнийг манай түүхчид тэр хэвээр нь Луут хот хэмээн орчуулан түүхийн ном бүтээлдээ бичиж тэмдэглэснээр нэгэнт Луут хот хэмээх нэр хэвшин тогтсон байна. Лунчэн хэмээх үгийн "Лун" гэдэг нь хүннү үг бөгөөд "чэн" хэмээх үг нь эртний хятадаар хана хэрэм бүхий хотыг заасан үг ажээ. Эндээс хүннү нар Лун хэмээх хана хэрэм бүхий хоттой байсныг тэмдэглэсэн нь тодорхой байна. Сыма Чяний "Түүхэн тэмдэглэл"-ийн "Хүннүгийн шастир"-т Лунчэн хэмээх нэр таван удаа гардаг бөгөөд утга агуулгын хувьд, нэгдүгээрт Хүннүгийн Шаньюй тавдугаар сард Лунчэнд их хуралдайд цугларч тахилга хийдэг. Хоёрдугаарт, Хань улсын жанжид Хүннүг дайлаар морьдож Лунчэнд хүрсэн (эвдсэн, шатаасан) тухай гарч байна. Эндээс ажиглахад хүннү нарт Лунчэн хэмээх хот байсан нь баттай бөгөөд тэрхүү хотод Хүннүгийн Шаньюй аж төрөн улс гүрнээ удирдан захирч байжээ. Энэ хотын тухай Хятадын түүхчид өөрсдийн бичсэн сурвалжийн мэдээ баримтыг нягтлан Монгол орны Хангайн бүс Орхон голын хөндийд тус хот байгаа хэмээн бичиж тэмдэглэж байсан бөгөөд үүнийг манай ахмад археологич Х.Пэрлээ, түүхч Ц.Хандсүрэн, Г.Сүхбаатар нар удаа дараа бичиж үлдээсэн байдаг. Бидний илрүүлэн судлаад буй тус хот нь эртний хятад сурвалжийн мэдээ, Хятад түүхчид, Монголын археологич, түүхчдийн таамаглаж байсан газраас олдсон дээрх судлаачдын үзэл санааг улам баталгаажуулсан хэмээн үзэж байна. Мэдээж энэ хотын тухай эртний хятад сурвалж бичигт тэмдэглэнэ гэдэг бол Хүннү гүрэн ямар их хүчирхэг байсныг л харуулж байгаа хэрэг билээ.
-Тэнгэрийн хүү Шаньюй гэсэн бичигтэй олдвор олсон гэдэг. Ваарнаас гадна тухайн цаг үеийн ямар, ямар олдвор олдсон бэ?
-Архангай аймгийн Өлзийт сумын Харганын дөрвөлжин хэмээх газраас шинээр нээн судалсан хот нь хүннүчүүдийн үлдээсэн, өмнө судалгаа нь сайн хийгдсэн бусад хотуудтай бүтэц зохион байгуулалтын хувьд ижилхэн. Гагцхүү "Тэнгэрийн хүү Шаньюй" гэсэн бичээс бүхий барилгын чимэглэл нүүр, ваарнууд олноор байгаа нь Монголоос төдийгүй Дэлхий дахинаас анх удаа олдож буй олдвор болно. Тэр дундаа "Шаньюй" гэсэн бичиг байгаа нь Хүннүгийн хааны ордон болох нь маргаангүй юм. Бид энэ хотын судалгааг дөнгөж эхлүүлээд байгаа бөгөөд 2020 оны малтлагаар тус хотын дотор хэрэмний жижиг хэсэгт малтлага явуулж 5000 орчим барилгын дээврийн ваарны хагархайг илрүүлсэн бөгөөд дараа дараагийн системтэй малтлага судалгаагаар ордны хэсэг, хэрэмний хаалга болон бусад хэсгүүдийг малтан судлахаар төлөвлөөд байна. Малтлагаас илэрсэн барилгын нүүр, тосгуур, нөмрөг ваар, өнгөлгөөний тоосгууд нь Хүннүгийн үеийн Хэрлэн голын сав дагуу орших Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин, Хүрээт довын малтлагаас гарсан бусад олдворуудтай ижил төсөөтэй байгаа нь Хүннүгийн үеийн хот гэдгийг улам баталж байгаа юм.
-Газрын гүнд нуугдсан Луут хотын туурийг нэг бүрчлэн судалсан уу, хадгалалт хамаалалт тал дээр хэрхэн ажиллаж байна вэ, олдсон олдвороо хаана хадгалдаг вэ?
-Бидний судалгааны ажил дөнгөж эхэлж байгаа. 2020 оны малтлагаар илэрсэн олдворуудыг Улаанбаатарын их Сургуулийн Археологийн тэнхимийн сан хөмрөгт хадгалж, судалж байна. Харганын дөрвөлжингийн Хүннүгийн хотын туурийг эхний ээлжид сум орон нутаг, аймгийн хамгаалалтад авсан. Улсын хамгаалалтад авах ажил одоо үргэлжилж байна.
-Эртний үнэт түүхийг хадгалсан газрыг иргэд тонох, ухах устгах үзэгдэл их байдаг. Тэдэнтэй хэрхэн тэмцдэг вэ?
-Монголын археологид тохиолдож буй онц ноцтой асуудлын нэг бол эртний түүх соёлын дурсгалаа хувийн ашиг сонирхол, шуналын сэдлээр ухаж сүйтгээд байгаа явдал билээ. Энэ нь үндэстний ухамсарын доройтол бөгөөд бид ямар агуу үндэстэн байсан гэдгээ л баллуурдаж, устгаж, үгүй хийгээд байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй. Үндэстний түүх гэдэг бол алт мөнгөөр хэмжигддэг зүйл огтоос биш бөгөөд бид агуу түүхтэй, хүчирхэг, дэлхийд бахдам үндэстэн гэдгээ магадгүй нэг ясны хугархай, нэг хэлтэрхий чулуу, нэг модны өөдсөөр баталж болохыг л устгаад ухаад, сүйтгээд байна гэсэн үг юм. Түүхэн дурсгалын үнэ цэнэ нь тухайн олдвор анхны байрандаа хөндөгдөөгүй байхдаа л зан үйл, утга учир, өөрийн түүхээ хадгалж байдаг. Судлаач бид өөрсдийн судалгаа хийж буй газар оронд байнга түүхэн дурсгалын үнэ цэнийг танин мэдүүлэх, ойлгуулах, эх түүхээрээ бахархах, хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээх ажлыг тогтмол явуулдаг бөгөөд үүнийг дэмжиж ажилладаг, ойлгодог хүмүүс олон бий.
-Ер нь түүхийн ач холбогдолтой үнэт олдворуудыг хадгалах хамгаалахад төр засаг хэр анхаарал тавьж байна вэ?
-Юутай ч бид Хүннү гүрнийхээ хааны ордон Лунчэн буюу Луут хотоо оллоо. Малтлага судалгааны ажлыг системтэй, бодлоготой явуулах төлөвлөгөөтэй байна. Харин төр засаг маань бүхий л бололцоогоор хангаж бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаа. Энэ хотынхоо түүх соёлоор дамжуулан бидний өвөг дээдэс ямар агуу соёл, ёс заншил, түүхтэй байсныг дэлхийд сурталчлан таниулах том боломж нээгдлээ гэж харж байна.
-Археологичдын цалин хангамж, нийгмийн халамж ямар байдаг вэ. Басхүү томоохон хайгуул малтлагын ажилд хэдэн төгрөгний төсөв баталдаг вэ?
-Ер нь өмнөх туршлагаас харахад Монголын төр засаг шинжлэх ухаандаа мөнгө зарцуулах тал дээр бусад хөгжилтэй орнуудтай харьцуулахад хангалтгүй санагддаг. Цаг үе сайхан болж энэ байдал наштай шийдэгдэх байх гэж боддог доо. Миний бие 2010 оноос хойш Хүннү гүрний улс төрийн төвийн судалгааг эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд өөрийн боломж бололцоонд тулгуурлан өөрийн сэтгэлийн дуудлага сонирхлоор л энэ судалгаагаа үргэлжлүүлсээр байсан. Тэгж уйгагүй явсны үр дүнд энэ хотыг илрүүлсэн. Залуу хүний хувьд хэн нэгнээс “би ингэмээр байна тэгмээр байна” гэж явж үзээгүй, тэгэх шаардлага ч надад байгаагүй. Сэтгэл байхад болно, бүтнэ гэж боддог. Өнгөрсөн жилийн хувьд шавь нарынхаа хамт бид 20-иод хоног ямар ч цалин хөлсгүй ажилласан. Тэглээ гээд бидэнд муудсан юм байхгүй. Харин ч өөрийн орны түүхийг өөрсдийн гараар өөрсдөө бүтээж байгаадаа баяртай байдаг.
-Олон улсын археологичидтой хамтарч ажилладаг уу. Тэд Луут хотын судалгааны ажилд хамтрах хүсэлт тавьсан уу?
-Миний хувьд оюутан байхаасаа эхлээд олон улсын төслүүдэд гар бие оролцож явсан. Хамгийн анх 2003 онд Монгол-Туркийн хамтарсан судалгааны ангид оролцож, Орхоны хөндийгөөс судалгааныхаа гарааг Д.Баяр багшийнхаа удирдлага дор эхлүүлсэн хүн дээ. Тэр цагаас хойш Монгол-Франц, Монгол-Швейцарь, Монгол-Орос, Монгол-Солонгосын хамтарсан судалгааны ангид эрдэм шинжилгээний ажилтнаар оролцон ихээхэн туршлага хуримтлуулсан гэж боддог. Ялангуяа ОХУ-ын судлаачидтай олон жил явж тэднээс их зүйлийг сурч авсан.
Өнөөдөр ч ОХУ-ын Барнаул хотын судлаачидтай хамтарч Хүрэл болон Түрэгийн үеийн тахилын байгууламжийн судалгаан дээр хамтран ажиллаж байна.
Харин Лунчэн буюу Луут хотын судалгаагаа гадныхантай хамтрахаас илүүтэй өөрсдөө судалъя гэсэн бодолтой байгаа. Анх олчихоод бидэнд мөнгө байхгүй учир хамтран ажиллаж байсан оросууддаа "Шаньюй" бичигтэй олдвороо харуулахад “За, Идэрээ минь наад олдвороо надаас өөр хэнд ч битгий үзүүлээрэй. Би чамд шаардлагатай бүх мөнгийг олж ирнэ, чамд том том боломжууд нээгдэнэ” гэж надад хэлж байсан юм.
Би ч тухайн үедээ “За” гэсэн боловч яг судалгаа хийх дөхөөд олон зүйл толгойд эргэлдэж эхэлсэн юм. Яагаад гэвэл оросууд зарим талаараа манай Хүннүгийн олдворуудыг Хятадын Хан улсын олдворууд мөн гээд зүтгээд байдаг учир энэ гайхалтай дурсгалыг маань буруу тийш нь гуйвуулаад хаячих вий гэсэн болгоомжлол надад төрсөн бөгөөд хамтран ажиллах боломжгүйгээ хэлэхэд маш ихээр уурлаж билээ. Миний хувьд өөрийн орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм чухал дурсгал дээр мөнгөгүй байсан ч өөрсдөө ажиллах ёстой гэсэн байр сууринаас тэгж хандсан билээ. Судлаачид бид ямар дурсгал дээр гаднын судлаачидтай хамтрах, ямар дурсгал дээр гаднын судлаачдыг оруулахгүй өөрсдөө дангаар ажиллах эсэхээ сайтар ухамсарлаж байх хэрэгтэй. Түүнийг нь хойч үедээ алдагдуулахгүй мөрдөж байх ёстой гэж үзэж явдаг даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 9 )
Жилийн дөрвөн улиралд хамгаалалтанд авах хэрэгтэй! Хятадууд мөнгөөр зодоод юм хулгай хийлгүүлж магадгүй!
Овоо доо
Мундаг залуу байна. Төр засаг дэмжих байлгүй дээ Хүрэлсүх ерөнхий сайд байхдаа Луут хотын туурь олдлоо гээд л мэдээлээд байсан\nСөрөг сэтгэгдэл бичдэг хүмүүсийг яалтай вэ Байнга л бүх зүйлийг харлуулж ал, хяд барь, хорь, мөнгө идлээ гэх юм Гадны хүмүүс байдаг юм болов уу. Лав Монгол хүн биш байхаа
Хот гэхэд хэцүү л юм байна. Жаахан дөвийлгөөд л байна даа. Бас нэг хулгайч Чулуун, Өлзийбаатар бүү гараасай билээ.
Бүрэн дэмжиж байна. !!!!!
Sain bna amjilt khvsie cv batbold khandiv ogoochee bayn l um bna shvvdee
Bayr khvrgej amjilt khvsie mongotei erkhemvvd shinjlekh ukhaan; sudalgaand khandiv orgoochee vkhekhdee arch yvakhgvi biz dee
Хот байгаагүй газарыг хот оллоо гээд худлаа зарлацан гарууд даа.
Ёстой зөв өөрсдөө хийх л хэрэгтэй