АНУ-ын баруун дөрвөн мужийн шатахуун түгээх станцуудын талаас илүү хувь нь бензингүй болжээ. Түлшний үнийн талаарх мэдээллийг хүргэдэг “GasBuddy” төрөлжсөн цахим хуудаст "Хойд Каролинад түлшний хомсдол нүүрлэсэн. Энэ мужийн шатахуун түгээх станцуудын 69 хувь нь түлшгүй болсон байна" гэжээ. Түүнчлэн Виржиния мужид шатахуун түгээх станцуудын 52, Өмнөд Каролинад 48, Жоржия мужид станцуудын 46 хувь нь бензингүй болсон байна. Бусад мужуудад нөхцөл байдал хэвийн байгаа ч шатахуун түгээх станцууд тун удалгүй түлшгүй болж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Дээр дурдсан мужуудад түлшний хомсдол нүүрлэсний улмаас шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсч, хүмүүс олон цагаар бензин авахаар хүлээж байгаа аж. Ийнхүү түлшний хомсдол үүсэх болсон нь газрын тос, хий дамжуулах хоолойн ажил зогссонтой холбоотой юм. Үүний дараа оршин суугчид түлшний хомсдол үүсч болзошгүй гэж болгоомжилсны улмаас бензин ихээр нөөцлөх болсон байна. “Colonial Pipeline” газрын тос дамжуулах хоолойн оператор компани өнгөрсөн баасан гарагт цахим халдлагад өртсөн билээ.
“Colonial Pipeline” нь өдөрт 2.5 сая баррель газрын тос шахаж, АНУ-ын дорнод эргийн хэрэглээний нийт түлшний 45 хувийг дангаар хангадаг. Энэ дамжуулах хоолой цахим халдлагын улмаас сул зогсох болсон нь түлшний тасалдал ихээр үүсэх шалтгаан болж болзошгүй гэж шинжээчид үзэж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )