Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн онгоцыг 10 жилийн дараа буцаан өгчээ.
“Al-Hadath” сувгийн мэдээлснээр, “Airbus A340” онгоц өнгөрсөн ням гарагт Триполи хотын цорын ганц үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын “Митига” онгоцны буудалд газарджээ. Өнгөрсөн хугацаанд Ливийн номер нэг байсан онгоц Францад байжээ. Ливид цэргийн ажиллагаа ид өрнөж байхад онгоцыг зэвсэгт босогчид устгахаас хамгаалж Франц руу илгээсэн байжээ.
Онгоц газардахаас өмнө Триполи хот болон хотын дурсгалт газрууд дээгүүр нам өндөрт ниссэн байна. Каффади агсны онгоцыг Ливийн Ерөнхий сайд Абдел Хамид Дбейба өөрийн биеэр угтан авчээ. Дбейбагийн хэлснээр, цагтаа “нисдэг ордон” гэгдэж байсан Ливийн алдарт онгоцыг буцаан авсан нь тус улсын хувьд эерэг алхам гэжээ. Ливийн ард түмэн төрийн тэргүүнд зориулж тохижуулсан энэхүү онгоцны хувь заяаг шийдэх гэнэ. Ингэхдээ, төрийн тэргүүний онгоц хэвээр үлдээх, Засгийн газрын хэрэглээнд ашиглах эсвэл иргэний зориулалтаар дахин тохижуулах хувилбар яригдаж байгаа гэнэ.
Онгоцыг Ливийн Ерөнхийлөгчийн иргэний агаарын тээврийн газарт шилжүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )