Амжилттай мэт харагдаж буй хөрөнгө оруулалтын компани ч САНХҮҮГИЙН ЛУЙВАР байж болзошгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

11.352 иргэнд хохирол учруулсан “Жи Тайм”-ын гэх сүлжээний хэргийг хариуцагчид холбогдох хэрэг өнөөдөр ч шүүхээс эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг уншигч та санаж буй биз ээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи Тайм”-ын  Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хэлэлцээд, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хууль шүүхийн үйл явц ийн үргэлжилж буйн нөгөө талд сүлжээний пирамидын хохирогч болсон мянга мянган иргэд эрсдэлээ үүрсэн хэвээрээ байгаа. Хэрэг гурван шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдлээ ч хохирогчид уг сүлжээнд анх оруулсан мөнгөө бүрэн дүүрэн авч чадахгүй. Мөрдөн байцаах албаны төрийн сан дахь тусгай дансанд байршуулсан 7 тэрбум гаруй төгрөг болон Э.Оюунчимэгээс гаргуулах мөнгийг 11.352 хохирогчид хувь тэнцүүлэн хуваан олгох юм. Харьцангуй бага мөнгө оруулсан иргэдийн хувьд шүүхийн шийдвэр үр дүнгээ өгөх бол их хэмжээний мөнгө оруулсан иргэдийн хувьд хохиролтой үлдэнэ.

Тэгэхээр иргэд цаашид ч  “Жи Тайм” шиг ийм луйврын пирамидын хохирогч болохгүйн тулд илүү мэдээлэлтэй байх шаардлагатай болж байна. Тиймээс  Санхүүгийн луйвар пирамид болон Понзи схемийн талаар  СЗХ-ноос хорооноос өгч буй мэдээллийг тодотгон  хүргэе.


 

ЛУЙВАР ГЭЖ ЮУ ВЭ?

Монгол хэлний тайлбар толь бичигт луйвар гэдэг үгийг булхай заль мэх гэж тайлбарласан байдаг бол Эрх зүйн эх толь бичигт залилан мэхлэх нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хүч хэрэглээгүй ашиглан шамшигдуулах хэлбэр хэмээн тодорхойлсон байна. Мөн залилан мэхлэх нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүний өмчлөх эрхийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар олж авах үйлдэл юм. Өөрөөр хэлбэл санаатайгаар үнэнийг гуйвуулах, эсвэл үнэнийг зориудаар нуун дарагдуулснаас хууртагч өөрийн хөрөнгийг хууран мэхлэгчид сайн дураар өгөх явдал хэмээн тодотгож болно.

Луйвар маш олон төрөл бөгөөд цаг хугацааны явцад өөрчлөгдөж, тухайлбал, интернет бий болсноор үндэстэн, тив дамнасан шинжтэй болон тэлсэн. Төрөл зүйлээсээ хамаараад өөрийн гэх нэршилтэй. Санхүүгийн луйвар нь банк, санхүүгийн байгууллагын цахим сүлжээнд хууль бусаар нэвтрэх, гэрээний зүйл заалтаар дамжуулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх замаар, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сайтыг санхүүжүүлэх гэх мэт хэлбэрүүдээр илэрдэг. Олон хүн хамрагдаж хохирч байдгаараа санхүүгийн луйвраас хамгийн их эрсдэлтэй нь санхүүгийн пирамид болон понзи схем байна.


 

САНХҮҮГИЙН ПИРАМИД

Амжилттай мэт харагдаж буй хөрөнгө оруулалтын компани ч санхүүгийн луйвар байж болзошгүй. Санхүүгийн пирамид бол шинээр гишүүн элсүүлэх замаар үйлдэгддэг санхүүгийн луйврын төрөл юм. Пирамид схемийн сурталчлагч богино хугацаанд өндөр өгөөж авах боломжийг амлан шинээр элсэгчдийн төлсөн гишүүнчлэлийн мөнгийг өмнө элссэн гишүүдэд өгөх замаар үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээ бодитоор зарагддаггүй.

Луйварчид пирамидын схемийг олон нийтийн сүлжээ, интернет, компанийн веб сайт, бүлгийн танилцуулга, Youtube видео болон бусад хэрэгслээр байнга сурталчилж байдаг.

Хууль ёсны олон түвшний маркетингийн /шууд худалдааны/ компаниуд гишүүн элсүүлж бус бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтаас орлого олдог бол пирамид схемийн сурталчлагчид өөрийн луйврын үйлдлийг халхавчлахын тулд бүтээгдэхүүн үйлчилгээ зарах зорилготой хууль ёсны олон түвшний маркетингийн бизнес мэт харагдуулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Пирамид схем хэт том болсноор өмнөх гишүүдэд өгөх өгөөжийг төвлөрүүлэх хэмжээний хөрөнгө оруулалт татах гишүүн шинээр элсүүлж чадахгүйд хүрч, пирамид нурж хүмүүс мөнгөө алдаж эхэлдэг.

 

САНХҮҮГИЙН ПИРАМИДЫН ХЭЛБЭРҮҮД

 

Бодит пирамид

Энэ тохиолдолд пирамидын зохион байгуулагчид бодит байдлыг нуудаггүй. Тэд ажиллах механизмыг үнэмшилтэйгээр тайлбарлаж, итгэл төрүүлэхүйц тооцооллыг ч харуулдаг. Орчин цагт цахим ертөнцийн тусламжтайгаар энэ төрлийн луйварт өртөх хүний тоо өссөөр байна.

Хөрөнгө оруулалтын компанийн хэлбэртэй пирамид

Ихэнх луйварчид өөрийн явуулж буй хууль бус үйлдлийг бусдад халхавчилж тайлбарладаг. Тэд өөрсдийгөө хөрөнгө оруулалтын компани мэтээр харуулж, бусдын итгэлийг олохын тулд интернет компани, хөрөнгө оруулалтын төсөл гэх зэргээр нэрлэдэг.

Өндөр ашигтай барилгын бизнес, алт олборлолт, зарим тохиолдолд гайхамшигтай бөгөөд тодорхойгүй үйл ажиллагаанд хөрөнгө оруулах, хувь эзэмшихийг санал болгох зэрэг арга хэлбэр олон байдаг. Зохион байгуулагчдын “гоё” ярианд хүмүүсийн ‘толгой эргэх’ нь бий.

Зээлийн байгууллагын хэлбэртэй пирамид

Санхүүгийн луйврын бас нэг хэлбэр бол зээлийн муу түүхээсээ болж банкнаас зээл авч чадахгүйд хүрсэн, эсхүл авсан зээлээ төлж чадахгүй байдалд орсон хүмүүсийг хуурах юм. Пирамид зохион байгуулагчид өөрсдийгөө бичил санхүүгийн байгууллага, бүр зарим тохиолдолд банк мэтээр ойлгуулан итгэл төрүүлж, зээлийн төв, санхүүгийн үйлчилгээний төв гэх зэргээр нэрлэж зээлийн муу түүхийг засаж өгөх, зээлдэгчийг өрөөс чөлөөлөх мэтээр луйврын үйл ажиллагаа явуулдаг. Гэвч төгсгөлд нь хөрөнгө оруулсан хэн ч юу ч олж авахгүй. Тухайн хүн банкны зээлээ төлж барагдуулах үүргээс чөлөөлөгдөхгүйн дээр түүнээс ч илүү мөнгөө алдахад хүрдэг.

 

БУСАД ХЭЛБЭРИЙН ПИРАМИД

Луйварчид бүтээлч сэтгэлгээтэй улс байдаг тул өмнө дурдсанаас өөр хэлбэрээр ч санхүүгийн луйврыг хийнэ. Санал тавьж буй этгээд бодит компани уу, эсвэл санхүүгийн луйвар уу гэдгийг тогтооход заримдаа төвөгтэй бөгөөд болгоомж хэзээд илүүдэхгүй.

Пирамид схемүүд дараах нийтлэг шинжтэй байдаг

 

  • Шинээр гишүүн элсүүлэх- Зөвхөн гишүүн элсүүлэхэд төвлөрч, бүтээгдэхүүн үйлчилгээний борлуулалтаас илүүтэйгээр шинээр гишүүн элсүүлснээр илүү их мөнгө авах боломжтой.

 

  • Бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулдаггүй- Зарим луйварчид пирамид схем гэдгийг хууль ёсны /шууд худалдааны/ бизнес мэт харагдуулахын тулд “сонирхолтой бүтээгдэхүүн”-ийг сонгодог. Жишээлбэл, гоо сайхны бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэх мэт.

 

  • Богино хугацаанд өндөр өгөөж амлах- Хурдан хугацаанд өгөх бэлэн мөнгө, ашгийн амлалтууд нь бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын орлогоос бус шинээр гишүүнээр элсэгчдийн хураамжийн орлогоос төлөгддөг.

 

  • Хялбар мөнгө эсвэл пассив орлого- Үнэгүй хоол гэж байдаггүй. Бусдыг гишүүнээр элсүүлэх, веб сайтууд дээр онлайн сурталчилгаа байршуулах зэрэг ажил хийсний хариуд шан харамж санал болгодог.

 

  • Борлуулалтаас олсон орлого байхгүй- Тухайн компани бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулсан орлогоороо үйл ажиллагаагаа явуулдаг эсэхийг лавлаж, аудитаар хянуулсан санхүүгийн тайлан, мэдээг нь харах хэрэгтэй.

 

Санхүүгийн пирамид луйврын жишээ: Уг схемд оролцогчид нь пирамид хэлбэрээр дээрээсээ доош гэсэн байрлалтай байна. Схемийг гол төлөв нэг хүн эхлүүлдэг бөгөөд пирамидын оройд заларна. Энэ хүн дараагийн нэг хүнийг схемдээ элсүүлж, тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийлгэдэг. Энэ “хөрөнгө оруулалт”- аас эхний хүн ашиг хүртэнэ. Хоёр дахь хүн өөрийн хөрөнгө оруулалтаа нөхөж авахын тулд өөрийнхөө дор дахиад хэдэн хүн элсүүлэх шаардлагатай. Шинээр элссэн хүмүүс мөн л тодорхой хэмжээний “хөрөнгө оруулалт” хийнэ. Эхний хүн өөрийн дор 10 хүн элсүүлэхэд тэдний бага хэмжээний хөрөнгө оруулалтаас ч ашиг олж эхэлнэ.

Хүн бүр доороо 10 хүн элсүүлэхэд гурав дахь үе нь 100 хүнтэй болно. Шинээр элсэж байгаа хүн бүр өөрийг нь элсүүлсэн гишүүнд өөрийн “хөрөнгө оруулалт”-аа төлнө. Доороо гишүүн элсүүлсэн хүн доор байгаа 10 хүний төлсөн мөнгөнөөс өөрийг нь элсүүлсэн хүнд төлсөн мөнгөө хасах хэмжээний буюу 9 хүний “хөрөнгө оруулалт’-ыг өөртөө ашиг болгон авна. Энэ систем нь пирамидын төгсгөлд байгаа хүмүүс нь дээд бүтцээ дэмжиж чадахгүй буюу өөр элсэх хүн үлдэхгүй болтол үргэлжилдэг. Эцэст нь бүх пирамид схем нуран унадаг.

 

ПОНЗИ СХЕМ ГЭЖ ЮУ ВЭ?

Өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарьлз Понзи гэгч Итали гаралтай цагаач эр понзи схемийн залиланг 1919-1920 онд гаргаж ирсэн бөгөөд эхний хөрөнгө оруулагчдад амласан өгөөжийг шинэ хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөөр төлдөг хөрөнгө оруулалтын луйврын нэг төрөл юм.

Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн үед Понзи 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараасан. Тэрээр өөрийн компанийг байгуулж, хүмүүст улс хоорондын шуудангийн төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг олсноор мөнгийг богино хугацаанд өсгөж болно гэж итгүүлсэн. Тэр үеийн нэр хүндтэй “The Boston Post” сонинд Понзийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарснаар хүмүүсийг улам илүү татсан.

Понзи олон зуун хөрөнгө оруулагчдыг залилж чадсан бөгөөд түүний схем нэг жил гаруй хугацаанд үргэлжилжээ. Хуучин хөрөнгө оруулагчдын ашгийг шинэ хөрөнгө оруулагчдаас татсан мөнгөөр төлөх замаар энэ схем ажилладаг тул сүүлд хөрөнгө оруулсан хүмүүс хохирч үлддэг. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд понзи схемийн луйварчид маш бага эсвэл ямар ч эрсдэлгүй өндөр ашиг хүртэх хөрөнгө оруулалтыг амладаг.

Понзи схемчид өөр хууль ёсны орлогогүй тул томрохын хэрээр өмнөх хөрөнгө оруулагчдад амласан өгөөжийг өгч, оршин тогтнохын тулд байнгын шинэ мөнгөний урсгал буюу хангалттай олон шинэ хөрөнгө оруулагч олох шаардлагатай болдог. Тиймээс шинээр хөрөнгө оруулагч элсүүлж чадахгүй, эсхүл өмнөх хөрөнгө оруулагчид олноороо оруулсан хөрөнгөө авч эхлэхэд энэхүү луйврын схем тогтворгүй болж нурдаг бөгөөд залилагч нь байгаа мөнгөө аваад зугтах эсвэл зохицуулалтын байгууллага болон хууль сахиулах байгууллагад баригдсанаар дуусдаг байна.

Понзи схем нь пирамид схемээс илүү удаан хугацаанд үргэлжлэх боломжтой боловч хоёр схем хоёулаа сүйрэх нь гарцаагүй юм.

 

Понзи схемүүд дараах нийтлэг шинжтэй байдаг:

 

  • Бага эсвэл ямар ч эрсдэлгүй өндөр өгөөж амладаг- Хөрөнгө оруулалт бүр тодорхой хэмжээгээр эрсдэл дагуулдаг бөгөөд өгөөж өндөр байх тусам илүү өндөр эрсдэлтэй байдаг. Баталгаа амласан хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах хэрэгтэй.

 

  • Хэт тогтмол өгөөжтэй байх- Аливаа хөрөнгө оруулалт цаг хугацааны туршид өсөх, буурах хандлагатай байдаг. Зах зээлийн нөхцөл байдлаас үл хамааран тогтмол эерэг өгөөжтэй байгаа хөрөнгө оруулалтад болгоомжтой хандах хэрэгтэй.

 

  • Бүртгэгдээгүй хөрөнгө оруулалт- Понзи схемүүд нь ихэвчлэн үнэт цаасны бирж эсхүл зохицуулагч байгууллагуудад бүртгэгдээгүй хөрөнгө оруулалтуудыг ашигладаг. Хөрөнгө оруулах гэж байгаа бол компанийн менежмент, бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүгийн талаар мэдээллийг авах шаардлагатай ба эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн эсэхийг нягтлах хэрэгтэй.

 

  • Тусгай зөвшөөрөлгүй борлуулагчид- Ихэнх понзи схемийг зөвшөөрөлгүй хувь хүмүүс эсхүл бүртгэлгүй компаниуд үүсгэсэн байдаг.

 

  • Нууцлагдмал,тодорхойгүй стратеги- Ойлгомжгүй эсхүл хангалттай мэдээлэл олж чадахгүй бол тухайн хөрөнгө оруулалтаас зайлсхийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top