Гэрээсээ ажиллаж, хичээллэж амьдарч байгаа учраас хөл хорионы үед интернэт шиг хэрэгтэй зүйл алга. Улаанбаатар хотын гэр хороололд 220 мянган айл өрх амьдардаг гэхээр түүнд дөхсөн олон мянган айл өрх шилэн кабелийн үйлчилгээнд хамрагдаагүй л гэсэн үг. Тийм учраас хямд бөгөөд хязгааргүй интернэт авч чадахгүй 220 мянгаас хэд дахин олон хүүхэд хичээлээ хийхийн тулд, томчууд нь ажлаа хийхийн тулд интернэтэд орох олон арга сүвэгчилж байгаа нь үнэн.
Зөвхөн сурагчдын хичээл дээр жишээ авахад сурагчид теле хичээлээ зурагтаараа үзэж болдог бол онлайн хичээлийг нэмэлтээр багшаасаа авдаг. Ингээд тэдгээр хичээлийн даалгаврууд, дуу хөгжим, олимпиад, сорилго, шалгалт гээд төрөл бүрийн даалгавар хийхэд интернэт хамгийн хэрэгтэй. Хэдхэн гигабайтын дата эрх аваад, дататай шинэ дугаар, зөөврийн интернэт төхөөрөмж худалдаж аваад ч хэрэглээнд хүрэлцэхгүй байх нь тун бэрхшээлтэй.
Улаанбаатар хотыг бүхэлд нь, цаашлаад улсыг хамарсан утасгүй технологийн сүлжээнд холбогдох боломж бүрдчихвэл тэр үед л жинхэнэ утгаараа цахим хөгжил гэж ярина байх. Өнөөдөр Монгол Улсын гурван хүн тутмын хоёр нь интернэт хэрэглэгч. Интернэт хэрэглэгчдийн тоо долоон жилийн өмнөхтэй харьцуулахад 20 дахин өссөн гэсэн таатай мэдээ байдаг боловч улсыг хамарсан сүлжээний асуудлаа шийдээгүй хэвээр. Монгол Улсын нийт интернэт хэрэглэгчдийн дийлэнх хувь нь хөдөлгөөнт интернэт сүлжээ буюу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс холбогддог гэдэг. Асуудлыг үндсээр нь шийднэ гэж “томчууд” ярьдаг шүү дээ. Улсынхаа хаанаас ч хязгааргүй интернэтийг төлбөртэй байсан ч худалдаж авах сан гэж олон хүүхэд, залуус хүсэж байгаа. Тэдний мөрөөдөл биелэгдэхэд шинэ технологи, нээлтүүдэд хүрэх боломж олон алхмаар урагшилна гэж итгэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )