Ковидтой холбоотойгоор цаазаар авах ялын гүйцэтгэл буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 14

“Эмнести Интернэшнл”-ийн мэдээллээр 2020 онд дэлхий даяар хамгийн багадаа 483 хүнийг цаазаар авчээ. Гэхдээ энэ нь цаазаар авах ялын талаарх мэдээлэл хомс, эсвэл энэ талаарх мэдээллийг төрийн нууцад хамруулдаг Хятад, Хойд Солонгос, Сири, Вьетнам улсын мэдээллийг оруулаагүй тоо гэсэн байна. Ямар ч байсан 2020 оны 483 хүнийг цаазалсан гэсэн мэдээлэл “Эмнести Интернэшнл”-ээс сүүлийн 10 жилд бүртгэсэн хамгийн бага тоо болохыг тодотгожээ.  Энэ нь 2019 онтой харьцуулахад 26% -иар буурч, 2015 онд хамгийн их буюу 1634 хүнийг цаазаар авснаас 70% -иар буурсан үзүүлэлт юм байна.

Саудын Арабт цаазаар авах ялын гүйцэтгэл 2019 онд 184 байсан бол 2020 онд 27 болж 85 хувиар буурч, Иракт 2019 онд 100 байснаас 2020 онд 45 болж хоёр дахин багасчээ. 2019 онд цаазаар авах ялыг гүйцэтгэж байсан Бахрейн, Беларусь, Япон, Пакистан, Сингапур, Судан улсад нэг ч ял гүйцэтгээгүй байна.

Дэлхий даяар хамгийн багадаа 1477 хүнд цаазаар авах ял оногдуулсан нь 2019 онтой харьцуулахад 36% -иар буурсан байна. Өмнөх жилд цаазаар авах ял гүйцэтгэсэн 54 орноос 30 нь энэ ялыг оногдуулжээ. Энэ нь цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болон зарим тохиолдолд шүүх ажиллагааг хойшлуулж, түр зогсоосонтой холбоотой гэж “Эмнести Интернэшнл”-ийн мэдээлэлд дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top