ТВ8 телевизийн “100 асуулт” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ оролцлоо.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иргэд гомдлоо хэлдэг. Сонирхуулахад, хөгжилтэй гэхээр гомдол ирж байсан уу?
-Эрүүлжүүлэх газраас өглөө эрт залгаж байна. Ингэхдээ “Би хэрэглэгчийн хувьд гомдолтой байна. Эрүүлжүүлэх байранд мөнгө төлөөд хоносон. Тиймээс би цагдаагийн байгууллагаас үйлчилгээ авч байгаа хэрэглэгч. Энд НӨАТ-ын баримт өгөхгүй байна” гэж хэлсэн. Хэрэглэгч гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож байгаа боловч нөгөө талдаа хэн ч гэсэн ШӨХТГ-т шууд хандана гэдэг нь өөрийнхөө эрхийг хамгаалах газартай, тэр газраа мэддэг болсны илрэл. Энэ бол бидний үйл ажиллагааны үр дүн.
-НӨАТ-ын баримтаар сугалаанд оролцохын оронд буцаан олголтоо нэмэгдүүлж авахыг хүсдэг иргэд байна. Энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Иргэдтэй санал нэг байгаа. Хэрэглэгчийн асуудал, эдийн засгийн эргэлттэй холбоотой асуудал. Дунджаар 10 их наядын төсөвтэй Монгол Улсад эдийн засгийн эргэлт нь түүнээсээ их байгаа. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 10 их наядаас НӨАТ-ын тухай хуулийн дагуу сугалаа хэлбэрээр оруулсан төсөв бүрдүүлэлт нийт 3.6 их наяд төгрөг байна. Тиймээс сугалаа үр нөлөөгөө үзүүлэхээ больсон. Дараагийн арга хэмжээг авах шаардлагатай. Ер нь төрөл бүрийн сугалааны тохирлууд явагдаж байгаа нь тухайн албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэдтэй харилцахад “Төр өөрөө сугалаа явуулдаг учраас бид яагаад явуулж болдоггүй юм бэ” гэсэн нөлөөллийг нийгэмд үүсгэж байна. Төрийн сугалаанд нэг талдаа эдийн засгийн тооцооны асуудал яригдаж байгаа боловч иргэдэд үзүүлж байгаа энэ сөрөг нөлөөллийг тооцох ёстой. Төр иргэдийн төлөө байх ёстой. НӨАТ-ын сугалааг болиулчихвал хөшүүрэг байхгүй болно. Ингэснээр эдийн засагт орох мөнгөн дүн багасна гэсэн ойлголт байхгүй. Харин ч НӨАТ-ын буцаан олголтоор хоёр хувийг нэмээд өгчихвөл иргэн болгон өөрөө хяналттай байх тогтолцоо бүрдэнэ.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үндсэн чиг үүрэг юу вэ?
-2004 онд Шударга өрсөлдөөний газар гэж байгуулагдсан. 2008 онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэг гэж байсан. Төрийн бус байгууллагатай нэгтгээд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэж байгууллага 2008 оноос хойш өнгөрсөн 13 жилийн хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд анх Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан бол одоо Зар сурталчилгааны тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нэмэгдэж үйл ажиллагааны хүрээ өргөссөн. Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгасан барьцаалан зээлдүүлэх газартай холбоотой асуудал мөн манай чиг үүрэгт хамаарч байна. Хэсэгчилсэн болон бүхэлд нь хяналт тавьж ажиллаж байгаа есөн хууль хамаардаг.
-Нийт есөн хуулийг хамаарч ажилладаг гэлээ. Гэтэл бодитоороо их олон асуудалд анхаардаг юм шиг. Өргөн хэрэглээний барааны үнэд хяналт тавьдаг нь аль хуулийн хүрээнд билээ?
-Үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол, үнэ үгсэн хуйвалдаж тогтоох гэдэг зүйл дээр Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хойш ажиллаж байгаа. Харин үнэ тогтооно гэдэг одоогийн эдийн засгийн тогтолцоонд утгагүй асуудал. Төлөвлөгөөт эдийн засагтай байсан бол нэг өөр хэрэг.
-Танай байгууллагад хэдэн улсын байцаагч ажилладаг вэ?
-36 албан хаагч, 25 улсын байцаагчтай. Бид иргэн болгоны хяналтыг сайжруулахын тулд цахим орчныг ашиглаж байгаа нь давуу талтай. 3.3 сая иргэн аливаа үйлчилгээ, үйл ажиллагаанд хяналт тавьдаг, шаарддаг болчихвол 36 албан хаагч багадахгүй.
-Цаашдаа хүний нөөцөө нэмэх бодлого барих уу?
-Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх шаардлагатай. Өрсөлдөөний тухай хуулин дээр орон нутагт өрсөлдөөний байгууллагын албан хаагч ажиллана гэсэн заалт бий. Гэвч төсөв мөнгөтэй холбоотойгоор төдийлөн хэрэгжихгүй байгаа нь хууль зөрчиж байгаа ноцтой үйлдэл. Жишээлбэл, Эрдэнэт хотод улсын хоёр байцаагч, Өвөрхангай аймагт нэг байцаагч ажиллаж байна. Тэдний ажил аймаг, орон нутгийн хэмжээнд тодорхой үр дүн өгч байна. ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалсан, иргэд рүү чиглэсэн үйлчилгээг үзүүлэхийн тулд орон нутагт байцаагчид ажиллуулах ёстой. 2021 оны гуравдугаар сард Засгийн газраас аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулахад ШӨХТГ-ыг байгуулах, эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагчийг ажиллуулах тухай үүрэг болгосон байгаа. Энэ хэрэгжинэ байх.
-Иргэдийн гомдлыг шийдэх үйл явцад компаниудаас дарамт шахалт ирдэг үү?
-Аж ахуйн нэгж, иргэд ямар ч байсан эрх ашиг нь хөндөгдөж байвал тэдэнд асуудал. Би өдий наслахдаа хураагаагүй их дайснаа энд ажиллах найман сарын дотор хураасан байна. Нийтийн эрх ашгийн төлөө цөөнхийн эрх ашгийг хөндөхөөс аргагүй нөхцөлд хүрдэг. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тал дээр зогсдог учраас төрийн эсрэг зогсдог ч байгууллага болоод байна. Зөвхөн аж ахуйн нэгжүүд гэлтгүй төрийн зарим байгууллагаас дарамт ирдэг.
-Эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд танайд ямар ямар хэлбэрээр гомдол гаргаж болох вэ?
-115 дугаар, е-баримт апплейкишны үйлчилгээ хэсэгт ШӨХТГ руу ороод гомдол мэдүүлж болно. Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнүүд дээр Гэрэгэ киоск ашиглан төрийн үйлчилгээтэй холбоотой аж ахуйн нэгж, иргэд гомдол мэдээлэх боломжтой. Фэйсбүүкээр дамжуулж шууд гомдол мэдээлж болно. Миний фэйж хаягаар ч гомдлууд ирдэг. Асуудлуудыг сууриар нь шийдэхийн тулд Монгол Улсад тулгамдсан 76 асуудал гэж гаргаад төрийн бусад байгууллагатай хамтраад явж байгаа. Энэ хүрээнд нэг жилийн дотор иргэд, аж ахуйн нэгжийн гомдлын хэмжээ эрс багасна. Гомдол хүлээж авахын тулд биш гомдол гардаггүй болгохын тулд бид ажиллаж байна.
-Зарим байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахын тулд ч юм уу худал гомдол ирдэг үү. Хэрвээ иргэн худал гомдол гаргасан бол ямар хариуцлага хүлээх вэ?
-Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулна. Худал гомдлууд ирдэг. Ялангуяа хатуу хөл хорионы үед уртасгасан цагаар ажиллаж байгаа энэ үед худал дуудлага өгөх тохиолдлууд бий. Жишээлбэл, тэр захын зураг биш байхад тэнд үнэ өсчихлөө гэх гомдол нэлээд ирсэн. Бид дөрвөн хэлбэрээр гомдол шийдвэрлэдэг. Хэвлэл мэдээллийн байгууллагаар явж байгаа гомдлыг авдаг. Өөрсдийн санаачилгаар болон хэрэглэгчдээс ирсэн гомдлыг шийдвэрлэж ажилладаг. Шүүх, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага зэргээс ирсэн гомдлыг хүлээж авдаг.
-Та түрүүнд Монгол Улсад тулгамдсан 76 асуудал гэж гаргаж ирлээ. Яагаад заавал энэ тоог сонгосон юм бэ. Тэдгээр асуудлыг дэвшүүлж гаргаснаар нийгэмд ямар ач тустай вэ?
-Ард түмний дундаас төлөөлөл болон сонгогдож байгаа УИХ-ын гишүүд 76 байдаг. Тиймээс 76 хүний хувьд нэг УИХ-ын гишүүн жилд иргэдтэйгээ холбоотой ганц л асуудлыг шийдээч гэж байгаа. ШӨХТГ-аас сууриар нь асуудлыг шийдвэрлэхийн тулд тал талын хэлэлцүүлэг зохион байгуулаад асуудлуудыг гаргасан.
-Тулгамдсан 76 асуудлаараа гишүүдтэй хэр уулзаж байна вэ. Бүх асуудлаа хуваарилаад өгсөн үү?
-Эхнээсээ тодорхой хэмжээний хуваарилалтууд хийгээд явж байгаа. Тухайлбал, Б.Баярсайхан гишүүнтэй хүүхэд хэрэглэгчийн асуудал, Х.Булгантуяа гишүүнтэй үнэт цаасны зах зээл буюу хувьцаатай холбоотой асуудал гэх мэтээр ярьж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хүнсний талон, дэлгүүрийн асуудлаар ажиллаж байгаа. Хүнсний талоноор бараа бүтээгдэхүүн олгох дэлгүүрийг сонгоод, тэдгээр дэлгүүрээс талоноор хүнс авахад асуудлууд байна. Жишээлбэл, хажууд дэлгүүрт мах 10 мянга байлаа гэхэд талоноор хүнс олгодог дэлгүүрт 11 мянга байх зэрэг асуудал байна. Тухайн дэлгүүр аль болох хямд өртгөөр хүнс бараа олгох ёстой. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын дотоод агаарын орчны эрүүл ахуйтай холбоотой асуудлыг авсан явж байна. Бидний ажиллаж амьдарч байгаа барилга доторх агаар цэвэр үү гэх асуудлыг хөндөхөд нэг настай хүүхэд хорт хавдар туссан тохиолдол байна. Учир нь зуслангийн байшингийн дотор талыг ДСП хавтангаар хийгээд толигор сайхан харагдуулах гэж лакаар өнгөлдөг. Энэ нь хорт хавдар үүсгэх нянг үүсгэдэг байна. Энэ мэт мэдээллийг судлаад нээлттэй болгосноор багадаа л чанаргүй барилгын материалын асуудал багасах зэрэг өгөөжтэй.
-Та хяналтын камерын дэлгэц, ажлын ширээ зэргээ өрөөнөөсөө гаргасан гэсэн. Үүгээрээ юуг илэрхийлэх гэсэн юм бэ?
-Хүн хэрэгцээгээрээ амьдардаг. Тэр даргын ширээг би өнгөрсөн найман сарын хугацаанд ашиглаагүй. Тиймээс ширээг гаргаснаар өөртөө орон зай бий болгож байна. Хүмүүс өрөөнд орж ирээд хурал цуглаан хийх зайтай орчин бүрдэж байна. ШӨХТГ нь иргэд, хэрэглэгчдийн өмнө нээлттэй байх ёстой. Надтай уулзахаар ирсэн хүмүүс намайг дотор байна уу, юу хийж байна зэргийг камераар хардаг байх нь зүйтэй. Тиймээс камерийн дэлгэцийг гаргасан. Юу ч хийсэн иргэдэд харагдах учраас нөгөө талаас намайг хамгаалах систем болж байгаа.
-Ид шидийн орон хүүхэд хамгаалал хөгжлийн төвтэй та яаж холбогддог юм бэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн болсноос хойш Ид шидийн оронд цалингаа өгч байгаа. Давхардуулж ажил хийсний хөлсийг төрийн албан хаагч авах шаардлагагүй. Үндсэн ажлаасаа цалин авахад болно гэж үздэг учраас ТУЗ-ын гишүүний цалингаа өгдөг.
-Таны ярьж байсан залуусын хорооллыг Эрдэнэт хотод барих бүтээн байгуулалтын ажил хэр явж байна вэ?
-Таван орц бүхий 80 айлын орон сууц нь дууссан, иргэд амьдарч байна. Солонгосын хөрөнгө оруулалтаар барьж байгаа. Нийт 288 айлын орон сууц байх ёстой. Энэ асуудлаар би болон хөрөнгө оруулагчид Авлигатай тэмцэх газар зэрэг газарт нэлээд байцаагдсан. 80 айлын орон сууц баригдаж дуусахтай зэрэгцээд цар тахлын үеийн хөл хорио эхэлсэн. Би Эрдэнэт хотод Солонгос, Америк, Японоос төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжүүлэхийг зорьдог. Жишээлбэл, Японтой хамтраад Эрдэнэтийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гурван төвд их засварын ажил хийсэн. Солонгосын Ульсан хотын эмнэлэгтэй хорт хавдрын эмчилгээнд хамтран ажиллах санал хүргүүлж, хүүхэд эмчлүүлж байгаа.
-Таны мэргэжил юу вэ?
-Миний үндсэн мэргэжил түүх судлаач. Одоо МУИС-ийн улс төрийн танхимд докторантаар сурч байгаа. БНСУ-д иргэний агаарын тээврийн холбооны чиглэлээр академийг 2003 онд төгссөн. Америк, Монголд бизнестэй байсан. Улс төрд 2010 оноос орохдоо 2012 оноос бизнесээ больсон. Улс төр, бизнес хоорондоо таарахгүй гэж үзсэн.
-Таны үнэт зүйл юу вэ?
-Хүн шиг амьдрах ёстой гэж боддог. Хэрэгцээг хязгаарлах боломжтой. Хэрэгцээгүй хэрэгцээ шаардлагагүй.
-Гадаад оронд өрсөлдөөний байгууллагууд нь хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Шадар сайдтай хамтраад НҮБ-ын Өрсөлдөөн хэрэглэгчийн хэлтсийн удирдлагуудтай, дэлхийн 10 оронтой онлайн хурал хийлээ. Бид авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ эхлээд бусад оронтой ижил түвшинд явж байгаа юм билээ. Зөвхөн Монголд биш бусад оронд ч цар тахалтай холбоотой хэрэглэгчид хохирч байгаа асуудлууд гарсан. Үүн дээр маш хатуу байр суурь барих ёстой. Энэ цаг үед дэг журам тогтоох боломжгүй гэсэн зөвлөмжийг улс орнуудад холбогдох газруудаас өгч байгаа. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас гэхэд бүх орны өрсөлдөөний байгууллагад зөвлөмж хүргүүлж ажилладаг. Ингэхдээ үнийн өсөлт, хөөрөгдөл зэргийг тодорхойлсон байх жишээний. Бид МУИС-ийн эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажилладаг. Эдийн засгийн нөлөөллийн судалгаатай асуудалд ханддаг.
-ШӨХТГ-аас шалгалт очиход нэг үнэ гаргаад тавьчихдаг. Шалгалт явсны дараа бас нэг өөр үнэ тавьдаг асуудал та бүхэнд тохиолдож байсан уу?
-Тийм байдал гардаг.
-Торгуулийг яаж тавьдаг юм бэ?
-Бид хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага шүү дээ. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7, 10.1 заалтад торгуулийн хэмжээг заасны дагуу явдаг. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчихөд торгууль их өндөр байдаг. Жишээлбэл, “Хүчит шонхор” худалдааны төвийг жилийн борлуулалтын орлогын дөрвөн хувиар торгосон. Гэхдээ зөвхөн түрээсийн орлогоос нь торгох зохицуулалт хуулийн дагуу явж байна. Бид аль болох торгохгүйгээр зөвлөн туслах байдлаар үйлчлэх гэж хичээдэг. Зургаан сарын турш үүрэг даалгавар биелүүлэхгүй, монополь байдлаар үйл ажиллагаа явуулахад аргагүй тохиолдолд торгодог.
-Сүүлд ломбардын үйл ажиллагаатай холбоотой асуудал танай чиг үүрэгт хамаарч байгаа юм байна. Хөл хорионы үед барьцаанд эд хөрөнгөө тавьчихаад эргүүлж авахад “ломбард ажиллахгүй байх” гээд асуудал үүсдэг гэнэ. Асуудалд та бүхэн хэрхэн хандаж байна вэ?
-Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “Ломбардын сарын хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй, алдангийг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх, үүнд ШӨХТГ-аас хэрэгжилт тавьж ажиллах тухай” өөрчлөлт орсон. Энэ хэрэгжилтэд бид хяналт тавьж ажиллаж байна. Аль аль талдаа асуудал байна. Иргэдийн барьцаанд тавьсан бараа бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд зарж борлуулахгүй байх ёстой, барьцаанд тавьсан бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлууд байна. Жишээлбэл, барьцаанд тавьсан гар утасны кодыг дур мэдэн гаргаад хувь хүний нууцыг нь олон нийтэд тараах гэсэн оролдлого гарч байсан. Үүнд, Хүний эрхийн үндэсний комиссыг ажиллуулах хэмжээнд хүрч байсан. Барьцаалан зээлдүүлэх төвийн хууль, эрх зүйн орчныг маш тодорхой болгож өгөх хэрэгтэй.
-ШӨХТГ-ын ажлаа та хэр явж байна гэж бодож байна вэ. Санасанд нь хүрч байна уу. Хийх зүйлүүд байна уу?
-Манай чиг үүргийн бус ажлууд байна. Төрийн зохицуулах хороодтой чиг үүрэг давхардуулахгүй ажиллах асуудлууд байдаг. Тэдгээр асуудалд бид хяналтыг 100 хувь тавьж чадахгүй. Санал гаргах эрхтэй л байна. Өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх ажлуудаа бүрэн шийдвэрлэж байгаа. Жишээлбэл, төмөр замын ачаа тээврийн үнийг нэмэх саналыг өнгөрсөн оны есдүгээр сард оруулж ирсэн бид нэмээгүй. Хэрвээ нэмсэн бол энэ өвөл цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх байсан. Юнивишн, Скаймедиа компаниуд автомат сунгалтын мөнгө гэж их хэмжээний мөнгийг иргэдээс авч байсныг болиулсан. Энэ мэтээр өөрсдийн хүрээнд шийдвэрлэх ажлуудаа шийдэж байгаа. Бидэнд хүний нөөц нэмэгдвэл цар хүрээ ч өргөснө. Бусад төрийн байгууллагатай холбоотой асуудалд бас сэтгэл дундуур байдаг.
"100 АСУУЛТ" НЭВТРҮҮЛЭГ
Сэтгэгдэл ( 2 )
Tsagiin garz
Unen teneg asuult asuuhiimaa