Монголын далбаан дор тээвэр хийдэг хөлөг онгоц эзэмшигчид хэрэгт холбогдож, эх орны маань далбааны нэр хүндийг унагаадаг хэвээр байна.
Хориотой бараа зөөнө, ажилчиддаа цалинг нь өгөхгүй, эс бөгөөс засвар үзлэг хийгээгүй учир энд тэнд живж байх жишээтэй.
Энэ удаад тэд Испанид баривчлагдлаа. Испанийн Гаалийн газрын ажилтнууд Канарын арлаас 50 км зайд Монголын далбаатай загас агнуурын Odyssey 227 хөлгийг шалгажээ. Хөлөг онгоцноос 15 тонн гашиш хураан авсан бөгөөд хөлгийн ахмад итали эр, Сенегалын гурван ажилчныг баривчлан Лас-Пальмас хотод саатуулсан байна.
Тагнуулын нууц мэдээлэл болон Монголын Засгийн газрын хүсэлтээр тус хөлгийг сэжиглэн, шалгасан гэж мэдээнд дурджээ. Цагдаагийн газрын үзэж байгаагаар хар тамхийг Мароккогоос Европт гаргах гэж байсан байна.
Монголын далбааг олгох зөвшөөрлийг чангатгах, зөвшөөрөлтэй онгоцнуудыг шалгах цаг иржээ.
Далайд гарцгүй Монгол Улс усан замын тээвэрт бусад улсын хөлөг онгоцонд зөвхөн далбаагаа ашиглуулж, орлого олох хэлбэрээр оролцдог. Гэтэл үе үе Монголын далбаатай хөлөг онгоц саатуулагдсан, хар наймаатай холбоотой байж болзошгүй гэсэн мэдээлэл сонсогдохоос бус олон нийтэд өөр нарийн мэдээлэл байдаггүй.
Монгол Улс төрийн далбаагаа гадаадын орнуудын хөлөг онгоцонд ашиглуулж, түүнээсээ улсын төсөвт орлого оруулдаг. Үндсэндээ манай улс далайд гарцгүй орон учир өөрсдөө хөлөг онгоц бүтээн, аялуулж, түүнийг бүрэн хянах боломжгүй ч Сингапуртай хамтарч далайн тээврийн компани байгуулсан юм. Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн орлогоос Монгол Улсын Далайн захиргаа болон Сингапур дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлдэг бөгөөд Сангийн сайдын баталсан төлөвлөгөөний дагуу улсын төсөвт орлого төвлөрүүлдэг байна. Энэхүү орлогоос Олон улсын далайн байгууллагын гишүүнчлэлийн татварыг мөн төлдөг гэдэг.
Монгол Улс 2003 оноос Төрийн далбаа ашиглах хөлөг онгоцыг бүртгэж эхэлсэн. Монголын хөлөг онгоцны бүртгэлд бүртгүүлэх тухай албан ёсны хүсэлтийг Монгол-Сингапурын хамтарсан дээрх компани хүлээн авдаг. Ингэхдээ зэвсэгт хүчин, тэнгисийн цэрэг бус зөвхөн худалдааны хөлөг онгоц бүртгэдэг гэх. Тус компани хөлөг онгоцны өмнөх бүртгэлийн талаарх мэдээлэл, чанар, ангилал, багийн бүрэлдэхүүн болон шаардлагатай бусад мэдээллийг судалж, зургаан сарын хугацаатай гэрчилгээ олгодог бөгөөд дахин хүсэлт гаргасан тохиолдолд нэг жилээр сунгадаг байна.
Өнгөрсөн хугацаанд 3500 гаруй хөлөг онгоц бүртгэснээс 300 гаруй нь идэвхтэй ажилладаг гэх. Монгол Улсын далайн захиргааны газрын мэдээлснээр, идэвхтэй ажиллаж буй хөлөг онгоцнуудаас хамгийн олон нь буюу 100 гаруй нь Сингапурт байдаг гэх мэдээллийг өмнө нь албаныхан өгч байсан юм.
Сэтгэгдэл ( 6 )
ЕРӨНХИЙ САЙД, ЗАМ ТЭЭВЭР ХАРИУЦСАН САЙД НАР МОНГОЛ УЛСЫН НЭРИЙГ ХАМГААЛАХ ҮЙЛДЭЛ ХИЙХГҮЙ ЮМ БАЙХ ДАА ... СУУДАЛ ДЭЭРХ СҮГ БОЛСОН ЮМ БОЛОВ УУ?
ЭНЭ БОЛ ДЭМИЙ БИЗНЕС БАЙНА. ЭНЭ АЖЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. БАЙГАЛИАС ДАЛАЙ ЗАЯАГААГҮЙ БАЙХАД ХИЙМЛЭЭР ДАЛАЙТАЙ БОЛОХ ГЭЭД МУУ НЭР ХҮРТЭЖ ЫАЙНА
Мөнгийг нь ямар лалар шаадаг байнаа. Энэ нэг улсын нэр хүнд унагаасан хар тамхины бизнесээ болиосой сда.
Заавар өгөөгүйн улмаас энд тэнд живлээ ч гэх шиг. Авто тээврийн тусгай зөвшөөрөл авсан машинууд осолд ороход авто тээврийн газрын буруу юу? Жаахан мэдлэгтэй ярьж байгаач сэтгүүлчид ээ
Монгол Улсын бүртгэлд бүртгүүлсэн хөлөг онгоц хар тамхи тээвэрлэсэн тухай хэрэг нь цэвэр худалдаа, бизнесийн асуудал бөгөөд тухайн хөлөг онгоц эзэмшигчийн буруутай үйлдэл тул үүнд далбаа ашиглуулсан тухай ойлголт нь цэвэр тусдаа асуудал юм. Тухайлбал, авто тээврийн техникийн тусгай зөвшөөрөл аль нэг улсаас аваад тухайн машины эзэн тээврийн хэрэгслээр зөвшөөрөлгүй бараа хилээр нэвтрүүлсэн хэрэг нь зөвхөн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хууль зөрчсөн буруутай үйлдэл болохоос бүрдүүлсэн баримт бичиг, техникийн үзүүлэлт дээр үндэслэн зөвшөөрөл олгосон улсын байгууллагын буруу огт биштэй адил юм
Сайхан бизнесс дампуурчээ.