Дэнгийн бүдэгхэн гэрэлд долоохон настай жаал гэрийнхээ баруун хаяанд нялх хурга, ишигтэй тоглож сууна. Зүүн орон дээрээ цэрэг цагаан өмдтэй, цээж нүцгэн аав нь хэвтээд “Ингэж хэвтэж байгаад л дахиж сэрдэггүй бол сайхан аа” хэмээн хэлэхийг сонссон ч юун тухай ярьж байгааг нь ойлгосонгүй.
Яг ингэж хэлээд л аав маань тэр жилийн тавдугаар сарын энэ өдөр дахиж үнэхээр сэрээгүй юм. Ээжийг үнээгээ саагаад орж ирэхэд аль хэдийнэ босоод цайгаа чаначихсан байдаг аав маань босоогүй байсанд ээж бага зэрэг гайхсан ч “Унтаж амраг дээ” гэж бодоод нэг хэсэг сэрээгээгүй гэдэг. Тэр үед би баруун орон дээрээ хөнжилөө тийчлэн үнэгчилж, урд оройн аавын уншиж өгсөн Орос ардын үлгэрийг зүүдлэн унтаж байсан ч байж мэднэ. Эс бол аавыгаа амьсгал отголсныг зөнгөөрөө мэдэрч, зүүдэндээ яраглан уйлагнаж байсан ч байж магадгүй. Энэ тухайгаа би ч санадаггүй, ээж ч ямар нэгэн юм хэлдэггүй юм. Ямартаа ч тэр жилийн тавдугаар сарын энэ өдрүүдэд эцэнхий мал зоогдож үлдсэн их цас орж, аавыгаа “Газ-66” машинаар нутаглуулж явахад нагац ах маань “Буянтай хүний араас тэнгэр хүртэл уйлагнадаг юм хүү минь. Эргэж битгий хараарай” хэмээн хэлсэн юмдаг. Өдгөө өөрөө гурван хүүхдийн аав болж, аавыгаа санагалзах нь багассан ч гэсэн жил бүрийн тавдугаар сарын энэ л өдрүүдэд хачин их санадаг. Хагацал, ухаарлыг харамгүй хайрласан тэр жилийн тавдугаар сар жил бүр яг л хуучнаараа мэт санагддаг ч тандаа хэлж амжаагүй үгээ үрсдээ хэлж, тандаа эрхэлж чадаагүй хайраа охиддоо өгөхийг боддог болоод удсан шүү, Таны минь эзгүй 27 дахь жилийн тавдугаар сарын энэ л өдрүүд зүрхэнд хөндүүр ч таныхаа эзгүй орчлонд амьдарч сурч байна, аав аа.
Сэтгэгдэл ( 0 )